Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Албан бус тэргүүн хадагтай

Б.СЭВЖИДМАА

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-д айлчлах үеэр Ерөнхийлөгч Д.Трампын охин Иванка түүнтэй зэрэгцэн сууж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцлаа. Цагаан ордонд болсон дугуй ширээний ярилцлагад Иванка Трамп ямар ажил үүргийн хуваарьтайгаар оролцсон нь тодорхойгүй ч түүнийг Жастин Трюдогийн хажууд суулгаснаар гүйцэтгэх үүрэг нь хөрш орны Ерөнхий сайдаас дутахааргүй гэж үнэлснийх биз ээ.

Иванка Трамп одоогоор Цагаан ордонд тодорхой албан тушаал хашдаггүй. Гэхдээ Цагаан ордны үйл ажиллагаанд идэвхийлэн оролцохоор хувийн бизнесийн ажлаасаа албан ёсоор татгалзаж, нөхрөө даган Вашингтонд нүүж ирээд, өмнөх Ерөнхийлөгч Б.Обамагийнх нүүж ороод удаагүй шинэ байрны хажууханд хөрш болон төвхнөсөн юм. Түүний нөхөр Жаред Кушнер Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томилогдсон бол Иванка албан ажил, үүрэг хүлээгээгүй .

Тэргүүн хатагтай Меланья Трамп хавар хүртэл Цагаан ордонд нүүж ирэхгүй учраас Иванка тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэх нь хэмээн нэг хэсэг хэвлэлүүд шуугьсан. Харин тэрээр үүнийг ABC-д өгсөн ярилцлагаараа үгүйсгэж “Энэ улсад ганцхан л тэргүүн хатагтай бий. Тэр бол Меланья. Тэр гайхалтай тэргүүн хатагтай байх болно” гэж хэлсэн.

Гэвч Меланьягийн эзгүй энэ өдрүүдэд Иванка тэргүүн хатагтайг орлож, Цагаан ордны албан болон албан бус үйл ажиллагаанд аавтайгаа хамт оролцсоор байгаа юм. Тухайлбал, Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн гэр бүлийг урьсан Мар-а-Лаго дахь амралт руу авч явахад Иванка Трамп хүүхдүүдтэйгээ хамт явсан юм. Мөн Ерөнхийлөгч цэргүүдтэй уулзах үеэр ч охин нь хамт байлцсан. Тийм ч учраас уламжлал ёсоор тэргүүн хатагтай нарт зориулагдсан Цагаан ордны Зүүн жигүүрт Иванка өөрийн гэсэн өрөөтэй болох уу гэдгийг хэвлэлүүд сонирхож байна. Харин тэрээр жинхэнэ тэргүүн хатагтайн үүргийг давж гарч анхаарал татахаас зайлсхийж буй ч Канадын Ерөнхий сайдтай дугуй ширээний уулзалтад оролцсоноос эхлээд ирэх дөрвөн жилд Трампын захиргаа, Цагаан ордонд нөлөө бүхий нэгэн байх нь тодорхой байна.

Ерөнхийлөгч Трампт гэр бүлээрээ зөвлөх үүрэг хүлээснээр Иванка Трамп, түүний нөхөр Жаред Кушнер хоёрыг “Вашингтоны хамгийн хүчирхэг, нөлөө бүхий гэр бүл” гэж нэрлэх болоод буй. Иванкагийн хувьд бодлогын ямар чиглэлд аавдаа зөвлөх нь тодорхойгүй ч эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт №1 сэдэв. Харин үүнээс цааш түүний нөлөө хэр ахих нь одоогоор мэдэгдэхгүй байна.

Хэдийгээр Иванка ашиг сонирхлын зөрчлийн талаар элдэв хэл амнаас болгоомжилж, компанийнхаа удирдлагаас огцорсон ч Трампын гэр бүлийн бизнесийг тойрсон хардлага сэрдлэг тасрахгүй байгаа. Үүн дээр ноён Трамп татвараа нийтэд ил тод мэдүүлэхгүй гэснээрээ олныг эргэлзээг бүр лавшруулсан юм.

Асар олон улс оронд бизнесийн ашиг сонирхолтой, олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг Трампын компаниудыг тойрсон маргаан сүүлийн өдрүүдэд улам бүр ээдрээтэй болж байгаагийн төвд Иванкагийн нэр байнга дурдагдсаар. Ерөнхийлөгчийг ашиг сонирхлоо ил тод тайлагнах хэрэгтэй гэж үзсэн хэсэг хүмүүс #Grabyourpocket хэмээх аян зарласан нь өдгөө Иванкагийн бизнест хүнд цохилт боллоо. АНУ-ын жижиглэн худалдааны томоохон компаниуд болох Nordstrom, Sears, Kmart өөрийн сүлжээ дэлгүүрт Иванка Трамп брэндийг худалдаалахаа зогсоосон. Nordstrom-ын зүгээс тус брэндийн борлуулалт хангалтгүй байгаа учраас өөрийн зай талбайгаас чөлөөлсөн гэж мэдэгдэж байгаа ч үнэн хэрэгтээТрампын бизнесийн ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй гэдгийг олон нийт сайн мэдэж буй. Ерөнхийлөгч Трамп ч үүнийг баталсан. Тэрээр Твиттерт охиноо өмгөөлж “Nordstrom” охинтой нь маш муухай харилцлаа гэж бичсэн. Үүгээр ч зогсохгүй, Трампын зөвлөх Келлиан Конвей телевизийн ярилцлагынхаа үеэр Иванка Трамп брэндээс худалдан авах хэрэгтэй гэж хэрэглэгчдийг уриалсан нь ёс зүйтэй алхам мөн үү гэсэн шүүмжлэлийг дагууллаа.

Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө аавынхаа байгуулсан эзэнт улсад хамгийн нөлөөтэй, дэд захирлын албыг хашиж байсан Иванка Трамп суудлаасаа огцорсон ч түүнийг бизнесийн ашиг сонирхлын хувьд цэвэр гэж олон нийт харахгүй байна. Учир нь түүний нөхөр Жаред Кушнер ч огт цалин хөлс авахгүй дөрвөн жил ажиллахын тулд өөрийн хэдэн тэрбумын эргэлттэй үл хөдлөх хөрөнгийн бизнесээ орхисон юм.

Гэхдээ олон нийтийн зүгээс хөрөнгө чинээ ихтэй Трампын гэр бүлийг ашиг сонирхлоо ил тод болгох хүртэл шахаж, санхүүгийн дарамт үзүүлэх шинжтэй байна. Хамгийн сүүлд “Neiman Marcus Group”,  “Belk Inc”зэрэг компани Иванкагийн үнэт эдлэлийн брэндийг дэлгүүртээ болон онлайнаар худалдахаа зогсоосон. Тооцоогоор “Trump Home” компанийн худалдаалдаг 31 нэр төрлийн бүтээгдэхүүнийг онлайнаас татсан байна. Ийнхүү түншүүд нь нүүр буруулсан нь Иванкагийн бизнест өнгөрсөн сараас илт мэдэгдсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сарын худалдаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 26 хувиар буурчээ. Сонгуулийн дараа ч биш, өнгөрсөн жил гэхэд Трампыг эсэргүүцэгчдийн нөлөөгөөр Иванка Трамп брэндийн борлуулалт “Nordstrom” дэлгүүрт 30 орчим хувиар унажээ.

Харин энэ цохилтыг Трампын гэр бүл хэр ноцтойгоор хүлээн авах нь удахгүй мэдэгдэх биз ээ. Иванка өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа “Аав маань Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул Вашингтонд очиж тус­лан,  өөрийнхөө карьерын тур­шид баримталж ирсэн эмэг­тэйчүүдийн асуудлаарх байр сууриа бодлого болгоход хувь нэмрээ оруулна” гэж хэлсэн.

Загварын ертөнцөд нэгэнтээ хүч үзэж байсан ч бизнесийн талбарт түүнээс илүү туршлагатай Иванка аавыгаа Ерөнхийлөгчөөр сонгогдоход гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг. Сонгуулийн кампанит ажилд Меланья Трамп ч үзэгдэхгүй байхад Иванка л эцгийнхээ хажууд байж, аавынхаа тухай дотно яриагаар сонгогчдын сэтгэлийг татахад нөлөөлсөн юм. Тэрээр Д.Трампыг хамгийн сайн мэдэх хүний хувьд шинэ Ерөнхийлөгчийг шүүмжлэхээсээ өмнө түүнд ажил хийж, өөрийгөө харуулах боломж олгооч гэж өнгөрсөн сард ABC телевизэд ярьж байсан удаатай.

0 Сэтгэгдэл
Сэтгүүлч минь ээ, ХАТАГТАЙ гэж бичдэг юм ш дээ
Хамгийн их уншсан