Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чалько”-д өргүй болсон ч ахиад 5 жил хямд үнээр нүүрсээ нийлүүлнэ

“Эрдэнэс Таван толгой” компани БНХАУ-ын Чалько компаниас дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэйгээр зээлсэн 350 сая ам.долларын зээлийн төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон 100 хувь төлж барагдуулсныг дуулгахад таатай байна” хэмээн “ЭТТ” компанийн гүйцэтгэх захирал Ариунболд, Үйлдвэр эрхэлсэн тэргүүн дэд захирал Ганхуяг, Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Жаргалсайхан, Худалдан авалт дэд бүтэц эрхэлсэн захирал Хангай, Дэд бүтэц хөрөнгө оруулалтын газрын захирал Ашидмөнх, Борлуулалт хариуцсан захирал Хатанбаатар нар мэдэгдлээ.

Ингэснээр Зүүн болон Баруун Цанхийн уурхайгаас олборлож буй нүүрсний орлого Монгол Улсын төсөвт орох нөхцөл бүрдэж байгаа гэв. Зургаан жил сунжирсан “Чалько” компанийн зээлийн үлдэгдэл 30 хувийг долоон сарын хугацаанд “ЭТТ” бүрэн барагдуулж дууссан нь Монгол Улсын Засгийн газраас чиглэл болгон гаргасан нүүрс олборлолтын үнийн нээлттэй сонгон шалгаруулалт явуулах, Баруун Цанхийн уурхайг олборлолтыг хийх шийдвэр мөн ЭТТ компанийн менежмэнтийн зөв бодлогын ач хэмээн захирлууд хэлсэн юм.

2016 оны есдүгээр сард тонн нь 27 ам.доллар байсан нүүрсний үнийг гадаад зах зээлийн нөлөөлөл, компанийн менежмэнтээр өнгөрсөн долоон сард 27 ам.доллараас 33, 50, 59.3, 72.5 ам.доллар болтол өсгөж борлуулжээ. Саяхан Цанхийн Баруун уурхайн олборлолт хийх тендер шалгаруулалт явагдаж, Монголын компаниудын нэгдэл ялсан. Монголчууд Баруун Цанхид олборлолт хийснээр олборлолтын зардал болох 200 тэрбум төгрөг Монголдоо үлдэхээр болсон тухай ЭТТ компанийн гүйцэтгэх захирал Ариунболд сэтгүүлчдэд мэдээлээд Зүүн Цанхийн ордноос хоёр дахин бага зардлаар монголчууд олборлолт хийж чадаж байгаа гэлээ.  Мөн “Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцааг амь оруулах тухай Ерөнхий сайд тодорхой чиглэл үүрэг өгсөн. Бид энэ ажлын төлөө эрчимтэй ажиллах болно” хэмээв.

2017 онд “ЭТТ” компани 11,5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Одоогоор 2,8 сая тонн нүүрс олборлож, 2,2 сая тонныг экспортлоод байна. Зах зээлийн үнэ маань боломжийн байвал энэ онд 550 сая ам.долларын борлуулалтын орлого олох боломжтой бөгөөд энэ нь 1,2 их наяд төгрөг юм.

5,1 тэрбум тонн коксжих, 2,2 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэй гэгддэг ч яг тогтоосон коксжих нүүрс нь 956 сая тонн хэмээн тогтоож олборлолт хийж байгаа Эрдэнэс Таван толгойн уурхай жилд 10 сая тонныг олборлож, борлуулалт хийхэд 90 гаруй жил ажиллах боломжтой гэж үздэг. Үйл ажиллагаа эхэлснээс хойш нийт 27 сая тонн нүүрс олборлож, 24 сая тонныг экспортложээ.

“ЭТТ” компанийн гүйцэтгэх захирал Ариунболд цаашдын төлөвлөгөөний талаар ярихдаа “Энэ ондоо IPO гаргах төлөвлөгөөтэй. Гадны зах зээл дээрээс хөрөнгө босгох асуудлыг бүрдүүлнэ. Эхний ээлжинд 1 сая тоннын нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр барья гэж төлөвлөөд ажиллаж байна.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлыг энэ ондоо эхлүүлнэ. Мөн хайгуулын ажлыг эрчимтэй хийнэ.  Нүүрсний нөөцийн үнэлэмж нэмэгдэх тусам гаднаас хөрөнгө босгох боломж нэмэгдэнэ. Мөн Уурхайгаас засмал зам хүртэлх 18,3 км шороон замын барилгын ажлын тендер зарлаад энэ жил хийхээр төлөвлөсөн.

Ер нь, цаашдаа олборлолтынхоо хэмжээг ТЭЗҮ-д заасны дагуу 20-30 сая тонн хүртэл нэмэгдүүлнэ.  Аль болох өөрсдөө олборлолтоо хийх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Тооцоогоор өөрсдөө олборлолт хийвэл багагүй ашиг  гарах нь тодорхой байгаа. Мөн конвейрийн системийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна” гэсэн юм.

 

Энэ ондоо багтааж 1072 хувьцааны ногдол ашгийг тодорхой болгоно

 

“ЭТТ” компанийн захирлууд сэтгүүлчдийн зарим асуултанд ийн хариулав.

-Чалькогийн өрийг дарснаар компанийн ашиг орлогын байдалд хэрхэн өөрчлөлт орох вэ. Чалькогаас гадна өөр ямар өр төлбөр байгаа вэ?

-“ЭТТ” компанид одоо” Хүний хөгжлийн сан”-д төвлөрсөн 200 сая долларын өр бий. Хүүтэйгээ 239 сая ам.доллар болсон. Энэ бол хувьцааны ногдол хэлбэрээр иргэдэд тараасан мөнгө. Өнөөдөр манай баланс дээр  өр болон явдаг. Ерөнхий сайдтай энэ тухай ярьж, 2017 ондоо багтааж, ямар нэг хэлбэрээр шийдье гэж тохирсон. Үнэндээ компанийнхаа балансыг цэвэрлэж байж, хөрөнгө босгох боломжтой болно.

Манай санхүүгийн тайлан өнөөдөр нэлээн өндөр алдагдалтай гарсаар байна. Учир нь 200 сая ам.доллар маань өнөөдрийн ханшаар 700 гаруй тэрбум төгрөг. Дээр нь ханшийн зөрүүний 167 тэрбум төгрөг гээд тооцохоор 800 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гэж харагдаад байдаг. Энэ бол өнөөх 230 сая ам.долларын өр.

Хэдийгээр Баруун Цанхийн нүүрсээ Монгол Улс тодорхой үнээр борлуулах боломжтой болсон ч “Чалько” компанитай хийсэн гэрээгээр ахиад 5 жил Зүүн Цанхийн нүүрсний 80 хувийг нийлүүлэх ёстой. Энэ бол дөрөв, таван жилийн өмнө хийгдсэн ч бид шууд өөрчилж болохгүй. Үнээ өөрчилнө гэдэг санал тавьж, хэлэлцээр хийж л байна. Тэгэхээр Зүүн Цанхийн нүүрсийг яг Баруун Цанхийн нүүрсний үнээр борлуулна гэж хэлж чадахгүй. Нэгэнт урт хугацаатай гэрээ хийсэн. Хоёр Улсын Засгийн газар, төрийн өмчит компаниудын хийсэн гэрээ учраас бид өөрчлөх боломжгүй.Бид аль болох зах зээлийн үнэд ойртуулах гэж шахна.

-Энэ гэрээг Н.Алтанхуяг сайдын үед байгуулсан бил үү

- ЭТТ-гоос мөнгө босгох ажлыг тухайн үеийн хамтарсан Засгийн газрын тэргүүн шадар сайд ахалж байсан. Тэргүүн шадар сайд нь Н.Алтанхуяг  байсан нь үнэн.

-Дотоодынхоо банкуудад өртэй юу?

-Манай компанийн хувьд дотооддоо бол өр байхгүй. Авлага бол бий. 

-Зам засварын ажилд хэдийг зарцуулахаар төлөвлөсөн бэ?

-Энэ жил зам засварын ажилд 18 тэрбум төгрөг зарцуулна.

-Иргэдийн 1072 хувьцаа амилах боломж байна уу. Хэзээ амилах вэ?

-Манай балансад 1072 хувьцаа бүртгэгдээгүй байгаа. Гэхдээ хадгаламжийн төвийн бүртгэлд байдаг. Яагаад манайд бүртгэгдэхгүй байна вэ гэхээр хувьцааны ногдол гээд зарим хүн сая төгрөг, зарим нь 300 мянгаас 100 мянган төгрөг авчихсан байгаа. Гэтэл чухам хэн гэдэг иргэн хувьцааныхаа хэдэн хувийг мөнгө хэлбэрээр авсан бэ гэдэг нарийн бүртгэл тодорхойгүй байна.Энэ бүртгэл бэлэн болсны дараа компанийн дүрэмдээ өөрчлөлт оруулаад компанийн балансад бүртгэж, хувьцаа амилж ашиг хүртэх асуудал яригдана. Энэ оны сүүлээр л тодорхой болох байх. Ерөнхий сайд бол энэ жилдээ багтааж, ноогдол ашиг өгөх боломжтой болго гэсэн.

Сангийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг бол гарчихсан ажиллаж байна.

- Нүүрс баяжуулах үйлдвэрийн асуудлыг жаахан тодруулаач?

-“ЭТТ” компани 20 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ-ээ батлуулсан. Гэвч усны хангамжийн асуудал бүрэн шийдэгдээгүй байснаас энэ төсөл төдийлэн яваагүй. Харин өнөөдөр тухайн үед хийсэн ТЭЗҮ-гээр 570 орчим сая ам.доллараар нүүрс баяжуулах үйлдвэр барих тооцоо гарсан ч сүүлд ахин тооцоо гаргаад зардлыг багасгаж чадсан бөгөөд Загийн хоолойгоос ус авах боломж нээгдсэн. Нэг сая тонн, 4-5 сая, 10 сая тонн гэсэн 4 шаттайгаар үйлдвэрээ барихаар төлөвлөж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан