Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ариунаа: Тусгай олимпын хос медальтан шавиараа бахархаж сууна


Австри улсын Шладминг хотод зохион байгуулагдаж буй дэлхийн Тусгай олимпын өвлийн наадмын "Гүйлтийн цанын төрөл"-ийн 50 метрт Монголын анхны алтан медаль авсан Н.Уянга охин өчигдөр 100 м-ийн гүйлтдээ амжилттай оролцсон бол хэдхэн цагийн өмнө мөнгөн медалиа энгэртээ зүүлээ. Тэрээр ийнхүү гаргасан амжилтаараа Тусгай олимпын хос медальтан болж байна.  Дархан хотын "Энэрэл" цогцолбор сургуулийн 8Б ангийн сурагч Н.Уянга охины дасгалжуулагч, багш Д.Ариунаатай холбогдож, ярилцлаа.

-Юуны өмнө таны шавь Тусгай олимпын хос медальтан болсонд баяр хүргэе.

-Баярлалаа. Яг жилийн өмнө Уянгаа маань Үндэсний аварга шалгаруулах цанын тэмцээнээс алтан медаль авч олимпод оролцох эрхээ авч байлаа. Гэхдээ бид шууд Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй. “JCI Дархан” байгууллагын хамт олон Хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан юм. Тэр тэмцээнээс Уянга маань Үндэсний аваргад оролцох эрхээ авсан юм. Үнэндээ одоо ч гэсэн шавиараа бахархаж сууна. Сургуулийнхаа хамт олны болон багш нарынхаа итгэлийг алдаагүйд багш нар нь баярлаж байна.

Аливаа спортод хүн амжилт гаргахад анхны суурийг тавьж өгсөн, сэдлийг нь төрүүлж тухайн спортоор уралдаан тэмцээнд оруулж хөтөлсөн багш нар хамгийн үнэтэй байдаг. Олимпод оролцох эрхийн тэмцээнд нь оролцуулж "Алтан медаль" авахуулж чадсандаа баяртай байна. Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд жилийн өмнө оролцох гэж замын зардлыг нь хайж, өөрийнхөө төлөө явж байгаа мэт сэтгэл гаргаж хамтдаа хичээн зүтгэсэн бага ангийн багш Мөнхжаргал, биеийн тамирын багш М.Баасанжаргал болон бидэнд замын зардлаар тусалсан Оюун захиралтай Дархан Тээвэр компанийн хамт олонд маш их баярлалаа. Энэ нь бид бүхний хамтын ажиллагааны үр шим юм шүү.

-Ингэхэд Н.Уянга маань хэзээнээс энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-Өмнө нь хичээллэж байгаагүй л дээ. “JCI Дархан” байгууллагынхан 2017 онд Австри улсад ийм олимп болох юм байна гэдэг мэдээллийг бидэнд өгч төсөл хэрэгжүүлсэн юм. Тэр дагуу Хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж Эрдэнэт, Булган, Өвөрхангай зэрэг аймгаас хүүхдүүд ирж оролцсон.

Тухайн үед хүүхдүүддээ цанын гутал гэж ийм зүйл байдаг юм, цанаа ингэж хэмждэг гэж зааж өгч байлаа. Тэгэхэд манай сургууль дээр Тусгай олимпын хорооны мэргэжилтэн Энхжин ирж бидэнд сургалт зохион байгуулж, ямар бэлтгэл хангах ёстой талаар болон шүүлтийн дүрэм, журмын талаар тайлбарлаж өгсөн.

-Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэрхшээлээс хамаарахгүйгээр ямар их оюуны болон бие бялдрын чадавхи нөөц байгааг манай Н.Уянга харуулж, баталж чадлаа?

-Тийм шүү. Бүхэл бүтэн улс эх орноо төлөөлж олимпод оролцоод хоёр ч медаль авчихлаа. Энэ бол үнэхээр бахархмаар амжилт. Уянга маань ч өөрөө сэтгэл зүйн бэлтгэл их сайтай хүүхэд. Үүнд биеийн тамирын багш нар л нөлөөлж байгаа. Надтай хамт М.Баасанжаргал багш багшилдаг. Бид хоёр Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцох зардлыг нь олох гэж багагүй явсан. “JCI Дархан” байгууллагад хандсан чинь энэ удаагийн зардал мөнгөө өөрсдөө аргалчих, дараагийн шатны тэмцээний зардлыг чинь гаргаж өгч тусална гэж байсан юм. Тэгээд эцэг, эхтэй нь хамтраад өөрсдөө зардлаа олсон доо.

-Н.Уянга маань өмнө нь тамирчин байгаагүй юм байна. Тэгэхээр та анхных нь багш болж таарах нь ээ?

-Тэгж ойлгож болно. Би энэ сургуульд 10 жил багшилж байна. Улсад бол 18, 19 жил биеийн тамирын багшаар ажиллажээ. Биеийн тамирын Тэргүүний ажилтан цолтой. Гэхдээ дан ганц миний шавь гэж өмчилж яримааргүй байна. Надтай хамт багшилдаг Баасанжаргал багшийг дурдахгүй өнгөрч болохгүй. Манай сургуульд 2012 оноос хойш багшилж байна. Миний хувьд хөнгөн атлетикийн багш болохоор цанын хичээл заах эрхтэй. Хамгийн гол нь хүүхдээ том тэмцээнд оролцуулах гэж байсан болохоор өөрсдөдөө нэг их сайн итгэж өгөөгүй л дээ. Тэгээд  техникийг нь зөв сургах хэрэгтэй гэж үзээд цанын олон улсын хэмжээний мастер Баярдалайг авчирч хичээл заалгуулсан. Сургалтын хөтөлбөрт цанын хичээл багтдаг ч гэсэн цана байхгүй болохоор бид энэ төрлийн хичээлээ зааж чаддаггүй. Тиймээс спортын мастер хүн авчирч хүүхдээ анх цана дээр гаргаж үзүүлж байлаа. Ингэж л бид бэлтгэл хийж байсан даа.

-Сургуулийн хамт олон бөөн баяр хөөртэй байгаа нь лавтай. Тосч авах бэлтгэлээ базааж байна уу?

-Бөөн баяр байлгүй яахав. Багш нар маань хамтраад баяр хүргэсэн өөрийнх нь зурагтай анонс хийлгэх гээд зураг цуглуулаад сууцгааж байна. Миний хувьд “Олимпод хүрэх замд” гэсэн самбар гаргах санаатай. Ямар ч гэсэн амжилт гаргах хүртлээ ямар ямар үйл явдал болсныг энэ самбараараа харуулах юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан