Б.СЭВЖИДМАА
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намыг Малайзын KLIA2 нисэх буудалд хөнөөсөн халдлагын бичлэг олон нийтэд ил боллоо. “Youtube”-д цацагдсан бичлэгт гарч буйгаар Ким Чен Нам ганцаараа нисэх буудалд ирж, нислэгээ хүлээн танхимд зогсч байх хооронд Вьетнамын иргэншилтэй сэжигтэн эмэгтэй түүний ар талаас хүрч очиж, амны хаалтаар нүд хэсгийг нь бүтээгээд тэрхэн хооронд хордуулж амжжээ. Хохирогч юу болоод байгааг ойлгож завдаагүй байхад хэрэгтэн өрөөсөн гараа хувцсандаа арчсаар хэргийн газраас бушуухан холдож байгаа нь хяналтын камерын дүрс бичлэгт үлджээ.
Ердөө хэдхэн секундэд болж өнгөрсөн энэ явдлын дараа Ким Чен Намын бие хэсэгтээ зүгээр байсан бололтой. Тэрээр эхлээд нисэх буудлын хоёр ажилтанд очиж өөрт тохиолдсон явдлаа хэлэхэд нөгөө хоёр нь ойролцоох цагдаад хүргэж өгчээ. Ким Чен Нам нисэх буудлын хоёр цагдаад болсон явдлыг дүрслэн ярьж буй нь бичлэгээс тодорхой харагдаж буй бөгөөд цагдаа нар түүнийг дагуулаад онгоцны буудлын эмнэлэг рүү авч явжээ. Эмнэлэг явах замд ч Ким Чен Нам хүний туслалцаагүй өөрөө алхаад явж байгаа нь харагдаж байгаа юм. Харин нисэх буудлын эмнэлэгт үзүүлсний дараа томоохон эмнэлэгт аваачиж, тусламж үзүүлэхээр болсон бөгөөд энэ хооронд Ким Чен Намын бие муудаж, амьсгал хураасан гэж цагдаагийнхан мэдээлж байгаа.
Хойд Солонгосын “хүндэт” удирдагч Ким Чен Ирийн том хүү, нэгэн үе эцгийнхээ залгамжлагч гэгдэж байсан Ким Чен Намд халдсан энэ хэргийн үйл явцыг гол зохион байгуулагчид нь ойрхон хараад сууж байсан аж. Хэргийн зохион байгуулагч гэж сэжиглэж буй Хойд Солонгосын дөрвөн эрэгтэй нисэх буудлын кофе шопод суугаад хөлсөлсөн эмэгтэйчүүд нь Ким Чен Намыг хэрхэн хордуулж буйг ажиглаж байжээ. Харин тэд хэргийн дараа тэр дороо Индонезийн Жакарта руу ниссэн бөгөөд тэндээсээ Дубай, Валидовостокоор дамжин Хойд Солонгостоо хэдийнэ очсон болохыг цагдаагийнхан олж тогтоогоод байна. Цагдаа нарыг төөрүүлэх гэж тэд замдаа олон нислэг дамжсан ч эцэстээ Пьенянд очсон болох нь тодорхой байгаа аж.
Ким Чен Намыг амь насыг хөнөөх зорилготой эл хэргийг эртнээс зохион байгуулсан хойд солонгосчуудын нэрийг ч тогтоожээ. Тэд бол 33 настай Ри Жи Хён, 34 настай Хун Сун Хак, 55 настай У Жун Гил, 57 настай Ри Жэ Нам гэгч байжээ. Тэд Малайзад тус тусдаа иржээ. Тухайлбал, эхнийх нь нэгдүгээр сарын 31-нд Малайзад ирсэн бол сүүлчийнх нь хоёрдугаар сарын 7-нд ирсэн аж.
Тэднийг одоо Интерполоор эрэн сурвалжилж байгаа ч нэгэнт эх орондоо очсон бол олоход бэрх юм. Малайзын цагдаагийнхан энэ явдалд хүн амины хэргээр хавтаст хэрэг нээгээд байна. Хэргийн цаана улс төрийн зорилго бий юу гэдгийг хэвлэлийнхэн сонирхож байгаа ч цагдаагийнхны хувьд улс төрийн өнцгийг сонирхохгүй, гагцхүү өөрийнх нь нутаг дэвсгэрт яагаад ийм хэрэг өдүүлэв гэдгийг олж тогтоох нь гол зорилго гэжээ.
Дээрх дөрвөн этгээдээс гадна Ри Жи У гэгч 30 настай солонгос эрэгтэйг хэрэгт холбогдолтой хэмээн хайж байгаа аж. Одоогоор цагдаагийнхны баривчилсан дөрвөн сэжигтэн дунд Сойд Солонгосын нэг л иргэн байгаа юм. Харин хамгийн түрүүнд баривчлагдсан, хэргийг гардан үйлдсэн Вьетнам, Индонези эмэгтэйчүүдийн хувьд хүний амь хохироосноо ч мэдээгүй, телевизийн шоунд орж байна хэмээн бодож багахан хэмжээний мөнгөөр энэ бүгдийг гүйцэтгэсэн гэж мэдүүлж байгаа.
Харин Хойд Солонгосын тал Малайзыг зөвшөөрөлгүйгээр задлан шинжилгээ хийсэн тул дүгнэлтийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд, энэ явдал бол улс төрийн зорилготой, Өмнөд Солонгосын эрх баригчид улс оронд нь өрнөсөн дуулианыг намжааж, олны анхаарлыг өөр тийш татахын тулд энэ хэргийг зориуд дуулиан шуугиан болгож байна хэмээн буруутгасан юм. Энэ мэдэгдлээс үүдэн Малайзын Гадаад хэргийн яам тус улсын Элчин сайдыг дуудаж уулзсан бөгөөд Пьенян дахь Элчин сайдаа буцаан татсан мэдээ байна. Өөрөөр хэлбэл Ким Чен Намын хэргээс үүдэн хоёр улсын харилцаанд хэдий нь сэв сууж эхэлжээ.