АНУ-ын Элчин сайдын яамнаас дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан солилцооны шинэ хөтөлбөр зарлажээ. FLEX буюу Ирээдүйн манлайлагчид хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдад АНУ-д нэг хичээлийн жил суралцах боломж олгох Төрийн департаментын санхүүжилттэй боловсролын солилцооны хөтөлбөр юм. Хөтөлбөрийн эхний жил буюу 2017 оны хавар 9-10 сурагч сонгон шалгаруулалтаар тодруулж, шалгарсан оролцогчид намар нь АНУ-ыг зорих юм. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын сүүлээр нийтэд мэдэгдэнэ хэмээн ЭСЯ-наас мэдээллээ.
АНУ-ын Элчин сайд Женнифер Зимдал Галт “Дэлхийн улс орнуудын шилдэг сурагчдыг нэг жилийн хугацаагаар АНУ-ын шилдэг сайн ахлах сургуульд суралцах боломж олгох хөтөлбөрт Монгол улс энэ жилээс нэгдэж буйг зарлахдаа би сэтгэл хангалуун байна. Бид 30 жилийн ойн баярынхаа үеэр Монгол улсыг энэхүү хөтөлбөрт хамруулах болсондоо туйлын баяртай байна” хэмээсэн юм.