Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Ганцэцэг: Бүх сурах бичгээ хэвлээд хүргүүлж байна

Жил бүр л ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг оройтож хэвлэгдсэн тухай асуудал үүсдэг билээ.  Харин энэ жилийн хувьд бүх сурах бичиг хэвлэлтээс гарсан гэдгийг БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын Ерөнхий боловсролын сурах бичгийн болон сургалтын орчны  бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ч.Ганцэцэг баталж буй юм.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэгдэж дууссан гэсэн?
-2012-2013 оны хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн, зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл болон орон нутагт хүргүүлж эхлээд байгаа. Нийт сурах бичгийг долдугаар сарын 16-ны байдлаар хэвлэж дууссан.

-Өмнөх жилүүдэд сурах бичгийн хэвлэлт оройтсон гээд сурагчид эхний хоёр сардаа хуучин номоороо хичээлээ давтдаг байсан. Энэ жил эрт хэвлэгдсэн болохоор аймаг, сумдын сургуульд есдүгээр сарын 1 гэхэд тарааж амжих нь ээ?
-Өмнө нь сурах бичиг хэвлэх тендерийг оройтож зарласнаас болж хэвлэлт оройтдог байсан. Харин энэ жилийн хувьд эрт зарласан. Тийм учраас хугацаандаа хүргэгдэнэ. Сурах бичгийг оройтуулдаг алдаа дахиж гарахгүй байх аа.

-Энэ жил нийт хэдэн ширхэг сурах бичиг хэвлээд байна. Ямар үнээр сурагчдад хүрэх бол?
-Нийт 89 нэр төрлийн 1315348 ширхэг сурах бичиг хэвлэсэн. Дунд ангийн сурах бичгийн дундаж үнэ 2200 төгрөг, ахлах ангийнх 3420 төгрөг байхаар тооцоолсон. Өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд хуучин үнээрээ зарагдана. Сурах бичгийг ирэх наймдугаар сарын эхээр худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

-Баян-Өлгий аймгийн хүүхдүүдэд зориулж Казах хэл рүү сурах бичгүүдийг хөрвүүлнэ гэж байсан?
-Тавдугаар ангийн номуудыг Казах хэл рүү хөрвүүлэх ажил явж байна. Баян-Өлгий амйгийн Боловсролын хэлтэстэй хамтран хийж байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хэвлүүлж, хүргэх ажлаа шуурхайлж байна.

-Ерөнхий боловсролыг 12 жил олгож байгаатай холбогдуулж багш нарын гарын авлагыг хэвлүүлнэ гэж байсан. Энэ ажил яаж байна?
-Азийн хөгжлийн банкны “Санхүүгийн хямралын үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх төсөл”-өөс санхүүжүүлэн шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан тав, зургаа, долоо, арав, арваннэг, арванхоёрдугаар ангийн төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмжийг хэвлэх ажил эхэлсэн. Шинэ хичээлийн жил эхлэхэд төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж багш нарт хүрэх байх.

-Тендерээр ямар хэвлэлийн газруудтай хамтран ажилласан бэ?
-”Адмон” ХХК, “Би Си Ай” ХХК, “Бит пресс” ХХК, “Мөнхийн үсэг” ХХК, “Ном хур” ХХК, “Соёмбо” ХХК, “Сод пресс” ХХК, “Экимто” ХХК зэрэг хэвлэлийн үйлдвэр ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан