Хүн гэдэг амьтан ердөө хоёр гартай. Гэтэл баруун гараа ашигладаг олонхиосоо арай өөрөөр, зүүн гараараа аливаа хөдөлгөөнөө хийдэг хүмүүсийг шинжлэх ухаан ямагт сонирхсоор иржээ. Ялгаагүй л нэг гараа түлхүү ашигладаг боловч яагаад солгой хэмээн нэрлэгдэж, илүү сонирхол татдагийн учрыг зах зухаас нь тайлах гэж оролдъё.
ИХРҮҮД СОЛГОЙ ГАРТАЙ ТӨРӨХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ
Хүн зөв гартай байх уу эсвэл солгой байх уу гэдэг нь аль эхийн хэвлийд л тодорхойлогддог. Эхо аппаратаар сайтар ажиглахад аль гар нь амтайгаа илүү ойрхон байгаагаар нь үүнийг мэдэж болдог.
Эрдэмтдийн судалгаагаар бол хүний нэгдүгээр ген буюу LRRTM1 ямар байхаас шалтгаалж хүүхэд зөв эсвэл солгой гартай төрдөг. Мөн ихрүүд солгой төрөх нь элбэг. Ихэр хүүхдүүдийн 76 хувь нь солгой гартай байх магадлалтай судалгаа үүнийг батална.
СОЛГОЙ ГАР ХҮНИЙ НАСАНД НӨЛӨӨЛДӨГГҮЙ
Дэлхийн нийт хүн амын 7-10 хувь нь солгой гартай гэсэн тооцоо байдаг. Түүнчлэн эмэгтэйчүүдээс илүү эрчүүд солгой байх нь түгээмэл бол настайчуудаас илүүтэй залуусын дунд солгой гартнууд элбэг байдаг гэнэ. Солгой гартнууд илүү ухаалаг гэсэн нийтлэг ойлголт төрдөг ч сэтгэцийн эмгэг өвчтэй хүмүүсийн дунд ч ийм хүмүүсийн тоо өндөр. Солгой гартнуудын тухай бас нэг сонирхолтой мэдээлэл бол ийм хүмүүс бусдыгаа бодвол архинд орох магадлал гурав дахин өндөр. Энэ нь тархины баруун хэсгээ илүү ашигладагтай нь холбоотой аж.
Солгой гартай хүмүүс богино насалдаг гэж эрт үед ярилцдаг байжээ. Харин орчин үеийн судалгаагаар тэд бусдаас ялгаагүй л насалдаг нь тодорхой болсон юм. Гэхдээ зарим нэг өвчинд өртөмхий нь үнэн гэнэ.
АМЬТАД БАС СОЛГОЙ БАЙДАГ УУ
Цагаан баавгайг солгой гэж хойд нутгийн хүмүүс ярилцдаг. Гэвч энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл биш, ердөө л хүмүүсийн итгэл үнэмшил төдий зүйл юм. Амьтад үнэхээр нэг хөлөө түлхүү ашигладаг эсэхийг одоогоор тогтоогоогүй л байна.
СОЛГОЙ ГАРТНУУД ЗАМЫН ТҮГЖРЭЛД АЖРАХГҮЙ
Хүний баруун тархи мэдээллийг хурдан боловсруулах чадвартайн ачаар солгой хүмүүс аливаа зүйлийг хурдан сэтгэхдээ гаргууд. Компьютерийн өндөр хурдтай тоглоом тоглох, замын түгжрэлээс гарах, байлдааны онгоц жолоодох гэх мэт хурдан шаламгай сэтгэлгээ шаардсан үйлдэлд солгой хүмүүс илүү сайн байдаг гэнэ. Ер нь, солгой гартнууд жолоо барихдаа илүү сайн гэнэ. Жолооны шалгалт анх өгсөн хүмүүсийг судалж үзэхэд зөв гартай хүмүүсийн 47 хувь нь тэнцсэн бол солгой гартнуудын 57 хувь нь эхний шалгалтаар сайн үнэлгээ авч чаддаг.
Солгой гартнууд баяжих магадлал илүү өндөртэй гэсэн ойлголт сүүлийн үед дэлгэрээд байгаа. Учир нь, дэлхийн хамгийн анхны тэрбумтан Дэвид Рокфеллер болон өнөөгийн тэргүүн баян Билл Гейтс нар солгой гартай юм. Ер нь, солгой гартнууд бусдыг бодвол баяжих магадлал 10-15 хувиар илүү гэсэн судалгаа ч бий.
АЛДАРТАЙ СОЛГОЙ ГАРТНУУД
Солгой гартнууд илүү ухаалаг гэсэн ерөнхий ойлголтыг тэдний IQ 140-өөс дээш гэсэн судалгаа баталдаг юм. Түүнчлэн нэр алдартай хүмүүс, удирдагчдын дунд солгой гартнуудын нэр олонтаа тааралддагаар үүнийг нотолдог.
Ж.Бушийг эс тооцвол 1981 оноос хойшхи АНУ-ын бүх Ерөнхийлөгч солгой хүмүүс байсан юм. Ж.Форд, Р.Рейган нарын өмнөх Ерөнхийлөгч нарыг тооцохгүйгээр хамгийн сүүлд төр барьсан удирдагчдыг нэрлэвэл, эцэг Буш, Билл Клинтон, мөн одоогийн Ерөнхийлөгч Барак Обама нар солгой ажээ. Жанна’д Арк, Наполеон, Юлий Цезарь, агуу Александр хаан зэрэг түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүс, Леонардо да Винчи, Рафэль, Микеланжело, Альберт Эйнштейн, Исаак Ньютон, Пабло Пикассо зэрэг суутнууд, Опра Уинфри, Майкл Жордан зэрэг орчин үеийн оддыг нэрлэхэд л солгой гартнууд ямар хүмүүс болохыг хэлээд өгөх биз ээ.