Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Загдсүрэн ахин “бялуу”-ны эзэн болов


Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж тэргүүтэй спортын төлөөллүүд хэдэн жилийн өмнөөс  л Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг огцрохыг шаардсан
.

Тэр бүү хэл сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй бол “Тамирчид, спорт холбоод жагсаал хийнэ шүү” хэмээн айлгаж, сүрдүүлэхийн аль нь болох нь мэдэгдэхгүй элдэв мэдээлэл хийж байсан удаатай. Үнэндээ МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь энэ байгууллагад 1999 оноос дэд ерөнхийлөгч, 2001 оноос ерөнхийлөгчөөр ажиллан өдгөө хүртэл тэргүүлсэн хэвээр билээ. Тиймдээ ч энэ олон жилийн хугацаанд дэлхий дахины эв нэгдлийн их баяр олимпын наадамд Монгол Улсыг төлөөлдөг ганц байгууллагын хамгийн өндөр албан тушаалыг хувьчилж авсан хэмээн буруутгадаг хүн ч цөөнгүй.
Мөн түүнийг олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлөөс Монгол Улсад олимпизм, спортыг хөгжүүлэх зорилгоор ирж буй бүх хөрөнгө мөнгө, хандив тусламжийг өөрийн мэдлийнх болж, түүний дураар зарцуулах болсон гэж спорт холбоод мэдэгдэл хүртэл гаргаж байсан. Тэгвэл энэхүү асуудалдаа цэг тавьж чадах эсэх чуулган өнөөдөр боллоо.

 Тодруулбал, МҮОХ-ны VII чуулган өнөөдөр Шангрила буудлын хурлын танхимд болов. Энэ удаагийнхаа чуулганаар ирэх дөрвөн жилд хэн МҮОХ-г удирдахыг гишүүдийнхээ саналаар шийдэв.
Ямартай ч энэ удаад ерөнхийлөгчид Д.Загдсүрэнгээс гадна Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч Я.Батсуурь, Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ,  Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Халтар нар өрсөлдөнө гэж байсан ч Я.Батсуурь нэрээ татсан. Гэвч үлдсэн зургаан эрхэмээс ердөө дөрөв нь энэ удаад нэр дэвшихээр болсныг дуулгав. Тодруулбал, Ц.Бат-Энх, Ч.Бат-Эрдэнэ, Д.Загдсүрэн, Э.Мөнх-Очир нар багтсан байсан юм. Дээрх эрхмүүдийн танилцуулгын дараа Ч.Бат-Эрдэнэ мөн нэрээ татаж гурван хүн өрсөлдөх эрхтэй болж санал хураалт эхэлсэн.

Ийнхүү санал хураалтын эцсийн дүн мэдээгээр Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ахин сонгогдсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан