Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эцэг эхийн төлөөлөл: Хүүхдүүд маань шокийн байдалтай байна

Монголын хүүхдийн ордоны зарим багш нарыг хууль бусаар халсан хэмээн үзэж буй эцэг, эхчүүд тус ордоны үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийж байна. Тэдний төлөөлөлтэй холбогдож дараахь тодруулгыг авлаа.

 -Ямар багш нарыг хууль бусаар халчихсан талаар та нар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Мөн эсэргүүцэлд хэдэн хүн нэгдээд байна вэ?

-Үнэндээ Монголын хүүхдийн ордонд хүүхдээ явуулдаг эцэг, эхчүүд үүдээр нь оронгуут л ТҮЦ, гоо сайхны газар гээд түрээсийн байгууллагуудаар дүүрчихсэн гэдгийг нь мэднэ. Гэхдээ бид энэ удаад үүнийг нь эсэргүүцэх гэсэнгүй. Хамгийн гол нь ажилдаа сайн, үнэн бодит байдлыг шударгаар хэлчихдэг, заах ур чадвар сайтай багш нарыг хомроглон ажлаас нь халсан явдлыг эсэргүүцэж буй юм.  Тухайлбал, бүжгийн багш Хуланг концертмейстер Оюунчимэгтэй нь хамт халсан байна. Энэ үйлдэл нь хүүхдүүдэд их хүнд цохилт боллоо. Сэтгэхүйд нь хүндээр нөлөөллөө. Олон жил энэ багш нарын удирдлага дор хичээллэж байсан хүүхдүүд маань шокийн байдалтай байна. Ямар ч гэсэн одоогийн байдлаар 30, 40-өөд эцэг эх, эсэргүүцэлд нэгдээд байна. Зарим нь ч ирж буцаад явж  байна. Хулан багшийн хувьд МҮЭ-ийн Соёлын тэргүүний ажилтан, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан, Хүүхэд хөгжлийн төвийн Шилдэг багш алтан медальт.  Улсад 20 гаруй жил, МХО-д ч мөн олон жил багшилж байна. Бүжгийн концертмейстер багш маань ч гэсэн МХО-д олон жил багшилсан чадвартай хүн байгаа.

-Сургуулийн удирдлагууд ямар үндэслэлээр халснаа та нарт мэдэгдэв үү?

-Ажлын хариуцлага алдсан гэж үзсэн юм байна. Арав гаруй жил урлагт үнэнчээр зүтгэсэн хүнийг ажлын хариуцлага алдсан нэрээр халжээ. Ийм байж болох уу. Ажлын хариуцлага алдсан юм бол цалинг нь хасч, ямар нэгэн торгууль ногдуулж болно шүү дээ. Энэ үйл явцыг бид захиалгатай гэж харж байгаа. Тиймээс эцсээ хүртэл тэмцэнэ. Ордоны захиралтай уулзах гэсэн боловч ерөөсөө ирэхгүй юм. Захирлуудын зөвлөлд багтдаг хүмүүс нь бидэнд халахаас өөр арга байгаагүй гэсэн тайлбар өгч байна.

-Ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлийн талаар юу гэж тайлбарлаж байх юм?

-Хулан багшийн хувьд Дорноговь аймгаас ирсэн хүүхдүүдийг өөр аймгийнх болгож ташаа мэдээлсэн юм билээ. Тэгээд бүжгийн хоёр тэмцээний материалыг сольчихсон юм байна.  Эргүүлээд засч янзлаад өгсөн чинь эрт өгсөнгүй, ажлын том хариуцлага алдлаа гэсэн байгаа юм. Харин концертмейстер ямар хариуцлага алдсаныг нь хэлэхгүй байна. Бүр ноцтой зөрчил гаргасан гэж байна билээ. Бидний ойлгож байгаагаар таньдаг хүнийхээ хүүхдэд албаны төгөлдөр хуураар хичээл заачихсан юм уу даа. Энэ нь л ноцтой, уучилж болшгүй алдаа болчихоод байна. Ийм жижиг алдаан дээр дөрөөлж хүнийг ажлаас нь халж болохгүй шүү дээ. Ямар ч гэсэн бид энэ асуудлыг холбогдох бүхий л газарт нь тавина. Хотын захиргаа руу явах гээд ярилцаад сууж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан