Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад: Бие биеэ өдөөн хатгах хэрэггүй

Б.СЭВЖИДМАА

Хойд Солонгос Японыг чиглүүлэн баллистик пуужин харваснаас 24 цагийн дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яам туршилтыг зэмлэсэн мэдэгдэл гаргалаа.
Хойд Солонгос пуужин туршсанаараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчиж буйгаас гадна өнөөгийн нөхцөл байдалд холбогдох талууд бие биеэ өдөөн хатгаж, Солонгосын хойгийн асуудлыг хурцатгах хэрэггүй гэж мэдэгдэлд дурджээ.

Үүнээс өмнө АНУ-Японы удирдагчдын хамтарсан мэдэг­­дэл болон Өмнөд Солон­­­го­сын зүгээс ч Хойд Солонгосын туршилтыг хүлцэж болошгүй өдөөн хатгалга гэж мэдэгдсэн.

Харин БНАСАУ-ын тал зорилгодоо хүрсэн мэт пуужингийн туршилтаа маш амжилттай боллоо хэмээн бахархалтайгаар зарлаж байна. Тэдний харвасан баллистик пуужин Пукгуксон-2 нэртэй, цөмийн хошуу залгах боломжтой, 3000-5500 километрийн алсад хүрэх чадвартай дунд тусгалын пуужин гэж мэдээлж байна. Харин туршилтын үеэр пуужин 500 километрийн зайд буюу Япон тэнгист унасан юм.

БНАСАУ-ын хувьд найрсаг харилцаатай үлдсэн цөөн хэдхэн улсын нэг нь Хятад. Тийм ч учраас Бээжинг Пьенянд шахалт үзүүлэх хэрэгтэй гэж Япон шаардсаны дараа Хятадын зүгээс дээрх мэдэгдлийг гаргасан.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн, Хойд Солонгосын гадаад худалдааны 90 хувийг дангаар эзэлдэг, мөн хөрш орны хувьд Хятадын байр суурь Пьенянд хамгийн чухал. Бээжингийн үгийг л Ким Чен Ун анхааран сонсох учраас Хятад Хойд Солонгост нөлөөлөх хэрэгтэй байна гэж Япон үздэг.  Харин БНХАУ-ын Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх байр суурь сүүлийн жилүүдэд чангарч байгаа ч АНУ, Япон, Өмнөд Солонгос шиг хатуурхдаггүй.

Энэ нь хөрш орны хувьд хэрэв Хойд Солонгост үймээн самуун дэгдвэл хил даван орж ирэх аюулаас болгоомжилж буй хэрэг гэж ажиглагчид үздэг. Нөгөө талаар Хойд Солонгосын цөмийн аюулаас сэргийлэх зорилготой гэлцдэг АНУ-ын пуужингаас хамгаалах системийг Өмнөд Солонгост байрлуулахыг Хятад стратегийн зорилгоор эсэргүүцдэг. Хэрэв хоёр Солонгосын хооронд дайн гарч, Өмнөд Солонгос яллаа гэхэд хуучин Умард Солонгос хил дээр буюу Хятадын хилд АНУ-ын цэргүүд тулж ирнэ. Тийм  ч учраас Хойд Солонгосын эсрэг яаран арга хэмжээ авахыг Бээжин түвдэхгүй байгаа юм хэмээн зарим ажиглагч үзэж байна.

0 Сэтгэгдэл
mongol yponii hartsaag hoid solongos saad hiine
Хамгийн их уншсан