Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Ням-Осор: Х.Бадамсүрэнд 10 мянган ам.долларын цалин олгохыг зөвшөөрсөн. Гэхдээ...


“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит үйлдвэр болгох УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу ТУЗ-ийн гишүүдийг сольж, тус үйлдвэрийн захирлаар Х.Бадамсүрэнг томилсон. Гэтэл Х.Бадамсүрэн сар бүр 25 сая төгрөгийг цалин, ТУЗ-ийн гишүүд болоод түүний зөвлөхүүд тус бүр 10 сая төгрөгийн цалин авахаар тогтсон тухай мэдээлэл өчигдөр хэвлэлээр гарсан. Үүнээс харвал зөвхөн захирлуудын сарын цалинд 365 сая төгрөг зарцуулахаар байсан юм.  Харамсалтай нь, улс орон эдийн засгийн хямралтай, Засгийн газраас бүхий л боломжоороо танах бодлого явуулж байгаа энэ үед ийм их мөнгийг зөвхөн цалинд зарцуулах тухай мэдээ олон хүний бухимдлыг төрүүлсэн.
Тиймээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор энэ мэдээллийн талаар хэвлэлийнхэнд хандсан юм.

Ц.Ням-Осор ярихдаа “12 дугаар сарын 13-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдээс надад хаягласан албан тоот ирсэн. Тэрэнд ирсэн саналуудад би албан тоотоор хариу өгсөн. Харамсалтай нь, миний хариу өгсөн албан тоотын чухал хэсгүүдийг дарж хэвлэлийнхэн маань нийтэлсэнд бухимдаж байна” гээд ТУЗ-өөс ерөнхий захирлын цалин хөлсийг тогтоох, түүнтэй байгуулах гэрээний талаар ямар санал ирснийг танилцуулав.

ТУЗ-өөс 2016 оны 12 дугаар сарын 13-нд ирсэн саналд  “ Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр орлогч буюу ерөнхий инженер Б.А.Кутлиний  байгуулсан гэрээний нөхцөлөөр л Ерөнхий захиралтай гэрээ байгуулах саналтай байна” гэсэн байжээ. Б.А.Кутлинтэй дараахь нөхцөлөөр гэрээ байгуулсан бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ямар нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрснийг харъя.

1.    Компани нь ажилтан нэг сарын цалин 10 мянган ам.доллар олгоно.
Ц.Ням-Осор: Цалинг нь 10 мянган ам.доллар гэдгээр зөвшөөрье гэдгийг би хэлсэн. Энэ бол ерөнхий захирлын хуучин цалингаас 50 хувиар буурсан дүн. Өмнө нь Эрдэнэтийн захирал 20-25 мянган ам.долларын цалин авч байсан юм билээ. Засгийн газрын тогтоолд төрийн өмчит үйлдвэрүүдийн захирлуудын цалинг 50-60 хувь бууруулна гэж байгаа. 8000 гаруй хүн удирддаг дэлхийн хэмжээний үйлдвэрийн захирлын цалин 10 мянга байх нь тийм ч хэтийдсэн зүйл биш. Тиймээс энэ зөвшөөрлийг би өгсөн нь үнэн.

2.    Жил бүр амралтаа эдлэх үед нь олгох цалинг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний материаллаг тусламж үзүүлнэ гэсэн байгаа юм.
Ц.Ням-Осор: Энэ бол 30 мянган ам.доллар гэсэн үг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй ээ.

3.    Төлөвлөгөөт болон стационор эмчилгээг оролцуулан эмчилгээний зардал, түүнчлэн эмчилгээнд ирж очих галт тэрэгний зардлыг компани төлнө.
Ц.Ням-Осор: Энэ нь ойролцоогоор 2000-3000 ам.доллар байдаг юм билээ. Эрдэнэт үйлдвэр 30 гаруй жил ажиллаж байхад энэ мөнгийг бүх захирлууддаа өгдөг байжээ. Харин бидний зүгээс өгөхгүй ээ гэсэн.

4.    Жилд нэгээс доошгүй удаа гэр бүлийн гишүүний хамт амралт сувилалд явах эрхийн бичгийн үнэ болон ирэх очих тээврийн зардлыг 100 хувь компани төлнө. Ц.Ням-Осор: Ийм юм байхгүй ээ. Өгөхгүй ээ

5.    Компанийн зардлаар албаны автомашин хэрэглэнэ
Ц.Ням-Осор: Үүнийг бол хүлээн зөвшөөрсөн.

6.    Энэхүү гэрээгийн дагуу ажиллах хугацаанд амьдрах, амрах, ажиллах нөхцөл боломжийг хангасан орон сууцаар хангана.
Ц.Ням-Осор: Эрдэнэтэд гэсэн үг. Үүнийг бол хүлээн зөвшөөрнө. Гэхдээ өмнө нь хэрвээ хоёр жил гайгүй ажиллавал тэр орон сууцыг нь хувьд нь өгдөг тогтолцоо манай монгол захирлуудад байсан юм билээ. Харин бидний зүгээс орон сууцаар хангана, хувьд нь өгөхгүй.

7.    Ажил үүргээ биелүүлэх явцад осолд ороод эрүүл мэндэд нь хүн болон хүндэвтэр гэмтэл учирч, хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа авна.
Ц.Ням-Осор: Энэ нь ойролцоогоор 150 мянган ам.доллар өгнө гэж байсныг Монголын хөдөлмөрийн хуулиар өнөөдөр үйл ажиллагаа явуулдаг Монгол компани болсон учраас үүнийг өгөхгүй ээ гэсэн.

8.    Хэрвээ хоёр жил амжилттай ажиллавал Улаанбаатар хотод 4-5 өрөө байр үйлдвэрийн зардлаар авч өгнө
Ц.Ням-Осор: Өгөхгүй ээ. Өнгөрсөн жил орлогч нар нь 715-760 саяар байр авсан. Энэ бол тухайн үед байгуулсан гэрээ байсан. Харин энэ удаад бол өгөхгүй ээ гэдгийг бичсэн.

9.     Нэг хүүхдийг нь гадаад улсад их дээд сургуульд сургах зардлыг компани төлнө
Ц.Ням-Осор: Дунджаар 30 гаруй мянган ам.доллар болдог юм билээ. Үүнийг  өгөхгүй гэлээ
10.    Сурах, дадлагажих, мэргэжил дээшлүүлэх, гадаадын ижил төстэй үйлдвэрлэлийн туршлага судлах зэрэгт гарах зардлыг компани хариуцна
Ц.Ням-Осор: Үүнийг хүлээн зөвшөөрсөн.

11.    Энэхүү гэрээ дуусаад буцах үед нь ачаа тээвэрлэх хөлсийг компани хариуцна Ц.Ням-Осор: Үүнийг хүлээн зөвшөөрсөн
 “Дээрх нөхцөлөөс 4-ийг л зөвшөөрсөн . Нийт дүнгээр нь авч үзвэл маш их мөнгө хасагдаж танагдсан байгаа. Цалинг нь арай өндөр тогтоосон байгаа нь үнэн.  Өмнө нь  захирлуудын эдэлж байсан асар их хангамж бол хамтарсан үйлдвэр гэдэг утгаараа нууц байсныг ил гаргасан” хэмээн Ц.Ням-Осор дарга нэлээд бухимдангуй хэлээд бүхий л мэдээлэл нээлттэй хүссэн үедээ ав гэв.

 ТУЗ-ийн гишүүд 4000 доллар биш
480 мянган төгрөг л авах ёстой

Засгийн газрын тогтоолд “ ТУЗ-ийн гишүүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин өгнө” гэж бий. Энэ дагуу л ТУЗ-ийн гишүүдэд цалин олгох ёстой. Хэдийгээр том компани арай өөр байдлаар энэ асуудалд хандах ёстой гэвэл Засгийн газраас шинээр тогтоол гаргах хэрэгтэй болох аж. Тиймээс одоогоор Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн цалинг тогтоогүй, гар дээрээ мөнгө ч аваагүй байгаа гэнэ.

Өмнө нь Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр байхдаа ТУЗ-ийн нийт гишүүдэд жилд цалин бусад зардалд 240 мянган ам.доллар хувиарладаг байсан аж. Үүнээс 120 мянга нь Оросын талд үлдсэн 120 мянга нь Монголын ТУЗ-ийн гишүүдэд өгч байсан аж. Гэхдээ хурлын замын зардал бусад зүйлд эндээс зарцуулдаг байсан аж.Хэдийгээр ТУЗ-өөс энэ жишгийг  ТӨБЗГ-т ирүүлсэн ч Засгийн газрын тогтоолын дагуу 480 мянган төгрөгийн цалин олгоно гэдгээ л илэрхийлсэн гэдгийг тус газрын дарга Ц.Ням-Осор хэлсэн юм.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан