Т.ЖАНЦАН
Хэн хүнгүй л бизнес эрхлэхийг хүсдэг. Гэвч өнөөдөр Монголд бизнес эрхлэх таатай орчин алга. Учир нь зах зээл бага, дээр нь төрийн хүнд нударга ямар ч бизнесийг бут цохиж салхинд хийсгэдэг байдал бат бөх оршсоор. Үүнийг бизнес эрхэлж үзсэн, эрхэлж буй хүн бүр мэднэ. Ямар нэг бизнес эрхлэхэд төр хамгийн том шаврын хаалт болдог тухай эдийн засагтэй холбоотой хурал зөвлөгөөн бүрт ёс юм шиг яригдаж ирсэн. Гэвч байдал өөрчлөгдсөнгүй. Хамгийн наад захын энгийн жишээ гэвэл ТҮЦ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ оны өмнө баахан ТҮЦ ачиж түүнийг ажиллуулж буй иргэдийг уйлуулж дуулуулсан. Тэгэхдээ нөгөө л олон хууль, дүрэм журам, стандартаар далайлгаж олон хүнийг орлогогүй болгож ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлсэн билээ. Зөвхөн энэ жишээнээс харахад л жижиг ч бай, том ч бай ямар нэг бизнес эрхлэхдээ эхлээд тусгай зөвшөөрөл авах гэж төрийн албан хаагчдын дээрэнгүй их зан, хүнд сурталтай нүүр тулна. Ингээд эхний даваагаа арай гэж даваад байж байтал ийм тийм гэсэн баахан журам, стандарт барьсан төрийн байгууллагын хяналт шалгалтын байцаагчид ар араасаа цуван ирж торгууль, шийтгэвэр бичээд арилж өгдөг. Мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх асуудал зайлшгүй гарч ирнэ. Энэ бүхний эцэст тухайн бизнест ашиг олох нь байтугай цааш ажиллах санхүүгүй үлдэж бүр төрд төлөх өртэй хоцорч дампуурдаг тогтолцоо Монголд байна. Иймд тэр хүний бизнес эрхэлдэг нь л буруу болж таарч байгаа юм.
Угтаа бизнес эрхэлнэ гэдэг нь төрөөс хайр хишиг горьдож суухгүй хүслийн илэрхийлэл гэж хэлж болно. Энэ хүсэл нь цаашлаад ажлын байр бий болгох, улс нийгэмд ашиг тусаа өгөх нь тодорхой. Төр хууль дүрэм журам мөрдүүлэх, татвар авах нь зүйн хэрэг. Гэтэл тэдгээр нь амьдралд нийцэхгүй, төрийн байгууллага нь нүсэр, дарамт ихтэй, тогтолцоо нь буруу байна гэдэг нь өнөөдөр нийгэм эдийн засгийн бүхий л салбарт зүй ёсоор илрэн гарч ирж байгаа нь энэ юм.
Баримт дурдвал МҮХАҮТ-аас өнгөрсөн онд бизнес эрхлэгчдийн 400 орчим төлөөллөөс хууль эрх зүйн орчны эерэг, сөрөг нөлөөллийн талаар асуулга авсан байдаг. Энэ үеэр бизнест сөрөг нөлөөлж буй 17 хууль байна гэсэн судалгаа гарсан билээ. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хууль, Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журам, Худалдан авалтын тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Татварын багц хууль зэрэг нь жижиг дунд бизнест хамгийн их сөргөөр нөлөөлж байна гэж судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь дүгнэсэн юм. Тэгэхээр иргэдэд бизнес эрхлэх итгэл найдвар байдаг ч тэр нь биеллээ олоход хэцүү. Зорилгодоо хүрэх замд нь асар олон өндөр даваа тулгарч шургаж унадаг байх нь.
Дэлхийн банкнаас Монгол Улсад бизнес эрхлэх орчин ямар байгаа талаар бас л судалгаа хийсэн байдаг. Үүний хариу нь ”Монголд бизнес эрхлэх орчин хангалтгүй. Сайн бүрдэж чадаагүй” хэмээн гарсан билээ. Үүнээс гадна МҮХАҮТ-аас жил бүр “Бизнесийн итгэлийн индекс”-ийн судалгаа хийдэг. Уг судалгаанаас үзвэл бизнес эрхлэх орчин сайжирна гэсэн хүлээлт сүүлийн арван жилд муудаж иржээ. Энэ жилийн судалгаанд хот, хөдөөд жижиг дунд бизнес эрхлэгч 862 хүн хамрагдав. Тэдний 73 хувь нь бизнесийн орчинг сайжруулах талаар дорвитой өөрчлөлт ороогүй, муудсан гэсэн дүгнэлт хийгээд байна. Харин 24 хувь нь бизнесийн орчин сэргэх байх гэсэн хүлээлттэй байгаа аж. Үлдсэн гурван хувь нь хариулж мэдэхгүй гэжээ.
Ингээд бизнест хамгийн их саад болж буй есөн шалтгааныг нэрлэв. Тэдний долоо нь төрийн үйл ажиллагаатай холбоотой юм. Тухайлбал, төрийн данхайсан бүтэц түүний зардал, авлига, мөнгөний буруу бодлого, тендер шалгаруулалтын булхай, амьдралд нийцээгүй хууль, хүнд суртал гэсэн байна. Мөн зээлийн өндөр хүү бизнест сөрөг нөлөөлдөг гэж үзжээ. Тэгэхээр төр эдгээр асуудлыг шийдчихвэл бизнес борооны дараах мөөг шиг урган сэргэх боломж байна гэсэн үг юм.
Бизнес эрхлэгчид энэ онд мөн л ашиг орлого буурч хүндэрнэ гэсэн гутранги үзэлтэй хэвээр байна. Эдийн засгийн нөхцөл байдал төдийлөн сайжраагүй билээ. Иймд жижиг дунд бизнес эрхлэгчдийн жилийн орлого 4.8 хувиар буурсан тооцоо гарчээ. Тэгвэл дээрх судалгаанд оролцогчдын 36.6 хувь нь энэ онд ашиг орлого буурсан хэвээр байна. Иймд бизнесээ өргөжүүлэх боломжгүй, шинээр хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Бизнесийн орчин муу, ашиг орлого тааруу, эдийн засгийн хямрал үргэлжилж буй тул ажилгүйдэл нэмэгдэх нь тодорхой. Өнгөрсөн онд ажилгүйдэл 27 хувьтай гарсан. Бизнес эрхлэгчдийн дийлэнх нь ажилгүйдэл өснө. Ажилчин авч чадахгүй гэсэн хариулт өгсөн байна.
Ингээд бизнес эрхлэгчдийн зовлон, жаргалаа хуваалцдаг МҮХАҮТ-ын удирдлагуудын байр суурийг сонирхоё.
МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа “Төрийн хүнд суртал, татварын хувь хэмжээ, зохицуулалт, хуулийн хэрэгжилт нь бизнес эрхлэгчдэд бэрхшээлтэй, халгаатай байдаг. Энэ талаарх саналаа бизнес эрхлэгчид танхимд байнга тавьж ирсэн. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын талаар өнгөрсөн онд олон бизнес эрхлэгч санал хүсэлтээ илэрхийлсэн. Бид ямар л санал гарна тэр бүгдийг нь багцалж холбогдох яам, байгууллагын удирдлагуудыг урьж бизнес эрхлэгчидтэй уулзуулж байгаа. Бас Хөдөлмөрийн яамтай, МҮХАҮТ хамтран ажиллаж байна. Жишээ нь, он гарснаас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй шалтгаанаар 280 аж ахуйн нэгж дансаа хаалгасан. Тэдний санал хүсэлт аргагүй байдлыг холбогдох байгуулагад нь уламжилж одоогоор дансыг нь нээлгэлээ. Ялангуяа, хямрал гүнзгийрсэн, бизнесийн үйл ажиллагаа хумигдсан, итгэл алдарсан, хөрөнгө оруулалт буурсан, ажилгүйдэл 26 хувьд хүрсэн гээд эдийн засгийн бүх үзүүлэлт сөрөг байгаа өнөө үед төр хатуу тогтолцоо, дарамтаа сулруулах хэрэгтэй байна. Бизнест мөнгө олж ирэх, хөрөнгө оруулалт татах боломж олгох ёстой юм. Хэрэв төрийн энгийн үед тавьдаг хяналт шалгалт үргэлжилж хүнд дарамттай механизм нь хэвээр байх юм бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулах бизнес үлдэхгүй. Ийм учраас МҮХАҮТ-аас төр дарамтаа сулруулах ёстой гэсэн байр суурьтай байна. Бас нэг жишээ дурдая. Өнгөрсөн оны наймдугаар сард мөнгөний бодлогын хүүг өсгөсөн. Үүний шок аравдугаар сараас бизнест мэдрэгдэж эхэлсэн юм. Тэгээд нэг хувиар бууруулсан. Эндээс үзэхэд төр чангатгах бодлого бариад байна. Аль болох дарамтаа сулруулж уян хатан зөөлрүүлэх бодлого хэрэгжүүлээч. Ингэхгүй бол бизнесийнхэн хүнд байдалд орлоо гэдгээ төр засагт уламжлаад байгаа” хэмээн мэдэгдээд байна.
МҮХАҮТ-ын Бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжих газрын дарга Ж.Оюунчимэг “Өнгөрсөн онд бизнес эрхлэгчид ам.долларын ханшийн өсөлт хүнд цохилт болж байгаа талаар танхимд нэлээд хандсан. Учир нь ханшийн өсөлт гадаад валютын зээл авсан аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хохирол амсуулсан юм. Ингээд бид Монголбанк, Банкны холбоо гээд холбогдох байгууллагын төлөөлөгчдийг урьж бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулсан. Үүнээс гадна татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул данс хаасан асуудал бас тавьсан. Засгийн газар шинээр байгуулагдсаны дараа МХАҮТ-ын төлөөлөгчид Ерөнхий сайдтай уулзсан. Үүнээс өмнө бизнес эрхлэгчдээс ямар ямар асуудал тавих талаар санал авсан. Тэгэхэд тусгай зөвшөөрлийн зохицуулалтууд, банкны зээлийн хүү, тендерийн асуудлын талаар нэлээд санал ирж байлаа. Ингээд бид бүх асуудлыг багцалж нэтгээд Засгийн газар болон холбогдох байгууллагуудад нь өгсөн байгаа. Ер нь бизнес эрхлэхэд тулгарч байгаа асуудлуудыг шийдэхэд чамгүй цаг хугацаа орно. Ийм учраас тавьсан асуудалдаа одоогоор хариулт авч чадаагүй байна. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд МХАҮТ-аас төлөөлөгчид орж ажиллаж байгаа. Энэ хугацаанд бизнес эрхлэгчдээс санал авна. Тэгээд ажил олгогч, ажилтан хоёрт ээлтэй хууль гаргуулахын төлөө ажиллана” гэлээ.
Уг нь ажилгүйдэл, ядуурлын түвшин буурах нь эдийн засгийн хямралаас гарах нэг хөшүүрэг. Хамгийн олон ажлын байр гаргадаг, эдийн засгийн өсөлтөд голлох нөлөө үзүүлдэг салбар бол жижиг дунд бизнес байдаг. Гэтэл тэр салбар нь ийм гутранги хүлээлттэй байгаа нь харамсалтай. Тэгэхээр Засгийн газар энд тэндээс мөнгө гуйж гүйхээс илүүтэй өөрийн тогтолцоо, үйл ажиллагаа, хууль, дүрэм журмаа эргэн харах нь хямралыг гэтлэх хамгийн том гарц болж болзошгүй.