Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ам.долларт өнгөрсөн онд “өвдөг шороодсон” валютууд


Б.БАДРАЛ


Өнгөрсөн жил буюу 2016 онд ам.доллартай харьцах ханшны уналтаар 139.5 хувийн үзүүлэлттэй Египет тэргүүлж, 24.5 хувийн уналттай Монгол удаалж, 13 хувийн уналттай Украйн гуравт орж байв. Харин он гарсаар Украйны гривн нь ханшийн уналтаараа Туркийн лирийн дараа хоёрдугаарт оржээ. 2017 оны нэгдүгээр сарын байдлаар украйн гривний нэг ам.доллартай харьцах ханш 5.9 хувиар унасан. Гэтэл 2015, 2016 оны Украйн гэдэг чинь Крымийн хойгоо Орост алдсан, аж үйлдвэрлэл, нүүрс олборлолт төвлөрсөн зүүн нутаг нь салан тусгаарлагчдын мэдэлд шилжсэн, албан ёсоор зарлаагүй ч иргэний дайнтай байгаа улс. Харин манай төгрөгийн ханш ийм улсаас давсан үзүүлэлттэй унана гэдэг итгэхэд бэрх ч бодит байдал ийм л байна.

2017 оны нэгдүгээр сарын
ам.долларын ханшийн өөрчлөлт


Иргэний дайн, хэт үндсэрхэг үзэлт харалган хүмүүсийн “ач”-аар экспортынхоо бараг 80 хувийг гаргадаг байсан Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан Украйнтай манай улсын хувьд адил төстэй зүйл их байна. Януковичийн үед авсан зээл дээр шинэ эрх баригчдын авсан нь нэмэгдээд 2019 онд Украйн нь гадаад зээл олгогч нарт 18 тэрбум ам.доллар буцаан өгөх ёстой. Ингэж өгч чадахгүй бол төлбөрийн чадваргүй болж дампуурлаа зарлана. Гадаад өрийн төлбөрийн чадваргүй болохыг дагаад үндэсний валютын ханш шалдаа буудаг нь бичигдээгүй хууль. Тэгээд ч улс төрийн хямрал хамгийн хурц үедээ явсан 2014 онд Украйны гривний ханш 200 гаруй хувиар буурч, жирийн иргэдэд тун хүнд дарамт ирж байсан юм. Оросыг чимхэх гэсэн өрнөдийнхөн Украйныг дампууралд хүргэхгүй аваад гарах нь бараг батлагдсан зүйл гэж болно. Сайн сайхан бүхнийг амлаж, элдвээр хатгасаар байгаад төрийн эргэлт гаргуулсан хүмүүс эцэст нь тэднийг үнсэнд хаясан шалз шиг  хаяхгүй нь ойлгомжтой.

ОУВС нь гарцаагүй байдалд орсон Украйнд зээл авах хэд хэдэн шинэ нөхцөл тулгажээ. Эдгээрийн дотор тэтгэврийн насыг нэмэгдүүлэх,ажилласан жилээс шалтгаалан олгодог нийгмийн даатгалын хөнгөлөлтийг багасгах, шинээр нийгмийн халамж гаргахгүй, одоо байгаагаа нэмэгдүүлэхгүй байх, газраа гадаадын иргэд, компанид чөлөөтэй хувьчлах, Тусгайлан авлигын гэмт хэргийг шүүх эрх зүйн орчинд бүрдүүлэн ажиллах зэрэг олон зүйл багтсан байна.

Тэгэхээр олон улсын валютын сан тусалдаггүй юм гэхэд Европын холбооноос тав гурван юм шидээд чирээд явна. Харин биднийг хэн чирэх вэ?
Манайд иргэний дайн болоогүй, манай эсрэг хэн ч эдийн засгийн хориг арга хэмжээ аваагүй, бид ч хэний ч эсрэг хориг арга хэмжээ аваагүй, тогтвортой улс гэж буй. Иргэд нь чөлөөт сонгуулиар шинэ төр, Засгийн газраа сонгосон. Гэтэл яагаад ам.доллартай харьцах төгрөгийн ханш дайн тулаантай улсынхаас бараг хоёр дахин илүүтэйгээр унаад байна вэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Хаа нэгтээ алдаа яваад байгаа хэрэг. Тогтолцоо бүхэлдээ алдаатай болохоор ийм байдалд хүрээд байгаа тухай эдийн засагчид, мэргэжилтнүүд яриад л байдаг. Сонсож байгаа хүн байдаггүй. Одоогоор манайд ОУВС-гийнхан ажиллаад л байгаа. Бид зээл горьдоод л байна. Чухам юу шаардах, ямар шаардлага тавьж байгаа нь ч тодорхойгүй байна.

Энэ оны эхний сарын байдлаар улс орнуудын үндэсний валют ба ам.доллартай харьцах ханш хэрхэн өөрчлөгдсөнийг энэ хүснэгтээс харж болно. Ямартаа ч манай төгрөг бага ч гэлээ чангарсан дүн харагдаж л байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан