Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд аварга өнөөдөр Чиёнокүни-д зайлж татуулан өвдөг шороодсоноор хоёр дараалсан унаатай боллоо.
Чиёнокүни анх удаагаа Аварга цолтонг давлаа. Нацү башё өрсөлдөөн дүүрэн эхлэсэн бөгөөд энэ өдөр нэг аварга, хоёр озэки цолтон өвдөг шороодов. Хакүхо М.Даваажаргал Их аварга өнөөдөр эвгүй барилдаант бөх Ёшиказетай барилдан цүппари хийж хоёр дахь даваагаа авлаа.
Харин Кисеносато аварга Окиноумитай хүч үзэн ерикири мэхээр давлаа. Түүний хувьд гэмтлийн улмаас барилдаан нь төгс болохгүй байгаа нь ажиглагдсан. Манай хоёр бөх хоорондоо барилдаж байхдаа дэвжээнээс түлхүүлсэн Тэрүнофүжи, Кисеносатогийн хөлөн дээр гишгэж японы хөгжөөн дэмжигчдийг нь сандаргаад авав. Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргилд унав.
Харин 70 дахь их аварга Харүмафүжи хөл бэртэлтэй ч давж сурсан бөх Эндотой барилдан даваагаа ахиулж чадлаа. Озэки Гойёдо цолоо хамгаалах барилдаанаа хийж байгаа бөгөөд энэ өдөр Такаясутай барилдаж Такаясу Гойёдог илт илүүрхэж дэвжээнээс гаргалаа. Такаясу энэ сар 10 давбал озэки цол хүртэх бөгөөд маргааш цол ижил Котошёогикүтэй барилдана.
Б.Ганбаатар арслангийн хүү Чиёошома Мөнхсайхан өнөөдөр Котошёогикүг дэвжээний захад зайлж татан эхний даваагаа авсан бөгөөд маргааш Хакүхо аваргатай барилдана.