Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

110 мянган өрх шөнийн тарифын 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ


-Нийслэл болон Баруун бүсийн хэрэглэгчид хамгийн их эрчим хүч хэрэглэдэг-
Баярын өдрүүдэд буюу оргил ачааллын үеийн бэлэн байдлыг эрчим хүчний салбарынхан хэрхэн хангасныг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр шалгалаа.

 “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”,”Улаанбаатар дулааны станц”, “ДЦС-IV” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсний дагуу эхлээд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иар орсон юм. Тус компани нь 1976 онд байгуулагдаж нийслэл болон Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Баянхонгор  гэх мэт 16 аймгийн 300 гаруй сум сууринд цахилгаан хангамж түгээдэг.  Өнгөрсөн хугацаанд 4.7 тэрбум кВт цаг эрчим хүч үйлдвэрлэжээ. 110, 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцаар Монгол улсын цахилгааны 80 орчим хувийг ханган ажилладаг тухай тус компанийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу танилцуулсан юм.

Энэ онд ОХУ-аас 176 сая кВт.цаг, БНХАУ-аас нэг тэрбум 90 сая кВт.цаг эрчим хүч импортолжээ. Харин ОХУ руу 24.2 сая кВт.цаг эрчим хүч экспортолсон гэнэ. Тус компанид богино хугацаат өр 2.5 тэрбум төгрөг байгаа бол авлага нь хоёр тэрбум орчим төгрөг байна. Уг мөнгийг өр, авлагадаа суутгаад ажиллаж байгаа аж. Иймээс богино хугацаат өр, авлагын хэмжээ харьцангуй гайгүй байна гэв. Түүнчлэн 2016 онд 110 кВ-ын Даланзадгадын Цахилгаан дамжуулах агаарын шугам, аянгын тросс суллаж, гэмтэл устгах болоод 110 кВ-ын Өндөрхаан цахилгаан дамжуулах агаарын шугамтай холбоотойгоор залгаат тулгуурыг солих ажил хийж гүйцэтгэжээ. Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулах хүрээнд Баянгол, Телевиз, VII хороолол, 14 дүгээр хороолол, Буянт-Ухаа зэрэг таван дэд станцыг хүлээн авсан байна.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Монгол Улсын эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах нь хамгийн чухал. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК өнгөрсөн онд анх удаа  994 мгВт цахилгаан түгээжээ.

Энд та бүхний хүч хөдөлмөр шингэсэн. Одоо ихэнх нутгаар зуд болж малчид иргэд хүндхэн өвлийг давж, ширүүхэн хавартай золгох гэж байна. Алслагдсан аймгуудын цахилгааныг доголдолгүй дамжуулж, баярын өдрүүдээр бэлэн байдлыг хангаж сэрэмжтэй ажиллахыг даалгасан юм. Мөн тэрээр “Эрчим хүчний салбар их ярвигтай байдаг. Гэсэн ч бид хамгийн гол нь цаашид хэрэглэгчид рүү шуурхай, хүнд сурталгүй, ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэх нь чухал” гэдгийг онцлов. Тус компани нь ОХУ болон БНХАУ-аас импортоор авах эрчим хүчний гэрээг  жил бүр хийдэг байжээ. Ингэхдээ ОХУ-аас нэг худалдан авагчийн загвараар гэрээ хийдэг. Харин уг гэрээг Диспетчерийн үндэсний төвд шилжүүлсэн аж. Нийслэлийн агаарын бохирдолтой холбоотойгоор дэд станцууд бохирдож, бохирдлоос болж трансформаторууд хоорондоо цахилгааны оч үүсгэн, гал алдаж болзошгүйд хүрээд байсан гэнэ. Иймээс компанийн ажилчид илүү цагаар шөнө ажиллаж трансформатораа цэвэрлэсэн байна.


Б.Нямсамбуу: Түүхэндээ анх удаа 994 мгВт эрчим хүч түгээсэн

Уулзалтын үеэр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуугаас зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улсын эрчим хүчний салбарын өр, авлага хэр байна вэ. Нэлээд өртэй гэх мэдээлэл бий. Харин таны дээр дурдсан ярианд өр авлагын асуудалгүй гэж дурдагдлаа?
-Урт хугацаат өр төлбөр гэвэл 2002 оноос хойш хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн  зээлд 24 тэрбум 970 орчим сая төгрөгийн өр бий. Үүнийг бид жилийн зардалдаа суулгаад жилд тэрбум 300-700 сая төгрөг төлдөг. Харин богино хугацаат өр 2.5 тэрбум төгрөг байна. Авлага нь мөн хоёр тэрбум орчим төгрөг. Богино хугацаат өр, авлагын хэмжээ харьцангуй гайгүй байна гэж хэлж болно. Гэсэн ч бид Таван толгой, Шүрэнгийн цахилгаан станц гэх мэт томоохон төслийг хөдөлгөж хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Үүнд манай дамжуулах компаниас шаардлагатай бүх судалгааг гаргаж өгсөн.

-Оргил ачааллын үед гарч болзошгүй осол, гэмтлээс сэргийлж ажиллах бэлтгэл хэр хангагдаад байна вэ. Ер нь, баярын өдрүүдэд ачаалал хэр нэмэгддэг юм бэ?
-Баяртай холбоотойгоор бид нэгдүгээр сараас эхлэн илүү цагаар ажиллаж байгаа. Агаарын бохирдлын улмаас дэд станцуудад тортог хөө тогтож, энэ нь цахилгааны оч хаях эрсдлээс үүдсэн гал түймрийн аюул учруулж болзошгүй  нөхцөлд байсан. Иймээс агаарын бохирдол ихтэй бүсэд байгаа дэд станцуудаа цэвэрлэсэн. Цагаан сарын баярын өдрүүдээр айл бүрийн цахилгааны хэрэглээ нэмэгддэг. Энэ жил бид түүхэндээ хамгийн их буюу  994 мгВт эрчим хүч түгээлээ. Энэ нь өмнө нь гарч байгаагүй үзүүлэлт. Ер нь, өвлийн  оргил ачааллыг давсан, айдсаа ардаа хийсэн гэж хэлж болно. Баярын өдрүүдэд ачаалал нэмэгддэг 994 мгВт хүрэхгүй байх гэж харж байна. Эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахаар шаардлагатай арга хэмжээнүүдээ авч ажиллаж байна. Системийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах юм бол 2017-2018 оны өвлийг гайгүй давах дүр зураг харагдаж буй.

-Энэ онд шугам сүлжээний шинэчлэлийг хэрхэн хийхээр төлөвлөөд байна вэ. Шугам сүлжээний 60 гаруй хувь нь 20-иос дээш насжилттай гэсэн судлагаа гарсан байсан?
-2017 оны бизнес төлөвлөгөөнд хөрөнгө оруулалт, техник, урсгал завсрын ажлыг багтаасан. Үүнийг компанийн өөрийн хөрөнгөөр хийнэ. Үүнээс гадна олон жилийн насжилттай тоног төхөөрөмжийг шинэчлэн, солиход гадаадын хөрөнгө оруулалт тэр дундаа ХБНГУ-ын DMWU банкныхантай ярилцаж байна. Хэрэв энэ зээл бүтвэл манайд 20 сая 400 мянган еврогийн урт хугацаатай зээл олгогдоно. Энэ мөнгө орж ирвэл насжилт өндөртэй дэд станцуудынхаа тоног төхөөрөмжийн шинэчлэлийг 2020 онд хийж дуусгана. Зээлээ 2030 оноос үе шаттайгаар эргүүлэн төлөх юм.
 
Цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд 110 мянга орчим өрх хамрагджээ


“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хувьд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж, ослын нөөц хөрөнгө бүрдүүлсэн гэнэ. Тус компани нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Энэ оны нэгдүгээр  сарын байдлаар 349 мянга 155 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангажээ. Өнгөрсөн онд 2.1 тэрбум кВт цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулсан нь 2015 оноос 1.8 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Нийт хэрэглэгчдийн 30 орчим хувь нь гэр хорооллын айл өрхүүд, 50 гаруй хувь орон сууцны, зургаан хувь нь аж ахуйн нэгжийн хэрэглэгчид юм байна. Таван түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх 9 төв ажилладаг байна. Нийт 1800 гаруй ажилтан ажил хаагчтай. Өнгөрсөн онд тус компанийн хамт олон эрчим хүчний алдагдлыг 17 хувиас 15.9 хувь болгож бууруулсан бол борлуулалтын орлогод 288.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, нийт 7.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан ”Манай компани өнгөрсөн онд шугам тоноглолын эх засвар хийсэн. Тухайлбал, агаарын нөөцийг нэмэгдүүлж, гэмтлийг шуурхай засварлан ажилласан. Үүний үр дүнд ослын цахилгаан тасралт 15 хувиар буурсан. Засгийн газраас гэр хорооллын цахилгаан эрчим хүчний шөнийн тарифыг  тэглэсэнтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ингэхдээ хэрэглэгчдээс ирэх дуудлагын тоог хүч нэмэгдүүлэх замаар түргэн шийдвэрлэж ирсэн. Шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотой гэр хорооллыг хангаж байгаа дэд станцуудыг  оргил ачааллыг тогтмол хянаж шөнийн цагаар хэмжилт хийж, 77 дэд станцын трансформаторын чадлыг нэмэгдүүлж,  34 шитийг шинэчлэн солих 55 цэгт 300 гаруй айлын хүчдэлийг сайжруулсан. Шөнийн тарифыг хөнгөлөх шийдвэрийг хэрэгжүүлснээр хоёр тарифт тоолууртай, гэр хорооллын хэрэглэгчдэд борлуулсан цахилгааны эрчим хүчний шөнийн хэрэглээний өсөлт өмнөх онтой харьцуулахад 14.6 хувиар нэмэгдсэн” хэмээн ярьсан юм.

Одоогоор эрчим хүчний хөнгөлөлтөд 110 мянга орчим өрх хамрагдаж, иргэд 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ. Энэ  онд хоёр тэрбум 544.1 сая кВт цаг эрчим хүч худалдан авахаар төлөвлөгөө гаргаад байгаа аж. Мөн эрчим хүчний алдагдлыг 16.7 хувь болгон бууруулах зорилт дэвшүүлжээ. Тус компанийн хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд жилд дунджаар 8-10 хувиар өсчээ. Уг өсөлтийг хангаж, үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс иргэд заалтаа өгөх, төлбөрөө төлөх, дуудлага өгөх үйлчилгээг www.my.tog.mn цахим хуудсанд байршуулан цахилгаан хэрэглэгч аплекэйшн, дуудлагын төв 70047004 утсын ажиллуулж эхэлсэн гэнэ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Эрчим хүчний яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Баярмагнай, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох  болон төрийн өмчит үйлдвэр компаниудын ТУЗ-ийн дарга нар ажиллалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан