Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ам.долларын эрэлт буурч төгрөг өндийлөө

Т.Жанцан

Монголбанкнаас эдийн засаг, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

 Манай улсын эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт хоёрдугаар сард 3.2 хувиар өсчээ. Ингээд эдийн засагт эргэлдэж буй мөнгө 12.3 их наяд төгрөгт хүрэв. Сүүлийн гурван сарын хугацаанд гадаад валютын харилцах данс, хадгаламжаас төгрөгийн харилцах данс, хадгаламжид хөрвөх үзэгдэл давамгайлсан аж. Үүний үр дүнд төгрөгийн хадгаламж 309 тэрбум төгрөгөөр өсөөд байна. Харин гадаад валютын харилцах дансны үлдэгдэл 68 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээгээр буурлаа. Хадгаламж нь 38.9 тэрбум төгрөгөөр буурсан статистик гарав. Арилжааны банкуудын кассаар дамжиж буй мөнгө 158 тэрбум төгрөгөөр өссөн дүн байна. Энэ өсөлт нь Цагаан сарын баяртай холбоотой аж. Учир нь, уг баярын үеэр иргэдийн гар дээрх болон банкны кассаар дамжих мөнгөний хэмжээ эрс нэмэгддэг жамтай. Энэ бүгдээс үзэхэд эдийн засаг дахь долларжих үзэгдэл буурч буйг илтгэж байна. Өөрөөр хэлбэл ам.доллар шүтэх үзэгдэл багасч байгаа юм.

Хөгжлийн банкны бондыг Засгийн газрынхаар солив

Энэ сарын 2-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Монгол Улсын Засгийн газрын бондоор солих ажил амжилттай хийсэн. Үүнд, Хөгжлийн банкны бонд эзэмшигчдийн 82 хувь нь оролцсон. Өөрөөр хэлбэл, тэд эзэмшиж буй бондоо Засгийн газрын долоон жилийн хугацаатай бондоор солихыг зөвшөөрсөн гэсэн үг. Үлдсэн 18 хувь буюу ойролцоогоор 104 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бонд эзэмшигчид нь бондын хугацааг нь дуусгаж төлбөрөө авахаар тохирсон. Үүнд зориулж Засгийн газар мөн өдөр долоон жилийн хугацаатай үнэт цаас гаргасан. Ингээд энэ бондын  төлбөр тооцоо 9-ний өдөр хийгдэж, Монгол Улсын гадаад валютын нөөцөд 127 сая ам.доллар орж иржээ. Энэ мөнгөнөөс өчигдөр буюу 21-ний өдөр 104 сая ам.долларын төлбөр хийжээ. Ийм учраас Хөгжлийн банкны бондыг Засгийн газрын бондоор солих үйл ажиллагаа нь гадаад валютын улсын нөөцөд ямар нэг дарамт учруулаагүй, гадаад валютын дотоод зах зээлд шинээр эрэлт үүсгээгүй хэмээн Төв банкнаас мэдээлж байна. Харин Монгол Улсын гадаад төлбөр тооцоог түргэн гүйцэтгэх чадварт үүссэн эрэлтийг арилгах ач холбогдолтой ажил болсон хэмээн дүгнэв.  Үүний үр дүнд Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт, дотоод зах зээлд эерэг хүлээлт гарсан гэж байгаа юм.

Арилжааны банкуудын нийт активыг дүгнэнэ

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд арилжааны банкуудын нийт активт иж бүрэн үнэлгээ хийх ёстой. Уг үнэлгээг энэ онд багтаан хийх аж.  Учир нь, эдийн засаг сэргэх нь банкны системийн эрүүл мэндтэй шууд холбоотой гэдэг. Иймд тус сан аливаа хөтөлбөр хэрэгжүүлэхдээ тухайн орны банкны салбарыг үнэлж дүгнэдэг байна. Гэхдээ энэ дүгнэлт судалгаа нь арилжааны банкуудад санхүүгийн аудит хийхээс арай өөр асуудал аж. Тухайлбал, Монгол Улсын банкны системийн нийт актив ямар түвшинд байгаад нь үнэлгээ өгөх юм. Харин Монголбанкнаас арилжааны банкуудад тавьдаг хяналт шалгалтын үр дүнтэй адил төстэй ойлголт гэж хэлж болно.

Тэгэхээр Монголбанкны хяналт шалгалт, банкны системийн активын үнэлгээний үр дүн хол зөрүүтэй гарахгүй хэмээн төв банкнаас үзэж байна. Энэ үнэлгээг нэр хүндэтэй гадаадын санхүүгийн шинжээчийн байгууллагаар хийлгэх учиртай. Одоогоор Монголбанк үнэлгээ хийх байгууллагын сонгон шалгаруулалт хийж байгаа ажээ.

Төсвийн тодотгол Бодлогын хүүг “шийднэ”

Инфляц хоёрдугаар сард инфляц улсын хэмжээнд 2.1, Улаанбаатар хотод 1.4 хувьтай гарсан. Цаашид инфляц өсөх хандлага ажиглагдаж байгаа ч 7-8 хувиас хэтрэхгүй, зорилтот түвшинд байна хэмээн Төв банкнаас төсөөлж буй юм. Ийм учраас мөнгөний бодлогын хүүг бууруулах асуудал зүй ёсоор гарч ирнэ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодлогын хүүг нэг хувиар бууруулсан. Тэгэхдээ ирэх онд инфляци зорилтот түвшнээс доогуур байна. Гадаад худалдааны нөхцөл хүлээгдэж байснаас сайжирч байгаа нь валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эергээр нөлөөлнө. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны улсын төсвийн тухай хуулиар төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарна.

 Иймд  хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүллээ гэсэн билээ. Тэгвэл Богино хугацаанд тулгарсан өрийн асуудлаа шийдсэн, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгаснаар гадаад төлбөрийн дарамт буурсан ч бодлогын хүү буурсангүй.
Тухайлбал, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ удаа өнгөрсөн 17-ны өдөр хуралдаж бодлогын хүүг 14 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Учир нь эдийн засаг, санхүүгийн зах зээлд эерэг өөрчлөлт гарсан  хэдий ч төсвийн болон гадаад секторын тодорхой бус байдал хэвээр байна гэж үзсэн аж. Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх болсон. Иймд УИХ-ын хаврын чуулганаар төсөвт тодотгол хийх учиртай. Энэ асуудлыг хэлэлцэн шийдсэний дараа мөнгөний бодлогын төлөвийг дахин харах нөхцөл бүрдэнэ хэмээж буй юм. Нөгөө талаас дэлхийн зах зээлд зэс, нүүрс, алт зэрэг манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ өсч байна. Гэвч тогтворгүй байгаа юм. Түүхий эдийн үнэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн бодлого, Хятадын эдийн засгийн сэргэлт зэргээс ихээхэн шалтгаалах нь тодорхой. Иймд эдгээр асуудлыг түр харзнаж бодлогын хүүг хэвээр хадгалжээ гэж хэлж болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан