Т.ЖАНЦАН
Монгол Улсад Хөрөнгийн бирж байдагч санхүүгийн зах зээлийн 96 хувийг банк атгаж байна. Иймд хөрөнгийн зах зээл өнгөрсөн 26 жилд өсч өндийж эрийн цээнд хүрээгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл юм бичиж амжаагүй цагаан цаастай зүйрлэж болох юм. Эдийн засгийн хямрал нүүрлэж орлого хумигдах цагт иргэд хэрхэн мөнгө олох, хөл алдахгүй байх арга зам хайж эхэлдэг. Ийм ч учраас хөрөнгийн зах зээлийг илүүтэй сонирхож эхэлжээ. Үүнийг “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтаас харж болохоор байна. Тус чуулга уулзалтад бараг 2000 орчим хүн цугласныг зохион байгуулагчид хэлж байлаа. Тэд мөнгө өсгөх боломж, найдвартай бонд, хувьцаа хэрхэн худалдан авах вэ гэдэг асуудалд голлон анхаарч буй юм. Төрийн өмчит компаниудыг Засгийн газар хувьчлах шийдвэр өнгөрсөн жил гаргаад буй. Одоогоор хувьчлах комипаниудын бэлтгэл ажил хийж буй гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдээлж байсан билээ. Энэ чуулга уулзалтын үеэр үүнийг зохион байгуулагч “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.
-Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтын гол зорилго, үр дүнг та юу гэж дүгнэж байна вэ?
-Улс төрждөггүй, ажлаа хийж, элдэв хурал цуглаанд оролцдоггүй хүмүүс өнгөрсөн онд хэвлэх үйлдвэрийн хувьчлалаас хойш Туушинд цуглаж “Хөрөнгө оруулагч үндэстэн” хөдөлгөөн анх гарч ирсэн. Монголчууд бидэн дунд ажлаа хийж амьдарлаа зохицуулж нийгмийг үүрч явдаг хэсэг хүмүүс бий. Тэдэнд зориулж “хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт зохион байгууллаа. Цаашид жил болгон монголчууд өөрсдөө эвлэлдэн нэгдэж, олон жил бул чулуу шиг нэг байрандаа зогсч байгаа хөрөнгийн зах зээлийг хөдөлгөх ёстой. Өнгөрсөн 26 жил хөрөнгийн зах зээл ярьж баахан хувьчлал хийлээ. Гэтэл монголчууд ийм зүйлтэй болж үлдсэн, хөрөнгийн зах зээл нь дэлхийн жишигт нийцээд хөгжсөн шүү гэж хэлэх юм алга. Тэгэхээр өнөөдөр нэн тэргүүнд СЗХ, Монголын хөрөнгийн бирж, бусад холбогдох байгууллага, холбоод, иргэд нийлж нэгдэж 1072 хувьцаагаа үр ашигтай болгож авах, үнэ цэнийг нь өсгөх шаардлага тулгараад байна. Мөн Засгийн газраас зарлаад байгаа хувьчлалд оролцох ёстой. Түүнээс биш хэн нэгэн дарга, мөнгөтэй гадаадын иргэн хүрч ирээд монголчуудын баялгийг худалдаад авдаг байж таарахгүй. Иймд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж монголчууд бид өөрсдөө бүтээсэн баялгийнхаа эзэн байх хэрэгтэй гэж бодож байна. Жирийн иргэд 100 мянга, нэг сая төгрөгөөр өөрсдийн хөдөлмөрөөр бүтсэн хөрөнгөө худалдаж авдаг байх санааг дэвшүүлж байгаа юм.
-Тэгэхээр манай улсад хөрөнгийн зах зээл хөгжихгүй зогсонги байдалд орсон шалтгаан нь юу вэ?
-Бидний санхүүгийн мэдлэг, оролцоо муу байгаатай холбоотой. Манайханы хайхрамжгүй, хэнэггүй зан ийм байдалд хүргээд байгаа юм.
-Энэ чуулга уулзалтад олон хүн цугласан байна. Тэгэхээр хүмүүс хөрөнгийн зах зээлийг сонирходог болж ээ дээ?
-Тийм. Эдийн засгийн эрүүл мэнд тааруу байгаа өнөө үед иргэд хөрөнгө мөнгөө яаж өсгөх талаар нэлээд боддог болж. Ингээд ажиглаж байхад хөрөнгийн зах зээлийн таньж мэдэх, түүнд оролцож сурах хүсэл эрмэлзэлтэй болсон байна. Жишээ нь хэвлэх үйлдвэрийн хувьчлалд оролцох гээд хөрөнгө босгоход 1000 гаруй иргэн мөнгө шилжүүлж идвэхтэй байсан нь гайхамшигтай үзэгдэл болсон. Мөн “Монгол шуудан” компанийн хувьчлалд 330 иргэн оролцож хувьцааг нь худалдаж авсан. Өнөөдөр “Ард санхүүгийн нэгдэл” 31 хувийг нь эзэмшиж үүний ард 3000 гаруй иргэн Монгол шуудан”-г өмчилж байна. Нөгөө талдаа “Монгол шуудан”-гийн хувьцааг шууд худалдаж авсан иргэн 650 болоод байгаа. Тэгэхээр төр засаг зөв бодлого гаргаж ажиллах хэрэгтэй. Дээр нь санхүүгийн мэдлэгтэй хүмүүс нь зөв чиглүүлээд өгвөл иргэд хөрөнгийн зах зээл оролцоход бэлэн байна. Сонирхол нь урьд урьдийнхаас илүү нэмэгдсэн юм. Энэ чуулганд компаниуд шинэ бүтээгдэхүүндээ танилцуулж байгаа. Мөн СЗХ, Хөрөнгийн бирж танилцуулгаа хийж бүгд нийлээд хөрөнгийн зах зээлээ хөдөлгөе гээд оролцож байгаа нь олзуурхууштай.
-Тухайлбал, хөрөнгийн зах зээлд ямар ямар шинэ бүтээгдэхүүн танилцуулж байна вэ?
-Хүн блгон өнөөдөр банк, Банк бус санхүүгийн байгууллага гэж ярьдаг. Өнөөдөр монголд банк бус санхүүгийн байгууллага 550 байна. Тэгэхээр ийм тооны гэр бүл зээл олгодог компани байгуулсан байна гэсэн үг. Тэгвэл хөрөнгийн зах зээлд хувьцаа нь арилжаалагддаг ББСБ байгуулах гэж “Ард кредит”-ын хувьцааг олон түмэнд санал болгож байгаа юм. Мөн хаалттай хүрээнд 19.6 хувийн хүүтэй бонд гаргаж байна. Иргэд сонирхож байвал эдгээрээс авч болно гэсэн үг. Өнөөдөр банкны хадгаламжийн хүүгээс 10 хувийн татвар авах боллоо. Тэгвэл өөр зүйлд мөнгөө хадгалж үржүүлэх боломж хөрөнгийн зах зээлд нээгдэж байгаа юм. Үүнээс гадна тэтгэврийн шинэчлэл гэж ярьж байна. Хүн насаараа ажиллачихаад өтөл насандаа сард 200 мянган төгрөгийн тэтгэвэр аваад суух нь гомдолтой биз дээ. Энэ мөнгө амьдралд нь хүрэлцэхгүй. Ялангуяа ганцаараа бие дааж амьдарч буй ахмад настанд бүр хэцүү байгаа юм. Ийм учраас санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд тэтгэврийн даатгалаас өгсүүлээд шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байна.
-Засгийн газрын бонд хамгийн өндөр хүүтэй. Иймд Засгийн газрын бонд авч мөнгөө өсгөх сонирхол хүмүүст их байх шиг байна. Үүнтэй та санал нийлэх үү?
-Хүмүүс “Хөрөнгө оруулагч үндэстэн” хөдөлгөөнд нэгдэж мөнгийг маань банкны хадгаламжаас илүү ашигтай өсгөөд өгөөч гэж итгэл хүлээлгэж бидний бүтээгдэхүүнийг худалдан авч байна. Тэгээд Засгийн газрын бонд авах сонирхол хүмүүст их байгаа. Засгийн газрын бонд гэдэг бол бидний бүтээсэн баялаг, бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт болж очих мөнгийг зах зээлээс хуу хаман авч байгаа хэрэг. Энэ бол муу тал. Яахав 16-17 хувийн хүүтэй өндөр өгөөжтэй гоё л доо. Гэтэл өнгөрсөн онд төгрөгийн ханш 25 хувиар суларсан. Иймд үнэн хэрэгтээ Засгйин газрын бондыг хамгийн өндөр өгөөжтэй гэж худалдаж авсан хүмүүс өөрийн мөнгөний 9 орчим хувийг алдсан байна шүү дээ. Тэгэхээр бидэнд өөр сонголтууд хэрэгтэй байгаа юм. Монголчууд бид мөнгөний төлөө бус мөнгө бидний өмнөөс ажилладаг болгохыг “Хөрөнгө оруулагч үндэстэн” сан зорьж байна.
-Тэгэхээр манай улсын хөрөнгийн зах зээл хөгжих хууль эрх зүйн орчин ямар гэж та дүгнэж байна вэ?
-Хийх ажил, бусдаас суралцах зүйл маш их байна.