Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Алтангэрэл: Монголчууд автомашины цахилгааны утас, бүүр цахилгаан автомашин хийж чадах ч мөнгөгүй

Т.ЖАНЦАН

Шилдэг зохион бүтээгч, Монгол Улсын зөвлөх инженер Г.Алтангэрэлтэй Монголын зохион бүтээгчдийн шинэ санаа, технологийн талаар ярилцлаа.

-Хүн бүр л сүүлийн үед монголчууд баялаг бүтээх ёстой гэж ярих болсон. Та инженер, зохион бүтээгч хүний хувьд баялаг бүтээнэ гэдгийг юу гэж боддог вэ?
-Улс орны хөгжил үйлдвэрлэлээс хамаардаг. Уул уурхайгаа ухаад, ашигт малтмал олборлоод баялаг бүтээнэ гэдэг оновчтой яриа биш. Яагаад гэвэл газрын доорхи баялаг байгаль эхийн бүтээл. Жишээ нь жонш, нүүрстэй байна гээд эксковатороор ухаж ачаад хил давуулж зарахыг баялаг бүтээх гэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт гэж хэлэхэд ч хэцүү. Яахав, хэдэн техник, тоног төхөөрөмжийн мөнгө л гадаадын нөхдөөс авдаг байх. Ингээд хөгжихгүй ээ. Бид дотооддоо л үйлдвэрлэл хөгжүүлэх ёстой. Баялаг бүтээлт гэдэг бол дөрөв, тав, дөч, тавин мянган хүний хөдөлмөр шингэсэн үйлдвэрлэл явуулахыг улс орон хөгжихийг хэлнэ.  Үүнийг л баялаг бүтээнэ гэнэ дээ.

-Тэгвэл манай улсад ямар ямар чиглэлийн үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой гэж хардаг вэ?
-Манай улс Хятад, Орос гэж хоёр том гүрэнтэй хөрш. Тэд бидний ярианы хэллэгээр хүний хар нүднээс бусдыг хийж байна. Нэг бүтээгдэхүүнийг хэдэн арван сая ширхгээр үйлдвэрлэж байгаа. Ингэж сая саяар нь үйлдвэрлэхээр бүтээгдэхүүний өөрийн өртөг нь буурч үнэ хямдарна. Ийм учраас Хятадын хэт их үйлдвэрлэл Монголд үйлдвэрлэл хөгжихөд их саад болж байна. Жишээ нь, дэлхийн хэмжээнд жилд хэрэглэж байгаа оймсны гуравны нэгийг Хятад хангадаг гэдэг. Тэгэхээр ийм зүйлтэй монголчууд өрсөлдөж үйлдвэрлэл эрхлэхэд бэрхшээлтэй нь тодорхой. Гэсэн хэдий ч бид өөрсдөө үйлд­вэрлэх л хэрэгтэй. Бид иргэдээ ажилтай, орлоготой болгож байж хөгжинө. Өөр зам байхгүй.

-Манайд роботын эд анги үйлдвэрлээд Японд нийлүүлдэг компани бий гэж та ярьж байсан. Тэгвэл гэр ахуйн цахилгаан бараа, авто машины зарим эд анги үйлдвэрлээд дэлхийд танигдсан компаниудад нийлүүлэх боломж хэр байдаг вэ?
-Боломж бол хангалттай, хаа сайгүй бий. Японы хөрөнгө оруулалттай “Санко Коолор” гэдэг компани уг нь гайгүй ажиллаж байсан.  Одоо чухам байна уу, үгүй юу сүүлийн үеийн мэдээлэл алга. Роботын эд анги хөнгөн цагаанаар үйлдвэрлэж, Япон руу гаргадаг юм. Жишээлбэл  авто машины бүх цахилгаан утсыг манайд үйлдвэрлэж болно. Монголд бүх түүхий эд нь бий. Зэс утас хийх технологи байгаа. Эрдэнэтэд зэс утас үйлдвэрлэж байгаа шүү дээ. Аль нэг авто машин үйлдвэрлэгчидтэй холбогдоод захиалга авахад авто машины цахилгааны утас хийх бүх түүхий эд, технологи манайд байдаг. Боломжийн хямд зардлаар чанартай бүтээгдэхүүн хийгээд нийлүүлье гэсэн санал тавих хэрэгтэй.
 
-Өнөөдөр ажил хэрэг болоод үйлдвэрлэлд нэвтэрч байгаа бүтээл, технологиуд байна уу?

-Монголчуудад хийх, чадах зүйл олон. Яриад байвал дуусахгүй. Жишээлбэл, БХЯ өнгөрсөн жил ШУА-ийн төлөөлөгчдийг аваачиж хээрийн сургуулилтаа үзүүлсэн. Тэгэхэд их бууны сургуулилт хийж байлаа. Тэд нэг сумыг 300 мянган төгрөгөөр худалдаж авч байна гэсэн. Үүнийг чинь Монголдоо хийж болно шүү дээ.    Манай инженерүүд түвэггүй хийнэ. Нэг буудсан хонгиог 2-3 удаа ашигладаг технологи байдаг юм билээ. Үүнээс гадна удахгүй зун болно. Гэтэл үүлэнд нөлөөлж бороо оруулдаг төхөөрөмжтэй сумыг манай улс мөн л гадаадаас авдаг.  Манай инженерүүд гэтэл хийгээд амжилттай туршсан байдаг. Эдгээрээс гадна сүүлийн дэлхий нийтээр эко авто машин гэх боллоо. Манай инженерүүд цахилгаан авто машин үйлдвэрлэж чадна. Бүрэн бололцоо бий. Бод л доо. Аль 1980-аад онд монгол залуучууд машин хийж чадсан. Өнөөдөр 2000 он хол гарчихаад байхад чадна шүү дээ. Манай Залуу техникчдийн ордонд хичээллэж байсан залуучууд нийлж хийе гэсэн. Даанч бидэнд тоолдог мөнгө нь алга. Гэхдээ экобус хийгээд л байгаа юм. Монголчууд гадаадад их ажилладаг болсон. Тэгээд нэг хавтас барьчихсан, би ийм технологи эзэмшсэн, үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлмээр байна. Хөрөнгө оруулалт яаж олох вэ гэсэн залуус надтай их уулздаг байсан. Эндээс үзэхэд монголчуудад, манай залууст хөрөнгө оруулалт байхгүй болохоос хийж бүтээх зүйл их бий. Үйлдвэрлэл бизнес болоод ирэхээр мөнгө олдог хүмүүсийн ажил тусдаа шүү дээ.

-Тэгэхээр оюуны өмч, тодорхой төсөл, технологи, шинэ бүтээл барьцаалж зээл авч болох систем манайд алга гэсэн үг үү. Бусад оронд ийм боломж байдаг биз дээ?
-Зарим нэг даргад ажлаа танилцуулдаг л даа. Тэр банкнаас очоод зээл аваад ажлаа хий гэдэг. Баярлаад тэр дарга дэмжлээ гээд банкинд гүйгээд очиход барьцаа хөрөнгө шаардана. Тэгээд барьцаагүй тул тэр ажлаа хавтаслаад хадгалахаас өөр аргагүй  болдог. Манайд технологи барьцаалж зээл олгодог болно гэх асуудал их яригддаг. Гэвч шийдэлд хүрдэггүй. Энэ бол нэг талаар түвэгтэй асуудал. Жишээ нь, би толгойдоо байгаа технологийг 10 сая төгрөгөөр үнэлж зээл авъя гэхэд банкныхан ойлгохгүй. Тэр технологийг яаж үнэлэх аргачлалаа мэдэхгүй. Тэгэхээр аль аль талдаа хүндрэлтэй. Уг нь оюуны өмчийг үнэлэх ёстой л доо. Гадаадад оюуны өмчөө үнэлж зээл авдаг хуулийн боломж бий л дээ. Технологи гэснээс өнөөдөр Оюу толгойд ашиглаж байгаа гүний уурхайн технологи дэлхийд ховор. Үүнд монгол инженерүүдээ ажиллуулж  ний нуугүй хэлэхэд хулгайлаад  авах хэрэгтэй. Аливаа улсын бодлого ийм байдаг. Гэтэл манайд алга. Манай дарга нар гадаад яваад л баахан үйлдвэр, уурхай үзээд л байдаг. Тэдний оронд уг нь инженерүүдээ явуулах ёстой. Дарга нарын хувьд зугаалаад байгаа юм. Эдийн засагч, хуульч мэргэжилтэй хүмүүс тэр үйлдвэрийн технологийг учрыг нь олж ойлгохгүй шүү дээ. Хятад, Өмнөд Солонгос ингэж л технологи хулгайлах бодлогоор өнөөдөр өндөр хөгжилд хүрсэн юм. Бод л доо манай овсгоотой залуус Солонгост үйлдвэрт ажиллаж ирээд технологийг нь толгойдоо бичиж, үйлдвэрлэл эрхэлж байна. Монгол хүний оюуны чадамж өндөр. Нэг учрыг нь олсон зүйлээ дор нь хийдэг. Хурдан сурах, дасан зохицох чадвартай.

-Зохион бүтээгчид би­дэнд ийм шинэ бүтээл, тех­ник технологи байна. Үүнд хөрөнгө оруулж хамтарч ажиллая гэсэн санал бизнесийнхэнд тавивал хэр хүлээж авдаг юм бол?
-Өө тэд чинь наймаа хийхээ л бодно. Түүнээс биш хүнээр үйлдвэрүүлнэ гэдэг тал дээр хойрго. Бага мөнгө зарж богино хугацаанд их ашиг олохоо л боддог юм. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа “Бизнесийнхний толгойд ашигаа хурдан өгөх зүйл орж ирэхээс биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж баялаг бүтээнэ гэсэн зүйл хоёрдугаар, гуравдугаар асуудал болсон байна” гэж хэлж байсан шүү дээ. Тэгэхээр наймаа хийхэд хоёр, гуравхан, цөөхөн хүн ашиг олно. Үйлдвэрлэл эрхлэхэд мянга мянган хүн ажлын байртай болно. Ийм л хоёр ашиг сонирхлын зөрчил манай нийгэмд давамгайлаад байгаа юм.

-Тэгвэл үүнийг манай улс төр, нийгэм эдийн засгийн тогтолцооны гажиг гэж хэлж болох нь ээ дээ?
-Тийм. Энэ бол төрийн тогтолцоо, удирдлагын механизмын алдаа. Машинаар яривал хөдөлгүүр нь доголдолтой ажиллаад байна. Төрийн ордонд суугаа 76, Ерөнхий сайдыг солиод бараг нэмэргүй. Буруу эргэсэн урсгалаар яваад тормоз барьж чадахгүй болчихсон юм. Бүр тогтолцоогоор нь өөрчлөх ёстой. Үүнд нэлээд цаг хугацаа шаардана. Уул уурхай ажилуулж Мон­гол Улс хөгжинө гэсэн сэтгэх­­гүй манайханд гүн бат шингэчихээд байна. Жи­шээ нь, зэсийн баяжмал үйлд­вэрлээд нэг тонныг нь 5000 ам.доллараар дэлхийн зах зээлд борлуулна гээд бодъё. Тэгвэл зэс утас хийгээд гарга­вал 17-19 мянган ам.доллар болно. Мөн трасформатор хийхэд ч үнэд хүрнэ.

-Төрөөс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжинэ гээд л хурал зөвлөгөөн хийж, баахан бичиг цаас болдог. Чамгүй мөнгө төгрөг ч төсөвлөөд олон жил өнгөрлөө. Энэ нь үр шимээ өгч чаддаг уу?
-Өмнөх УИХ Тендерийн тухай хууль баталж чадалгүй тарсан.  Төр жилд хэдэн зуун тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг. Энэ хуульд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан авах заалт оруулж байсан юм. Одоо дахиад цоо шинээр эхлэх байх. Тэгээд батлах гэж удна. Уг нь, энэ их зөв хууль байсан болохоор хүлээгээд л байлаа. Төр засаг мөнгөгүй гэдэг. Гэтэл асар их мөнгө үргүй зардаг. Тухайлбал, утаагүй түлш үйлдвэрлэнэ гээд 14 тэрбум төгрөг цацаад хаясан. Үйлдвэр бариад тэр нь бүтээгүй. Үүнийг хүн бүр мэднэ. Мөн автобусыг  холимог түлшээр явуулдаг болгоно гээд гурван тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Одоо сураггүй боллоо. Бас 3.5 тэрбум төгрөгөөр хогны үйлдвэр байгуулна гээд алга. Энэ мэтээр баахан мөнгө шатаагаад байдаг. Тэгсэн мөртлөө үйлдвэр байгуулахдаа ёстой нөгөө “дайны фронтод яваа” инженерүүдээ ойртуулдаггүй. Ядаж нэг инженер хажууд нь зогсч байвал энэ болохгүй, энэ тоног төхөөрөмж нь таарахгүй гэдгийг хэлээд өгнө. Адаглаад аль нь болох болохгүйг тэд мэддэг юм. Би дөнгөж сургууль төгсч буй залуу инженерүүдэд “Та нар дайны фронтод очиж ажилла” гэж хэлдэг. Тэд үйлдвэрийн нэг цехэд очиж утаа, дуу чимээ, токарь, цахилгаан гагнуур харж гараа тостой холь. Та нар цагаан гартай төгсөөд байна гэж багш инженерийн хувьд зөвлөдөг юм. Тэгээд залуу инженерүүдээ дагуулж үйлдвэрлэлийн цехүүдээр их явдаг байлаа.

-Улаанбаатарын утаа гэж нэг “баатар” бий. Үүнийг арилгана гэж үе үеийн Засгийн газар яриад олон янзын шийдэл гаргаж чамгүй мөнгө зарлаа. Та инженер, зохион бүтээгч хүний хувьд утаанаас салах ямар гарц байна гэж хардаг вэ?
-Би ШУА-ийн инноваци хариуцсан мэргэжилтнээр зургаан жил ажилласан. Тэгээд энэ утаагаар толгойгоо их гашилгасан юм.  Эрдэмтэд утааны асуудлаар нэлээд ажилладаг. Н.Алтанхуяг сайдын үед утааны талаар нэлээд хүч тавин ажилласан. Утааг багасгах ажлыг нэг Засгийн газар барахгүй. Утаа багасгах технологи гэвэл цахилгаан халаагуур, бүр утаагүй болгодог хүчтэй зуух байдаг. Манай инженерүүд энэ бүгдийг зохион бүтээсэн. Эдгээрээс гадна гэр, байшингаа дулаалах шаардлагатай.  Ингээд утааг арилгана гэхээр эцэстээ ядууралтай холбогдоод замхардаг. Өнөөдрийнхөө талх, хоногийн хоолоо олж байгаа хүн тэр гоё утаа гаргадаггүй халаалт, утаа гаргадаггүй шахмал түлшийг худалдаж авахгүй. Нүүрс, дугуй түлэхээс өөр замгүй болдог. Гадаад дотоодын олон төрлийн халаагуур, зуух туршиж үзээд амжилт олоогүй. Учир нь бүгд үнэ өртөгтэй тул түүнийг нь дийлэхгүй таг суучихаж байна.
 

Салхин цахилгаан станц зохион бүтээсэн ч үйлдвэрлэж чадаагүй...

-Та  Залуу техникчдийн ордонд хэдэн багшлав. Тэр үед танай ордноос шинээр ямар ямар техник технологи гаргаж, амьдрал, үйлдвэрлэлд нэвтрүүлж байв?
-Би Залуу зохион бүтээгчдийн ордонд арав гаруй жил багшилсан. Урд нь ирээдүйн инженерүүдийг тэнд л бэлтгэж байлаа. Мөн хүүхдийн техник сэтгэл­гээг хөгжүүлж байв. Хамгийн гол хүүхэд, залуусыг бүтээлч сэтгэлгээтэй хөдөлмөрт сургана. Ийм учраас Монголын инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх уурхай болж байсан юм. Харамсалтай нь, зах зээлийн шуурганд устсан даа. Одоо Өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль болгоод ажиллаж байна. Ажил нь давгүй сайн байгаа. Иймэрхүү сургууль олон байвал зүгээр гэж бий боддог. Өнөөдөр их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт оюутнуудыг хөдөлмөрүүлэх, ажиллуулах өөрсдөөр нь бүтээл хийлгэхгүй байгаа нь харамсалтай. Манай сургалтын систем жаахан хоцрогдонгуй юм.  Манай ордонд 1980-1987 онд Монголд анхны робот, машин, мотоцикль, компьютер гээд олон зүйл хийж байлаа. Тухайлбал, залуу инженерүүд “Пионер” гэсэн компьютер хийсэн. Тухайн үед “Хэт” компаниас энэ компьютерийг хийхэд оролцож байсан. Бас “Мазаалай” нэртэй анхны машин хийсэн.  Гэхдээ нэг зүйл бас хэлэх хэрэгтэй. Зөвлөлтийн мэргэжилтнүүд гар бие оролцож их зүйл зааж сургаж байлаа. Манай ордноос гаргасан шинэ бүтээлүүд амьдралд гайгүй нэвтэрч байсан юм. Эдгээр шинэ бүтээлийг гаргахад оролцсон  хүүхдүүд өнөөдөр мундаг инженерүүд болсон. Жишээ нь, нисэхийн инженер, томоохон үйлдвэрлэгч болж сурсан мэдсэнээ амьдралд амжилттай хэрэгжүүлж яваа.

-Өнөөгийн хүүхдэд техник сэтгэлгээ, зохион бүтээх сонирхол хэр байна гэж та дүгнэх вэ?
-Ийм сэтгэлгээ сонирхолтой хүүхдүүд их олон. Даанч сургалт дугуйлан цөөхөн. Учир нь Залуу техникчдийн ордны залуу халаа тасарчихаад байна. Энэ тэнд робот техникийн чиглэлийн сургалт бий. Одоо бүх зүйл бэлэн, хийе гэсэн бүтээлийнх нь эд ангиудыг дэлгүүрт зардаг болж.  Ийм учраас сурахад хялбар аятайхан болсон. Тухайн үед хүүхдүүд бүтээлийнхээ эд ангийг өөрсдөө хийдэг байлаа. Бүгд л метал бэлдцээ олж ирээд  халуун, хүйтэн гагнуур, токариор зорох, төмрийн хөрөөгөөр хөрөөдөх ажлыг хийнэ шүү дээ.
 
-Өнөөдөр Монгол инженерүүдийн хийсэн шинэ бүтээлүүд амьдрал, үйлдвэрлэлд хэр нэвтэрч байгаа вэ?
-Шинэ бүтээл нэлээд зохион бүтээж байна. Хамгийн гол нь, төрийн дэмжлэг дутдаг. Учир нь, бидний хямд өртгөөр хийчих зүйлийг гадаадаас өндөр үнээр худалдаж аваад байдаг юм. Бид таван сая төгрөгөөр нэг суурь машин хийлээ гэхэд гадаадаас 15 сая төгрөгөөр худалдаж авдаг нь харамсалтай.  Тухайлбал, Жаргалсайхан инженер цахилгаан автобус хийлээ. Манай ордонд сурч байсан Манлай гэж залуу Си эн си плазма зүсэгч, ферезерийн машин үйлдвэрлэдэг. Гэтэл гуравдугаар хорооллын арын гэр хороололд айлын амбаар түрээслээд л ажлаа хийж байгаа юм. Түүний бүтээгдэхүүн хамгийн орчин үеийн удирдлагатай робот л гэсэн үг. Би хааяа захиалгаар зарим зүйл хийлгэдэг. Тэгэхэд зуны улиралд 4-5 ийм машин үйлдвэрлэдэг гэж байна лээ.

-Та зохион бүтээсэн зүйлүүдээсээ манай уншигчдад танилцуулаач?
-Би 1980-аад онд салхин цахилгаан үүсгүүр анх хийж Шинэ бүтээл оновчтой санал үзэсгэлэнд оролцож байлаа. Мөн шавь нартайгаа хамт мотоцикль хийсэн. Залуудаа хөгжим их сонирхдог байв. Тэгээд хөгжмийг бол янз бүрээр хийсэн дээ. Өнгө аялгууны өсгөгч, цахилгаан гитар үйлдвэрлэж үзсэн. Саяхан цахилгаан морин хуур хийж туршиж үзлээ.  Сайхан болсон. Залуучууд сонирхвол үйлдвэрлэнэ. Хүмүүс уг нь сонирхоод асууж л байгаа. Бас Монголд хоёр дахь робот хийж байсан. Эхний  роботыг нь зөвлөлтийн инженер хийсэн түүхтэй. Эдгээрээс гадна буйдан үйлдвэрлэж үзлээ. Мөн хүндэтгэл ёслолын монгол гэр хийсэн. Зах зээлийн шуурганд янз бүрийн зүйл хийж ёстой л дээр, дороо ороод л байна.

-Сүүлийн үед салхин цахилгаан станц гэж дэлхий нийтээр төдийгүй Монголд ярих болсон. Таны зохиосон салхин цахилгаан үүсгүүрийн хэрэг нь одоо л гарах юм биш үү?
-Би 1983 онд салхин цахилгаан станц хийж амжилттай туршсан ч тухайн үед онголд олноор нь үйлдвэрлэх боломж байгаагүй. Тухайн үед надад ч зуу зуугаар нь үйлдвэрлэх мөнгө төгрөг ч алга байлаа. Гэтэл зах зээл эхлэхэд яг миний хийсэн салхин цахилгаан станцыг зуун зуун мянгаар нь оруулж ирсэн. Хөдөөний айлууд тэр салхин станцыг ажиллуулж эхэлсэн. Түүнд минийхээс илүү зүйл байхгүй. Одоо малчдын ажиллуулж байгаа 12 вольтын аккумлятор залгаж, гэрэл асааж, зурагт үзэж байгаатай адил хүчин чадалтай юм. Сэнсээр байнгын цэнэглэж байгаа тул аккумлятор нь сууна гэж байхгүй. Үйлдвэрлэл хөгжөөгүй орон тийм л байдаг юм байна. Технологи нь байлаа ч олноор нь үйлдвэрлэж чадахгүй алдчихаж байгаа юм. 

-Та өнөөдөр шинэ бүтээлүүдээ үйлдвэрлэлд нэвтрүүлж чадаж байна уу?
-Ганц нэгээр нь захиалгаар үйлдвэрлэдэг. Олноор нь үйлдвэрлэж чадахгүй л байна. Ер нь манай дотоодын үйлдвэрлэл импортын бүтээгдэхүүнд цохигдоод байгааг хүн бүр мэдэх байх. Төр засаг дотоодын үйлдвэрлэгч, зохион бүтээгчдээ дэмжих цаг ирсэн гэж бодож байна. Мөн мебелийн үйлдвэр нээгээд таван жил ажиллуулж үзсэн. Учир нь, гадаадаас гаалийн татвар нь тэглэсэн мебель вагон вагоноор нь оруулж ирэхээр манай жижиг үйлдвэр тэр шуурганд яаж тэсэх вэ дээ. Тэгээд үйлдвэрээ 1995 онд хааж, 15 ажилтнаа амь амиа бод гээд л тарааж байлаа. Тэдэнтэй өрсөлдөхөд хэцүү, адаглаад л дэлгүүрүүд манай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тавихаа болиод ирэхээр аргагүйн эрхэнд хаалгаа хаахаас өөр яахав.

-Та зүгээр суудаггүй хүн юм билээ. Сүүлийн үед ямар зүйлд төвлөрөн ажиллаж байгаа вэ?
-Зохион бүтээгч хүний нэг зан байдаг. Янз бүрийн зүйл шинжилж явна. Нэг нөхөр машины хамар сөхөөд зогсч байвал очоод өнгийж хардаг зантай хүн.  Сүүлийн үед Монголын түүх, археологийн олдворыг сэргээн бүтээх чиглэлээр ажиллаж байна. Хүннүгийн булш гэхэд л 30-аад метрийн гүнд байдаг. Манай археологичид Хүннүгийн олдворын дөнгөж аравны нэгийг л нээсэн.  Тэгэхээр эрдэмтдийг асар их нээлт хүлээж байна. Жишээ нь Булган аймгийн нутгаас Шороон бумбагар гэж том олдвор оллоо. Үүн шиг олдвор их.  Би доктор Эрдэнэбаатартай уулзаж ярилцсан. Манай түүх соёлын дурсгалыг сэргээн засах төв гэж бий. Тэд олдворын уранхай цоорхойг нөхөн сэргээж янзалдаг. Тэгэхээр бүтээнэ гэдэг нь түүнийг дуурайлгаж хийнэ гэсэн үг. Дэлхийн музейнүүд тийм дуураймал тавьж байгаа. Жишээ нь, Японууд палеонтологийн музейд яг газраас олж ухаад гаргаад ирсэн юм шиг динозаврын ясыг дуурайлган хийж байна. Жинхэнэ яс нь музейн сан хөмрөгт хадгалагдаг. Хятадууд мөн түүхийн олдвороо яг дуурайлган хийдэг болсон. Жишээ нь, метал хийц нь зэвэнд идэгдсэн байдалтай нь бараг ялгах аргагүй дуурайлган хийж байгаа юм. Иймд би түүхийн олдворуудыг сэргээж хийх талаар ажиллаж байна. Монголын их эзэнт гүрэн Чингис хааны байлдан дагуулалтыг дэлхий тэр чигээрээ сонирхох болсон. Гэтэл Монголд үзүүлж харуулах зүйл дэндүү хомс байна. Тэгэхээр Эзэнт гүрний үеийн олдворыг дуурайлган хийж музейд тавих зорилт тавиад ажиллаж байна. Түрүүчээс нь зарим нэг зүйлийг хийж эхэлсэн. Жишээ нь, Хүннүгийн сүйх тэрэг бий. Архангайн Гол модноос 10 гаруй сүйх тэрэг олдсон. Эдгээр олдвор дандаа хэмхэрхий үлдэгдэл нь. Тэгэхээр үүнийг дуурайлгаад бодитоор сэргээгээд хийнэ гэсэн үг. Тэгэхдээ бүр олдвор маягтай болгоод манай урчууд инженерүүд хийж чадна. Ингээд музейд тавьсан байхад жуулчид сонирхоно. Манайд жуулчдыг татах, тэдэнд үзүүлчих зүйл их ховор байгаа нь үнэн.

-Таны энэ санааг холбогдох байгууллагууд хэр дэмжиж байна?
-Ганц нэг хүнтэй уулзсан сүрхий дэмжсэн зүйл алга. Эрдэнэбаатар доктор дэмжиж байгаа. Өөрөө археологийн судалгаагаа хийх мөнгө төгрөг байхгүй. Гадаадын төслийн гар хардаг хүн. Уг нь өөрсдөө хийвэл зүгээр юм гэсэн. Гадаадынхантай хамтхахаар мөнгөний эзэн гол дүрд нь тоглох гээд зовлонтой. Уг нь, өөрсдөө хийвэл зүгээр. 

-Монголчуудын хөгж­лийн гарц хаана байна. Цаашид яаж амьдрах ёстой гэж та бодож байна вэ?
-Эхний ээлжинд газрын доорхи баялгаа зөв ашиглах ёстой. Норвеги улсын бэлээхэн жишээ байна. Энэ улс таван сая хүн амтай. Манайхтай төстэй орон. Норвегид төр муу менежер байх ямар ч үндэс байхгүй. Гэтэл манай төр хамгийн муу менежер гэдэг шүү дээ. Тэр муу ажиллаж байгаа дарга нарт арга хэмжээ авах ёстой. Хувьдаа болохоор мундаг ашигтай, хувьсгалд очоод ажиллахаар үйлдвэр дампууруулаад байж таарахгүй юм. Ийм улсын үйлдвэрийн газрын дарга, уурхайн захирлыг сарын дотор л халах хэрэгтэй. Мөн шахааны бизнес гэдэг зүйл хийж байгаа, шахуулж байгаа хоёрт хатуу арга хэмжээ авахгүй бол энэ байдал зогсохгүй гэж бодож байна.  Орчин үед цахим ертөнцөөр хаана ямар сэлбэг хэрэгсэл хэдэн төгрөгийн үнэ ханштай байгааг дор нь мэддэг болсон цаг. Ингэж чадвал төр сайн менежмент хийнэ. Угаасаа үүрэг нь тэр. Гэтэл манай төр дарга нарт, мөнгөтэй хүнд арга хэмжээ авч чадахгүй болсон. Жаахан хэл ам яриа болоод л өнгөрч байна. Тэгэхээр улс орон буруу замаар явахаас өөр замгүй юм.

0 Сэтгэгдэл
gazriin doorhi baylagaa zub ashiglah, beleehen Horbegiin turshlaga. ene mash zuitei sanal baina. ene hun shig setgedeg hun olon baigaasai
ТИЙМ ШҮҮ
Хамгийн их уншсан