Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ө.Очбаяр: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд АНУ-д 14 хоног үргэлжлэх спорт айлчлалд оролцох боломж олгож байна


“Achilles international” олон улсын байгууллагын монгол дахь салбар болох “Achilles Mongolia” ОУБ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга Ө.Очбаяртай ярилцлаа.

Тус байгууллага нь спортоор дамжуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд идэвхитэй оролцогч болгох, өөртөө итгэх итгэлийг нь бадраах, амьдралынх нь чанарыг дээшлүүлэх зорилготой юм. Энэ хүрээнд олон хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын төрийн департменттэй хамтран АНУ-ын Виржиниа мужийн  Мейсоний их сургуульд Спорт айлчлалын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй нийт 10 хүүхдийг 14 хоногийн хугацаанд хамруулахаар ажиллаж байгаа юм байна.


-АНУ-д 14 хоног айлчлах хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй олон хүүхэд байгаа байх?
-Манай байгууллагаас хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдээс “Achilles хүүхэд” хөтөлбөрийнхөө хүрээнд АНУ-ын төрийн департментын Боловсрол соёлын газрын зохион байгуулдаг “Спорт айлчлал”-ын хөтөлбөрийг монголд хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусыг спортоор дамжуулан чадавхижуулах, тэдэнд үүсдэг үл үзэгдэх ханыг нурааж, урам зориг өгөх.  Бэрхшээлгүй хүүхэд залуусын нийгмийн идэвхийг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нь сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй залуусыг спортод хамруулахын ач холбогдлыг таниулах, тэдний оролцоог дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй залуу тамирчдын өөртөө итгэлтэй байдал, манлайлан үлгэрлэх чадварыг нь хөгжүүлэх бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 9-ний хооронд АНУ-д зохион байгуулагдана. Хөтөлбөрт маань хөгжлийн бэрхшээлтэй 5 хүүхэд, тэдэнд туслах, халамжлах, спортоор хичээллэдэг 5 хүүхэд, 2 багшийн хамт хамрагдана. Айлчлалын хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 5 хүүхэд маань бэрхшээлгүй 5 хүүхэдтэй нэг нэгээрээ нийлж 5 баг болон гүйлтийн спортод суралцах юм.

-Энэ хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энэ ондоо 16-18 настай байх ёстой. Хараа, сонсгол, тулгуур эртхэний, саажилт буюу хөдөлмөрийн чадвар алдалт 50- хувиас дээш байх бөгөөд хамгийн гол нь өөрөө гүйлт, холын гүйлтийн спортод сонирхолтой, идэвхитэй байх гэсэн шаардлага тавьж байгаа. Бэрхшээлгүй буюу халамжлагч хүүхдүүдийн тухайд мөн л 16-18 настай байх ёстой гэдэг шалгуурыг тавьж байгаа. Нийгмийн идэвхи сайтайгаас гадна спортоор хичээллэдэг. Марафоноор хичээллэдэг байвал давуу тал нь болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдтэй ойр ажиллаж байсан бол мөн л шалгарах магадлал илүү өндөр гэсэн үг. Манай  “Achilles хүүхэд” хөтөлбөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг спортоор хичээллүүлэх замаар ирээдүйд бүтээлч иргэн болоход дэмжлэг үзүүлдэг. Энэ ч утгаараа нийслэлийн бүх дүүргийн тусгай сургуулийн сургалтын хөтөлбөрт марафон гүйлтийг багтааж чадсан. Биеийн тамирын хичээл дээр нь хүүхэд тодорхой хэмжээний зайнд гүйсэн байх шаардлага тавьдаг. Ингээд чадсан хүүхдүүдийн амжилтыг манай сайн дурын ажилтнууд, багш нар нь тэмдэглэл хөтлөж тухайн хүүхдийг спонсор байгууллагуудын бэлэг болон Ахиллис хүүхдийн медалиар урамшуулдаг юм. Тэгэхээр энэхүү хөтөлбөрт маань хамрагдаж байгаа бүх сургуулийн хүүхдүүд “Спорт айлчлал”-д  хамрагдах боломжтой гэсэн үг.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхдүүдийн бүртгэлийг энэ сарын 24-ний өдрийн 15 цаг хүртэл авах бөгөөд материалаа манай байгууллага дээр авч ирэх болон info@achillesmongolia.mn хаяг руу материалуудаа илгээх юм.  www.achillesmongolia.mn, www.arigbank.mn сайтууд дээр байгаа удирдамж дээрхи заавар, мэдээллийн дагуу анкетийг татаж авч бөглөөд зааврын дагуу илгээх ёстой.

-Сонирхож байгаа хүүхдүүдийн англи хэлний мэдлэгийн түвшинд шалгуур тавьсан уу?
-Англи хэлний түвшний мэдлэг хамаарахгүй. Гэхдээ англи хэлтэй бол өөрт нь болон бусдад ч амар байх болно. Давуу тал ч болно.

-Санхүүжилтын асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Тус хөтөлбөр нь АНУ-ын ЭСЯ, АНУ-ын төрийн департментын Боловсрол, соёлын газрын 100% санхүүжилтээр зохион байгуулагдах бөгөөд оролцогч хүүхдийн АНУ дахь байр, хоол, унаа, онгоцны тийз гээд бүх зардал багтаж байгаа. Хөдөө орон нутгаас анкет бөглөж, шалгарсан хүүхдүүдийн Улаанбаатарт ирэх унаа, хоол, зочид буудлын зардлыг ч гаргах боломжтой. Хүүхдүүд өөрсдийн халаасны мөнгөө л авч явна.

  -Ийм сайхан хөтөлбөрийн зохион байгуулагчаар оролцож, олон хүүхдүүдэд боломж олгож байгаа танай байгууллагын хамт олонд үнэхээр талархууштай юм. Байгууллагынхаа талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-АНУ-ын иргэн Дик Траум гэх эрхэм идэр залуу насандаа автын ослын улмаас хөлөө тайруулж, хөгжлийн бэрхшээлтэй болсон байдаг юм. Тэрбээр амьдралдаа гутралгүй Нью-Йорк хотод 1976 онд зохиогдсон марафонд оролцож энгийн хүний бардаггүй даваа болох 42километр замыг амжилттай дуусгасан бөгөөд үүнээсээ маш их урам зориг авч, нийгэмд амьдрахад нэг хөлгүй байх нь асуудал биш гэдгийг ойлгож, өөртэй адил хүмүүст туслахаар шийдэж, хүмүүнлэгийн үйлс хийхээр сэтгэл шулуудан гүйлтээр хичээллэснээр түүний амьдрал нь өөрчлөгдсөн байдаг. Тэрбээр 42 километр замыг дуусгаж чадсан нь олны анхаарлыг татаж, ялагчийг бус түүнийг бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  онцолж байсан аж.  Ингээд тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах, спортоор хамт хичээллэх зорилгоор Achilles Track клубыг үүсгэн байгуулсан нь өдгөө “Achilles International” олон байгууллага болон өргөжиж дэлхийд 77 салбартай болсон.

Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст итгэл найдвар өгөхийн тулд "Сэлмэн хөлтэй" гүйгч О.Саранчулуун "Ариг" банк хамтран “Achilles International” олон улсын байгууллагын 75 дахь салбар болох “Ахиллис Монгол” ТББ-ыг 2015 онд үүсгэн байгуулсан түүхтэй. Манай байгууллага одоогоор хөгжлийн бэрхшээлтэй 90 орчим гишүүнтэй, байнгын сайн дурын 14 ажилтантай, удирдах зөвлөлийн 7 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

-“Achilles хүүхэд” хөтөлбөрөөс гадна ямар ямар хөтөлбөр хэрэгжүүлдэг талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Манай байгууллага “Achilles хүүхэд”-ээс гадна 5 өөр хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тодруулбал, “Итгэл найдвар боломж” нэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн марафоныг 2 жилийн өмнөөс зохион байгуулж байна. Олон улсад энэхүү марафон маань “Hope and possibility” нэршлээр зохиогддог.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна тэднийг дэмждэг хүмүүс оролцох боломжтой марафон маань жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь хагассайн өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагддаг. Өнгөрсөн жилийн марафонд 85 настай өвөө оролцож, замаа бүрэн дуусгана гээд бариандаа орсон нь зохион байгуулагч бидэнд маш их урам зориг хайрласан. Бид 2-хон жил энэхүү марафоныг зохион байгуулсан гэхэд нийт 7000 гаруй хүн оролцогчийг гүйлгэж, 18000 гаруй дэмжигч, 600 гаруй сайн дурынхнныг хамруулж чадсан гэж бодохоор үнэхээр сайхан санагддаг шүү.

Мөн Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгтай хамтарч “Даван туулагч” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ нь ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Эмнэлгийн байгууллагууд осолд орсон иргэнд шаардлагатай эмчилгээг хийхээс бус цаашид эргэж тойрхоос эхлээд сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэггүй. Тиймээс бид шинэ амьдралдаа дасан зохицож чадахгүй байгаа иргэдийг энэхүү хөтөлбөрөөрөө дамжуулан ирээдүйд нь бэлтгэдэг гэх үү дээ.

Ирээдүйд паралимпт оролцох тамирчдыг бэлтгэх “Гараа” гэж хөтөлбөр бий. Мөн тив, дэлхийн улсад Монголынхоо нэрийг гаргаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг дэмжих “Дүүлэн нис” гэдэг хөтөлбөрийг ч хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрт манай байгууллагын Гүйцэтгэх захирал О.Саранчулуун оролцдгоос гадна П.Энхманлай гээд 3 дугуйтай тэргэнцрээр уралддаг маш сайн тамирчин ч бий. Тэр өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монголынхоо нэрийг үнэхээр дэлхий дахинд гаргаж чадсан. Манай байгууллагын гүйцэтгэх захирал О.Саранчулууныг хэвлэл мэдээллийнхэн  “Сэлмэн хөлт” гэж нэрлэж, нэлээд онцолж байсныг энд дурьдах хэрэгтэй байх.

Мөн “Марафон тур” хөтөлбөрийн хүрээнд бид олон улсын байгууллагынхантай хамтарч хандивын гүйлт зохион байгуулсны үндсэн дээр зарим санхүүжилтээ олдог. Энэ хүрээнд АНУ-д 2015 оны 3 дугаар сард хандивын гүйлтүүд зохион байгуулсан бөгөөд АНУ дахь Монголчууд маань нутаг нэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ сэтгэлийн хандивтайгаар оролцож байсан. Энэ хандивын гүйлт маань 4-5 дугаар саруудал Европт “Оюуны гүйлт” нэртэйгээр хэрэгжээд явж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

Н.Гэрэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан