Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засагт эрсдэл арилаагүй ч эерэг тоонууд гарч эхлэв


Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал эерэг чиглэлд орж эхэлсэн дүн мэдээ гарах болов. Гэвч өргөс авахтай адил тэр даруйд өвчин намдаж эдийн засаг огцом сэргэж түрийвч маань мөнгөөр бялхаад ирэхгүй нь тодорхой. Эдийн засгийн үзүүлэлтүүд эргээд муудсан дүн мэдээ гарах эрсдэл хэвээр. Жишээ нь Монгол Улсын өрийн дарамт ирэх жилүүдэд өндөр хэвээр байх нь. Ирэх гурван жилд 2.5 тэрбум ам.долларыг төлөх ёстой. Үүнд Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцэл орж буй юм. Монголбанк уг своп хэлцэлийн хугацааг сунгахаар Хятадын талтай ярилцаж буй гэдэг. 

Эдийн засгийн үзүүлэлтүүд унаж гутранги тоо баримт, үзэл бодол нэг хэсэг давамгайлж байсан бол өнөөдөр байдал өөрчлөгджээ. Учир нь эдийн засаг сэргэх, эерэг тоонууд яригдаж аажмаар тогтвортой өсөх хүлээлттэй  байна.

Тухайлбал, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк энэ онд улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж ямраар төсөөлж буй тайлангуудаа гаргаад байгаа билээ. Мөн дотоодын судлаачид ч эдийн засаг сэргэнэ гэсэн итгэлтэй байгаагаа илэрхийлэх болсон. Тэдний мэдээллээс үзвэл манай улсын эдийн засаг энэ онд дунджаар 2.5 хувиас илүү өсөх төсөөлөл гараад байна. Мөн олон улсын санхүүгийн чадавхийн үнэлгээ өгч зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд Монголыг уруудах бус тогтворжих өнцөгөөс харах болов. Жишээ нь “Мүүдиз” агентлаг Монгол Улсын Засгийн газрын дунд  хугацааны зээлжих зэрэглэлийг өнгөрсөн оны есдүгээр сараас хойш шат дараалан бууруулсаар энэ оны хоёрдугаар сард “Caa1” гэсэн төлөвт багтаан тогтоосон. Энэ зэрэглэл нь санхүүгийн чадвар сул, эрсдэл өндөр гэж буй юм. Мөн богино хугацааны зээлжих зэрэглэлийг “Дээд зэрэглэлийн бус /not prime/” хэмээн тогтоосон байдаг. Тэгэхдээ үүнээс дахин буурах магадлал тун өндөр гэдгийг тодотгож байсан билээ. Гэвч гурван сарын хугацаанд бууруулах эсэхээ хянаж ажиглах ёстой. Гэтэл энэ хяналтын хугацаанаас өмнө Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулахгүй “тогтвортой” хэвээр хадгалах шийдвэр гаргаад байгаа юм.

“Мүүдиз” агентлаг ийм шийдвэр гаргахад дараах хүчин зүйлсүүд гол нөлөө үзүүлжээ. Эхнийх нь Монгол Улс ойрын хугацаанд төлөх ёстой өрийн дарамтаа шийдсэн асуудал орж байна. Тухайлбал, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын евро бондыг өнгөрсөн сарын 21-нд төлөх ёстой байв. Уг мөнгөны 82 хувийг хугацаанаас нь өмнө шийдсэн юм. Ингэхдээ Засгийн газрын долоон жилийн хугацаатай үнэт цаасаар сольж хөрөнгө оруулагчдыг алдагдалд оруулалгүй эергээр шийдсэн билээ. Үлдсэн мөнгийг нь хугацаанд нь төлсөн. Энэ нь Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлээс дахин бага хүүтэй мөнгө татах боломж эргэн нээлттэй болсоныг нотолсон явдал юм. Нөгөө талаар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах болсон. Тус сангийн захирлуудын зөвлөл ирэх 28-нд хуралдаж эцэслэн шийднэ. Иймд Монгол Улсын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайжирч олон талт санхүүгийн эх үүсвэрүүд татах бололцоотой болно гэж үзжээ.
 
Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал сайжирна гэсэн хүлээлт зээлжих зэрэглэлийг хэвээр авч үлдэх хоёр дахь шалтгаан болов. Манай улсын эдийн засгийн өсөлт түүхий эдийн эрэлт, үнээс шалтгаалсан хэвээр. Энэ эрсдэл дагуулж байгаа хэдий ч ашигт малтмалын үнэ өсч эхлээд байгаа юм. Өнгөрсөн онд эдийн засаг 1.3 хувиар өссөн бол энэ онд хоёр дахин илүү байх төсөөлөл эдийн засагчид хийгээд байгаа.

Гэхдээ тус агентлаг өрийн дарамт, төсвийн болон эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх эрсдэлүүд өндөр байгааг  тодотгож буй юм. Тухайбал, 2017-2018 онд төсвийн алдагдал өндөр хэвээр байх нь өр төлхөд шууд нөлөөлнө. Монгол Улсын өрийн дарамт 2016 онд ДНБ-ий 92.1 хувь байсан бол энэ онд ДНБ-ий 100 хувиас хэтрэх төсөөлөл гарсан хэмээжээ.  Гадаадын хөрөнгө оруулалт удааширсан, төсвийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, бодлогын хүү өндөр хэвээр байх нь улсын болон, хувийн хэвшилийн хэрэглээг хумьж эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөлөх хандлагатай гэж тооцож байна.

Нөгөө талаар Засгийн газар төсвийн алдагдлыг дотоодын санхүүгийн эх үүсвэрээс санхүүжүүлэх төлөв бий. Үүний нэг хандлага нь долоон төрлийн татварыг үе шаттай нэмэхээр энэ жилийн улсын төсвийн тодотголоор баталсан. Мөн Засгийн газрын бонд гаргаж буй. Гэвч санхүүгийн үзүүлэлтүүд сул байгаа дотоодын арилжааны банкууд болон хөрөнгө оруулагчид их хэмжээний Засгийн газрын бонд худалдан авч чадах эсэх нь эргэлзээтэй байна. Иймд Засгийн газрын санхүүжилтийн зардлын хэмжээ хурдацтай өсч  төлбөр гүйцэтгэх чадварт ирэх дарамт нэмэгдэх магадлалтай гэсэн дүгнэлт хийж буй эдийн засагчид олон бий.
Гэхдээ ирэх оноос Оюу толгой төслийн хоёр дахь шатны, Таван толгой төслийн хөрөнгө оруулалт ирэх тул эдийн засгийн өсөлт сайжирна гэсэн хүлээлт бий. Эдгээр төслийн үйл ажиллагаа эрчимжсэнээр дунд хугацаанд экспорт, бүтээн байгуулалт, худалдан авалтыг дэмжиж улмаар улсын төсвийн орлого нэмэгдэнэ гэж байгаа юм.
Эдийн засагт эерэг хандлага гарлаа гэж тайвширч болохгүй нь мэдээж. Учир нь зээлжих зэрэглэл буурах эрсдэл хэвээр байгаа. Цаашид Засгийн газрын төлбөр гүйцэтгэх чадвар сулрах, ОУВС-гийн захирлуудын зөвлөл хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрөөс татгалзах, олон улсын санхүүгийн зах зээлээс нэмэлт санхүүжилт татах боломж удааширсан, эсвэл хаагдсан нөхцөлд манай улсын зээлжих зэрэглэл буурах эрсдэл бий. Тэгвэл Засгийн газар дунд, урт хугацаанд гадаад зэх зээл, олон улсын байгууллагаас тогтвортой санхүүжилт татаж чадвал зээлжих зэрэглэл ахих боломж байгаа юм.

Үүний тулд богино хугацаанд тулгарах өрийн дарамтаас гарах, өр төлбөрөө дахин санхүүжүүлэх шаардлага байна. Мөн гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж, гадаад өрийн удирдлагыг сайжруулах ёстой аж.
 Богино хугацаанд буюу ирэх гурван жилд тулгарах өрийн дарамтаас мултрах нэг гарц нь яах аргагүй ОУВС-тай хамтарсан хөтөлбөр билээ. Засгийн газар тус сантай хамтарч ажилласнаар дөрвөн  тэрбум ам.долларын санхүүжилт олон улсын байгууллагуудаас нэмж татах боломж бүрдэх өндөр магадлал бий. Ийм хэмжээний нэмэлт санхүүжилт олж чадвал нийт өр төлбөрийн гуравны нэгийг санхүүжүүлж чадна гэсэн тооцоо гараад буй билээ. 

ОУВС-ын Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер Монгол Улс мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлснээр ямар үр дүн хүрэх тухай ярьсаныг дор сийрүүлэе. Тэрбээр “Монгол Улсын өнөөгийн зээлийн хүүгийн түвшин маш өндөр байгаа. Төгрөгөөр олгож буй зээлийн хүү дунджаар 25- 30 хувь. Ийм орчинд бизнес ашигтай байх боломжгүй. Өнгөрсөн хугацаанд бодлогын алдаа гаргаж, хүүгийн бүтэц буруу болсонтой энэ нь шууд холбоотой. Тухайлбал, ам.долларын хадгаламжийн хүү Монголд найман хувь байна. Харин АНУ-д нэг хувь. Тухайн орны эрсдэл өндөр байгаагаас хүү нь дагаж өссөн гэсэн үг.

Засгийн газар ОУВС-тай тохирсон хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж чадвал цаашид Монгол Улсын эрсдэл буурах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад хүүгийн бүтэц сайжирна. Мөн Засгийн газар их хэмжээний зээл авах шаардлага нь багасах юм. Зээлийн эрэлт багасахаар Засгийн газрын үнэт цаасны хүүгийн түвшин доошилно. Ингэснээр гадаадынхан Монгол Улсад төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх сонирхол нь нэмэгдэнэ. Тиймээс энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл хүү цаашид буурна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн байдаг.
Иймд эдийн засагт ажиглагдаж буй эерэг дохионууд, хүлээлтийг Засгийн газар шуурхай оновчтой ашиглах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм.  Эхний ээлжинд ОУВС-гаас тавьсан шаардлагыг биелүүлэх нь чухал гэдгийг эдийн засагчид онцолж буй. Үүний тулд улс төрийн нөхцөл байдлын хувьд амаргүй боловч төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага эрх баригчдад тулгарч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан