Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бээжин Хойд Солонгосын хэтэвчтэй нь ярина

Б.СЭВЖИДМАА

Хятад улс өчигдрөөс эхлэн Хойд Солонгосоос нүүрс импортлохоо зогсоолоо. Хойд Солонгосын ээлжит пуужингийн туршилтын дараа авч буй Хятадын энэ хориг 2017 он дуустал үргэлжлэх  бөгөөд гаальд хэдий нь мэдүүлээд хил давж чадаагүй нүүрсийг хүртэл буцаах юм байна. Хойд Солонгос өнгөрсөн оны есдүгээр сард цөмийн хошуу бүхий пуужингийн туршилт хийсний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хамгийн хатуу хоригоо тавьсан. Тус хоригийн дагуу Хойд Солонгосын бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг бүх улс орнууд импортлох эрхгүй болсон. Харин эл хориг одоо л жинхэнэ ёсоор хэрэгжиж эхэлж байгаа нь энэ бололтой.

Хойд Солонгосын гадаад худалдааны 90 гаруй хувь  нь дан Хятадаас хараат байдаг. Тиймээс тус улс нүүрсний импортыг зогсоосон нь Пьенянд хүнд цохилт болно гэж ажиглагчид үзэж байна. Учир нь, нүүрс бол тус улсын экспортын гол бүтээгдэхүүн, гадаад валютыг оруулж ирдэг гол мөнгөний эх үүсвэр юм. Гэвч энэ хориг эдийн засагт нь төдийлэн хүндээр тусахгүй гэж Хойд Солонгосын эдийн засагч Ри Ги Сун ярилцлага өгсөн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй өнгөрсөн долоо хоногт уулзахдаа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн учруулж болзошгүй аюул занал нэмэгдэж байгааг онцлоод  бүс  нутгийг тогтворгүй болгож буй Пьеняны энэ авирыг өөрчлөхөд боломжтой бүх арга хэрэгслээ ашиглахыг шахаж шаардсан хэмээн АНУ мэдээлж байгаа. Харин Хятадын зүгээс Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг дипломат ажиллагаа буюу олон талт хэлэлцээрээр шийдэх боломжтой хэвээр гэж үзэж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан