Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг жил бүр гаргадаг “Форбес” сэтгүүлийн 2017 оны жагсаалтанд 1 тэрбумаас дээш ам.доллартай 2000 гаруй хүн багтжээ. Тэдний нийт хөрөнгийн хэмжээ 7,67 их наяд ам.доллар. Нэг тэрбумаас давсан ам.долларын хөрөнгө нь “Форбес”-т тэднийг жагсаадаг. Дийлэнх нь буюу 565 нь АНУ-ын иргэн бол 319 нь Хятад. 1816 нь эрэгтэй, 227 нь эмэгтэй. Насны хувьд 20-98 насныхан. Тэдний зарим нь төрөхдөө л хааны удмынх болж, тэрбум, тэрбумаар өв хөрөнгө өвлөсөн бол зарим нь казиногоор, оюуны хөдөлмөрөөр, эсвэл улаан гараараа зүтгэж тэрбумтан болсон байдаг.
Жишээ нь, Франц эмэгтэй Лилиан Беттанкур хэдийгээр ухаан нь орон гаран болж, нас өндөр болсон ч өнөөдөр хамгийн баян эмэгтэй хэвээр байна. Харин Ирланд эр Жон Коллисон 26 насандаа тэрбумтан болжээ. Мексик эр Хуан Франсиско Бекманн Видаль гэхэд 11 үеэрээ текилагийн бизнес эрхэлж, 77 насандаа тэрбумтан болсон гэнэ. Тэгэхээр тэрбумтнуудтай холбоотой сонирхолтой 10 баримтыг сөхье.
Жагсаалтанд шинээр нэмэгдэгсэд
Өнгөрсөн жил “Форбес”-ийн жагсаалтанд 195 хүн шинээр нэмэгджээ. Тэдний дундаж хөрөнгө 1,5 тэрбум ам.доллар. 60 хувь нь Ази Номхон далайн бүсийнхэн. Өөрөөр хэлбэл 76 нь Хятад хүн байсан бол 25 нь АНУ-ын иргэн, хойд хөршөөс гэхэд 3 хүн багтжээ. Тэдний дунд хамгийн сонирхолтой нь 46 настай Вьетнам эмэгтэй байв. Нгуен Тхи Фуонг Тао гэх эмэгтэй өнөөдөр “Sovico” холдингийн тэргүүн. Тэр1980-аад оны сүүлээр хуучнаар ЗХУ-д эдийн засаг, санхүүгээр суралцжээ. Ингээд Европоос бараа зөөж эхэлсэн байна. Дараа нь агаарын тээврийн “VietJet Air” компаниа байгуулж, 2017 онд хувьцаа гаргаж, асар их амжилттай борлуулж чадсан байна.
Залуу бас хөгшин
Одоогоор 2017 оны жагсаалтанд 40 нас хүрээгүй 56 тэрбумтан байгаа бөгөөд тэдний 11 нь 30-аас доош насныхан. Гэхдээ 26 настай ирланд залуу Жон Коллисон хамгийн залуу нь биш. Норвегийн эгч дүү Александра, Катарине Андресен нар 20, 21 настай ч тус бүр 1,2 тэрбумын хөрөнгөтэй. Мөн 23 настай Густав Магнар Витцийн хөрөнгө 1,6 тэрбум ам.доллар. Гэхдээ Коллисоны хувьд тэднээс ялгагдах нь өвлөсөн тэрбумтан биш. Өөрийн гараар бизнесээ босгож, тэрбумтан болсон. 28 настай ахынхаа хамт тэрээр цахим үйлчилгээний “Stripe” компаниа анх байгуулжээ. Коллисоны ах дүүтэй үе чацуутан тэрбумтнууд бол “Snapchat”-ийн үндэслэгч Эван Шпигель 26 настай 4 тэрбумын хөрөнгөтэй, Бобби Мерфи 28 настай 4 тэрбумын хөрөнгөтэй байгаа юм.
Өөрийн хүчээр тэрбумтан бологсдоос хамгийн ахмад нь Сэнг Ю Чанг өдгөө 98 настай.
Жагсаалтанд 90-ээс дээш насны 47 тэрбумтан байгаагаас хамгийн хөгшин нь 101 настай Дэвид Рокфеллер байв. Харамсалтай нь, энэ хавар тэрээр нас барсан учраас өнөөдөр өндөр настны жагсаалтыг Сингапурын хөлөг онгоцны тээврийн компанийн эзэн тэрбумтан Чэнг Ю Чанг, АНУ-ын хөрөнгө оруулагч Генри Хиллман нар 98 настай гэдгээрээ тэргүүлж байна.Чанг 1967 онд өөрийн компанийг байгуулж, найзуудын хамт хоёр хөлөг онгоцтой анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Харин Хиллман 1959 онд өвлөж авсан химийн компаниа зарж, хөрөнгө оруулалтын бизнес эрхлэх болсон юм.
Казино, зугаа цэнгэлийн тэрбумтнууд
“Форбес”-ийн 2017 оны тэрбумтны жагсаалтанд багтсан 2043 хүний 24 нь казино, зугаа цэнгэлийн бизнесээр хөлжигчид. Тэдний нийт хөрөнгө нь 100 тэрбум ам.доллар. Хамгийн баян нь 83 настай америк эр Шелдон Эделсон. Литва болон Уэльсээс цагаачилж ирсэн эцэг эх нь Бостонд жижигхэн байшин хөлсөлж, хүү шалан дээр унтаж насанд хүрчээ. Өнөөдөр тэрээр 30,4 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд жилийн орлого нь 5,2 тэрбумаар хэмжигддэг. Тэрээр тэрбумтны жагсаалтын 20 дугаар байрын эзэн. “Las Vegas Sand” компанийг тэргүүлж, Невада, Сингапур, Макаод тоглоомын газруудтай. Хамгийн сүүлд 2016 оны есдүгээр сард “Parisian Macao” казиногоо шинээр нээсэн.
Тоглоомын бизнесийн эхний гурван тэрбумтны жагсаалтанд Гонконгийн 87 настай Луй Че Ву болоод австрали эр Йохан Граф нар багтдаг. Тоглоомын бизнесийн хаан гэгдэж байсан 95 настай Стэнли Хо бол 40 насандаа Макаод өөрийн тоглоомын төвийг нээж, 2011 онд 3,1 тэрбумын хөрөнгөтэйгээр тэрбумтны жагсаалтанд багтаж байсан энэ бизнесээс хөндийрсөн гэдгээ албан ёсоор зарласан. Түүний 17 хүүхдийн хоёр нь тэрбумтны жагсаалтанд одоогоор орж ирээд буй.Охин Пэнси Хо нь тэрбумтны жагсаалтын 414 дүгээр байрт 4,1 тэрбумын хөрөнгөөр, хүү Лоуренс Хонь 1290 дүгээр байрт 1,6 тэрбумын хөрөнгөөр жагсдаг.
Хэвтэрт орсон ч хөрөнгө нь зогсолтгүй өсч байдаг тэрбумтнууд
Тэрбумтны жагсаалтад 80-аас дээш насны 246 хүн бий. Тэдний дийлэнх нь одоо ч ажил хэргээ үргэлжлүүлж, ТУЗ-өө удирдаж, өөрийн хөрөнгөд эзэн суусан хэвээр байгаа юм. Гэхдээ тэдний дунд маш хүнд өвчтэй, зарим нь хэвтэрт орж, ухаан санаа нь самуурсан ч хөрөнгө нь өссөөр байгаа тэрбумтан нэг биш бий.
Дэлхийн хамгийн баян 94 настай франц эмэгтэй Лилиан Беттанкурын хөрөнгө нэг жилийн дотор 36,1 тэрбум ам.доллараас 39,5 тэрбум болтлоо өсчээ. Тэрээр 1907 онд эцгийнхээ байгуулж өгсөн гоо сайхны “L"Oréal” компанийн 33 хувийг өөрийн хүүхдүүдийн хамт эзэмшдэг. Анх үсний будгаас эхэлсэн бизнес нь өнөөдөр Беттанкурын гэх гоо сайхны хаант улсыг бий болгожээ. Тэр 2012 он хүртэл өөрийн хаант улсыг удирдаж байсан ч өнөөдөр хөгшрөлтөөс үүдсэн зөнөх өвчтэй, хэвтэрч орсон бөгөөд хөрөнгө нь өссөн хэвээр буй дэлхийн хамгийн баян эмэгтэй юм.
“Samsung Group”-ийн захирлуудын зөвлөлийн дарга Ли Кун Хи өдгөө 75 настай. Тэрээр 2014 оны зүрхний шигдээсийн улмаас комын байдалд оржээ. Түүнийг орлогч захирал авлигын хэргээр баригдаад шоронд орчихсон байдаг. Гэсэн ч тус компаниас 2016 оны наймдугаар сард “Galaxy Note 7” бүтээгдэхүүнээ гаргаж, Ли Кун Хигийн хөрөнгө жилийн дотор 5,5 тэрбум ам.доллараар өсчээ. Тэрээр энэ жил 15,1 тэрбумын хөрөнгөөр Өмнөд Солонгосын тэргүүн баян хэвээр үлджээ.
Шоронд байсан ч хөрөнгө нь өссөөр...
Тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгөтэй ч хуулиас гадуур амьдарч чадахгүй гэдгийг амсч буй тэрбумтнууд бол Хонконгийн бизнесмэн ах дүү Томас Реймонд Квок нар. Тэдний хөрөнгө 2016 онд 2 тэрбумаар өсч, 15 тэрбум ам.доллар болжээ. 65 настай Томас 2014 онд хээл хахуулийн хэргээр 5 жил хоригдох ял авсан юм. Гэсэн ч ах дүү хоёрын хөрөнгө болох Хонконгийн хамгийн өндөр барилга Олон улсын худалдааны төв нь мөнгөний эх үүсвэр хэвээр байгаа юм.
“Samsung”-ийн тэргүүлэгч 48 настай Ли Чжэ Ена 2017 оны хоёрдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгчийн холбогдсон хэргээр баригдсан ч түүний хөрөнгө 6 тэрбум ам.доллар байна. Ерөнхийлөгчийн дотны найзын охины морин спортын сургалтанд гурван сая ам.долларыг төлсөн, Испанид 850 мянган ам.долларын “ Vitani V” гүү худалдаж авч өгсөн гэх зэрэг хэргээр түүнийг буруутгасан юм.
2016 онд Италийн тэрбумтан“Menarini” эмийн үйлдвэрийн эзэн Лусия болон Альберто Джованни Алеотти нарыг хээл хахуулийн хэргээр баривчилж, 7-9 жил хорих ял оноогоод буй юм. Гэсэн ч тэрбумтны жагсаалтын 133-т жагсч тэдний хөрөнгө 9,5 тэрбум ам.доллар байна.
Покерчид
Хөзөр сөхөх дуртай тэрбумтнууд нэг биш байдаг гэнэ. Хамгийн баян покерчин бол алдарт Билл Гейтс. 86 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Билл дунд сургуулийн ахлах ангиасаа покерын ширээний ард суух дуртай болж, Харвардад тэргүүн тоглогчийн нэг гэгддэг байсан аж. 1968 онд өөрийн ирээдүйн хамтрагч Пол Аллентой покерын ширээний ард танилцсан байна. Гейтс покер бол бизнесийн нэг хэлбэр. Тоглолтын үеэр тархинд шинэ санаанууд олонтоо орж ирдэг хэмээн ярьдаг.
Энэ жагсаалтын хоёрдугаарт алдарт Уоррен Баффет /75,6 тэрбум ам.доллар/ ордог. Тэрээр покерын ширээний ард суух тун дуртай. Заримдаа Гейтсийн хамтран тоглогч ч болдог. Мөн покерт дурлагч тэрбумтан бол Томас Зибел /2,5 тэрбум ам.доллар/, Филип Раффин /2,5 тэрбум ам.доллар/, Жон Кациматидис /3,3 тэрбум ам.доллар/, Карл Айкан /16,6 тэрбум ам.доллар/ нар. Гэхдээ тэдний хэн нь ч Энди Билийг /10,4 тэрбум ам.доллар/ гүйцдэггүй гэнэ. Айкан “Би өөрийгөө маш сайн тоглогч гэж боддог боловч Энди Бил бол жинхэнэ лигийн тамирчин “ гэж хэлсэн байдаг.
Далласаас гаралтай 64 настай тэрбумтан Бил 2008-2009 онд эдийн засгийн хямралд багагүй өртсөн ч 2016 онд Трампын сонгуулийн компанит ажлын үеэр эдийн засгийн зөвлөхөөр ажилласан гэнэ. Тэрээр 2001 онд дэлхийн шилдэг покерчдыг халз тулаанд дуудаж, хүн бүртэй тулж тоглон 16 сая ам.доллар хожиж, покероос зодог тайллаа хэмээн зарлаж байсан боловч сүүлд түүнийг их тоглоомдоо эргэн ирсэн тухай хэвлэлүүд шуугихад халз тоглохыг хүсэгчид 10 гаруй байсан аж.
1993 онд Бил хэрвээ намайг гипнозын ер бусын хүчтэй гэдгийг баталж чадвал сая ам.доллар өгнө гэж зарласан ч одоогоор хэн ч үүнийг баталж чадаагүй байна.
Аялагчид бас тамирчид
Тэрбумтан Стив Фоссетын адал явдалт амьдралын хэв маягийг одоогоор хэн ч давтаж чадаагүй байна. Тэрээр Эверестэд авирч, Ла Маншийн хоолойгоор аялж, ганцаараа агаарын бөмбөлөгөөр нисч, дарвуулт хөлгөөр хамгийн хол аялах дээд амжилт тогтоосон төдийгүй ганц моторт онгоцоор нисч байгаад осолдсон зэрэг адал явдлын эзэн.
Гэхдээ л химийн “Ineos” группийг үндэслэгч 64 настай Жеймс Рэтклифф / 9 тэрбум ам.доллар/ Өмнөд болон Хойд туйлаар аялж, Өмнөд Америкийн дугуйгаар тойрсон байдаг.
Мөн АНУ-ын “Majestic Realty”группийн тэргүүн 78 настай Эдвард Роски /5 тэрбум ам.доллар/ ОХУ, Бирмээр дугуйтай аялсан бол Бразиль эр 69 настай Карлос Альберто Сикупира /12,5 тэрбум ам.доллар/ загас агнуурын төрөлд дэлхийн хэд хэдэн дээд амжилт эзэмшдэг. Оросын тэрбумтан 65 настай Леонид Богуславски /1,1 тэрбум ам.доллар/ хэдэн жилийн турш триатлоноор хичээллэн 2014 онд Хавайд болсон дэлхийн аварга шалгаруулах “Ironman” тэмцээнд оролцсон гэнэ.
Олон нийтээс айдаг тэрбумтан
Францын “Lactalis” компанийн тэргүүн 46 настай Эммануэль Бенье /11,3 тэрбум ам.доллар/ бол Францын “Ховард Хьюз” буюу бяслагны хаан гэгддэг. Гэвч түүнийг үл үзэгдэгч тэрбумтан хэмээн хэвлэлүүд нэрлэдэг юм.
Учир нь, “President” бяслаг, “Milkmaid”, “Valbreso” зэрэг алдарт жимстэй тараг үйлдвэрлэгч, дэлхий даяар бүтээгдэхүүнээ борлуулдаг энэ компанийн эзний талаар тодорхой мэдээлэл, зураг бараг л байдаггүй гэнэ. Тэр хэвлэлээс ч, олон нийтээс аль болох зайтай амьдрахыг хүсдэг.
Цуглуулагчид
Дэлхийн тэрбумтны жагсаалтын эхний 300 хүний арван хүн тутмын нэг нь ямар нэг зүйл цуглуулагч байдаг. Мексик тэрбумтан Карлос Слим /54,5 тэрбум/, франц эр Бернар Арно /41,5 тэрбум/, америк эмэгтэй Элис Уолтон /17 тэрбум/ нар хамгийн том цуглуулагчид.
Нууцлаг тэрбумтнууд
“Tetra Pak” –ийг үндэслэгчийн ач хүү Шведийн тэрбумтан 57 настай Йорн Раусинг өнөөдөр тэрбумтны жагсаалтад 6,1 тэрбумын хөрөнгөөр 237-д ордог. Түүний араас ах Финн, эгч Кирстен нь тус бүр 6 тэрбумын хөрөнгөөр жагсдаг. Тэд “Tetra Laval” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүд. Тэрбумтнууд маань олон нийтийн өмнө гарч, баян тансаг амьдралаа гайхуулахыг хүсдэггүй. Магадгүй энэ нь 1989 онд Копенгагенд палестинчууд Раусингийг барьцаалж, 25 сая ам.доллар нэхэж байсантай холбоотой ч гэж тайлбарлах нэгэн бий.