Улаанбаатар төмөр зам бол 15 мянган ажилтантай их айл. Тэгвэл эдгээр ажилчдын 9 мянга гаруй нь залуучууд юм. Салбартаа хийж бүтээж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй мянга мянган залуусыг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллагын дэргэд өнгөрсөн 2016 онд “Улаанбаатар төмөр замын залуучуудын байгууллага” байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Тэгвэл тус залуучуудын байгууллагаас энэ сарын 21-22-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод “Говийн замчин 2-р чуулган 2017” арга хэмжээг “Амжилтаа ахиулж, хамтдаа алхацгаая” гэсэн уриатайгаар зохион байгуулж байна.
Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Д Гантулга, ЗТХ-ийн Дэд сайд Б Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нар хүндэт зочноор оролцож байгаа аж.
Энэ жилийн чуулга уулзалт говийн бүсэд ажиллаж байгаа залуучуудын нийгмийн асуудлыг хөндөж, тэдний тогтвор суурьтай ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулахад чиглэж буй юм. За мөн байгуулагдаад 1 жил болж байгаа “Улаанбаатар төмөр замын залуучуудын байгууллага” өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн, цаашид хийх ажлаа хэлэлцэж байгаа аж.
Дашрамд өгүүлэхэд, Монголын эдийн засагт жин дарах хувь нэмрийг оруулж ирсэн компани бол “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг. Мэдээж үүнд тус байгууллагын 9 мянга гаруй залуусын хувь нэмэр үлэмж их гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.