Б.СЭВЖИДМАА
Саяхны судалгаагаар Өмнөд Солонгосын агаарын бохирдлын 70 орчим хувь нь Зүүн Хойд Азийн улсуудаас үүдэлтэй гэж үзжээ. Засгийн газрын санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг Солонгосын Байгаль орчны институтийн судалгаагаар тус улсын агаарын бохирдлын 70 хувийг Хятад, Казахстан, Монголын утаа бүрдүүлж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өмнөд Солонгост 2017 он гарснаас хойш агаарын бохирдол эрс нэмэгдэж, албаныхан иргэдийг аль болох гадуур явахгүй байхыг сануулжээ.
Солонгосын Байгаль орчны институт Солонгосын хойгт баруун хойноос илүүтэй салхилдаг учраас Хятад, Монголын агаарын бохирдол орж ирж байна хэмээсэн байна. Түүнчлэн Өмнөд Солонгос Хятадын хамгийн их агаарын бохирдолтой гурван мужтай хил залгадаг аж.
2006 оны Хятадын албаныхан НАСА-тай хамтран судалгаа явуулахад Өмнөд Солонгостой хил залгадаг Шаньдун муж жилд 1.7 сая, Хэбэй муж 1.3 сая, Жянсү муж 1.2 сая тонн бохирдуулагч хүчин зүйлийг агаарт цацдаг гэсэн тоо гарч байжээ.
Тиймээс Өмнөд Солонгосын Байгаль орчны яамнаас агаарын чанарыг сайжруулах ажлыг авч хэрэгжүүлэхээр болж, 10 жилийн дараа гэхэд Европын хамгийн бага бохирдолтой улсуудын хэмжээнд хүрэх зорилт тавьжээ. 2016 оны Байгаль орчны индексийн агаарын чанарын үзүүлэлтээр Өмнөд Солонгос 180 орноос 173 дугаар байранд орсон юм.