Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Банк бус санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээлийн зээл 56.2 тэрбум төгрөгт хүрэв

Т.ЭРДМАА

Эдийн засаг хямарч иргэд, аж ахуйн нэгжийн орлого буурсан ч зээлийн эрэлт өндөр хэвээр. Арилжааны банкууд зээлээ хумиад байна. Учир нь, чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн онд огцом нэмэгдсэн, төв банкны бодлогын хүү өссөн зэрэг шалтгаантай. Тэгвэл арилжааны банкуудын зээлээ хумьсан орон зайг Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод нөхөж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр байгууллагуудын тоо, олгосон зээлийн хэмжээ, ашиг орлого нь өнгөрсөн онд эрс өссөн дүн бий. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд 2015 онд 442 Банк бус санхүүгийн байгууллага 582 тэрбум төгрөгийн активтай ажиллаж байж. Харин өнгөрсөн онд 509 болж өссөн бөгөөд нийт актив нь 724 тэрбум төгрөгт хүрчээ. Ингээд өнгөрсөн онд 448 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өмнөх жилээсээ 65 тэрбум төгрөгөөр илүү байгаа юм. Тэгвэл нийт орлого нь өнгөрсөн жилийн гуравдугаар улирлын байдлаар 143 тэрбум төгрөг болж. Иймд өмнөх жилээсээ 28 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан  байна. Эндээс харвал Банк бус санхүүгийн байгууллагууд манай улсын санхүүгийн системд хамгийн өндөр ашигтай ажиллажээ. Гэвч энэ салбарт саар мэдээлэл, учирч буй эрсдэл бий.
Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт олгосон зээл 447.7 тэрбум төгрөгт хүрэв. Энэ нь нийт активынхаа 61.8 хувьтай тэнцэж  буй юм. Харин олгосон зээл нь өсөхийн хэрээр чанаргүй зээлийн хэмжээ дагаад нэмэгджээ. Чанаргүй зээлийн хэмжээ нь 56.2 тэрбум төгрөгт хүрэв. Үүнийг нийт олгосон зээлийн дүнтэй харьцуулбал 12.5 хувьтай байна. Гэвч өмнөх жилийнхээсээ 46.7 хувиар өссөн дүн гарч байгаа билээ.  Тэгвэл арилжааны банкуудтай харьцуулбал чанаргүй зээлийн хэмжээ нь 3.5 хувиар өндөр  юм. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээс үзвэл цаашид Банк бус санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээл өсөх хандлага ажиглагдаж буй аж. Учир нь эдийн засгийн хямрал үргэлжилж иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого буурсанд оршино. Тэгэхээр өндөр хүүтэй зээл олгох нь Банк бус санхүүгийн байгууллагуудын эрсдэлийг улам нэмэгдүүлж буй юм.
Одоогоор чанаргүй зээлийн хэмжээ нь хамгийн өндөр байгаа 224 Банк бус санхүүгийн байгууллага бий. Тэдний 45 нь эрсдэл чадвар муу гэсэн дүгнэлт гарчээ. Эдгээрээс 24 Банк бус санхүүгийн байгууллагын нийт олгосон зээл бүгд чанаргүй гэсэн ангилалд орсон байна. Энэ баримт нь банк, санхүүгийн байгууллагууд эдийн засгийн хямрал хэмээх “хадны мангаа”-ны  “амтат зууш” болох эрсдэл улам ихэсч байгааг харуулж буй юм.  

Хадгаламж зээлийн хоршооны шалгуурыг өндөрсгөнө

Манай улсын санхүүгийн салбарын бас нэг томоохон бүрэлдэхүүн нь Хадгаламж, зээлийн хоршоо. Энэ нь нэг үед цэцэглэн хөгжсөн ч олон хүний аж амьдрал, хөрөнгө мөнгийг сүйтгэсэн удаатай. Тэгвэл Хадгаламж, зээлийн хоршоод өнгөрсөн онд хэрхэн ажилласныг сонирхоё. Улсын хэмжээнд 276 Хадгаламж зээлийн хоршоо ажилладаг. Хоёр жилийн өмнө тоо нь хоёр дахин өссөн билээ. Учир нь, Улаанбаатар хотын засаг захиргаанаас хороо бүрт Хадгаламж зээлийн хоршоо байгуулж, жижиг дунд бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих болсон юм.
Санхүүгийн зохицуулах хорооны судалгаагаар Хадгаламж, зээлийн хоршооны нийт актив 2007 онд ДНБ-ий 0.96 хувьтай тэнцэж байж. Тэгвэл өнгөрсөн онд 0.63 хувь болж буурлаа. Ингээд Хадгаламж, зээлийн хоршоодын ний актив 108.8 тэрбум төгрөг байна. Энэ мөнгөнийхөө 84.4 тэрбумыг нь зээлд гаргасан тооцоо гарав. Иймд олгож буй зээлийн хэмжээ нь 1.5 хувиар өслөө.  Үүнээс 4.2 тэрбум төгрөг нь чанаргүй зээл болжээ. Гэвч зээлийн чанар нь хэвийн хэмжээнд байна гэж үзэж болох нь. Учир нь 2009 онд чанаргүй зээлийн хэмжээ нь нийт олгосон зээлийнхээ 16.5 хувьд хүрч байсан удаатай. Харин  хугацаа хэтэрсэн зээл өсч эхэлжээ. Уг зээлийг 2015 оныхтой харцуулбал  31.8 хувиар өсч 4.36 тэрбум төгрөгт хүрээд байна. Тэгэхээр нийт олгосон зээлийн 5.2 хувь нь хугацаандаа төлөгдөхгүй байгаа аж. 

Хадгаламж зээлийн хоршоодын орлого өнгөрсөн онд 17.9 тэрбум төгрөгт хүрэв. Энэ нь өмнөх жилийнхээс 1.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Санхүүгийн зохицуулах хорооноос Хадгаламж зээлийн хоршоодын орлого, зарлагын өсөлтийн хурд ижил түвшинд байгаа нь ашигт ажиллагааг нь  тогтмол байлгах гол үндэс болж байна хэмээн дүгнэж буй юм.

Гэвч хуулийн хүрээнд зайлшгүй хангах зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээс ХЗХ-дын 55.4 хувь нь нийт хөрөнгөд эзлэх зээлийн зохистой харьцааг, 48.5 хувь нь төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг, 19.9 хувь нь өөрийн хөрөнгийн зохистой харьцааг тус тус хангаж чадаагүй байна. Нөгөө талаар эдийн засгийн хямрал үргэлжилж буй тул Хадгаламж зээлийн хоршоодын гишүүдийн орлогын эх үүсвэр тасалдах,  буурах зэрэг хүчин зүйлс нь чанаргүй зээлийн хэмжээ өсөх, олгосон зээл хугацаандаа төлөгдөхгүй байх эрсдэл үүсч байгаа юм. Ийм учраас Санхүүгийн зохицуулах хороо Хадгаламж зээлийн хоршоодод тавих шалгуурыг өндөрсгөх ёстой хэмээн үзэж буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан