Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Санчир: Цол нэмж болно, гол нь түүндээ эзэн байх ёстой


Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд  Монгол Улсын арслан Д.Азжаргалыг өвдөг шороодуулж, Монгол Улсын харцага цол хүртсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат “Хилчин” спорт хороо, “АПУ” компанийн бөх Т.Санчирыг энэ удаагийн зочны хойморьт урьж ярилцлаа.

-Юуны түрүүнд танд улсын баяр наадмаар өнгөтэй наадаж, Монгол Улсын харцага цол хүртсэнд баяр хүргэе?
-Энэ жилийн баяр наадмаар сайхан барилдаж,  Монгол Улсын харцага цол хүртсэндээ баяртай байна. Бөхөө дээдэлдэг Монголынхоо ард түмэнд баярлаж явдгаа илэрхийлэх нь зүйтэй байх.

-Даваа бүрт үнэхээр хүчтэй байлаа. Тавын даваанд Монгол Улсын арслан Б.Ганбатаар давж, зургаагийн даваанд Мон­гол Улсын арслан Д.Аз­жаргалтай барилдаж өвдөг шороодуулахад наадамчин олон гуйж биш гуядаж сайхан цолны эзэн боллоо хэмээн бэлгэшээж, баярлаж байсан?
-Даваа бүр л маш хариуцлагатай байсан. Тавын даваанд хүчтэй өрсөлдөгчийн нэг Б.Ганбат арслангаар давж начин цолоо баталсан. Тиймээс дараагийн даваа улсын цол нэмэх байсан учир маш хариуцлагатай барилдах бодолтой наадмын зүлэг ногоон дэвжээнээ гарсан. Зорилгодоо ч хүрч, сайхан цолны эзэн болсондоо баяртай байгаа.

-Дөрвийн даваанд таарах магадлалтай бөхөө тооцоолж байв уу?
-Айхтар бодож санасан юм байгаагүй дээ. Хэнтэй нь ч таарсан зоригтой сайхан барилдах л бодолтой байсан. Монгол Улсын харцага н.Даваабаатартай таарч давсан. Энэ даваанд бодож төлөвлөсөн нарийн зүйл байгаагүй ээ.

-Үндэсний бөхчүүд маань заалны барилдаанд идэвхтэй оролцож барилдаж байгаа. Энэ нь ч шинэ залуу бөхчүүдэд наадмаар цол нэмэхэд нь нөлөөлж байна хэмээн ахмад бөхчүүд ярьж байна билээ. Харин таны хувьд тэр бүр заалны барилдаанд харагдаагүй?
-Тийм ээ. Оролцох үедээ оролцоод л барилдаад явсан. Бүгдэд нь барилдсан юм байгаагүй. Харин бэлтгэлээ тухайн цаг бүрт хийгээд л явж байсан. Наадмын бэлтгэлээ хилийн цэргийн “Хилчин” спорт хорооны бөхчүүдтэйгээ Бугын сангийн аж ахуй хэмээх газарт хийсэн. Өгөөжтэй сайхан хангай бий.

-Битүүхэндээ ямар цол горилж энэ наадамд зодоглосон бэ?
-Бөх хүн, тамирчин болгон л тэмцээн уралдаанд цолоо ахиулах, түрүүлчих юмсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй оролцдог. Тэдний л адил сайн барилдахын тулд зодоглосон. Харамсаад байх зүйлгүй сайхан наадлаа.

-Г.Эрхэмбаяр арслангийн хүсч тэмүүлж байсан цол нь заан байсан гэдэг. Тиймдээ ч түүхт тэгш ой давхцсан наадмаар заан цол хүрт­чихээд цаашлаад түрүү булаацалдахдаа цо­лондоо ханасан байсан гэдэг. Та арай долоогийн даваанд харцага цолондоо ханачихсан  барилдсан юм биш биз дээ?
-Үгүй ээ./Инээв/ Юу гэж тийм юм байхав. Миний хувьд олон жил барилдлаа. Цолонд ханах тохиолдол гарахгүй. Даваа бүртээ л хичээж барилдахыг боддог шүү дээ.

-Мөн  танай нутгийн, нэг сумын залуу дүү Б.Сугаржаргал Монгол Улсын начин цол хүртсэн. Бүр хамгийн залуу улсын цолтон боллоо. Сэтгэл өндөр байгаа биз дээ?
-Өө сэтгэл өндөр байлгүй яахав. Манай нутгийн Хархорин сумынхан маань өнгөтэй сайхан наадлаа. Нэг сумаас хоёр цолтон төрлөө. Залуу бөх Б.Сугаржаргалдаа бас цаашдын тэмцээн уралдаанд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Залуу бөх цаашдаа олон наадмын амжилт хүлээж байгаа. Монгол Улсын начин цолоос илүү том цол хүлээж байгаа гэдэгт нь ахын хувьд  итгэдэг шүү.

-Таны хувьд бас залуу бөхийн тоонд орохгүй байх. Доороос чинь шинэ залуу бөх түрж гарч ирж байна. Энэ жилийн түрүү бөх П.Бүрэнтөгс гээд л?
-Тийм ээ. Одоо ч шинэ залуу бөхчүүд маань бэлтгэл сургуулилтаа сайн базаавал улсын цол ойрхон болсон. Тухайн хүний тэвчээр, хөдөлмөрөөс нь л шалтгаалдаг болж.

-Наадмын түрүү гэлтгүй шөвгийн дөрвөн бөхийг ч таамаглахад бэрх болж?
-Харин тийм. Улсын цолтон гэлтгүй аймгийн цолтнууд нь ана мана сайхан барилддаг болж. Улсын наадамд ямар ч цолтон түрүүлэхэд гайхаад байх зүйлгүй болчихсон нь энэ наадмаар харагдсаныг хүмүүс мэдэж байгаа байх.
 
-Та аймгийн цолыг  хэдэн онд аль аймагт хүртэж байв аа?
-2000 онд Өмнөговь аймгийн наадамд барилдаж начин цол хүртэж байлаа. Тухайн үед бөхийн анхны цол хүртэнэ гэдэг баярлахаас  аргагүй шүү дээ. Түүний дараа 2004 онд өөрийн аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан.

-2010 онд Монгол Улсын начин болсон шиг санагдана. Хэн гэгч бөхөөр давж энэ цолны эзэн болж байв?
-Монгол Улсын гарьд Ш.Доржсамбуугаар тав давж, Монгол Улсын начин болж байлаа.

-Аав, ээжээс тань залгамжилсан бөхийн удам бий юү?
-Яг бөхийн удам байхгүй дээ. Харин аав, ээжийн аль алиных нь талд бяртай том биетэй хүмүүс байсан юм билээ.

-Бөх болох гараагаа хэн багшийн удирдлага дороос, хэдэн наснаасаа эхэлсэн бэ?
-Өвөрхангай аймгийн Хархорин сумандаа 10 дугаар ангиа төгссөн. Хамгийн анх гэвэл есдүгээр ангиасаа л бөхийн секц дугуйланд явсан. Манай ангийн багш Цэрэнлхүндэв биеийн тамирын багш байсан. Багш минь л намайг бөхийн спорттой нөхөрлүүлсэн хүн. Түүнээс хойш сургуулиа төгсч хотод ирэн Д.Сэрээтэр , н.Даваажав багшийн удирдлага дор биеийн тамирын дээд сургууль дээр хичээллэх болсон.

-Д.Сэрээтэр багш гэхээр хотод ирээд чөлөөт бөхөөр эхлээд хичээллэж дээ. Чөлөөт бөхийн спортоор ямар амжилт гаргаж байв?
-Тийм ээ. Өсвөр үеийн улсын аварга, нэрэмжит тэмцээн уралдаанд амжилттай оролцож л байлаа. Сүүлд бас жүдо бөхөөр барилдаж байсан.

-Та сэтгэл зүй хэр сайтай бөх вэ. Тамирчдын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд оролцоход хамгийн гол зүйлийн нэг байх?
-Өөрсдөө л сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Мөн бидний хамгийн гол сэтгэлзүйчид дасгалжуулагчид маань. Биеийн болоод оюуныг хүртэл дасгалжуулдаг. Өрсөлдөгч бөх тань ямар араншинтай, барилдаантай бөх байхаас шалтгаалж сэтгэлзүй болоод арга тактикаа бодох хэрэгтэй. Энэ тал дээр хамгийн гол нь өөрсдөө сэтгэлзүйн бэлтгэлээ хийж чаддаг байх хэрэгтэй. Миний хувьд энэ тал дээр тайван ханддаг ч багш дасгалжуулагчид маань бүр л илүү тусалж дэмждэг.

-Цол ахихын хэрээр илүү их хариуцлага ирдэг юм шиг. Адаглаад л ард түмнийхээ итгэлийг дааж амьдрах гээд л?
-Тэгэлгүй яахав. Багш нар минь сайн зааж зөвлөдөг байсан. Цол нэмж болно. Хамгийн гол нь, түүндээ эзэн болж явах л хэрэгтэй гэж боддог. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг алдахгүй, сэвтээхгүй авч явах нь гол зорилго боллоо.

-Зарим нэгэн бөх хүссэн хүсээгүй цол нэмээд ирэхээр ааш зан нь өөрчлөгдөж, биеэ тоох байдал ажиглагддаг л даа. Энэ ч үүднээс танд дээрх асуултыг тавьсан юм аа?
-Хүн хүний ухамсарын асуудал л даа. Сайхан том цолонд хүрчихээд даруухан төлөв амьдарч байгаа олон бөх байна. Зарим нэг нь цолны үзүүрээс атгачихаад эр биедээ дийлдэж онгирох нь ч байдаг. Хувь хүнээсээ л шалтгаалдаг байх.

-Нутаг усаа шүтнэ биз?
-Ээж, аав, нутаг усаа шүтээд залбираад явах сайхан шүү дээ. Ер нь шүтлэгтэй шүү. Олон наадам барилдаан байдаг болохоор бие бялдрын бэлтгэлээс гадна Гандантэгчилэн хийд орж сэтгэл санаагаа ариусгах сайхан байдаг.

-Чин сэтгэлээсээ сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа?
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Энэ дашрамд “Ардчилал” сонины нийт уншигчдадаа болон  АПУ хувьцаат компанийн нийт хамт олон удирдлага,  Хилийн цэргийн 0146 дугаар  ангийн хамт олон, нийт хилчиддээ баярлаж явдгаа илэрхийлье.

0 Сэтгэгдэл
Amjilt husie
Mundag saihan zaluu shuu
Хамгийн их уншсан