Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Сайншандад литр бензин 1100 төгрөг болжээ”


Энэ мэдээлэл 2021 онд Английн BBC мэдээллийн агентлагаар дэлхий нийтэд түгээгдэнэ гэдэг тэмүүллээр нийтлэлээ эхлүүлье. Тиймээ, монголчууд литр бензинээ 800 төгрөгөөр авах боломж бий. Гэхдээ бодлого хэрхэн, хэзээ гарч, хэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал.


ЦАГААН САР БА ХАР АЛТНЫ ҮНИЙН ӨСӨЛТ

Бензиний үнэ өслөө. 100 төгрөгөөр. Петровис АИ-92 бензин 1630 төг, Шунхлай 1625 төгрөг болчихож..Хэвлэлийнхэн шуурч буруутныг хайсаар...Гэтэл өнөөдрийн үнийн өсөлтөөс илүү ирээдүйд үүсэх нөхцөл байдал бүр ч ноцтой. Литр бензин 4000 төгрөгт ч хүрч болзошгүй шүү дээ. Дэлхий тэлж байна, доллар өсч байна, бензиний үнийг барих Монгол төрийн татварын бодлого эцсийн хязгаартаа хүрчээ. Бид ч сурснаараа бензин импортлогчдыг зүхэж эхлэв. Гэтэл, долларын ханшны өсөлтийг Монголын хэд гуравхан бензин импортлогчид байтугай Монголын төр, Монгол банк нь дийлэхгүй болсон энэ цагт импортлогчдыг буруутгах нь хөөрхийлөлтэй. Тэднийг зүхэхээс биш, асуудлын углуургыг ул суурьтай бичих нь ч ховордож дээ. Ёстой л үнийн шуурганд хөөгдөж, ардын аманд багтсан импортлогчид ХӨӨРХИЙ. Энэ цагийг их сэтгэгч Данзанравжаа харсансан бол, “Ичиг Ичиг” шүлгээ бидэнд зориулж унших байсан. Нээрээ л “Бодлогогүй явж ирсэн Монголын төр ичиг ичиг, судалгаагүй ажил хийдэг төрийн яамд ичиг ичиг, углуургагүй бичдэг сэтгүүлчид ичиг ичиг, сургаар ярьдаг ард түмэн ичиг ичиг гэх байсан ч юм билүү. Эсвэл ер нь гишүүн Жавхлан шиг морио унаж, монгол гэртээ амьдрах уу Монголчуудаа...


ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХЬ НЕФТИЙН ӨСӨЛТ

Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнэ нэмэгдсэн асуудлыг дэлхийн зах зээл дээрх баррель нефтийн үнэ өссөнөөс шалтгаалсан гэж Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбаатар албан ёсоор тайлбарлалаа. 2016 оны 12 сард газрын тос экспортлогч ОПЕК-ийн гишүүн орнууд 2017 оны эхний хагас жилд газрын тосны олборлолтын хэмжээг өдөрт 1.2 сая баррелиар, ОПЕК-ийн гишүүн бус орнууд олборлолтын хэмжээг өдөрт 558 мянга буюу баррелиар тус тус бууруулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор газрын тосны үнэ огцом өссөн. Гэтэл салбарын яам чаддаг мэддэгээрээ импортлогчидоо үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн үү гэдгийг шалгуулахаар АМГТГ, ШӨХТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан хуралдаж сууна. Ээдээ хөөрхий, энэ явуургүй бодлого, муур хулганаа агнахаар хөөхтэй адил харагдах аж.

АРД ТҮМНИЙ АМНААС СОНСОЁ

БЗД-ийн иргэн Г.Сэлэнгэ

 -Шатахууны үнэ нэмэгджээ. Таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?


-Энэ арай л хэтэрч байна. Шатахууны үнэ 100 төгрөгөөр өснө гэдэг бага мөнгө биш. Энэ хэрээр өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ бүгд 100 төгрөгөөр өсч, иргэдийн худалдан авах чадварт сөрөг нөлөө үзүүлнэ. Ядарсан иргэдийн нуруунд  ачаа л болно шүү дээ энэ. Төрийн эрх баригчид тавьсан өр зээлээ ийм л аргаар төлүүлэх гэж байгаа юм байлгүй. Ач охин өвөөгийнхөө тэтгэврийг буутал мөнгөгүй нэг килограмм боорцгоо НЭГ САР хувааж иднэ. Энэ л ард түмний амьдрал.

-Үнийн өсөлтийг тогтвортой байлгах ямар гарц байна гэж та харж байна вэ?

- Манай улс нэлээд хэдэн жилийн өмнөөс газрын тосны нөөцтэй гэдгээ мэдсэн байж өнөөдрийг хүртэл шатахуунаа үйлдвэрлэх үйлдвэр байгуулж чадахгүй байна. Үйлдвэр байгуулаад амжилтанд хүрсэн улс орон өчнөөн л байна шүү дээ. Манай улс маш их баялагтай хэрнээ зөвөөр ашиглаж чадахгүй иргэдээ мөлжөөд юу хожсон юм.

-Баянзүрх захад хүнсний худалдаа эрхлэгч Н.Сараа

-Шатахууны үнэ зарим газруудад 100 төгрөгөөр нэмэгдсэн байна. Та мэдсэн үү?


-Мэдэлгүй яахав. ОХУ-аас элсэн чихэр нийлүүлдэг түнш маань дараагийн худалдан авалтад элсэн чихрийн үнэ нэмэгдэнэ гээд явлаа. Маргаашнаас эхлэн тээвэрлэлтийн өртөг өсч, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Энэ нь иргэдэд хүнд тусна гэдгийг эрх баригчдаас бусад бүх хүн  мэдэж байгаа.

-Шатахууны үнэ нэмэгдснийг юутай холбоотой гэж үзэж байна вэ?

-Бид анхнаасаа бодлогогүй явж ирснийх.  Монголдоо нефтийн нөөцтэй байж түүхийгээр нь гадагш гаргадаг л улс шүү дээ. Нефтийн ордуудаа бүгдийг нь хятад компанийн мэдэлд өгчихсөн. Бид шатахуунаа үйлдвэрлэдэг болох боломж байсан. Төрийн түшээд юу ч хийдэггүй нь л харагдаж байна.

-БГД-ийн иргэн С.Хатанбаатар

-Шатахууны үнэ өсөөд өнөөдрөөс хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. 1700 төгрөгийн үнэтэй байсан сүү  1900 төгрөг болжээ. Амьдрал цаашид улам л хүнд болох нь. Тэгсэн атлаа цалин нэмэгдэхгүй юм.

 



-Таксины жолооч П.Төрөө

- Том дарамт.  Одоо ингээд нэг км-т 1000 төгрөгөөр явна даа.


-МЭДСЭЭР БАЙЖ МЭДЭН БУДИЛДАГ ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАР-

“Газрын тосоо дотооддоо нэрж, хэрэглээгээ бүрэн хангана, үнийн савалгаанд өртөхгүй, иргэдийн нуруунд ачаа нэмэхгүй” гэж улс төрийн нам бүр сонгуулиар амласаар 20 жилийг үджээ. Одоо бид харанхуй ард, хадны засвар хавчуулагдсан бензин импортлогчид, бодлогогүй төр гэж буруутныг хайх бус гарцаа олоё. Байшин бүхэн аврах гарцтай. Улс бүр хөгжлийн бодлоготой. 1 литр бензиний үнэ 4000 төгрөг болохоос өмнө нефтийн үйлдвэрээ л бариад авая. Үүнээ өөр гарц үгүй. Сэтгүүлч би биш, сэтгэгчид, улс төрчид, эдийн засагчид юу гэж хэлснийг баримттайгаар харцгаая.

Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн: Нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол жил бүр гадагшаа урсдаг тэрбум 400 сая долларыг хэмнэж, гурван сая монголчуудын амьдрал эрс дээрдээд зогсохгүй, эдийн засгийг өргөөд л явчихна.

Ерөнхий сайд асан, Эдийн засагч Р.Амаржаргал: Нефть бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэдэг бол тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засгийн засгийн тусгаар тогтнолын асуудал мөн.

Гавьяат эдийн засагч, доктор Н.Дашзэвэг: Нефтийн үйлдвэр байгуулаад жигд ажиллаад ирэхээр бензиний үнийг 15-20 хувь бууруулах боломж бий болно.

Олон улсын харилцаа судлаач-профессор Д.Баярхүү: Нефтиэ нэрээд, бензин шатахуунаа хийнэ гэдэг эдийн засаг, геополитик, олон улсын харилцаанд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг талаасаа асар чухал. Энэ бол их цорын ганц зөв алхам юм.

УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл: Нефтиэ нэрж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь импорт орлоно, экспорт нэмнэ. Энэ хэмжээгээр төсвийн орлого, валютын нөөц нэмэгдэнэ.

УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын бодлогын дарга Б.Баатарсүх: Үйлдвэр байгуулснаар, олон тулгуурт эдийн засгийн тэнцвэртэй бүтцийг бий болгож, үр дүнд нь эдийн засаг сэргэж хөгжинө.

“ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ САЙД АА!!! АРДЫНХАА ТУЛГАНД ЖАРГАЛЫН ГАЛ БАДРААЯ”...

Жаргалтулгын Эрдэнэбат сайдын толгойлсон Засгийн газар  үйлдвэрийн асуудлыг дахин эхлүүлсэн. “Молодец” Гэхдээ үр дүн тооцоход эрт байна. Тэд алхам хийж байна. Энэтхэгийн Эксим банкны нэг тэрбум ам.долларын зээлээр газрын тос боловсруулах үйлдвэрийн хэлэлцээр хийсэн. Төслөөр түүхий эд, төмөр зам, дэд бүтэц, ус, байгаль орчин, байршлын хувьд давуу зэргийг үндэслэн Дорноговь аймгийн Сайншандад байгуулна. Үйлдвэр байгуулагдснаар 507 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 300 мянган тонн онгоцны шатахуун үйлдвэрлэнэ гэсэн урьдчилсан судалгаа гарчээ. Үйлдвэрийг дагаж, 151 мянган метр куб LPG , нефтийн коксын үйлдвэр зэрэг 30 гаруй жижиг үйлдвэр байгуулагдана. 500-600 хүний ажлын байр бий болдог олон улсын туршлага бий. Мөн шатахууны импортод нэг тэрбум орчим ам.доллар зардаг манай улс  500 - 700 сая ам.доллар  гадагшаа алдахгүй гэдгийг эдийн засагчид баттай хэлж байна.

Энэ тооцооллоо орхиё, угаасаа үйлдвэр байгуулбал монголчууд байтугай... адгуус амьтан хүртэл баярлам үйл явдал Монголд болно. Гол нь Монгол мөрөөдөл биелнэ. Манай улсын нэг жилд авдаг нийт импортын 50 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлдэг. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах мөрөөдөл биелэх цагт импорт багасаж, экспорт нэмэгдэж, валютын нөөц нэмэгдэнэ гэхээр уналтанд орсон эдийн засгийг сэргээгээд зогсохгүй Сайд бүрийн амладаг эдийн засаг солонгорох өнгүүд яалт ч үгүй энэ том үйлдвэрийн цаана нуугдаж буйг хэлэх нь зүйтэй. Тэр цагт ард түмэн үнийн өсөлт ярих бус, сонголтондоо бахархаж, төрдөө итгэх итгэл сэргэх буй за. Аврах гарц- үйлдвэрээ байгуулая. Өөр гарц бидэнд үгүй.

0 Сэтгэгдэл
Нефтийн бүтээгдэхүүн импордолдог хэдхэн нөхдүүд өөрсдийн халаасыг түнтийлгэх гэж олон жил нохойтож байгааг ард түмэн мэднэ одоо болоо цэг тавих цаг болсон
Хамгийн их уншсан