Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойшилсон хөтөлбөр хоёр долоо хоногийн дараа батлагдана


Т.ЖАНЦАН


ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т манай улс хамрагдах хүсэл гаргасан. Үүнийн тус сан судалж үзээд Захиралуудын зөвлөл нь эцэслэн шийдэх байв. Гэтэл уг хөтөлбөрийг тодорхойгүй хугацаагаар хойшуулсан явдал болсон. Тэгвэл ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер “Ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдэгт бид итгэж байна. Иймд ирэх хоёр гурван долоо хоногт багтаж хөтөлбөрийг батална гэж бодож байна. Бид Монгол Улсыг тодорхой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний тухай ямар нэг байр суурь илэрхийлэх боломжгүй. УИХ-ын тогтоолд тусгасан заалттай холбоотой Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг ерөнхийд нь муутгах нөхцөл бүрдэж магадгүй гэсэн болгоомжлол бий. Ер нь аль болох хөрөнгө оруулалт татах орчин бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөх учраас илүү их анхаарал хандуулж буй юм.  Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг ихээхэн татаж чаддаг орчинтой болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн мэдээлэл хийлээ.

Үйл явдалыг эргэн сануулбал уг хөтөлбөрийг шийдэх асуудлыг хойшлуулсан шалтгаан нь  2017 оны Төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын тогтоолд хөрөнгө оруулагчдад таатай бус заалт орсон учраас энэ тогтоолыг эргэж харах талаар Монгол Улсын Засгийн газарт зөвлөсөн явдал байв. Харин УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцээд энэ тогтоолыг өөрчлөх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан юм. Иймд  ОУВС-ийн захирлуудын зөвлөлөөс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хойшлуулах шийдвэр гаргаад байгаа билээ.

Дашрамд дурдахад Төсвийн тодотголыг дагаж гарсан тогтоолд “Оюутолгой” болон  гадаадын хөрөнгө оруулагчдын зарим гүйлгээг Монголын банкаар дамжуулах нь эдийн засагт эерэг нөлөө авчирна гэсэн тогтоолын төсөл нэмж гарсан. Харин "Рио Тинто" ХХК энэ тогтоолын төслийг эргэж харах, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх шаардлага тавьж ОУВС-нд шахалт үзүүлсэн тухай мэдэгдэж байлаа.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах тухай асуудлыг өчигдрөөс эхлэн бүлгийн хурлаар авч хэлэлцлээ. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөргүй манай улс цааш явах боломжгүй гэсэн шийдвэрт бид санал нэгдсэн. Тиймээс төсвийн тодотголын тогтоолыг дагаж орж ирсэн тогтоолын заалтыг эргэн харах шийдвэр гаргалаа. Тогтоолын төслийг буцааж татах биш, ямар өөрчлөлт хийж болох талаар Төсвийн байнгын хороо, холбогдох байнгын хороодтой ярилцаж тодорхой шийдвэр гаргана. Уул уурхайн хөрөнгө оруулагчдын мөнгийг дотоодын банкаар 100 хувь шилжүүлэх тухай асуудлаар Төсвийн байнгын хорооноос “Рио Тинто” компанийн холбогдох хүмүүстэй ярилцсан. Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгааг бодвол нийгэмд таалагдах шийдвэр гаргасан нь зөв л гэж болно. Гэвч  улсынхаа эрх ашиг, улс төрөөр тоглох уу, эсвэл гашуун нясуун ч гэсэн үнэн шийдвэр гаргаж, эдийн засгаа эрүүлжүүлж авах уу гэсэн сонголтууд биднийг хүлээж байгаа юм. Иймд бүлгийн гишүүд эдийн засгаа эрүүлжүүлэх чиглэлдээ анхаарах шийдэлд 100 хувь санал нэгдэж хүрлээ. Тиймээс бид гаргасан шийдвэрээ нягталж байна. ОУВС-тай тавдугаар сарын 20-ний үед эсвэл наана нь дахин асуудлыг хэлэлцэхээр болсон" гэсэн билээ.

ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” Монгол Улсад ямар үр дүн авч ирэх талаар дараах тайлбарыг хийж буй юм.  Энэ хөтөлбөрийг боловсруулхад Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Монголбанктай  нягт хамтран ажилласан. Уг хөтөлбөр үндсэн хоёр зорилогтой. Нэгдүгээрт Монгол Улсын эдийн засагт одоо тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийн даван туулж тогтворжуулах, хоёрдугаарт урт хугацааны өсөлтийг дэмжих бодлогын бааз суурийг бий болгох ёстой. Монгол Улсын эдийн засаг урт хугацаандаа хөгжих маш өргөн боломжтой гэж байгаа юм.

Эхний зорилгын гол зүйл нь төсвийн алдагдалыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангах, банкны системийг бэхжүүлэх юм. Үүний үр дүнд зээлийн хүү ерөнхийдөө буурч эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж харж байна. Төсвийн алдагдал өнөөдөр маш өндөр байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд төсвийн алдагдал ДНБ-ий 17 хувьд хүрсэн. Энэ хэрээр өр нэмэгдсээр. Ийм учраас төсвийн зарлагын ихэнхийг өрийн үйлчилгээнд зарцуулах болсон. Хэрэв өр бага байсан бол тэр их мөнгийг боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн салбарт зарцуулах боломжтой байлаа. Тэгэхээр Засгийн газраас төсвийн алдагдалыг энэ онд 10.5 хувь хүргэж бууруулахаар оруулж ирсэнийг  ОУВС дэмжиж байгаа юм. Ингээд 2020 он гэхэд төсөв алдагдалгүй болох тооцоо бий. Одоо төсвийн алдагдалыг бууруулах тохиргоо хийгдэж байгаа гэдэг. Үүнтэй холбоотой үр дүнг Засгийн газар, ОУВС  харилцан тохиролцож баталгаажуулсан байна. Энэ тохиргооны ихэнх нь зарлага тал дээр хийгдэж байгаа аж. Тэр дундаа хөрөнгө оруулалтын зардалыг маш их хэмжээгээр бууруулсан билээ.

Ийм учраас ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нйел Сакер “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засаг тогтворжино гэдэгт бид бүрэн итгэлтэй байна. Валютын ханш тогтворжиж инфляцын түвшин буурна. Мөн хүүгийн түвшин буурч банкуудын зээл идвэхжинэ. Ингээд дунд хугацаанд эдийн засгийн өсөлт найман хувьд хүрэх боломж бий” хэмээн мэдэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан