Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Намын цогцост халдах гэж оролдов


Б.СЭВЖИДМАА


Малайзын цагдаагийнхан Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгт Куала Лумпур дахь Хойд Солонгосын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн Хён Кван Сун гэгчийг шалгах хүсэлтэй байгаа ч дипломат төлөөлөгчийн дархан эрхээр хамгаалагдсан учраас байцаалт авч чадахгүй байна. Түүнээс гадна Малайз дахь “Air Koryo” авиа компанийн ажилтан Ким Ук, мөн Жэймс гэдэг нэрээрээ танил болсон эрхэлсэн тодорхой ажилгүй Ри Жи У хэмээх Хойд Солонгосын иргэнийг  хэрэгт холбогдуулан шалгахаар эрэн сурвалжилж байсан. Тэд хоёулаа Малайзад байгаа боловч одоо хүртэл цагдаагийнхны байцаалтаас зугтаж яваа аж.

Малайзын цагдаагийн газрын дарга энэ хэрэгт Хойд Солонгосын яам хамтран ажиллаж, дипломат төлөөлөгчийнхөө дархан эрхийг цуцалж, хуулийн байгууллагад шилжүүлнэ өг гэж найдаж байгаагаа мэдэгдсэн ч тэдний найдлага талаар өнгөрөх шинжтэй. Энэ хэрэг дээр анхнаасаа Малайзын талд итгэхгүй байгаагаа мэдэгдэж, Ким Чен Намын үхлийн шалтгааныг юу ч гэж зарласан хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа Хойд Солонгосын Элчин сайд цагдаагийнхны баривчлаад буй гадаадын хоёр эмэгтэй болон өөрийнх нь нэг иргэнийг суллахыг шаардсан юм.

 
Хорыг түрхсэн эмэгтэйчүүд яагаад өөрсдөө хордоогүй вэ

Индонези, Вьетнамын иргэншилтэй хоёр эмэгтэй үйлдсэн хэргээ хүн амины хэрэг гэж огт мэдээгүй, хүн хуурах телевизийн шоунд оролцож байна гэж бодсон хэмээн мэдүүлсэн ч цагдаагийнхан үүнийг нь огт хэрэгсэхгүй байгаа. Учир нь, тэд Ким Чен Намын нүүрэнд түрхсэн бодис хор гэдгийг анхнаасаа мэдэж байсан, тийм ч учраас хэрэг хиймэгцээ ариун цэврийн өрөөнд орж гараа угаасан гэж үзсэн. Цагдаагийнхны мэдэгдсэнээр хэрэг гарахын өмнөхөн хойд солонгосчууд тэдний гарт хор дусааж өгсөн бөгөөд бүсгүйчүүд Ким Чен Намын нүүрэнд ээлж ээлжээр хүрсэн аж. Ингэхдээ тэд бээлий өмсөөгүй, нүцгэн гартаа хор түрхсэн гэнэ.

Одоо баривчлагдаад буй дөрвөн сэжигтэн

Цагдаагийнхны энэ мэдээлэлд Хойд Солонгосын ЭСЯ эргэлзэж байгаа юм. Хэрэв тэр хоронд Ким Чен Нам хордсон амиа алдсан бол түүнийг гартаа түрхсэн  сэжигтэн эмэгтэйчүүд яагаад одоо хүртэл эрүүл саруул байгаа юм бэ гэдэг асуултыг ЭСЯ-ны зүгээс тавьж байна. Энэ эргэлзээн дээр дөрөөлөн Малайзын тал хэргийг Өмнөд Солонгосын таалалд нийцүүлэн зориуд улс төржүүлж,  Хойд Солонгосын бие даасан, тусгаар байдалд халдаж байна гэж Хойд Солонгосын ЭСЯ үзэж байна.
 
Хэрэгт холбогдсон ЭСЯ-ны ажилтан дипломат эрхээр хамгаалагджээ

Ер нь, энэ хэргээс болж, хоёр улсын харилцаанд нэлээн том сэв суух нь тодорхой боллоо. Хойд Солонгосын Элчин сайд суугаа орноо хайр найргүй шүүмжилсэн хурц мэдэгдэл хийсний дараа Малайзын Гадаад хэргийн яам Пьенян дахь өөрийн Элчин сайдаа буцаан татсан.

Хэрэв Куала Лумпур дахь ЭСЯ хэрэгт холбогдсон нарийн бичгээ хуулийн байгууллагад шилжүүлж өгөхгүй бол Малайзын тал түүнийг персона нон грата хэмээн зарлаж, улсаасаа хөөж болзошгүй. Гэвч энэ нь хэргийн мөрдлөгт тус болохгүй учир дипломат шугамаар хандаж, байцаахыг илүүд үзэж байна.
1961 оны Венийн конвенцоор дархалсан бүрэн эрхийн дагуу дипломат төлөөлөгчид эрүүгийн болон иргэний хэргийн мөрдөн шалгалтаас хамгаалагдаж,  хуулийн байгууллагад мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй юм. Тиймээс Хойд Солонгосын тал өөрсдөө л хүлээн зөвшөөрөхгүй бол дипломат төлөөлөгчийг нь байцаах боломжгүй. Хэрэв энэ хэргийн улмаас хоёр улсын хурцадмал байдал даамжирвал Малайзын тал харилцаагаа тасалж, Хойд Солонгосын дипломат төлөөлөгчдийг эх орноосоо хөөх эрх бий. Гэсэн ч тэднийг баривчлах, байцаах эрхгүй хэвээр үлдэнэ.

Хэрэгт холбогдсон хойд солонгосчууд

Малайзын хуулийн байгууллага Хойд Солонгостоо хэдийнэ буцсан хэргийн гол дөрвөн сэжигтнийг шилжүүлэн өгөхийг албан ёсоор хүссэн байна.  Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш нэг нэгээрээ Малайзад ирцгээсэн Хойд Солонгосын дөрвөн иргэнийг энэ хэргийн гол зохион байгуулагч гэж сэжиглэж байгаа.
 
Морг руу нэвтрэхийг завджээ

Хэргийн мөрдлөг үргэлжлэх явцад хохирогч Ким Чен Намын цогцсыг  хадгалж буй Куала Лумпур дахь шүүх эмнэлгийн моргт үл мэдэгдэх этгээд нэвтрэх гэж оролджээ. Тиймээс эмнэлгийн ойр орчимд цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн, хараа хяналтаа чангаруулсан байна. Цагдаагийнхан тэр этгээдийг баривчилсан боловч ямар зорилгоор дотогш нэвтрэхийг оролдсоныг нь нууцалж байгаа аж. Ким Чен Намын хүү Ким Хан Сол Малайзад ирж, хохирогчийн цогцос мөн болохыг баталсан гэж хэвлэлүүд шуугьсан ч цагдаагийнхан энэ мэдээллийг үгүйсгэсэн.
Сэжигтэн эмэгтэй Солонгос найзуудтай байж

Цагдаагийнхны мөрдлөгийн хажуугаар Өмнөд Солонгос, Япон, Малайзын хэвлэлүүд өөр өөрийн сувгаар сэжигтнүүдийн тухай мэдээллийг эрэн сурвалжилж дэлгэсээр байна. Тухайлбал, Ким Чен Намын нүүрийг дарж, хамгийн эхэлж хор түрхсэн Вьетнам эмэгтэйн өмнөх амьдралыг нэгд нэгэнгүй судалжээ. Дуан Ти Хуон хэмээх 28 настай энэ эмэгтэй Вьетнамын иргэн гэдгийг гэр бүлийнхэн нь баталжээ. Гэхдээ тэр 18 насандаа хөдөө тосгоны гэрээ орхисноос хойш хаана, юу хийж яваагаа гэр бүлийнхэндээ ч хэлдэггүй, хааяа нэг очдог байсан гэнэ. Түүнийг Малайзад ажиллаж байсныг гэрийнхэн нь хэрэг гарсны дараа л мэдсэн аж. Хөдөө тосгонд  будаа тарьдаг хөгшин настай эцэг эх нь түүнийг Ханойд ажилладаг гэж бодож байсан ч тэрээр Малайз, Солонгос гээд цөөнгүй газраар явж байжээ. Тэрээр дуулах сонирхолтой. Энэ дагуу Малайзын томоохон дэлгүүр, шөнийн цэнгээний газарт дуулж, бусдыг хөгжөөх ажил хийдэг байжээ.

Өмнөд Солонгосын цагдаагийнхны мэдээллээр Дуан Ти Хуан өнгөрсөн арванннэгдүгээр сард Жэжү аралд дөрөв хоногийн хугацаатай очсон гэнэ. Түүний Facebook хаягаас харвал солонгос эрэгтэй найз олонтой, нэг удаа “Би чамд хайртай, санаж байна” гэсэн постыг солонгосоор бичсэн байжээ.
 
Тэд гэмт хэрэг хийж буйгаа анхнаасаа мэдэж байсан

Түүнтэй хамт баригдаад буй Индонези эмэгтэй Сити Айсиа ч солонгос хэл мэддэг, гэрийнхэндээ солонгос кинонд тоглох гэж байгаа хэмээн хэлсэн байдаг. Эндээс харвал тэд солонгосчуудтай эртнээс танил. Харин тэднээр хэргийг гардан үйлдүүлэх зорилгоор хойд солонгосчууд төлөвлөж, зориуд тэдэнтэй холбоо тогтоосон эсэхийг хараахан тогтоогоогүй.

Ямартай ч, тэднийг мэдүүлж байгаа шигээ огт гэм буруугүй, гэмт хэрэгт орооцолдсоноо мэдээгүй гэдэг тайлбарт мөрдөгчид итгэхгүй байгаа юм.  Учир нь, тэд хэргийг үйлдэхийн өмнө томоохон дэлгүүр, нисэх буудалд өөр хүмүүс дээр энэ үйлдлээ цөөнгүй удаа туршиж, сургуулилж байжээ. Хойд Солонгосчуудын шууд заавраар энэ хэргийг үйлдсэн эмэгтэйчүүд гэм зэмгүй мултрахгүй бололтой.  Цагдаагийнхан тэднийг түр саатуулах хугацааг сунгаж, харин индонези эмэгтэйн малайз найз залууг батлан даалтад гаргахаар болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан