Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Дэлгэрсайхан: 2017 онд эдийн засаг нааштай байх суурь тавигдаж байна


Б.МЯГМАРЖАВ


Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай монголын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал болон 2017 онд манай улсын эдийн засаг ямар байх дүр зураг харагдаж буй талаар ярилцлаа.

-Манай улсын эдийн засаг хямралтай хүнд байна. Үүнээс гарах гарцын талаар ярилцлагаа эхлүүлье?
-Монголчуудын хувьд эдийн засгийн хүнд үедээ явна. Хараахан даван туулж гараагүй байна. Харин үүнээс цааш хүндрүүлэхгүй байх шаардлага бидний өмнө тулгараад байна. Мөн эдийн засгаа хохирол багатайгаар буцааж сэргээх ёстой. Одоо манай улсад эдийн засгийн хувьд олон хүндрэлтэй асуудал бий. Нэгдүгээрт, өрийн дарамт, дараа нь  улсын эдийн засаг суларсан, доройтсон байдалтай. Гуравдугаарт,өмнөх жилүүдэд ялангуяа сүүлийн дөрөв, таван жилд төсөв, өрийн удирдлагын байдал маш дордсон, төрийн бодлогын алдаатай байдал нь улс орны эдийн засагт нэлээд том саад болж байгаа. Өнөөдөр бид хямралын гүнзгий байдалд байна гэж хэлж болно.

-2017 онд манай улсын эдийн засаг ямар байх төсөөлөл харагдаж байна вэ?
-Дээр би хямралыг гүнзгий түвшинд байгаа талаар хэлсэн. 2017 он бидний хувьд 2016 оноос нааштай он жил болох дүр зураг харагдаж байгаа. Энэ нь, нэгдүгээрт Засгийн газрын зүгээс хийж байгаа үйл хөдлөлүүд харьцангуй гайгүй харагдаж байна. Өрийн асуудал болон төсвийн алдагдлаа шийдвэрлэх, эдийн засгийг хөгжүүлэх зөв бодлогыг барьж чадвал 2017 оны эдийн засаг 2016 оноос эдийн засгийн өсөлттэй он болох боломжтой. Үүнд мэдээж дэлхийн эдийн засгийн байдал, эрдэст бүтээгдэхүүний үнэ ханш эерэгээр нөлөөлнө. Дээр нь Засгийн газрын хувьд Тавантолгой болон томоохон төслүүдийн хүрээнд монголын эдийн засагт нийцсэн өмнөх бодлогоосоо илүү сайжирсан бодлого  барих чиг хандлагатай байна. Тавантолгой болон Оюутолгойд Засгийн газар зөв бодлого баримтлах мэдэгдэл, үйл хөдлөлүүдийг хийж байна. Үүн дээр нэмээд УИХ-аар батлагдсан эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөнд тусгагдсан гол ажлуудыг зөв, хурдан эхлүүлж чадвал илүү эерэг байдалд хүрэх боломжтой гэж харж байна.

-Валютын өсөлт иргэдийн амьдралд шууд нөлөөлж байдаг. Энэ онд валютын хэлбэлзэл ямар байх таамаг байгаа бол?
-Энэ оны эхний хагаст валютын өсөлтийн савалгаа гарахгүй байх. Үүнд, нэгдүгээрт эдийн засаг өөрөө суларсан валютын эрэлт харьцангуй муу байна. Хоёрдугаарт, Засгийн газрын зүгээс болон Төвбанк, Хөгжлийн банк өрийг давах тал дээр нилээд итгэлтэй байна. Энэ шийдлийн хүрээнд Монгол Улсын валютын нөөцөд халдалгүйгээр өнөөдрийн валютын эрэлт нийлүүлэлтэд хүчтэй нөлөөлөлгүйгээр давах боломжтой талаар Засгийн газрын  зүгээс удаа дараа мэдэгдэл гаргасан. Иймээс валютын өсөлт савалгаа  энэ оны эхний хагаст гайгүй байна байх.
Харин оны сүүлийн хагаст эдийн засгийн идэвхжил, Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд ямар үр дүнд хүрэхээс шалтгаалж ханшид тодорхой өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийн байгаа энэ ханш харьцангуй өндөр ханш. Уг  ханшийг хүлээн зөвшөөрөх нь тийм сайн зүйл биш. Одоогийн байдлаар 2460 төгрөг байна. Үүнийг бид цаашдаа аль болох бууруулах шаардлагатай. Ингэхийн тулд валютын орох урсгалыг дэмжиж, гарах урсгалуудыг хязгаарлах урт хугацааны бодлого авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн хөрөнгийн зах зээл санхүүгийн тогтолцоогоо сайжруулах, хүн амыг ажилтай орлоготой болгох, төрийн удирдлага буюу төсвийн удирдлагыг сайжруулах цогц асуудлыг зөв шийдээд явж чадвал бид урт хугацаанд валютын байнгын өсөлтөөс айх зүйлгүй. Мөн байнга гадаад зах зээл дээрх эрдэсийн үнээс хамаарсан эдийн засагтай байхгүй. Одоо бид богино хугацааны хүндрэлээ даваад урт хугацаанд харьцангуй тогтвортой хөгжих суурийг өнөөгийн эдийн засгийн хүнд байгаа мөчид шийдэж чадах хэрэгтэй. Харин өмнөх шигээ байнгын өр аргацаасан за энэ өрийг давчихлаа энэ асуудлыг шийдчихлээ гээд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх байдлаар дараагийн асуудал хүртэл амар амгалан байгаад байдаг тогтолцоогоор бид хол явахгүй.

-Тэгвэл манай улсын валютын орлогыг бүрдүүлэх гол зах зээл Хятадын эдийн засгийн тухайд?
-БНХАУ-ын эдийн засаг дэлхийн эдийн засгийг тодорхойлж байгаа нь үнэн. Зүүн Өмнөд Азийн эдийн засаг Хятадын эдийн засгаас хамаарч байгаа. Хятад улсын эдийн засгийн нөхцөл байдал ялангуяа эрдэсийн бүтээгдэхүүний импортын асуудал бидэнд илүү нөлөөлнө. Гол эрдэсийн бүтээгдэхүүнээ экспортолж байгаа гангийн үйлдвэрлэл, нүүрсний хэрэглээ, зэсийн худалдан авалтын асуудлууд Хятадаас хамаарч байгаа. Хоёрдугаарт бид Хятадаас олон зүйл импортоор авдаг. Хүнсний бүтээгдэхүүн болон бусад бараа бүтээгдэхүүнд Хятадын эдийн засгийн бага зэргийн сааралт нөлөөлөх нь бага. Бас нэг нааштай зүйл нь тус улсын  эдийн засгийн өсөлт өндөр аж үйлдвэрийн гарц сөрөг таамагтай байсан ч 2016 онд эерэг гарсан. Дэлхийн эдийн засгийн шинжилгээний байгууллагуудын таамаглаж байснаас харьцангуй өндөр өсөлттэй байсан. Энэ нь Хятадууд эдийн засгийн бодлогоо өөрчилсөн нь нөлөөлсөн байх. 2017 онд миний харж байгаагаар гадаад зах зээлээс хамаарах хамаарал багатай сөрөг нөлөөлөл багассан он жилүүд байна байх. Ер нь, бидний өнөөгийн хямралын шалтгаан гадаад зах зээл гэхээсээ илүүтэй биднээс хамаарсан хямрал байгаа. Тиймээс Засгийн газар үүнийг олж харж дүгнэх, өмнөх Засгийн газруудын алдааг давтахгүйг хичээж зөв хөдөлж эхэлж байх шиг байна. Энэ үйл хөдлөлөө цааш нь сайжруулж чадах юм бол 2017 он нааштай жил болно. Мөн үүнд нөлөөлөх улс төрийн нөлөөлөл хэдийчинээ бага байвал үр дүн төдий хэмжээгээр нэмэгдэх болно.

-Монголбанк Засгийн газраас хараат байх болсон. Ер нь, Төвбанкны үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?
-Монголбанк хууль эрхзүйнхээ хувьд харьцангуй бие даасан байдалтай байгаа юм шиг харагддаг. Гэвч бие даасан байдал  алдагдсан. Хуульэрхзүйн хувьд ч шинэчлэл хийх хэрэгтэй. Банкны ерөнхийлөгчийг улс төрийн зорилгоор томилж, томилогдсон ерөнхийлөгч нь улс төрийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж байна. Ялангуяа өнгөрсөн хэдэн жил Монголбанк Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллаж гар хөл нь болж байгааг харж болохоор байлаа.  Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээл болон бусад хөтөлбөрт улс төрийн өнгө аясыг дагасан шийдвэрүүд гарч байсан. Сүүлдээ Засгийн газрын зарим “сайн” хөтөлбөрүүдэд хүртэл Монголбанк оролцож байх жишээтэй. Сүүлийн үед асуудал дагуулаад байгаа Эрдэнэт үйлдвэрийн асуудалд ч гэсэн Монголбанк тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байдалтай байна гэж ажлын хэсэг дүгнэсэн байсан. Бид зөв санхүүгийн тогтолцоотой байя гэвэл Монголбанкны бие даасан хараат бус байдлыг хангаж өгөх ёстой. Эрх зүйн талаасаа ч хуулийн хэрэгжилтийн тал дээр ч тэр. Бие даасан байдалгүйгээр зөв мөнгөний бодлого, мөнгөний урсгалыг удирдаж чаддаг Монголбанктай болж чадахгүй. 2017 оны Монголбанкны бодлогын хүрээнд Төвбанкны хараат бус бие даасан байдлыг хангах зорилт анх удаа орж ирсэн байна билээ. Энэ бол сайн зүйл. Монгол Улсын хувьд мөнгөний бодлого Төвбанкны бие даасан хараат бус байдал нь хууль эрхзүйн хувьд харьцангуй гайгүй байдаг хэрнээ бодит байдалд хэрэгжилт нь  алдагддаг. Энэ нь монголд хууль дээдлэх ёс зүй алдагдсан гэдгийн нэг жишээ.

Эдийн засаг дархлаа муу байгаа энэ үед гадаадын банкыг оруулж ирэх нь сайн зүйл биш

-Гадаадын банкыг  оруулж ирэх нь зөв, буруу гэсэн санал гарч ирж байгаа. Та эдийн засагч хүний хувьд хэрхэн харж байна вэ. Хэрэв манайд орж ирвэл ямар сөрөг болон давуу тал байх вэ?
-Өнөөдрийн нөхцөлд эдийн засгаа сэргээх талаар Засгийн газрын зүгээс олон байр суурь хэлж байна. Үүний нэг жишээ нь монголын санхүүгийн салбарт гадны томоохон санхүүгийн байгууллага оруулж ирж өөрчлөх талаар улс төр, хувийн хэвшлийн хүрээнд өөр өөрийн өнцгөөс ярьж тайлбарлаж байна. Зарим хүний байр суурийг харахад зөвхөн өөрийн хийж буй ажил мэргэжил бизнесийн эрх ашгийн үүднээс хүү өндөр байна үүнийг ямар ч аргаар хамаагүй буулгах хэрэгтэй гэсэн байдлаар хандаж байна. Энэ нь маш харамсалтай зүйл бөгөөд энэ асуудалд хувийн өчүүхэн эрх ашиг, улс төрийн ашиг хонжоо байдлаар битгий хандаасай гэж хүсэх байна.Миний хувьд бол яг одоогийн байдал цаг хугацаанд гадны банк оруулж ирэх шаардлагагүй гэсэн саналтай байна.
Хэзээ нэгэн цагт Монгол Улсад гадаадын санхүүгийн байгууллага манай улсын хөрөнгийн зах зээл, банк санхүүгийн секторт нэвтэрнэ гэдэг нь үнэн байх. Гэхдээ тэр цаг хугацаа өнөөдөр биш. Учир нь, өнөөдөр манай улсын санхүүгийн зах зээл өрөөсгөл бүтэцтэй байгаа нь үнэн. Арван хэдэн арилжааны банканд тулгуурласан байгаа. Гадаадын банк оруулж ирэхээсээ өмнө эхлээд бид үндэсний санхүүгийн бүтцийг зөв төлөвлөх, үндэсний хөрөнгө оруулалттай компаниуд, даатгалын сан, хөрөнгийн зах зээлийг зөв хөгжүүлэх сууриа бэлтгэх шаардлагатай. Өнөөдөр тэр суурь нь бүрдээгүй монголын санхүүгийн тогтолцоо эмзэг, дээр нь эдийн засаг дархлаа муутай байгаа үед гадаадын банкыг оруулж ирэх нь сайн зүйл биш. Магадгүй хэдхэн хүний эрх ашигт эергээр нөлөөлж зээлийн хүү буурч санхүүгийн нөхцөл байдал сайжрах байх. Гэвч үндэсний санхүүгийн тогтолцоо бүрдэх нөхцөлд хязгаарлалт болж магадгүй. Үүнээс болоод бидний олон жил хөгжүүлэх шаардлагатай гэж ярьсан боловч хөгжиж чадахгүй байгаа хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон саад болохыг үгүйсгэхгүй. Учир нь хөрөнгийн зах зээл томоохон сайн төслүүд хөрөнгийн зах зээлд гарсанаар хөгжих боломжтой байдаг. Энэ бол нэг гарц нь. Гэтэл гадны томоохон санхүүгийн байгууллага орж ирээд тэдгээр төслүүдийг шүүрч санхүүжүүлээд байвал энэ зах зээл, Монгол улсын санхүүгийн тогтолцоо, түүний хөгжилд лав сайнаар нөлөөлөхгүй.

-Эдийн засгаа сайжруулах арга замын нэг нь уул уурхайг хэт шүтэх бус хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх гэдэг. Гэтэл үүнийг бодит байдалд хэрэгжүүлж буй зүйл алга?
-Бидний хийсэн гол алдаа  уул уурхайгаас хэт хамаарсан, улстөржсөн, уул уурхайд гол анхаарлаа хандуулсан байдал. Нэгэнт бид эдийн засгийн бүтцээ сайжруулж чадаагүй учраас ойрын хэдэн жилдээ Монгол Улсын гол түшиг тулгуур салбар нь аж үйлдвэр, тэр дундаа  хүнд олборлох үйлдвэрийн салбар байх нь тодорхой болчихлоо. Тэгэхээр бид уул уурхайгүйгээр хөгжих боломж ойрын ирээдүйд хязгаарлагдмал байна. Гэвч үүнийг бид өөрсдөө бий болгосон. Учир нь, бид олон жил эдийн засгаа төрөлжүүлнэ, солонгоруулна гэж ярьсан боловч 1990-ээд онд байсан үндэсний аж үйлдвэрийн бүтцээ энэ 26-27 жилийн дотор хүчтэй алдсан. Сүүлдээ ганц уул уурхай гэдгээс өөр ярих юмгүй болсон. Тэр нь улстөрчид  болон иргэдийн гол ярьдаг сэдэв болсон. Хөгжлийн ганц гарц мэтээр төсөөлөгдөж эхэлсэн. Энэ байдал нь биднийг хэт өрөөсгөл байдал руу түлхсэн. Мөн уул уурхайд түшиглэн улс төрийн амлалтаа ч өгөх болсон. Бид дан ганц уул уурхай хөгжлийн гарц гэж боддогоо болих хэрэгтэй. Энэ салбар мэдээж бидний ойрын ирээдүйн гол орлогыг бүрдүүлэх боловч цаашдаа байнгын уул уурхайд тулгуурласан өрөөсгөл бүтэцтэй эдийн засгийн бүтцээ халах шаардлагатай. Үүний оронд хөдөө аж ахуй, газар тариаланд  тулгуурласан зөв боловсруулах үйлдвэр байгуулах үүнийг нь төрөөс зөв бодлогоор дэмжиж өгөх ёстой. Бид өөрсдийн онцлог давуу талд тулгуурласан салбаруудаас сонгож төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай. Энэ талаар үе үеийн Засгийн газрын үед хийсэн ажил байгаа боловч тэдгээр нь манай орны эдийн засгийн онцлогт тохирсон бүтэц тооцоо судалгааг олж хараагүй тухайн цаг үеийн өнгөц шийдвэрүүд байсан. Тиймээс үе үеийн Засгийн газраас гаргаж байсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүсчилсэн төслүүд төдийлэн амжилтад хүрэхгүй байгаа харагддаг.

-Манай улсын хөрөнгийн зах зээлийн салбарын хөгжил  ямар байна  вэ. Иргэд нэг үеэ бодвол үнэт цаасны арилжааны талаар сонирхох болсон нь ажиглагддаг?
-Манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил хангалтгүй байгаа. Хөрөнгийн зах зээл дээр үнэт цаасны арилжааны идэвхи муу. Сүүлийн үед хөрөнгийн зах зээлийн гол арилжааг бүрдүүлж байгаа үнэт цаас нь Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас болсон. Уг үнэт цаас нь өөрөө хадгаламжийн хүүгээс давсан өгөөжтэй. Энд эдийн засгийн гаж бүтэц үүсчихсэн байна гэсэн үг. Засгийн газрын үнэт цаас ийм өндөр өгөөжтэй зарагдаж байгаа байдал нь эдийн засгийн бусад салбар руу орох мөнгөн урсгалыг хязгаарладаг. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай зах зээл мөнөөс мөн. Гэтэл бид анх хөрөнгийн зах зээлийн суурийг тавихдаа бага зэрэг алдаа гаргасан. Гэвч тэр үеийн алдааг өнөөгийн өндөрлөгөөс шүүмжлэх буруу байх. Сүүлд улс төрийн амлалтаар бий болсон 1072 хувьцаа үүний өнөөгийн байгаа байдал, иргэдэд үр өгөөжөө өгөхгүй байгаа зэрэг төрийн алдаатай бодлого худал амлалтуудаас болоод хувьцаа үнэт цаасанд итгэх нийт иргэдийн итгэлийг сулруулсан. Аливаа санхүүгийн зах зээл итгэлцэлд суурилдаг гэж бид ярьдаг боловч тэр итгэлийг сэргээж өгөх том боломжуудыг алдаад байна. Хэрэв бид төмөр замаа зөв тавьж Тавантолгойн төслийг амжилттай хэрэгжүүлж 1072 хувьцаагаа эргэлтэд оруулан  ногдол ашиг авч бодит эдийн засгийн үр ашгийг мэдэрч байсан бол хөрөнгийн зах зээлийн хууль эрхзүйн орчныг сайжруулахаас илүү хөрөнгийн зах зээлд тус болох байсан. Гэтэл бид хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг нь сайжруулж эрхзүйн орчныг сайжруулснаар шинэ хууль гаргаснаар эерэг нөлөө үзүүлнэ гэж ойлгоод байгаа. Энэ нь хөрөнгийн зах зээл дээр алдаж байгаа алдаа гэж харж байна. Үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх заалтууд орсон байдаг боловч өнөөг хүртэл энэ зах зээл хөгжөөгүй. Мөн ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаална гэж заасан боловч энэ нь нэг ч удаа хэрэгжээгүй. Энэ мэт олон шалтгааны улмаас энэ зах зээл хөгжихгүй байгаагаас өнөөдөр банк суурьтай санхүүгийн зах зээлтэй болсон. Одоо тэрийгээ бүгд муулаад байгаа нь буруу юм. Энэ бол бидний ялангуяа өмнөх үе үеийн төр засгийн хийж чадаагүй ажил, хэрэгжүүлж чадаагүй бодлогын үр дүн. Хэрэв бид хөрөнгийн зах зээлээ зөв хөгжүүлж түүгээр дамжуулан гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг эх орондоо татаж чадвал бид гадаадын банк оруулж ирснээс зөв үр ашигтай тогтолцоогоор гадаадын эх үүсвэрийг оруулж ирж болно. Гадаадын банк оруулж ирэхээс өөр нэг хувилбар бол хөрөнгийн зах зээлийг зөв хөгжүүлж тэрнийхээ хөгжлөөр дамжуулан гадны хөрөнгө оруулалтыг татах нь зүйтэй байх гэж харж байгаа.

-Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд иргэн бүр хэмнэлтийн горимд шилжиж бүсээ чангалах ёстой гэдэг. Эдийн засгийн ухааны талаас нь харахад энэ хэр оновчтой шийдэл вэ?
-Эдийн засгийн хямрал дан ганц төрийн буруу биш. Аливаа төрийн бодлогыг ажиглаж хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийдэг ч, бизнесийн байгууллага, хувь хүмүүс өнөөгийн нөхцөл байдалд тохирсон тооцоо судалгаатай байж, алхам бүрээ зөв тооцож өөрийн үйл ажиллагааг төлөвлөж, хямралын үеийн хүндрэлтэй байдлыг зөвөөр олж харж давуу тал болгон ашиглах хэрэгтэй гэж ярьдаг. Ер нь бид аль болох өмнөх шигээ тооцоо судалгаагүй буруу үйл хөдлөлүүдийг хийхгүй байх оновчтой хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах, үйл ажиллагаагаа зөв төлөвлөгөөтэй байлгах нь түвшин бүртээ хэрэгтэй. Мэдээж хэрэг зарим талаас хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй гэж ярьж байгаа. Би үүнтэй хувьдаа санал нийлдэггүй. Нэгэнт эдийн засгийг хөгжүүлж дотоод, гадаад үйлдвэрлэлийг дэмжих хэрэглээнд суурилсан эдийн засагт орчихсон учраас зөв хэрэглээ байх л ёстой. Миний хувьд хэмнэнэ гэдгийг хэрэглэх ёстой зүйлээсээ татгалзах гэж ойлгодог. Харамсалтай нь одоо бид хэмнэхээс өөрийг хийхэд хэцүү хүнд байдалд орчихоод байна. Уг нь бол хэмнэх нь эдийн засгийн өсөлт эргэлтэд тийм сайн зүйл биш юм. Мэдээж хэрэг үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд иргэд болон  аж ахуйн нэгжүүдээс хамаарсан зүйл байлгүй л яахав. Иймээс иргэд үндэсний том баяр ёслол дөхөж байгаа энэ үед аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зүйтэй юм.

-Манай улсын банкны системийн эрүүл мэнд ямар байна вэ. Хүү нь өндөр, хэдхэн монополь банкны  үйл хөдлөлөөр явж байна гэх юм?
-Банкны хүүг өндөр байна гэж байгаа нь зарим улстөрчид, зээлдэгчдийн гаргасан зүйл байх. Гадаад улс орнуудад хүү багатай байдаг гэсэн мэдээлэл яваад байна. Өнөөдрийн банкны системийн хүүг бага зэрэг бууруулах боломжийг бид эрэлхийлнэ үү гэхээс энэ хүүг нэг оронтой тоо руу оруулж чадахгүй. Яагаад гэхээр бидний хувьд эдийн засгийн нөхцөл байдал эрсдэлтэй, улс төрийн байдал тогтворгүй байгаа үед хүү гэдэг тэр зүйл өөрөө зээл, хадгаламжийн бүтээгдэхүүний үнэ гэж ойлгож болдог зүйл.
Энэ утгаар нь харах хэрэгтэй. Хүү буурах боломж эдийн засаг цаашдаа хэрхэн яаж сайжрах вэ гэдгээс хамаарна. Эрсдэл багатай эдийн засаг нь тогтворжсон хүн амын орлого нэмэгдсэн бүх зүйл нь тогтворжсон өндөр хөгжилтэй орнуудад хүү бага байдаг. Банкны хүүгээ бууруул гээд байгаа хүмүүс зээлийн хүү багатай орнуудын бусад үзүүлэлтүүд ямар байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй. Мөн нэг хүнд ногдох ДНБ, эдийн засгийн өсөлтийн түвшинг харах учиртай. Банкны системийн эрүүл мэндийн хувьд сүүлийн хоёр жилийн чанаргүй зээлийн огцом өсөлт саарсан, эдийн засгийн сулрал банкны системд орж ирсэн нөлөөлөл нь саармагжсан он болсон. 2016 оны сүүлээр огцом өсөөд байсан чанаргүй зээл буурч зээл олголт саарсан байсан тэр нь гайгүй болсон. Бидний хувьд эдийн засаг нааштай байх суурь тавигдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан