Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын мөнгө хямралын гарц мөн үү

Б.СЭВЖИДМАА

Сүүлийн үед “Financial Times”, “Bloomberg”, “Nikkei Asian Review” тэргүүтэй олон улсын томоохон хэв­лэлүүдээр “Монгол дампуурлаа зарлах уу” гэсэн утгатай нийтлэл нэлээд үзэгдэх боллоо. Ирэх сард манай улс бондын 580 сая еврогийн өрөө төлөх учраас Монгол төлбөрийн чадвартай эсэхийг ийнхүү олон улсын ажиглагч, шинжээчид сонирхож буй хэрэг. Гэхдээ Монгол Улсын дансанд одоогоор 580 сая ам.долларыг барагдуулах хэмжээний мөнгө байхгүй гэдгийг тэд мэднэ. Тийм ч учраас ОУВС манайхыг хөтөлбөртөө багтааж, зээл өгөх үү гэдгийг Засгийн газраас дутахгүй харж, хүлээж суугаа. Хэрэв бондын энэ төлбөрийг хугацаандаа төлж чадахгүй бол Монгол Улс үндсэндээ дампуурлаа зарлаж буй хэрэг гэж ажиглагч, шинжээчид үзэж байгаа учраас хэвлэлүүдээр гарч буй нийтлэлийн агуулга ч ОУВС-гийн шийдвэрийг хүлээсэн утгатай байгаа юм. Харин тэр дунд Хятадын эрх баригчдын дуу хоолой гэгддэг “Global Times”-т огт өөр утга санаа бүхий нийтлэл гарсан нь “Хятадын Нэг бүс, нэг зам санаачилга Монголын хямралд шинэ боломж олгоно” гэсэн гарчигтай байв.

Далай ламын айлчлалын дараа Хятад-Монголын харилцаа түр хүйтрэх үеэр “Global Times” Засгийн газрынхаа дуу хоолой болж, манай эрх баригчдыг дэлхийн геополитикийн тоглоомыг мэдэхгүй, гэнэн зангаар Энэтхэгт хандаж, зээл хүссэн нь алдаа хэмээн ил шулуухан “сургамжилж” байсныг уншигчид санаж буй биз ээ. Тэгвэл энэ удаа тэдний хандлага огт өөр болжээ. Хоёр улсын харилцаа эргээд хэвийн байдалд орсон энэ цаг үед “Global Times” Хятад улс хөрш орондоо эдийн засгийн хямралаа давахад нь туслах гол найдвар гэсэн утгатай, найр тавьсан нийтлэл гаргажээ.

Үнэндээ мөнгөний гачигдалд орсон манай улсад одоо ОУВС, үгүй бол Хятад гэсэн хоёр сонголт л үлдээд буй. Харин Хятадын мөнгө хямралын гарц мөн эсэхийг дүгнэхэд дараах нийтлэл нэг сэжүүр өгөх биз ээ.

Монголчууд Засгийн газрынхаа авсан зээлийг төлж, мөнгөний гачаалд орсон улсаа хямралаас гаргах гэж бэлэн мөнгө, алт, үнэт эдлэл, бүр морио хүртэл хандивлаж буй тухай саяхан “Ройтерс” мэдээлсэн. Гэвч дөнгөж 3.12 сая хүн амтай Монгол Улс олон нийтийн хандив тусламжаар асуудлаа шийдэж чадахгүй юм. Тиймээс Хятадын тал Монголд тусламж үзүүлэх үү, Хятадын “Нэг бүс, Нэг зам” санаачилга бүс нутгийн эдийн засгийг сэргээлгээхэд ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдгийг сонирхож байна.

Өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар Монголын нийт өр 23,8 тэрбум ам.доллар буюу ДНБ-ийхээ 210 хувьтай тэнцэх хэмжээнд хүрчээ. Асуудлыг бодитоор харвал энэ их өр зээлийг төлж барагдуулж, дефольт зарлахгүй байх нь амар хэрэг биш. Зарим нэг батлагдаагүй мэдээллээр тус улс баг тамирчдынхаа цалинг ч тавьж чадахгүйд хүрсэн гэнэ. Тиймээс Монголын энэ хямрал бүс нутгийн бусад оронд тархахаас урьдчилан сэргийлж, Хятад улс хөршдөө шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болов уу.

Гурван их наяд ам.долларын гадаад валютын нөөцтэй Хятад улс ашигт малтмалын үнийн уналтаас үүдэлтэй эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй энэ үед бүс нутгийнхаа санхүүгийн тогтвортой байдлыг хангаж чадна.
Гэхдээ Монгол Улс гадны зээл тусламжид хамаг найдвараа тавих нь учир дутагдалтай. Яг одоо бол Монголын хамгийн том асуудал нь гадаад валютын нөөц маш бага байгаа. Тиймээс байгалийн баялаг ихтэй тус улс экспортоо яаралтай нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Уул уурхай, хөдөө аж ахуй дээр эдийн засаг нь түшиглэж ирсэн тус улсад боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь шинэ сэдэв болоод буй. Харин Хятадын Нэг бүс, нэг зам санаачилга Монголын эдийн засгийн хөгжилд шинэ боломж олгож байна. Улс орнуудын дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой энэ санаачилгаар дамжин Монголд хөрөнгө оруулалт орж ирэх төлөвтэй байна.Харин Монгол Улс энэ боломжийг ашиглаад, аж үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд эхлээд дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй. Хятад-Монголын хувьд “Нэг бүс, нэг зам” санаачилга болон бусад механизмын хүрээнд “зээлийг –түүхий эдээр” гэх мэт уян хатан хэлбэрийг сонгож, Хятадаас өгсөн зээлийг ашигт малтмалаар төлөх гэх мэт хувилбар байж болох юм. Хэрэв ийм хэлбэр Монголд амжилт олвол бусад улстай ч энэ жишгээр харилцан хамтран ажиллах боломжтой.

Монголын эдийн засгийн 2011 онд 17 хувиар өсч байсан. Хуучны тэр сайхан үеийг эргүүлэн авчрах боломж Монголд бүрэн бий. Гагцхүү хөрөнгө оруулагчдыг татахын тулд  улс төрөө тогтвортой байлгаж, авлига хээл хахуулийг багасгаж, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан