Т.ЖАНЦАН
Гамшигаас хамгаалах тухай хуулийг шинэчилэх болсон. Ингээд уг хуулийн төслийн талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийг дунд “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэгийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар хийлээ. Энэ үеэр Онцгой байдлын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлийн давтамж дэлхий нийтэд нэмэгдсэн гэж байгаа. Монгол орны хувьд ямар байна вэ?
-Манай улсад байгалийн гамшигт үзэгдлийн давтамж цар хүрээ, жилд хэдэн болж байсан талаар 2004 оноос өмнөх ямар ч мэдээлэл байхгүй. Онцгой байдлын алба байгуулагдсанаас хойш тодорхой хэмжээнд бүртгэж мэдээллийн сан байгуулж ирсэн. Ингээд сүүлийн таван жилийг эргээд харвал гамшигт үзэгдлийн тоо эрс өссөн. Байгалийн гамшигийг удаан болон хурдан өрнөлттэй гэж манайхан ярьдаг. Удаан өрнөлтэйд гэхээр зуд, ган ордог. Энэ гамшиг нэг өдөр болоод өнгөрдөггүй тул урьдчилан сэргийлэх боломжтой. Харин хурдан өрнөлттэй байгалийн гамшигт уруйн үер, газар хөдлөлт, хүчтэй шуурга орно. Гэтэл сүүлийн жилүүдэд хурдан өрнөлттэй гамшигт үзэгдэлийн тоо эрс өссөн. Дунджаар тооцвол Онцгой байдлын албанд жилд 2000 гаруй дуудлага ирдэг байсан. Тэгвэл одоо дөрөв, таван мянга боллоо. Эдгээр дуудлагыг задлаад харвал 70 орчим хувийг обьектийн түймэр эзэлдэг. Тэгэхээр үлдсэн тоог нь аваад үзвэл байгалийн гамшигт үзэгдэл жилд 100-200 өсч байгаа юм.
-Онцгой байдлын албаны боловсон хүчин, техник хэрэгсэл чадамж өнөөдөр ямар байна вэ?
-Чадвахи чадамжийг ярина гэвэл хоёр талтай. Олон улсын жишиг, хууль тогтоомжоор тогтоосон дүрэмж журамаар тооцвол бидний хүчин чадал хүний нөөцийн талаар 30 хувьтай байна. Тухайлбал, дөрөв, тав, зургаа, 10 мянгаас дээш хүн амтай сууринд газар, гал унтраах тийм тийм анги байна гэсэн стандарттай. Гэтэл Монголд 4000 хүн амтай 100 гаруй сумын төв бий. Эдний цөөхөн нь гал унтраах, аврах ангитай. Голдуу аймгийн төвүүдэд л гал унтраах анги байгаа. Алслагдсан, байгалийн аюулт үзэгдэл ихээхэн тохиолддог газаруудад тодорхой анги, билэг байдаг. Өнөөдөр нэг суманд ямар нэг гамшиг тохиолдоход аймгийн төвөөс нь гал унтраах, аврах анги очихын тулд 7-8 цаг явна. Магадгүй зам харгуйгаас шалтгаалж хонож өнжөөд очиж болно. Гэтэл гамшиг цаг минутаар хэмжигддэг зүйл.
Өнөөдөр байгаа тогтолцооны хувьд 4 мянган албан хаагчтай. Обьектийн болон ой хээрийн гал түймэр унтраах тоног төхөөрөмж бас боломжийн 70 орчим хувийн шинэчлэлт хийсэн. Харин аврах ажиллагааны тоног төхөөрөмж төдийлөн сайн түвшинд хүрээгүй. Дөнгөж 30 орчим хувийг нь шинэчилсэн. Аврах ажиллагаа гэдэг бол олон янз. Тухайлбал, уснаас, уулнаас, химийн бодис, биологийн өвчин, гүний уурхайгаас гэх мэт аврах ажиллагаа бүр өөр. Тэгэхээр энэ бүгдээс аврах тоног төхөөрөмжийн хангалт бага байгаа юм.
-Тэгэхээр гамшигт үзэгдэлийн давтамж нэмэгдсэн гэж та хэлсэн. Манай нийгэм, эдийн засагт жилд хэдий хэмжээний хохирол учирч байна вэ?
-Тухайн жилд тохиолдсон гамшиг ослын цар хүрээнээс шалтгаална. Бид жилд дунджаар 20 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалж байна. Мөн 2000 гаруй мянган хүний амь нас авардаг статистик бий. Эд хөрөнгийн хохиролын дараах үнэлгээ харьцангуй өөр хийгддэг. Жишээлбэл обьектийн гал түймэрийг унтрааж гарсан шалтгаан нөхцөлийг бид тогтооно. Тухайн мэргэжлийн байгууллага ирж ямар үнэтэй эд хөрөнгө байсаныг тогтоодог юм. Ойн түймэр байлаа гэхэд БОНХЯ, МХЕГ-аас мэргэжилтэн ирж хэдэн га талбайг хамарсан, ямар ургамлын бүрхэвчтэй байсан зэргээс хохиролын хэмжээг тооцдог л доо. Ийм учраас дунджаар төд өдөн төрөгийн хохирол гардаг гэж хэлэх боломжгүй юм.
-Гамшигаас хамгаалах тухай хуулийг шинэчлэх гэж байна. Хуулийн энэ шинэчлэлийн гол утга санаа нь юунд оршино вэ?
-Энэ хэлэлцүүлгээр гамшгийн өмнөх асуудлыг авч хэлэлцэж байна. Тэгэхээр тухайн гамшгийг үнэлж түүндээ тулгуурласан төлөвлөлт хийнэ гэсэн үг. Үүнхээ дагуу эрсдэлийг бууруулахын тулд бэлэн байдлаа хангах, сургалт хийх, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг цогц арга хэмжээ авдаг. Энгийнээр хэлвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Гамшигаас хамгаалах тухай хуулийн шинэчлэлийн гол утга учир нь үүнд анхаарч байна гэж ойлгож болно. Тэгэхээр гамшигийн үед буюу дараа хийх ажлын 70 хувь нь урьдчилан сэргийлэх ажил байдаг. Энэ урьдчилан сэргийлэх ажлыг хэдий сайн хийнэ тэр хэрээр гамшигийн үед болон дараа нь сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж зэрэг нөхөн сэргээх ажилд зарцуулах мөнгийг хэмнэнэ гэсэн үг. Олон улсын туршлагаас харвал өмнө нь зарцуулсан 1 төгрөг гамшигийн дараах зардлын 10 төгрөгийг бууруулдаг.
-Иргэд Онцгой байдлын алба гамшигийн эрсдэлээс сэргийлэх, түүнтэй тэмцэх, гамшигийн үед туслах ёстой гэж ойлгодог. Та мэргэжлийн хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна. Шинэчилж буй хуулиар танай алба ямар үүрэг хариуцлага хүлээж байна вэ?
-Онцгой байдлын албаны үндсэн чиг үүрэг нь гамшигийн эсрэг тэмцэх. Гэвч гамшгийн эрсдэлийг бууруулна гэдэг бол дан ганц ОБЕГ-ын хариуцах асуудал биш. Монгол Улсын 1.5 хавтгай дөрвөлжин км газарт 3 сая гаруй хүн амьдарч байна. Монголчууд тархай бутархай сарнисан нүүдэлчин хүмүүс. Иймд Онцгой байдлын албаны албан хаагчид хүн бүрт, өрх болгонд очиж гамшигаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажил хийх хүч хүрэхгүй. Тэгэхээр иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд чиглэл чиглэлийн мэргэжлийн хүмүүс, байгууллага оролцох ёстой. Жишээ нь ОБЕГ хөдөө аж ахуй, газар тариалан, усны асуудал хариуцдаггүй. Зуд, гангын гамшиг тохиож мал үхлээ гэж бодоё. Тэгвэл энэ талаар хөдөө аж ахуйн салбарын бодлогод яаж туссан ихээхэн зүйл шалтгаална. Энэ гамшигийн эрсдэлийг бууруулах нь уг салбарын ажилтан, мэргэжилтнүүдийн хийх ажил. Өнөөдөр зуд болвол Онцгой байдал зам гаргана, малын тэжээл аваачиж өгнө, малчны эрүүл мэндэд анхаарна, малын сэг зэм арилгаж устгана гэх мэт ойлголт хүн бүрт байдаг. Ган гачиг тохиолдоход хуурайшиж түймэр гарна. Үүний улмаас тариалангийн талбай шатхад манай албан хаагчид очиж ажилладаг. Гэтэл тариаланчид галын аюулгүйн зурвас татах, гангын үед бороожуулах системээр талбайгаа услах асуудлаа хариуцах ёстой. Эдгээрээс гадна БОНХЯ “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлт өнөөдөр хөдөө аж ахуйн салбарт шууд нөлөөлөх болсон. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах асуудлыг БОНХЯ хариуцдаг. Ийм учраас эдгээр салбарууд өөр өөрийн бодлого чиглэлээ нэгтгэж хүн амын амь нас, эрүүл мэнд, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалж эдийн засгийн хохиролгүй тогтвортой хөгжилд хүрэхийн тулд гамшигаас урдчилан сэргийлэх ажлыг хамтран хийх ёстой юм. Энэ тухай шинэчилж буй хуульд тусгаж байна. Өнөөдөр бид тал тал оийш үсчиж салхинд хийсч буй хамхуул шиг л байгаа. Иймд нэг бодлогтой, нэг зорилгод хүрэх үйл ажиллагааг тал талаас нь хийх цаг нь ирсэн гэж бодож байна.
-Төр иргэдээ анхаардаггүй. Бид гамшигт нэрвэгдээд хохирчихлоо. Төр туслах ёстой гэсэн хандлагатай байдаг. Тэгвэл иргэд өөрсдөө ямар үүрэг хариуцлага хүлээх ёстой вэ?
-Иргэд төр хамгаалах ёстой, өгөх ёстой гэдэг. Гэтэл дан төрөөс нэхэх бус иргэдийн хүлээх хариуцлага, оролцох ажил бас бий. Ийм учраас иргэд гамшигаас сэргийлэх урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хангах, чадвахиа бэхжүүлэх ёстой. Тэгэхээр гамшигаас урьдчилан сэргийлнэ гэдэг нь төрийн байгууллагууд дангаараа хийх ажил биш. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд ч бас хамаатай асуудал юм. Үүнээс гадна олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын дэмжлэгийг гамшигаас урдчилан сэргийлэх талаар хэрхэн авах, удирдлагын тогтолцоог оновчтой болгох нь чухал болоод байна.