Олон улсын хүүхдийн спортын холбооны (ОУХСХ) Ерөнхий Ассамблейн ээлжит хурал 2012 оны зургадугаар сарын 26-наас долоодугаар сарын 1-ны өдрүүдэд Гватемала улсад болж тус хурлаар Монгол улсын хүүхдийн спортын холбоо /Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар/ албан ёсоор олон улсын байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элслээ.
ОУХСХ нь 100 гаруй гишүүнтэй хүүхдийн спортын асуудлыг хариуцсан дэлхий нийтийн томоохон байгууллага юм. Тус холбооноос 2012 онд цана, уулын гүйлт, ширээний теннис, гандбол, волейбол, теннис, бадминтон зэрэг төрлүүдээр дэлхийн хүүхдийн спортын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулж байна.
Түүнчлэн ОУХСХолбооны гишүүн Ази тивийн хүүхдийн спортын холбооны шугамаар Бээжин хотноо 2012 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 1-ны өдүүдэд Азийн хөвгүүдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн явагдах гэж байна. Энэхүү тэмцээнтэй давхцан Азийн хүүхдийн спортын холбооны Ерөнхий Ассамблейн хурал, тус байгууллага үүссэний 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд Монголын хүүхдийн спортын холбооны төлөөлөгчид урилгаар БНХАУ-д очин энэ арга хэмжээнд оролцоно.
Монголын хүүхдийн спортын холбоо нь 2011 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдан холбооны дотоод дүрэм, журмаа батлан гаргажээ. Харин дараагийн ОУХСХ-ны Ерөнхий Ассамблейн хурал 2014 онд Франц улсад зохион байгуулагдахаар болжээ.