Л.НОМИН
Сүүлийн үед нүүр номонд “од” болоод буй “Том дэвтэр” номыг сонсоогүй хүн цөөхөн биз ээ. Энэ номыг авсан даруйдаа л гараасаа салгалгүй дор нь уншаад дуусчихав. Аймаар, сэтгэл өвдмөөр бас нүд орой дээр гарам үг хэллэг оруулсан ч бодит түүх өгүүлэх энэ ном асуулт үлдээж орхисон юм. Асуултынхаа хариултыг олохын тулд франц хэлээр туурвисан эл өвөрмөц содон бүтээлийг монгол уншигчдад хүргэж буй орчуулагчтай холбогдлоо. Швейцарьт амьдардаг орчуулагч Доржийн Болортуяатай интернэтээр “уулзсан” юм.
-Олон нийтийн сүлжээгээр таны орчуулсан “Том дэвтэр” нэлээд эрэлттэй байгаа харагдлаа. Монгол гэлтгүй гадаадын бусад улс орнуудад аж төрж буй монголчуудын анхаарлыг ч их татаж байна. Ер нь Франц хэлнээс “Том дэвтэр” номыг орчуулахаар сонгосны шалтгаан тань юу байв?
-Франц хэлнээс ном орчуулж байсан туршлага надад үнэндээ байхгүй. Энэ бол миний франц хэлнээс орчуулсан анхны ном. Урьд нь англи хэлнээс нийтлэл, ярилцлага орчуулж нүүр номын хуудастаа найзууддаа сонирхуулах хэмжээнд л нийтэлдэг байсан. Миний амьдарч байгаа Швейцарийн Женевт монголчууд цөөнгүй. Зөвхөн Женев хотод гэхэд 500 гаруй монгол хүн амьдардаг. Тэдэндээ зориулж франц хэл сурахад, франц хэл сонирхогчдод хэрэгтэй болов уу гээд дууны үг, нийтлэлүүд орчуулж, нүүр номондоо оруулдаг байсан. Сонирхогчийн түвшинд гэх үү дээ. “Том дэвтэр” номыг орчуулъя гэж төлөвлөөгүй, гэнэт шийдээд орчуулж эхэлсэн. Миний франц хэл ч бас тийм төгс сайн биш л дээ. Франц хэлтэй оронд ирсэн учраас хэл сурах зайлшгүй хэрэгтэй болсон. Ер нь хэл сурахын тулд ном унших нь миний хувьд сайн арга. Тиймээс хэлээ сайжруулах үүднээс уншиж байсан номуудаасаа бага багаар орчуулж эхэлсэн юм.
-Нэлээн олон жилийн өмнө та энэ номыг уншсан байсан гэж үү. Тэгээд яагаад одоо л орчуулж байгаа юм бэ?
-Францын сонгодог бүтээлүүдийг бол уншаад ойлгох хэцүү шүү дээ. Гэхдээ орчин үеийн Пауло Коэло гэх мэт зохиолч нь бүтээлээ энгийн үгээр орчин үеийн хэв маягаар бичдэг болохоор унших дуртай л даа. “Том дэвтэр” номыг анх өөртөө орчуулж уншъя гэж бодсон. Тэгээд өдөрт нэг нэг бүлгээр нь орчуулаад түүнийгээ найзууддаа сонирхуулах үүднээс нүүр номондоо тавьсан юм. Тэгсэн миний фэйсбүүкийн найзуудын сонирхлыг их татсан бололтой. Дараагийн бүлгийг орчуулж нийтлэхийг хүлээх болсон. Энэ номоосоо орчуулаач гэх хүн ч олон болов. Хүмүүст таалагдаж байгаа учраас номыг бүтнээр нь орчуулъя гэж шийдсэн юм. Мэдээж, зохиогчийн эрхийн зөвшөөрөл авах шаардлага гарсан. Эхлээд номын дэлгүүрийн худалдагчаар зохиолч Агота Кристофын эрхийг эзэмшдэг компанийн нэрийг бичүүлж авлаа. Агота Кристофын эрхийг Францын хэвлэлийн хамгийн том гурван компанийн нэг нь эзэмшдэг юм билээ. Тэр компани руу захиа бичив ээ. Номыг нь орчуулах зөвшөөрөл хүссэн. Агота Кристофын ном бүтээлийг орчуулъя гэсэн хүсэлт хамгийн их ирдэг. Хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг учраас “бололгүй яахав” гэдэг хариу өгсөн. Тэгэхээр нь би үнэгүй орчуулж болох юм байна гэж ойлгоод номоо орчуулж дуусаад хэвлэлийн компани руу дахиад холбоо барьтал “Бид хувь хүнтэй гэрээ хийдэггүй ээ. Зөвхөн хэвлэлийн компанитай гэрээ байгуулдаг” гэдэг юм байна. Ингээд Төгсжаргал, Эрдэнэцэцэг нарын “Зохист дорно” хэвлэлийн компанид хандаад хамтарч ажиллахаар болж Францын хэвлэлийн компани руу хүсэлтээ илгээж орчуулах эрхээ авсан. Би үнэгүй орчуулах боломжтой юм байна гэж л ойлгож байсан хэдий 1986 онд бичсэн ном ч гэсэн зарагдах үнийн 10 орчим хувийг тухайн зохиолчийн эрхийг эзэмшдэг компани татварт нь авдаг юм байна. 1000 ширхэг ном хэвлэх эрхийг авахын тулд би 400 орчим евро төлөх шаардлага гарсан. Хэдийгээр “Зохист Дорно” хэвлэлийн компани орчуулгын эрхийг эзэмшиж байгаа ч ном хэвлүүлэх бүх зардлаа би өөрөө хариуцсан, миний төсөл болсон.
-Үг хэллэг нь их энгийн, амархан уншигдаж байсан. Энэ номын онцлог ийм энгийн үг, харилцан яриатай хэрэг үү. Эсвэл та хялбаршуулан хүргэв үү?
-Анх Швейцарьт ирээд хоёр жил Франц хэлний сургалтад явсан юм. Женевийн их сургуулийн франц хэлний эрчимжүүлсэн сургалтад багш маань Агота Кристофын бүтээлүүдээс уншуулж, “Том дэвтэр”-ийн зарим хэсгээс орчуулахыг даалгадаг байсан. Франц хэл сурч байгаа хүмүүст энгийн ойлгоход хялбар үг хэллэгтэй ном бүтээлтэй. Анх ингэж л 2009 онд энэ номыг мэддэг болсон. Сонсдог хувилбартай нь хамт сонсоод уншсан. Харилцан яриа байдлаар их өвөрмөц бичлэгтэй. Зарим хэсэгтээ үг хэллэг нь бас хэт хар ярианы маягтай. “Зохист дорно” хэвлэлийн газрын редактор маань анх уншиж үзээд шоконд орсон гэсэн. Би эхлээд франц эхээс нь орчуулж дуусчихаад англи орчуулгатай нь тулгаж нэг шалгасан. Англи руу буулгахдаа ч франц эхээ яс барьсан юм билээ. Энэ зохиолч их энгийн бичдэг. Түүний ийм онцлог, зохиолын уур амьсгалыг нь би дураараа өөрчилж болохгүй шүү дээ. Тийм ч учраас байгаагаар нь орчуулах гэж хичээсэн. Ер нь франц хэл монгол хэлээс тэс ондоо бүтэцтэй. Хэдийгээр энэ ном дүрслэл багатай ч уншихад, ойлгоход маш энгийн, өөрийн эрхгүй дүрслээд бодох сэтгэгдэл төрүүлдэг.
-1986 онд анх уншигчдад хүрсэн гэхээр “Том дэвтэр” ном нэлээн олон оронд хэвлэгдсэн байх нь?
-Одоогоор 40 орчим оронд орчуулагдан хэвлэгдсэн. Японд гэхэд алдарт Мураками 1989 онд уншиж байсан гэхээр аль эрт орчуулагдсан байгаа биз. “Амазон”-д хүмүүсийн өгсөн үнэлгээ 4.5-5-ын хооронд байдаг юм билээ. Хүмүүст маш хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг алдартай ном. Дараагийн дэвтрүүдийг нь орчуулаач гэж хүмүүс надад их хэлж байгаа. Одоогоор надад II, II Iдэвтрийг нь орчуулах бодол алга.
-Яагаад?
-Зохиолчийнх нь намтар энэ номын үүх түүхтэй шууд холбоотой. Агота Кристоф Унгараас цагаачлаад Швейцарьт ирж цагны үйлдвэрт ажилладаг байсан гэдэг. Унгарт байхдаа эх хэлээрээ шүлэг бичиж байж. Швейцарьт ирээд өдөржин үйлдвэрийн машины ард зогсч ажилладаг, франц хэл мэдэхгүй. Ажил дээрээ байхдаа шүлгийн санаагаа бодоод гэртээ ирээд унгар хэлээр шүлгээ бичсээр байсан гэдэг. Ингээд франц хэл сурахаар жилийн сургалтад суугаад Францын зохиолчдын бүтээлийг уншдаг болсон байгаа юм. Франц хэлээ сураад жүжгүүд, шүлэг яруу найргууд бичиж эхэлсэн аж. Аготагийн амьдрал зохиол бүтээлд нь олонтаа гардаг. Жишээ нь, “Том дэвтэр” номын Унгар, Австрийн хил дээрх тосгон бол бодит гэсэн. Тэрээр багадаа хил дээрх жижиг тосгонд эмээгийндээ ч юм уу айлд очсон байгаа юм. Хожим нь Аготагийн франц хэл нь сайжраад өөрийг нь алдаршуулсан “Том дэвтэр” номоо бичиж. 20 жилийн турш бодож явсан зүйлээ энэ номондоо дүрсэлсэн гэдэг. Гуравхан сарын дотор бичээд, гурван сарын хугацаанд засч, янзлаад хэвлүүлэхээр Францын хэвлэлийн хамгийн том гурван компанид хандаж. Хоёр нь татгалзсан бол хамгийн том компани нь зөвшөөрсөн. “Том дэвтэр” ном хэвлэгдэж гарангуутаа л Францын шинэ залуу шилдэг зохиолч, Австри, Европын уран зохиолын шагнал хүртсэн байдаг. Энэ “Том дэвтэр” бол шилдэг борлуулалттай ном биш. Гэхдээ утга зохиолын ертөнцөд цахиур хагалж цойлж гарч ирсэн бүтээл.
-Түүх төгсөөгүй, үргэлжлэлтэй дууссан болохоор энэ номын дараагийн ботиудыг уншмаар санагдсан. Харамсалтай нь та орчуулах бодолгүй байна гэх. Магадгүй танд нэг шалтгаан байгаа биз?
-Хоёрдугаар боть нь “Нотолгоо” нэртэйгээр 1989 онд хэвлэгдсэн. 1992 онд гуравдугаар боть нь худалдаанд гараад уран зохиолын том шагнал хүртсэн. Гэхдээ уншигчдын сэтгэгдэл, мэргэжлийн хүмүүсийн шүүмжийг уншихад эхний боть шигээ сонирхолтой, уншигчдыг татахуйц болоогүй санагдсан. Миний бодлоор шүү. Хэвлэлийн эрх эзэмшдэг компани нь Аготаг “Том дэвтэр” номынхоо үргэлжлэлийг бич гэсэн юм билээ. Нэгдүгээрт, захиалгаар бичсэн, хоёрдугаарт франц хэл нь сайжраад ирэхэд Аготагийн бичлэгийн арга барил нь өөрчлөгдөөд зохиолын гол амин сүнс болох содон уур амьсгал, өвөрмөц чанар нь алдагдсан юм шиг ээ. Хоёрдугаар дэвтрийг нь би англи хэл дээр уншиж байгаа л даа. Хэрвээ уншигчдаас хүсэлт их ирээд орчуулаач гэвэл дараа дараагийн ботийг нь орчуулж болох л байх. Гэвч бас санхүүгийн бүх эрсдэлээ би өөрөө хариуцах учраас эхний номынхоо борлуулалтыг харгалзан үзнэ шүү дээ. Яг орчуулъя гэж төлөвлөсөн зүйл бол алга. Бас амлаж чадахгүй нь уучлаарай.
-Гадаад хэл дээр зохиол бүтээл уншаад байхаар таны үзэл бодолд нөлөөлж байгаа нь мэдээж. Монголын орчин үеийн зохиолчдоос хэний ном бүтээл танд хамгийн сүүлд хүчтэй сэтгэгдэл төрүүлэв?
-Сүүлийн үед гарсан номуудаас Оюунчимэгийн “Оройн ганц мод” маш их таалагдсан. Европт бол уншигчдын анхаарлыг татахаар сайн бүтээл санагдсан. Монголын зохиол бүтээл дэлхийд гаръя гэвэл зөвхөн Чингис хаан, Их түүхээ л бичээд байх нь сонин биш байх. Харин монгол ахуй, монгол сэтгэлгээний онцлогийг уламжлал зан заншилтайгаа мэдэгдэлгүй хольж уусгаж харуулсан зохиол бүтээл илүүтэй Европын уншигчдын сонирхлыг татна. Оюунчимэгийн “Оройн ганц мод” номын цаг хугацааг харуулсан, монгол уламжлалыг илэрхийлсэн арга барил үнэхээр гайхалтай. Цасны тухай гэхэд яг л цас орж байгааг мэдэртэл, жин тээж явааг хажуугаас нь нүдээрээ харж байгаа юм шиг л дүрсэлсэн. Сүнстэй бичнэ гэдэг дээ. Яг л тийм сүнстэй бүтээл. Ер нь, маркетинг хийж чадвал Монголын зохиолчдын бүтээл гадаадынханд хүрэхэд асуудалгүй гэж боддог.
-Манайхан шинэ сонирхолтой ном гарлаа гэхэд давалгаалаад л уншдаг. Сонголт ч их болсон. Харин Европт хүмүүс номыг яаж сонгож уншдаг юм бол. Хүмүүсийн давалгаан дунд унших нь хэр их юм бол?
-Нэрд гарсан зохиолчид өөрийн гэсэн уншигчидтай. Шинэ ном нь гарлаа л бол авдаг хүмүүс бий. Европт бол номыг анх хэвлэгдэхдээ хатуу хавтастай, үнэтэй зарагддаг. Үсгийн хэмжээ том, мөр хоорондын зай ихтэй хэвлээд 30-40 еврогоор зарна. Жилийн дараа зөөлөн хавтастай болоод доторхи үсгийн хэмжээ, мөр хоорондын зай ихтэй хэвлэгдсэн нь арай хямд 20 еврогоор худалдаанд гарна. 2-3 жилийн дараа бүр жижиг хэмжээтэй, өөрөөр хэлбэл халаасанд багтахуйц,зөөлөн хавтас, сонины цаасан дээр хямд өртгөөр хэвлээд 10 еврогоор зардаг байх жишээний. Номын дэлгүүрүүд гэхэд шинэ ном гарвал орж ирэхэд нүдэнд харагдахаар гол хэсэгт байрлах лангуунд тавьдаг. Түүнээс манайх шиг хүний нүдэнд хамгийн түрүүнд өртөх гол хэсэгтээ тавихад тэдэн төгрөг өдөрт төлнө гэх юм байхгүй. Номын дэлгүүрүүд, хэвлэлийн компаниуд нь зохиолч, уншигчдын уулзалт зохион байгуулах гэх мэт маркетинг, сурталчилгааны бүх үйл ажиллагааг маш сайн хийж өгдөг.
-Гадаад, дотоодын ном, бүтээл уншаад судлаад байхаар танд өөрөө бие даагаад ном бичих санаа төрөх юм уу?
-Ном бичихийг болмөрөөддөг. Гэхдээ ном бол суугаад л биччихдэг амар зүйл биш. Бодож, төлөвлөөд бичээд эхэлтэл дундаа хүрээд зогсчихсон. Уг нь 1990-ээд оны оюутан байсан цаг үеийнхээ тухай бичиж байгаа юм. “Амазон”-оос ном бичих тухай судлаад уншаад үзтэл эргээд бичсэн маань гологдоод эхэлсэн. Орчуулга хийгээд, өөрөө уншаад судлаад л байна. Номоо бол бичих арай болоогүй юм байна гэж бодсон. Харин Европ тивээр аялж, аян замын тэмдэглэлд өөрийн санаа бодлоо тусгадаг жанраар бичих бодол байгаа. Эсвэл Европын амьдралын хэв маягийг харуулсан хэлбэрээр бичиж болохоор санагдсан. Хүмүүст хэрэгтэй, санаа авч болохуйц амьдралын хэв маягийг бичиж хүргэе гэж бодож байна. Нүүр номын найзуудаас маань энэ сэдвээр бичсэн зүйлд сэтгэгдлээ илүүтэй илэрхийлдэг юм.
-Таны намтраас харахад мэргэжил, ажилласан туршлага тань уран зохиолтой бас ойр биш юм билээ. Гадаад хэлнээс орчууллаа гэхэд утга санааг нь илэрхийлж найруулж чадах нь хүн цөөн байдаг юм шиг?
-Эдийн засагч мэргэжилтэй. Монголд бол аялал жуулчлалын салбарт, олон улсын байгууллагуудад орчуулга хийж байсан. Дэлхийн банк, Олон улсын валютын сан гэх мэт. Швейцарьт сурсантайгаа нийлээд 13 жил амьдарч байна. Гэхдээ одоо би эдийн засгаас илүүтэй архитектор, урлаг, уран зохиол сонирхдог болсон. Үзсэн харсан, мэдсэн сурсан бүхнээ бусадтай хуваалцаж байх юмсан гэж боддог. Тиймээс интернэт орчин олон нийтийн сүлжээг ашиглаж хүмүүстэй холбоо харилцаа тогтоож, хэрэгтэй болов уу гэж үзсэнээ хуваалцаж байгаа минь энэ. Үүнийг минь дэмжсээр ирсэн бүх хүнд талархал илэрхийлэх боломж олгож байгаад баярлалаа.