Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Манлайбаатар: Өрхүүд жилийн орлоготойгоо тэнцэх хэмжээний зээлтэй байна


Т.ЖАНЦАН


Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, эдийн засагч З.Манлайбаатартай Монгол Улсын нийгмийн дундаж давхарга, өрхийн орлого, зарлага ямар байгаа талаар ярилцлаа.
Тэрбээр ийм судалгааг Үндэсний статистикийн хорооны олон жилийн дундаж тоо баримтад тулгуурлан харьцуулж хийсэн гэв.


-Дундаж давхаргыг яаж тодорхойлж байна. Мон­голд энэ талаар судалгаа хэр хийсэн байдаг юм бол?
-Ийм судалгаа манай улсад өмнө нь хийгдэж л байсан. Дундаж давхарга гэдэг тодорхойлоход түвэгтэй ойлголт. Тухайн өрхийн орлогод эсвэл хэрэглээнд нь үндэслэн тооцоо судалгааг хийх үү гээд асуудал олон гарч ирдэг.  Мөн тухайн өрхийн эзэмшиж буй баялгаар тодорхойлж болох талтай.
Иймд судалгааны аргачлалаас хамаарч үр дүн нь янз бүр гардаг. Олон хүчин зүйлийг харгалзан үзэж янз янзаар хэмжиж гаргах арга зүй эдийн засгийн ухаанд бий. Бид Монголын дундаж давхаргын энэ удаагийн судалгааг 2002, 2008, 2014 оны өрхүүдийн түүвэр судалгаанууд ашиглан хийлээ. Урд нь өрхийн хэрэглээнд суурилж дундаж давхаргыг хэмжиж гаргасан нь элбэг байдаг. Эсвэл зөвхөн нэг оныг сонгож хийсэн нь ч байсан. Иймд бид урт хугацаанд Монголын дундаж давхарга хэрхэн өөрчлөгдсөнийг харахыг зорьсон юм.
Ингээд Үндэсний статистикийн хорооны өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд тулгуурлан дундаж давхаргыг хэмжиж гаргалаа. Энэ мэдээллийг ашиглаад харвал дундаж давхаргаа хэрхэн, яаж тодорхойлохоос хамаарч өрхийн орлого, зарлага янз бүрээр хэмжигдэж байна.

-Дундаж давхаргыг хэм­жих эдийн засгийн ямар ямар тодорхойлолт байна. Манай улсад тохирох тодорхойлолт нь юу гэж та харав?
-Зарим эрдэмтдийн санал болгож буй тодорхойлолтоор ядуурлын шугамтай ойр өрхийн нэг хүнд ногдох хэрэглээ сард 2-10 эсвэл 2-26 ам.доллар байвал дундаж давхаргад тооцно гэсэн байдаг. Мөн өрхийн нэг хүнд ногдох сарын хэрэглээ 10-100 ам.доллар байвал дундаж давхарга гэж үзэх тал ч бий. Энэ нь тухайн орны хөгжлийн түвшинтэй холбоотой. Иймд дундаж давхаргыг хэмжих босгыг харилцан адилгүй янз бүрээр тавьж байгаа юм. Өөр нэг тодорхойлолтоор өрхийн орлогын тархалт ямар байгаагаар авч үзнэ. Өөрөөр хэлбэл, бага орлоготой хэсэгт олон өрх байна уу, эсвэл дунд хэсэгт нь шигүү байна уу гэж тархалтын хэлбэрт нь үндэслэн гаргаж ирдэг тодорхойлолт бий. Бид эдгээр тодорхойлолтыг үндэслэн Монголын дундаж давхаргыг хэмжиж үзсэн. Тэгэхдээ судлахад арай хялбар, жил жилээр нь харьцуулаад үзэх боломжтой гэдэг үүднээс медиан өрхүүд буюу өрхүүдийг орлогоор нь багаас их рүү нь жагсаан судаллаа. Ингэхээр орлогын тархалт гэдэг зүйл гардаг. Өөрөөр хэлбэл өрхүүдийн орлогын их багын дундаж цэгийг тогтооно гэсэн үг. Эндээс өрхүүдийн 50 хувь нь их, 50 хувь нь түүнээс бага орлоготой байгааг тогтоож харж буй юм. Тэгэхээр медиан өрхийн орлогод суурилсан аргачлал нь арай тогтвортой, цаашид харьцуулалт хийхэд тохиромжтой гэсэн бодол байна.  Гэхдээ тухайн судлаач ямар зорилго тавьснаас аргачлал нь хамаарах учиртай.  Жишээ нь, өмч хөрөнгө талаас нь дундаж давхаргыг тодорхойлж болно.  Мөн өр төлбөр, зарлага талыг нь сонирхох эсвэл өрхийн хэрэглээг судалж болох юм.

-Тэгвэл Монгол Улсын дундаж давхаргыг хэрхэн хэмжиж ямар үр дүн гаргаад байна вэ?
-Статистикийн тоо баримт, дундаж давхаргын тодорхойлолтууд дээр үндэслээд Монгол Улсын дундаж давхаргыг хэмжиж үзэхэд зарим тодорхойлолтоор манай улсын дундаж давхарга 2014 онд нийт өрхийн 30 хувь­тай гарсан. Мөн 90 хувь­тай гарах нь ч бий. Үүнд, үндэс­лээд дундаж давхаргад ямар хэв шинжийн хүмүүс байна гэдгийг нь нарийвчилж тооцох шаардлагатай гэж үзсэн.  Ин­гээд илүү нарийвчлан тооц­вол Монголын нийт өрхийн 61 хувь нь дундаж давхаргад хамаарч байна гэж тодорхойллоо.

-Тэгэхээр дундаж давхаргын нэг өрхийн сарын орлого, зарлага нь хэдэн төгрөг байна вэ?
-Судалгаанаас харахад 2014 оны өртөгөөр тооцвол нэг өрхийн нэг хүнд ногдох жилийн орлого нь 2-6 сая орчим төгрөг байгаа. Ийм орлоготой өрх дээр хэлсэн 61 хувийг эзэлж байна. Гэхдээ дундаж давхаргыг хэмжиж гаргана гэдэг бол үргэлж маргаан дагуулдаг асуудал гэдгийг онцлох ёстой. Болдогсон бол тухайн өрхийн хөрөнгө чинээ, хадгаламжид хэдэн төгрөгтэй зэргийг харгалзан тогтоовол илүү үр дүнтэй. Гэвч ингэж судлахад түвэгтэй. Ерөнхийд нь статистик мэдээлэлд тулгуулан гаргаж байгаа юм.

-Манай улсад нэг өрх дунджаар хэдэн гишүүнтэй байна. Нэг гишүүн өдөрт хэдэн төгрөгийн орлого олж бас зарцуулж байгааг нарийвчлан тогтоосон уу?
-Энэ нь өрхийн хэв шинжээс хамаарч өөр өөр гарна. Гэхдээ үүнийг тодорхойлохын тулд бүх өрхийг орлогоор нь жагсаасан. Ингээд хамгийн их ба хамгийн бага орлоготой өрхийн төв цэгт нь байгаа өрхийг авч үзэхэд 2014 оны байдлаар нэг хүнд ногдох орлого нь жилийн 3.1 сая төгрөг гарсан. Үүнээс гадна өрхийн орлого, зарлагыг сар бүр Үндэсний статистикийн хороо тогтоож байгаа.

-Өрхүүдийн хадгаламж, зээл ямар хэмжээнд байна вэ?
-Судалгааны үр дүн­гээр дундаж орлоготой өрхүүдийн 30 орчим хувь нь хадгаламжтай байгаа юм. Монголбанкнаас өрхүүдийн орлого, өр зээлийн байдлын статистик гаргадаг.  Эндээс манай өрхүүдийн зээлийн дарамт нэлээд ихэссэн дүр зураг бий. Өнгөрсөн оны эцсийн байдлаар өрхийн хэрэглээнд харьцуулсан өр төлбөр 100 хувьд их дөхсөн дүн бий. Тэгэхээр өрхийнхөө жилийн орлоготой тэнцэх хэмжээний зээлтэй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг өрх дунджаар 10 сая орчим төгрөгийн зээл жилд төлж байгаа юм. Манай өрхүүд их ачаалалтай амьдарч байгаа нь тодорхой байна. Мэдээж  дийлэнх нь ипотекийн зээл. Гэхдээ энэ бол манай судалгаанаас өөр тоо баримт гэдгийг хэлмээр байна. Би судалгаандаа зөвхөн дундаж давхаргатай холбоотой асуудлыг хөндсөн юм.  

-Таны судалгаагаар Монголын нийт өрхийн 61 хувь нь дундаж давхаргад хамаардаг гэлээ. Тэгвэл үүнийг цаашид тэлэх, нэмэгдүүлэх ямар боломж нөхцөл байна уу?
-Хүмүүсийн орлогыг илүү нарийвчилж судалсан. Ингээд үзэхээр нийт өрхийн орлогын 60 хувь нь цалингаас бүрдэж байна. Ялангуяа Улаанбаатар хотын өрхүүдэд гол орлого нь цалин байгаа юм. Харин хөдөө орон нутагт нэг өрхийн жилийн нийт орлогын 25 хувийг цалин бүрдүүлдэг тооцоо гарлаа. Хүмүүсийг ажилтай байлгах бодлого л хямралын эсрэг гол арга хэмжээ болох юм. Ингэснээр дундаж давхарга буурахгүй эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэсэн үг. Яагаад гэвэл бидний судалгаа 2014 оноор хязгаарлагдсан. Гэтэл үүнээс хойш өрхийн орлого эрс буурсан. Дахин судалгаа хийвэл Монголын дундаж давхарга буурсан тоо баримт гарна. Өрхийн орлогод бас чухал байр суурьтай зүйл бол хувийн бизнес. Хэдийгээр 2002 онтой харьцуулахад бизнесийн хувь нь буурсан ч өрхийн орлогод өндөр хувь эзэлдэг хэвээр байна. Иймд хувиараа бизнес эрхлэх бодлого төр засаг хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн нийгмийн халамж чамгүй хувийг эзэлдэг. Энэ орлого өмнөх жилүүдээс байнга өсч ирсэн дүр зураг бий. Халамж нэмэх нь хэр зөв бодлого юм бол доо гэх асуултыг мартаж болохгүй. Яахав зорилтот бүлгүүдийн халамжийг нэмж болно. Гэхдээ халамжаас илүү иргэдийг ажилтай, бизнесийн орлоготой байлгах нь чухал юм. Бас нэг анхаарах зүйл бол хөдөөгийн өрхүүд. Сүүлийн жилүүдэд тэдний мал аж ахуйгаас олох орлого буурсаар ирлээ. Ялангуяа өрхийн жилийн орлогод эзлэх хувь хэмжээ нэлээд буураад байна. Иймд малчин өрхийн орлогод бас анхаарах шаардлага бий.

-Та өрхийн нэг гишүүний дундаж орлогыг тодорхой хэлсэн. Тэгвэл хот суурин газар амьдарч буй иргэд, малчин өрхийн орлогыг харьцуулж үзвэл аль нь илүү байгаа вэ?
-Хот суурин газар, хөдөө орон нутгийн өрхийн орлогын дундажийг харьцуулж үзсэн. Тэгэхэд хотын өрхийн орлого арай өндөр буюу 61, хөдөөгийнх 58 хувьтай гарсан юм. Гэхдээ үүнийг задлаад орлого бага ядуу өрхийг нь онцолж үзсэн. Хөдөөд ядуурал, бага орлоготой өрх олон байна. Яагаад гэвэл тогтмол цалин орлого байхгүй. Жилдээ нэг удаа орж ирдэг түр зуурын орлого нь илүү их жин дардаг. Энэ нь, малын ноос, арьс шир, ноолуурын орлого юм. Гэтэл зах зээлд малын гаралтай түүхий эдийн үнэ сүүлийн жилүүдэд уналаа. Иймд орлого багатай болж харагдаж байгаа юм. 
 
-Тэгэхээр та эдийн засагч, судлаач хүний хувьд Монгол Улсын нийгмийн баялгийн хуваарилалт ямар байна гэж дүгнэдэг вэ?
-Бид өрхийн орлогод суурилж судалсан. Орлого гэдэг нь нэг жилд орж ирж буй мөнгө. Баялаг гэхээр олон жил хурааж хуримтлуулсан зүйл. Үүнийг бид хэмжиж чадахгүй байгаа. Энэ талын тоо баримт одоогоор бидэнд алга. УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам томоохон судалгаа хийсэн байдаг тухай надад хэлж байсан. Энэ судалгаанд өрхүүдийн баялгийг тооцон гаргадаг. Тухайлбал, орон сууц, авто машин зэргийг энэ судалгаанд үндэслээд тодор­хой тоо баримттай гарган ирж болно. Хүн бүр л харж байгаа. Монголд баялгийн хуваарлилт тэгш бус байна гэдгийг. Орлогын хуваарилалтыг харахад нийгмийн орлогын 60 гаруй хувь нь дундаж давхаргад ногдож буй юм. Өндөр орлоготой өрхүүд нийт өрхийн  10 гаруй хувийг эзэлдэг ч нийгмийн орлогын 30 гаруй хувийг авч байна. Зөвхөн энэ судалгаанаас харахад орлогын хуваарилалт маш тэнцвэргүй байдалд орох шинжтэй байгаа юм. Гэхдээ бидний судалгаандаа ашиглаж байгаа Үндсэний статистикийн хорооны мэдээлэл нь супер баячуудыг хамардаггүй. Тэд орлого, зарлагаа мэдээлэхгүй. Тэгэхээр ийм түвшинд орлогын хуваарилалт тийм болжээ гэж судлахад маш хэцүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан