Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Энхманлай: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож бууруулах шаардлага бий


-Сард 1.2-1.4 сая төгрөгийн орлоготой зорилтот бүлгийн өрхүүдийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ-

Т.ЖАНЦАН

Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал А.Энхманлайтай орон сууцны хөнгөлөлтэй зээл, эрэлт, нийлүүлэлтийн талаар ярилцлаа.

-Улаанбаатар хотод орон сууцны эрэлт, хэрэгцээ, худалдан авалт ямар хэмжээнд байна. Энэ талаар судалгаа хийв?
-Манай корпорац Улаанбаатар хотын орон сууцны асуудлыг ерөнхийд нь шийдэж байгаа. Тэгээд орон сууцны эрэлт хэрэгцээ, иргэдийн худалдан авах чадвар, эдгээрт нийцсэн бүтээгдэхүүн байгаа эсэхийг судалж байна. Мөн орон сууцны нийлүүлэлт их байгаа ч эрэлтийг яагаад хангаж чадахгүй байгааг тогтоохоор ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн онд иж бүрэн судалгаа хийсэн. Одоогоор 17 мянга орчим орон сууц худалдан авах боломжтой өрхийн тооцоо бий. Гэвч тэд хууль эрх зүйн зарим нэг шалтгааны улмаас ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа юм. Ер нь Улаанбаатар хотод 260 мянган орон сууц худалдан авах сонирхолтой иргэд байгаа гэсэн урьдчилсан судалгаа гарсан. Үүнд гэр хороололд амьдардаг иргэдээс гадна орон сууцанд амьдарч буй хүмүүс ч орсон. Тухайлбал, ээж аавынхаа орон сууцанд хамт амьдардаг залуус олон. Гэхдээ энэ түүвэр судалгаанд 3000 орчим хүн хамрагдсан юм. Үүнээс гадна бид нийт таван төрлийн судалгаа хийсэн. Энэ хүрээнд манай корпорац төслүүд хэрэгжүүлж эхэлсэн. Ингээд эхний ээлжинд таван байршил тус бүрт төлөвлөлт хийж орон сууц барих төсөл хэрэгжүүлж байна. Одоогоор зураг төслийг нь боловсруулж батлуулахаар хянуулж байгаа.  

-Ямар таван байршилд орон сууц барих юм бэ. Газрын асуудлыг нь шийдсэн үү?
-Нийслэлээс газрыг нь шийдсэн. Одоогоор “Буянт-Ухаа” хороололд 2.2 га газарт хотхон барина. Мөн Морингийн даваанд амины орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Биокомбинат, Улиастай,  шинэ “Авто худалдааны төв”-ийн орчимд орон сууцны хороолол барих юм. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагч, хамтран ажиллах сонирхолтой хүмүүст  эдгээр төслүүдээ танилуулж байгаа.   Бидний  баримталж буй гол зарчим бол өрхийн орлогод нийцсэн орон сууцны хороолол барих явдал. Өөрөөр хэлбэл, дундаж болон түүнээс доогуур орлоготой иргэдэд зориулж орон сууцны хороолол барих юм. Мөн түрээслэх хэлбэрээр орон сууц өмчлүүлнэ. Тухайлбал, тухайн орон сууцанд орсон өрх түрээсийн төлбөр дээр тодорхой хэмжээний мөнгө нэмж төлнө. Тэгээд тэр илүү төлбөр нь хуримтлагдаад орон сууцных нь урьдчилгаа төлбөр болох нөхцөл бүрдүүлнэ. Учир нь сарын төлбөрөө төлж чадах ч урьдчилгаанд өгөх мөнгөгүй тул  орон сууцанд орж чадахгүй байгаа өрх олон бий. Тиймээс түрээсийн орон сууц нь урьдчилгаа төлбөрийн нөхцөлийг аль болох хөнгөвчилж байна гэсэн үг.
 
-Орон сууцны хороолол барих төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд хэр олон байна?
-Хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд нэлээд бий. Манай корпорац дээр ирж мэдээлэл авч байна. Тэд хамгийн гол нь төрөөс баталгаа шаардаж байгаа. Манай компани хөрөнгө оруулж болно гэдэг. Гэвч дараа нь оруулсан хөрөнгөө хэрхэн буцааж авахад санаа зовнидог. Мөн хөрөнгөө оруулж ажил эхлээд явж байтал өөрчилж, болих асуудал гарвал яах вэ гэж эмээж байна. Тэгэхээр баталгааг нь төр засаг, нийслэлээс шийдээд өгчихвөл гадаад, дотоодын компаниуд хөрөнгө оруулахад бэлэн байгаа.

-Эдгээр төсөлд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бол. Нийт хэдэн айлын орон сууц ашиглалтад оруулах вэ?
-Хөрөнгө оруулалтын хэмжээг нь тус тусад нь тооцож гаргасан. Жишээлбэл, Буянт-Ухаа хороолол орчмын сууршлийн бүст 35.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Төлөвлөсөн байршил болгон өөр өөрийн онцлогтой тул тэр бүгдэд нь таарсан хөрөнгө оруулалтын хэмжээг заасан. Гэхдээ хөрөнгө оруулалтыг нь ойролцоогоор тооцон гаргасан. Зураг төсөл нь нарийвчилж гарахад хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх, багасах асуудал гарч магадгүй.
Харин газрыг нь  нийслэлээс гаргаж өгнө. Буянт-Ухаа хороолол орчмын суурьшлын бүст л гэхэд 350 айлын орон сууц барина. Хан-Уул дүүргийн Морингын даваанд 2943 орон сууц 2382 амины орон сууц барих юм. Нийт 5325 өрх энэ бүст амьдарна гэсэн үг. Шинэ “Авто худалдааны төв” орчимд 640 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Мөн Хан-Уул дүүргийн Биокомбинатад 2870 өрхийн орон сууц барина. Одоогоор зураг төслийг нь боловсруулж судалгааг нь хийгээд дуусч байна.

-Амины орон сууц худалдан авах, барихад зээлийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой юу?
-Ямар бүст хамрагдаж буйгаас шалтгаалж төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлнэ. Тухайлбал, өөрийн газар дээр барьж байгаа эсэх, дулааны хэмнэлттэй технологи ашиглах зэргээр ялгаатай хөнгөлөлт эдэлнэ. Одоогоор амины орон сууцны зураг төслийг нэг загвараар хийгээд батлуулах шатандаа явж байна.

-Түрээсийн орон сууцанд иргэд хэзээнээс орж эхлэх юм бол. Хэдэн орон сууц олгох вэ?
-Одоогоор иргэдээс орон сууц түрээслэх санал авч байна. Бид мэдээллийн программтай болсон. Үүгээр орон сууц түрээслэх иргэдийн судалгааг авч байгаа. Зөвхөн санал авч буй тул яг тодорхой тоо баримт гаргаагүй.  Ойролцоогоор 2000 га­руй өрх орон сууц худалдаж авах­гүй, түрээслэнэ гэсэн. Тэ­гээд түрээслэх явцдаа өмчлөх со­нирх­лоо илэрхийлээд байгаа юм.

-Өрхийн орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэлээ. Тэгэхээр нэг ам метр талбайн үнэ хэдэн төгрөг байх бол?
-Нэг ам метр талбайн тооцоо гараагүй. Гэхдээ нэг ам метр талбай нь 1.5 сая төгрөгөөс дээшгүй байх судалгаа хийсэн. Үүнээс ч хямдруулах шаардлага бий. Бид өнөөдөр орон сууцны нэг ам метр талбай нь зах зээлийн бодит өртгөөр хэдэн төгрөгт босч байгааг тогтоосон.  Энэ судалгаанд үндэслээд бодоход 1-1.1 сая төгрөг гэсэн хувилбар гарч ирж байгаа юм. Гэхдээ газрын байршил, барилгын материал зэргээс хамаарч тухайн орон сууцны үнэ тогтож байгаа шүү дээ. Иргэдийн талаас авч үзвэл бага, дунд орлогтой гэр бүл олон.
Жишээ нь, сард 1.2-1.4 сая төгрөгийн орлоготой гэр бүлүүд бий. Бидний орон сууцжуулах зорилтод бүлэг гээд байгаа нь эдгээр өрхүүд. Тэгэхээр тэдэнд зориулсан бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлага байгаа юм. Ингээд “Зорилтод бүлгийн орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр боловсруулаад байна.

-Түрээсийн орон сууцнаас гадна урьдчилгаа төлбөрийг нь бүрдүүлэх ямар боломж байна. Энэ талаар судалгаа хийсэн үү?
-Арилжааны банкуудтай аль болох тулж ажиллах хэрэгтэй байгаа. Иргэдийн эхлээд төлөх урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 10 хувь болгон  бууруулах шаардлага бий. Үлдсэн 20 хувийг нь төр эсвэл банк хариуцаж, иргэд аль болох орон сууц худалдан авах аятай нөхцөл бололцоог бүрдүүлэх хэрэгтэй байна. Гадаад орнуудын туршлага, ипотекийн зээлийн эрх зүйн орчин, журмыг нэлээд судаллаа. Ойрын хугацаанд ямар нэг шийдэлд хүрнэ гэж бодож байгаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж нэлээд ярьсан. Өнөөдөр зарим иргэд газраа чөлөөлж хохирч үлдлээ гэсэн гомдол гараад байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Манай корпорацын мэ­дэлд хоёр орон сууц бий. Үүнд гэр хорооллын дахин төлөвлөлтын асуудлаас болж хохирсон иргэдийг түр суурьшуулсан. Цаашид энэ алдааг давтахгүй байх ёстой. Гэр хороололд дахин төлөвлөлт нэрээр орон сууц барьсан. Гэвч  дахин төлөвлөлтөөр баригдсан, өөр газарт ашиглалтад орсон орон сууцны үнэ ялгаагүй байгаа юм.  Харин ч дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууцнаас хүн авахыг тэр бүр хүсэхгүй байна.
Ийм учраас дахин төлөвлөлтийн төсөл арай дутуу хийгдсэн гэж үзэж байгаа. Одоо энэ хөтөлбөрийг боловсронгуй болгох, дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууц худалдан авсан хүнийг ямар боломж бололцоогоор хангах талаар ярилцаж байна.  Үүнийг НИТХ-д танилцуулж, уг хөтөлбөрийг цаашид хэрэг­жүүлэх эсэх шийдвэр гарна.

-Манай улс эдийн засгийн хямралаас гарахын тулд ОУВС-гаас тусламж авахаар боллоо. Гэтэл татварууд нэмэх, хөрөнгө оруулалт танах зэрэг асуудалд хүрсэн. Энэ нь орон сууцны хөнгөлөлтэй зээлд хэрхэн нөлөөлөх бол гэж та харж байна?
-Ипотекийн зээл өнгөрсөн онд хэсэг хугацаанд зогсонги байдалд орсон. Одоо энэ зээл зогсонги байдлаас гарч хөдөлгөөнд орж эхэлсэн. Энэ бол бидний цаашдын ажил хөврөх боломж.  Өөрөөр хэлбэл бидний боловсруулсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Хөнгөлөлттэй зээлээр  орон сууц худалдан авах бололцоотой иргэд олон байна. Ийм учраас бид ипотекийн зээлийг иргэдэд учрах хүнд­рэл бага, хүртээмжтэй хэлбэ­рээр хэрэгжүүлэх нь чухал. Иргэдийг орон сууцтай болго­ход урьдчилгаа төлбө­рийн нөхцөлийг хөнгөвчлөхөөс гад­на төрөөс ямар туслалцаа дэмж­­лэг үзүүлэх боломж бү­рийг тусгаж шийдсэн хөтөлбөр гар­­гаж ирэх шаардлагтай байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан