Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засагт өсөх хүлээлт, иргэдийн халаас нимгэрэх магадлалтай байна

Т.ЖАНЦАН

Энэ оноос манай улсын эдийн засаг өсөх төсөөллийг судлаачид болон олон улсын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны байгууллагуудаас хийгээд байгаа. Тухайлбал, Азийн хөгжлийн банк Ази Номхон далайн бүс нутгийн орнуудийн эдийн засгийн төлөв байдлын тайландаа манай улсын эдийн засгийн өсөлтийг 2.5 хувьтай гарах таамаг дэвшүүлээд байгаа. Тэгвэл Монголбанкны гаргасан энэ оны инфляцын төлөв байдлын тайланд манай эдийн засаг  1.5-2.5 хувиар өсөх төсөөлөл хийжээ. Тэгэхдээ бодлогын хүүг одоогийн 14 хувиас өөрчлөгдөхгүй, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгасан мөнгөний болон төсвийн бодлого хэрэгжинэ, Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт төлөвлөгөөний дагуу орж ирнэ хэмээн таамаглаад байна.

Ийнхүү эдийн засаг өсөхөд зэс, нүүрс, төмрийн хүдэр, алт зэрэг манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өсч буйтай холбоотой. Түүхий эдийн үнийн энэ өсөлт сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орсон уул уурхайн салбарыг хөдөлгөж олборлолт, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх төлөв ажиглагдаж буй билээ.  Уул уурхайн сэргэлт нь худалдаа, тээвэр, хүнс, барилга, боловсрол гээд эдийн засаг, үйлдвэрлэлийн бусад салбарыг идвэхжүүлэх юм. Нөгөө талаар төсвийн хумих бодлого хэрэгжинэ. Энэ нь эдийн засгийн идвэхжлийг богино хугацаанд сааруулах талтай ч дунд хугацаанд цаашдын тогтвортой өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх ажээ.

Гэвч манай улсын эдийн засагт дотоодын тодорхой бус хэд хэдэн хүчин зүйл бий. Тухайлбал, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т долоон төрлийн татвар нэмэгдүүлэхээр тусгасан. Үүнд, шатахууны онцгой албан татварыг энэ оны гурав, дөрөвдүгээр улиралд шат дараатай нэмэгдүүлэх юм. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнэ өсгөхөд хүргэх нь дамжиггүй. Ингэснээр инфляц огцом өсч иргэдийн түрийвчийг улам нимгэлэх эрсдэл бий.  Мөн ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих эцсийн шийдвэр гарах үед валютын ханшийн огцом хэлбэлзэл гарч магадлал тун өндөр юм. Нөгөө талаар Таван толгой, Оюу толгой зэрэг уул уурхайн томоохон төслүүдэд орж ирэх хөрөнгө оруулалт эцэслэн шийдэгдээгүй хүлээлгэсэн хэвээр. Энэ тодорхой бус байдал нь эдийн засгийн өсөлт, Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт, гадаад валютын хэмжээг урьдчилан төсөөлөхөд хүндрэл учруулж буй билээ.

Энэ оны эхний улиралд уул уурхайгаас бусад салбарын үйлдвэрлэл огцом нэмэгдсэн ч хөдөлмөрийн захын төлөв төдийлөн сайжирсангүй. Жишээ нь, жижиг дунд бизнес сул,  ажилгүйдэл нэмэгдсэн, өрхийн орлого буурсан хэвээр байна.  
Эдийн засгийн өсөлтийг эрэлт талаас харвал өнгөрсөн онд иргэдийн хэрэглээ буурч, Засгийн газрын хэрэглээ, хөрөнгө оруулалт, цэвэр экспорт өсчээ. Төсвийн зарлага орлогоосоо их хэмжээгээр тэлсэн нь төсвийн алдагдал өндөр гарахад хүргэж буй юм. Баримт дурдвал, төсвийн орлого өнгөрсөн онд хоёр хувиар буурсан байхад зарлага нь  30 гаруй хувиар тэлсэн дүн бий. Эдгээр хүчин зүйл нь эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөөлөх магадлал өндөр байна. Товчхондоо энэ онд эдийн засаг өсөх ч учрах эрсдэл байсаар.
Ашигт малтмалын эрэлт, үнэ эргэлзээтэй хэвээр.

Хэдийгээр энэ онд түүхий эдийн үнийн өсөлтийг дагаад манай улсын эдийн засаг сэргэх төсөөлөл гарч байгаа ч гадаад зах зээлийн эрсдэл өндөр хэвээр байх нь. Тухайлбал, манай гадаад худалдааны гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт сул хэвээр энэ онд 6.5 ирэх жил зургаан хувьтай байна гэсэн таамаг бий. Өнөөдөр түүхий эдийн үнэ өсч буй гол шалтгаан нь Хятадын Засгийн газар төсвийн тэлэх бодлого хэрэгжүүлэх болсон нь хэрэглээг өсгөж барилгын салбар нь сэргэж буй аж. Тус улсын барилгын салбарын сэргэлт нь ган, коксжих нүүрс, төмрийн хүдэр, зэсийн эрэлт, үнийг өсгөв. Гэвч энэ сэргэлт богино хугацааных хэмээн судлаачид үзлээ. Учир нь, өнгөрсөн онд Хятадын хувийн хэвшлийн өр судлаачдын төсөөлж байснаас хавьгүй өндөр гарчээ. Хувийн хэвшлийн өрийн өсөлт нь чанаргүй зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Энэ нь банк, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдах гол хүчин зүйл болж цаашлаад эдийн засгийн өсөлтийг нь бууруулна гэсэн таамаг гараад байгаа юм. Эдгээр нь эдийн засгийн өсөлтийг нь доош чангаах гол хүчин зүйл болно хэмээн судлаачид тодорхойлов. Ийнхүү Хятадын эдийн засгийн өсөлт  сулрах нь манай улсын ашигт малтмалын экспортод сөрөг нөлөөлөх эрсдэл байсаар байна.

Алтны үнэ өсгөсөн гол “баатар” нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп. Тэрбээр цагаачлалыг хязгаарлах шийдвэрээ бодитоор хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь ам.долларын ханшийг дэлхийн зах зээлд унагаж алтны үнийг өсгөхөд хүргэсэн аж. Гэвч АНУ-ын Холбооны нөөцийн банк өнгөрсөн сард бодлогын хүүгээ өсгөх шийдвэр гаргасан. Иймд алтны үнийн өсөлт тогтворжсон ч цаашид хэрхэх нь тодорхой бус байна хэмээн судлаачид хэлж буй юм.
Үүнээс гадна дэлхийн зах зээлд түүхий эдийн эрэлт, үнэ өсөх хүлээлт бий. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ажлаа хүлээж авахдаа дэд бүтцийн салбарт хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Одоогоор энэ нь хэрэгжих эсэх нь тодорхой бус байна. Гэвч дээрх хүлээлт  дэлхийн зах зээлд металын үнийг бага зэрэг өсгөөд байгаа юм.

ОПЕК-гийн орнууд газрын тосны олборлолтоо бууруулж буй. Иймд эрэлт үнэ өссөн. Гэвч АНУ-ын газрын тосны олборлолт нэмэгдэж байгаа нь уг ашигт малтмалын үнийн өсөлтийг саармагжуулхад хүргэжээ. Ямартай ч манай улсын экспортын гол гол түүхий эдийн үнэ одоогоор өсөх утга зааж байна. Мөн цаашид өснө гэсэн эерэг хүлээл зах зээлд зохилж буйг судлаачдын таамаглалаас харж болох нь.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан