Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Сайхандэлгэр: Ханбогд сум 2020 онд дулааны станцтай болно


“Оюу толгой” компани, Өмнөговь аймагтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хоёр жилийн ойн босгон дээр чухал үйл явдал тохиолоо. Ханбогд суманд болсон ёслолын үеэр “Цэвэр усан хангамжийн цогцолбор”-ын үйл ажиллагааг эхлүүлж орон нутагт хүлээлгэн өгөв.  Энэхүү байгууламжууд нь бүсийн хэмжээнд анхдагч болов.
“Цэвэр усан хангамжийн цогцолбор” нь 6.9 сая ам.долларын өртгөөр баригдсан бөгөөд, Ханбогд сумын иргэдэд найдвартай, цэвэр ундны усыг 6.6 км шугам хоолойгоор дамжуулан хүргэх юм. Энэхүү цогцолбор ашиглалтанд орсноор Ханбогд сумын хөгжлийг тэтгэх чухал дэд бүтэц болно. Эхний ээлжинд 13000 хүн амыг ундны усаар хангах хүчин чадалтай.   Цаашид хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой юм.  “Оюу толгой” компани энэхүү  цогцолборын усны эх үүсвэрийг тогтоох эрэл хайгуул, барилга бүтээн байгуулалтын ажлыг бүрэн санхүүжүүлсэн байна.
Тус цогцолборын нээлтийн үеэр “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх “Хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш хоёр жилийн хугацаанд бидний хамтдаа хүрсэн ололт, амжилтдаа сэтгэл хангалуун байна. Цэвэр усан хангамжийн цогцолбор, Малын эрүүл мэндийн сум дундын төв нь Оюу толгой компани, түүний хувь нийлүүлэгчид Өмнөговь аймгийн тогтвортой хөгжил, орон нутагтай тогтоосон түншлэлийг өндөр ач холбогдолтойд тооцож ажилладгийг давхар нотлон харуулж байна” гэж цохон тэмдэглэв.
Мөн “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонс “Өнөөдрийн үйл явдал нь Оюу толгой компани, Өмнөговь аймаг, түншлэгч сумдын хамтын ажиллагааг улам бүр бататгаж, бид хамтдаа өсч, хамтдаа хөгжиж буйн тод илэрхийлэл болж байна. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд зөвхөн өнгөрсөн орон нутагт 70 гаруй ажлын байр бий болж, Даланзадгад сумын гэр хорооллын 500 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмжих боломжоор хангагдаж, 2000 гаруй иргэн эрүүл мэндийн чанартай үйлчилгээ хүлээн авах боломж бүрдсэн” гэв.

Ингээд Ханбогдын цэвэр усан хангамжийн цогцолборын үйл ажиллагааг хариуцан ажиллах төрийн өмчит  “Хан дизель” компанийн захирал Ц.Сайхандэлгэрээс Ханбогд сумын цэвэр усан хангамжийн талаар тодрууллаа.

-Одоогоор танай усан хангамжийн цогцолборт холбогдсон хэдэн байгууллага, айл өрх байна вэ?
-Манай компани одоогоор төсөвийн долоон байгууллага холбож өнөөдөр цэвэр усаар хангаад байна. Мөн төсвийн таван байгууллагыг бохир ус зайлуулах шугамтай холболоо. Энэ онд тус бүр нь дөрвөн айлтай 10 орон сууц, дөрвөн аж ахуйн нэгжийг цэвэр усны шугмаар холбохоор зураг төслийг нь хийгээд дуусч байна. энэ зураг төсөлд  орон нутгаас хөрөнгө оруулалт хийсэн. Манай сумын төв хойд зүгт нэлээд тэлж байгаа. Тэнд баригдаж буй барилгуудын дулаан, цэвэр, бохир усны шугамын зураг төслийг хийж байна. Тухайлбал, шинээр барьж буй соёлын төвийн бий. Ер нь 2020 он гэхэд сумын төвийн айл өрх, барилга байгууламжаа цэвэр усны шугамтай холбох төлөвлөгөө байгаа.

-Тэгэхээр айл өрх цэвэр, бохир ус, дулааны шугамтай холбогдоно гэхэд чамгүй өртөг зардал гарах байх. Нэг айлыг шугамд холбоход дунджаар хэдэн төгрөгийн зардал гарах бол. Энэ зардалыг тухайн өрх гаргах уу?

-Тийм. “Говийн оюу-Хөгжлийн сан”-д уурын зуух барих төсөл бичиж шийдүүлсэн. Үүний зураг төслийн ажлыг  Засаг даргын тамгын газар санхүүжүүлнэ. Айл өрхүүдээ шугамд холбогдохын тулд “Говийн оюу-Хөгжлийн сан”-д төслөө бичиж өгнө гэж бодож байгаа. Учир нь энэ сангийн хөрөнгөөр гэр хорооллын гудамж нь цэвэр усны шугам татаж өгнө гэсэн үг. Тэгэхээр айл өрхүүд богино зайд өөрсдийн хөрөнгөөр гэртээ цэвэр усны шугам татаад авах бололцоо бүрдэнэ. Одоогоор айл өрхийг халуун усаар хангах асуудлыг шийдээгүй байна. Уурын зуухны шийдлээр дулаан, халуун ус дамжуулах боломжгүй хүчин чадал нь хүрэлцэхгүй болно. Ер нь 2020 оноос манай сум дулааны станц барих төлөвлөгөө бий.

-Айл өрх албан байгууллагад нэг литр цэвэр усыг ямар үнэ өртөгөөр хүргэх вэ?

-Айл өрхөд очих нэг литр ус хоёр төгрөг байна. Албан байгууллага арай өндөр үнэтэй. Үүнд НӨАТ тооцогдох юм. Одоо гүний худагаас айл өрхийн хэрэглэж буй ус литр хоёр төгрөгийн үнэтэй байгаа. Тэгэхээр цэвэршүүлсэн энэ үнээр айл өрхөд хүрэх юм.

-Та бохир ус зайлуулах системтэй гэсэн. Үүнийг хэрхэн шийдсэн бэ?

-Азийн хөгжлийн сангаас 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж шийдсэн. Хүчин чадал нь дөрөв таван жилдээ хангалттай хүрэлцэнэ.

-Цэвэр усны шугамд холбогдох сонирхолтой айл өрх хэр олон байна вэ?

-Эхнээсээ захиалга өгч санал хүсэлтээ гаргаад байна. Манай компани тэдний хүсэлтийг хүлээн авч гудамж гудамжаар нь цэгцэлж зураг төсөл хийх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан