Б.СЭВЖИДМАА
Энэ бол Хятадын Засгийн газрын 2017 онд хийхээр зорьж буй ажил. Тэд 3,4 сая хүнийг ядуу гэсэн ангиллаас бүр мөсөн гаргаж, шинэ тохьтой тухтай амьдралд хөл тавиулахын тулд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ. Зам харгуй, ус, цахилгаанд ч холбогдоогүй хөдөөгийн ядуу буурай тосгонд амьдарч буй гурван сая хүнийг дэд бүтэц, төрийн үйлчилгээ хөгжсөн томоохон хот руу нүүлгэн шилжүүлж, орон сууцаар хангах аж.
БНХАУ-ын ядуурлыг бууруулах томоохон хөтөлбөрийн дагуу энэ жил гурван сая хүн ядуурлаас ангижрах бол өнгөрсөн онд 2,49 сая хүний амьдралыг ийнхүү өөрчилсөн юм. Өнгөрсөн оны байдлаар Хятадын 22 аймаг мужид дахин төлөвлөлтийн хөтөлбөр хэрэгжиж, хөдөөгийн ядуу айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлжээ. Хотод шинэ амьдралаа эхлүүлэхээр ирсэн тэдгээр иргэдийг ажлын байраар хангаж, нийгмийн байдлыг нь хамгаалах тал дээр тухайн орон нутаг нь хариуцлага хүлээх юм байна.
БНХАУ 2020 он гэхэд бүх хүн амаа ядуурлаас гаргаж, ийм ангилалд багтах нэг ч хүнгүй болно гэсэн зорилго тавьсан. 2016 оны мэдээгээр ядуу гэсэн ангилалд багтаж буй 45 сая хүн Хятадад бий бөгөөд тэдний дийлэнх нь дэд бүтэц хөгжөөгүй алслагдмал нутагт оршин суудаг ажээ.