Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ Японы ард 100 хувь зогсоно

Б.СЭВЖИДМАА

Хойд Солонгос өчигдөр Японыг зүглүүлэн бал­листик пуужин харвалаа. Энэ үеэр АНУ-д айлчлал хийж байсан Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн хамтаар Дональд Трамп мэдэгдэл хийхдээ нэг өгүүлбэрээр л санаагаа тодорхой илэрхийлсэн юм. “Америкийн Нэгдсэн Улс өөрийн хамгийн сайн түнш болох Япон улсын ард 100 хувь зогсох болно гэдгийг хүн бүр ойлгоосой гэж хүсч байна” хэмээн Трамп тэмдэглэв. Түүний энэ санааг Хойд Солонгос төдийгүй дэлхий нийт анхааралдаа авсан нь лавтай.

АНУ шинэ Ерөнхийлөгчтэй болсноос хойш анх удаа Хойд Солонгос пуужин харваж байна.  “Хүлцэн тэвчишгүй өдөөн хатгалга” гэж Японы зүгээс мэдэгдсэн энэ удаагийн пуужинг Хойд Солонгосын хойд нутгийн Пёнган аймгаас харваж, тэр нь 500 км-ийн зайд Японы тэнгист унасан гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны эх сурвалж CNN-д ярьжээ. Дунд тусгалын гэж таамаглаж буй пуужингийн төрөл болоод хүчин чадлын талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй ч харвахаас нь эхлээд унах хүртэл нь АНУ-ын системээр ажиглаж байсан гэж тус улсын армийн эх сурвалж мөн мэдэгджээ.

Хойд Солонгос өнгөрсөн онд нийтдээ 24 удаа пуужин харвасан бол энэ жилийн хувьд Японы Ерөнхий сайдыг Америкт айлчилж байх үеийг тааруулан анхны пуужингаа сумлажээ. Энэ бол яах аргагүй өдөөн хатгалга гэж Япон, Өмнөд Солонгосын зүгээс мэдэгдэж, олон улстай хамтран энэ үйлдлийн хариуд зохих шийтгэлийг нь амсуулах болно гэж байна. Өмнөд Солонгосын тухайд пуужин харвасны дараа Аюулгүй байдлын зөвлөл нь шуурхай хуралдсан бол Япон улс Бээжин дэх Хойд Солонгосын ЭСЯ-аар дамжуулан эсэргүүцлээ илэрхийлжээ.
Америкийн чөлөөндөө гарсан генерал Марк Хертлин Хойд Солонгосыг пуужингийн технологио сайжруулахын тулд туршилт маягаар Япон тэнгис рүү харвасан гэж таамаглаж байгаа аж. Тэд хэр хол тусгалтайгаас эхлээд техникийн үзүүлэлтүүдийг нь тодорхойлохын тулд л пуужин харваж.

Өнгөрсөн сард АНУ-Өмнөд Солонгосын албаныхан Хойд Солонгосыг хоёр ч тив алгасагч баллистик пуужинг ойрын үед харвахаар бэлтгэж байгаа хэмээн мэдээлж байсан. Хойд Солонгос тив алгасагч пуужин дээр ажиллаж байгаа гэж мэдэгдэж, цэргийн парадаар харуулдаг ч амжилттай туршсан удаагүй. Тийм ч учраас Хойд Солонгосын урт тусгалын пуужин гэдэг ердөө л үлгэр гэж үздэг экспертүүд ч бий. Гэхдээ тус улс пуужингийн технологио сайжруулах тал дээр тасралтгүй ажиллаж, олон арван туршилт хийсээр байгаа нь үнэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор ёсоор Хойд Солонгос баллистик пуужин эзэмших, ашиглах хориотой боловч өнгөрсөн онд усан доогуур шумбагч хөлгөөс баллистик пуужин харваж байсан билээ.


19 секунд гар барьсан нь сайны дохио юу?

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаа нь эхлэхээс өмнө Япон, Солонгос, НАТО-гийн гишүүд гээд ойрынхоо түншүүдийн талаар уламжлалт байр сууриас өөр бодлого баримталж магадгүй гэсэн эргэлзээ төрүүлж байсан бол энэ удаагийн явдлын дараа Японы ард 100 хувь зогсоно гэж бататгасан нь Шинзо Абэгийн айлчлалын нэг ололт гэж хэлж болох юм.

Шинзо Абэгийн энэ удаагийн айлчлал бол  АНУ-ын өмгөөлөл хамгааллыг бататгах зорилготой гэж ажиглагчид харж байсан. Түүний хүссэн хариултыг ч Трамп өглөө.
БНХАУ цэрэг зэвсгийн хувьд их гүрэн болон нөлөөгөө тогтоох гэж оролдож, Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байгаа энэ үед Японд АНУ-ын дэмжлэг туйлын чухал.

Хоёр улсын удирдагч хамтарсан мэдэгдэл хийх үед Трамп “АНУ-Японы холбоо харилцаа бол Номхон далайд энхтайвныг тогтоох тулгын чулууны нэг” гэж хэлээд холбоотныхоо аюулгүй байдлыг хамгаалах нь АНУ-ын үүрэг хариуцлага юм гэж онцолсон. Абэ ч түүний санааг дэмжээд цэрэг, улс төрийн харилцаанаас гадна эдийн засаг, худалдааны харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх нь чухал гэж хэллээ.
Трамп өнгөрсөн сард Японы хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг “Тоёота”-г Мексикт үйлдвэр барих болсныг дуулаад “Нэг бол АНУ-д үйлдвэрээ барь. Үгүй бол өндөр татвар төл” гэж твиттерт шуудхан жиргэсэн. Хоёр улсын худалдааны тал дээр Трамп бүрэн сэтгэл хангалуун байгаа гэж хэлэхэд бэрх. Тиймээс худалдааны асуудлаар Шинзо Абэ айчлалынхаа төгсгөл үеэр Трамптай ярилцах байх гэсэн таамаг байна. Тэр дундаа Трампын гарахаа мэдэгдсэн Номхон далай дамнасан түншлэлийн гэрээний талаар ярилцах бололтой. Токио энэ гэрээний талд хүчтэй зогсч байгаа.

Трамп бүрэн эрхийн хугацаа нь эхэлснээс хойш улсдаа хүлээн авсан хоёр дахь удирдагч нь Шинзо Абэ болж байна. Тэрээр Японы Ерөнхий сайдын гэр бүлийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Флорида дахь Мар-а-Лаго клубт урьж, гольф тоглосон юм. Хоёр удирдагч Цагаан ордонд уулзаж зураг авахуулах үеэр Трамп Абэгийн гарыг 19 секундийн турш барьсан нь энэ удаагийн айлчлалын бас нэг сонирхолтой хэсэг байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан