Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт” үйлдвэрийн өмчлөл түдгэлзэж “эзэнгүйдэв”


Т.ЖАНЦАН


Монгол Улсын төсвийн орлогын 18 орчим хувийг “Эрдэнэт” үйлдвэр төвлөрүүлдэг. Үүн дээр улс төрчид төрөл бүрийн бараа материал, сэлбэг, хэрэгсэл шахаж өөрийнхөө болон намынхаа дансыг зузаатгадаг нь өнөөдөр нэгэнт тодорхой болсон. Мөн тус үйлдвэрийн захирал, удирдлагууд монголд хамгийн өндөр цалин хангажм авч жилд тансагладаг байж. Тухайлбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын /ТӨБЗГ/ дарга Ц.Ням-Осор одоогийн захирал Х.Бадамсүрэнгийн сарын цалинг 24 сая төгрөгөөр тогтоож албан хэрэгцээнээс бусад хангамжийг хассан хэмээн мэдээлсэн. Тэгэхдээ өмнөх захирал Ц.Даваацэрэнгийн сард авч байсан 20 мянган ам.долларыг тавин хувиар хасч 10 мянган ам.доллар болгон тогтоосон гэж байв.

Ийм учраас тус үйлдвэрийг “Саалийн үнээ” хэмээн өхөөрдөн нэрийддэг билээ. Энд нэг зүйлийг онцолход тус үйлдвэрийн 49 хувь нь ОХУ-ын мэдэлд байхад л 51 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газраас томилогдсон төрийн албан хаагчид ингэж аяглаж ирсэн. Эдүгээ ОХУ-ын Засгийн газрын өмчлөлд байсан 49 хувийг “Монголын зэс корпорац” худалдан авч ирсэн билээ. Гэвч УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн улсын мэдэлд 100 хувь авах тогтоол гаргасан. Ингээд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар  /ОӨУБЕГ/ уг тогтоолын биелүүлж уг үйлдвэрийг төрийн мэдэлд 100 хувь бүртгэн авав. Нэг ёсондоо төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын тогтоолоор хувийн өмчийг нийгэмчилсэн гэсэн үг. Ийм учраас өмчөө хураалгасан “Монголын зэс корпорац” шүүхэд хандаж асуудлаа шийдэхээр болоод байгаа. 

Захиргааны болон Иргэний хэргийн шүүхээс одоогоор “Эрдэнэт” үйлдэврийн 49 хувийг төрд шууд шилжүүлж авахыг түдгэлзүүлжээ. Тухайлбал, төрийн өмчид бүртгэж авсан, ТУЗ-ын гишүүд, орлогч захиралыг төрөөс томилсон асуудал нь хууль зөрчсөн хэмээн үзэж түдгэлзүүлээд байна.  “Монголын зэс корпорац” ОХУ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаанаас гадна “Монголросцветмет” компанийн хувьцааг ч бас худалдаж авсан юм. Харин УИХ-аас гарсан тогтоолыг хэрэгжүүлэхдээ зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг төрд шилжүүлж авахыг тусгажээ. Уг нь энэ хоёр компанийн хувьцааг худалдаж авахдаа улсын мөнгө ашиглаж худалдаж авсан. Ийм учраас төр өмчөө авах ёстой хэмээн Ц.Нямдорж тэргүүтэй зарим улс төрч ярьж мэдэгдэж байв. Гэвч ганцхан “Саалийн үнээ”-гээ л онцолжээ.
 
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор “УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн хувьд “Монросцветмет" дээр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас  өгсөн үүргийн дагуу хувийн хэвшлийн ТУЗ-ын гишүүдийг чөлөөлж, 100 хувь төрийн ТУЗ-ийг бүрдүүлсэн. “Монголын зэс корпорац”-аас Чингэлтэй дүүргийн Захиргаа болон Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан явдал болон ТУЗ-ийн гишүүдийг  чөлөөлсөн шийдвэрүүдийг түдгэлзүүлсэн. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан учраас шийдвэрийг хүндэтгэхээс өөр аргагүй байна. Дараагийн шатны шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа”  хэмээж буй юм.

Өмчөө алдсан эзэд “Эрдэнэт үйлдвэрийг төрийн мэдэлд шууд булааж авч байгаа нь хууль бус. Бидний худалдаж авсан 49 хувийн хувьцаанд төрийн нэг ч мөнгө, төгрөг ороогүй. Хууль хяналтын байгууллагууд хянаж шалгаад бүх зүйл хуулийн хүрээнд хийгджээ гэдгийг тогтоосон. Гэтэл эрх баригчид ийм дээрмийн шинжтэй үйлдэл гаргаж байгаа нь хачирхалтай. Улсын өмчид бүртгэж авахдаа бидэнтэй хэлцэл хийхийг УИХ-ын тогтоолд заасан байгаа юм. Гэтэл бидэнд мэдэгдэлгүй бүртгэсэн, ТУЗ-ын гишүүдийг өөрчилсөн шийдвэр гаргалаа. Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон. Иймээс  элдэв шахаа хийж сонгуулийн мөнгө босгох операци л яваад байх шиг байна. Биднийг шүүхээр асуудлаа шийдээд явхад нэлээд хугацаа орно. Энэ хооронд эрх баригчид асуудлаа шийдээд амжина. Сонгууль ч болоод өнгөрөх байх” хэмээн хардаж буйгаа мэдээлж байсан билээ.

ОӨУБЕГ-ын газрын дарга Р.Содхүү “Бид хагас бүтэн сайн гээд гурван өдөр сууж  “Эрдэнэт” үйлдвэрийг улсын мэдэлд бүртгэсэн. Яг нарийндаа УИХ-ын тогтоолыг сайн уншвал төрийн өмчид 100 хувь бүртгэснээс хойш талууд хэлцэл хийх юм билээ. Гэхдээ энэ асуудал бол манай бүртгэлийн байгууллагад хамаарахгүй” гэж байгаа юм.

Тэгвэл  “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Би Эрдэнэт үйлдвэрт таван сар ажиллаж байна. Энэ хугацаанд шахааны бизнес болоогүй. Цаашид ч шахааны бизнес үүсгэхгүй. Би очоод ажил төрлийн шаардлагаар үйлдвэрт ажилладаг Технологийн сургуулийн захирлыг л өөрчилсөн. Өөр нэг ч хүн өөрчлөөгүй. Жолоочоо ч өөрчлөөгүй.

“Эрдэнэт” үйлдвэрийн компанийн 49 хувийг  “Монголын зэс” компани аваад шинэ бүтцийг баталсан. Энэ бүтцээр ерөнхий захирал, дэд орлогч, ажлын албатай байх юм.  “Эрдэнэт” үйлдвэр нэгдмэл удирдлагатай ажиллах ёстой. Нэг л ажлын албатай байхаар байгуулсан” хэмээн мэдээлж байна.

Эрдэнэ нь буурч өр нэхэгдэж буй “Эрдэнэт”

Саалийн үнэ болсон “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр одоогийн хүчин чадлаараа 60 жил ажиллаж сүүгээ өгөх зэс молибденийн нөөц үлджээ. Иймд ажиллах хугацааг нь уртасгахын тулд гоелоги хайгуулын ажил идвэхтэй хийж байна. Энэ жилээс хайгуулд зарцуулах хөрөнгөө хоёр дахин нэмэгдүүлж 5.6 тэрбум орчим төгрөгт хүргэсэн мэдээлэл бий. Эрдэнэтийн овоо уурхайн гүн эдүгээ далайн түвшинээс доош 371 метр болжээ. Цаашид 330 метр гүн ашиглах боломжтой аж. Гэвч хүдэр дэх зэсийн агууламж буурсаар байгаа. Жишээ нь одоогоор нэг тонн хүдэрт 0.496 хувийн зэс агуулагдаж буй. Энэ нь ирэх 40 жилд 0.35 хувь болж буурах төлөв байгаа юм. Бүр 0.25 хувийг агуулагтай ч болох тал бий. Хүдэр дэх зэсийн агууламж ингэж буурсан нөхцөлд дэлхийн зах зээлд нэг тонн цэвэр зэс 7000 ам.долларын үнэтэй байвал тус үйлдвэр ашигтай ажиллах боломжтой юм байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Энэ оны бизнес төлөвлөгөөгөө ТУЗ-аараа баталгаажуулан ажиллаж байна. Үйлдвэрлэлийн төлөлвөгөөг нэгдүгээр улиралд 100 хувиас дээш ханган биелүүлж, зэс молибденийн төлөвлөсөн нийлүүлтээ хийлээ.  Гол нь үр дүн нь, нэгдүгээрт 86.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнд зэсийн үнэ, валютын ханш зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн. Оны эхний дөрвөн сарын байдлаар 135.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байгаа. Одоогоор ББСБ-аас авсан өргүй”  гэж мэдээллээ. Дашрамд дурдахад “Жаст” компани “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж ӨАБНУ-ын Стандарт банкнаас мөнгө зээлсэн явдал гарсан.

Тус банк Ангилийн олон улсын арбитрын шүүхэд хандаж мөнгөө нэхэмжилсэн юм. Тус шүүх “Эрдэнэт” үйлдвэр 51 сая ам.долларыг хүүгийн хамт төлөх ёстой гэсэн шийдвэр гаргаад байгаа. Харин тус үйлдвэрийн шинэ удирдлагууд энэ өрийг төлөхгүй хэмээн давж заалдах болжээ. Ингээд 500 гаруй сая фунт стерлинг гаргаж хуулийн ферм хөлсөлж давж заалдах болсон байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан