Б.МЯГМАРЖАВ
Бид дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн гэж төрөл бүрийн арьсан цүнх, гутал, хувцсыг ихэнхдээ гадны ижил төрлийн бүтээгдэхүүнээс өндөр үнээр худалдан авдаг. Ингэхдээ “Монголд үйлдвэрлэсэн” гэх шошгыг харж үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна гэдэг. Гэвч үнэндээ дотооддоо үйлдвэрлэж байгаа нэртэй ч бараа бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг БНХАУ-аас оруулж ирсээр. Учир нь, манайд арьс шир гүн боловсруулах үйлдвэр бараг үгүй.
Түүхий эдээ хямд үнээр урагшаа гаргаж, гүн боловсруулсан хойно нь өндөр үнээр эргүүлэн худалдан авдаг тогтолцоотой. Иймээс ч дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний өртөг өндөр гардаг. Тэгвэл бидэнд дотооддоо арьс шир гүн боловсруулах боломж хэр байдаг юм бэ. Энэ талаар Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал П.Баярсайхантай ярилцлаа.
-Үндэсний боловсруулах үйлдвэрүүдэд арьс шир, түүхий эдээ нийлүүлсэн малчдад урамшуулал олгодог болсон. Уг тогтоолыг хэрэгжүүлснээр үйлдвэрүүд түүхий эдээр тасрахгүй болсон гэж итгэж л байна. Өмнө нь БНХАУ-ын иргэд, ченжүүд үндэсний үйлдвэрүүдээс урьтаж бөөнөөр нь худалдан авдаг байсан?
-2012 онд УИХ-ын 74 дүгээр тогтоолоор хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрт малчин, мал бүхий иргэд түүхий эдээ тушаахад урамшуулал олгож байсан. Гэхдээ, 2015 оноос хоршооны гишүүн гэдэг хэсгийг хассан.
Учир нь, ченжүүд хоршоо байгуулж, малчдаас түүхий эдийг нь авч үндэсний үйлдвэрт тушааж байсан. Одоо бол урамшууллын баримтыг гурван хувь бичдэг.
Зарим хоршоод малчдынхаа урамшууллын баримтыг сумынхаа мал эмнэлэг үржлийн тасагт шивүүлдэг. Тэгээд цагаан хуудастайгаар арьс ширээ үйлдвэрт тушаадаг. Арьсаа тушаагаад ирвэл бид урамшууллыг нь олгож байна. Малчдынхаа мэдээлэл болон авсан арьсныхаа тоог бичдэг. Үйлдвэрт ирэхэд үйлдвэр өөрийн тамгыг дараад он сар өдөр, бүтээгдэхүүнийхээ үнийг бичиж авдаг. Арьс шир, ноос ноолуурын урамшуулалд жилд 10 гаруй тэрбум төгрөг олгодог.
-Хэдийгээр дотоодын үйлдвэрүүдэд тушаавал урамшуулал олгоно гэж байгаа ч үйлдвэрүүдийн хүчин чадал хэтэрхий бага. Үүнээс болж малын гаралтай түүхий эд үнэгүйдэж, арьс шир боодол бохины үнэ ч хүрэхгүй байгаа нь харамсалтай. Ямар зохицуулалт хийх ёстой гэж та үзэж байна вэ?
-Бид түүхий эдээ малчдаас авахад бэлэн. Авсаар ч ирсэн. Түүхий эдийн үнэ унаж боодол бохины үнэ хүрэхгүй болсон гэдэг үнэн. Иймээс манай холбоо түүхий эдийг орон нутагт нь хэрхэн үнэд хүргэх вэ, хэрхэн өртөг шингээж болох вэ гэдэг талаар малчидтай хамтран ажиллана. Уг нь, малаас ямаа хамгийн цэвэр амьтан. Бараг өвчилдөггүй. Гэтэл өнөөдөр монголын ямаа 100 хувь ямар нэг өвчтэй болж. Мөн хонины арьсны 80 орчим хувь нь бүдүүн үстэй болсон. Төв аймгийн Сэргэлэн суманд бэлчиж байгаа хонийг хэн ч хараад хонь л байна гэж хэлнэ. Харамсалтай нь, яг ямар үүлдэр угсааны хонь вэ гэдгийг ялгаж хэлэхэд хэцүү болсон. Зарим малчид хониндоо таних тэмдэг гээд хар лак түрхчихдэг. Энэ нь эргээд тухайн арьсыг боловсруулахад хүндрэл үүсгэдэг. Арьсыг малчдаас авахад гэмтэлтэй эсэх нь мэдэгддэггүй. Шар махны цаанаас танигдахгүй. Гэтэл уг арьсыг боловсруулаад ус, цахилгаан зарцуулж, олон хүн ажлуулж зардал гаргасны дараа гэмтэл нь илэрдэг. Ингээд үйлдвэрүүд 100 ширхэг арьсныхаа 80-ыг нь яах вэ гэсэн асуудалтай тулгардаг. Нөгөө зардал шингэсэн бүтээгдэхүүн нь боодол бохины үнэ хүрэхгүй болдог. Өнөөдөр нийт хонины нэхийний 80 орчим хувь нь бүдүүн ноостой, 60 гаруй хувь нь хачиг хамууны сорвитой байна. Нөгөө талаар бид нийт малынхаа 90 гаруй хувийг хээрийн бойгоор нядалдаг учраас нядалгааны үеийн гэмтэл асар их. Ялангуяа бод малын 40 гаруй хувь нь нядалгааны гэмтэлтэй. Малчид малынхаа арьсан дээр махаа эвддэг, нудардаг. Ингэхдээ бодын арьсаа сүхээр цохиж цоолдог. Ийм арьсыг боловсруулж бүтээгдэхүүнд хийхэд бэрхшээлтэй байдаг. Малчидтай малынхаа түүхий эдийн чанарыг сайжруулах тал дээр үндэсний үйлдвэрүүд хамтран ажиллахад бэлэн байгаа. Мал эмнэлэг, үржлийн бодлого алдагдсанаас түүхий эдийн чанар муу таваарлаг бус болоод байна. Манай улс мал, малын түүхий эд, бүтээгдэхүүнээ чанаржуулахын тулд олон ажлыг шат дараатай хийх шаардлагатай.
-Тухайлбал эхний ээлжинд ямар ажлыг хийх шаарлагатай вэ?
-Түүхий эдийн олон стандарт бий. Үүнийгээ сайн мөрдвөл түүхий эд үнэд хүрэх боломжтой. 500 төгрөгийн үнэтэй байсан нэхийг намар бид үнэд хүргэж чадсан. Дундговь аймагт манай үйлдвэрийнхэн очиж нэг ширхэг нэхийг 1500 төгрөгөөр худалдаж авсан. Энд чанараас шалтгаалж үнэ рүү гэсэн зарчим үйлчилсэн. Харин өнөөдрийн байгаа нөхцөл бол чанараас шалтгаалдаг бус тооноос шалтгаалдаг үнээр явж байна. Иймээс малчид бүтээгдэхүүнээ чанаржуулж, орон нутагтаа анхан шатны тордолт боловсруулалт хийгээд үйлдвэрүүдэд өгөх юм бол үнэ нь нэмэгдэх боломжтой. Бид өнөөдөр үхрийн ширийг хагас боловсруулж, Европын зах зээлд 29-34 ам доллароор борлуулж байна. Бидэнд 50 ам.доллараар борлуулах боломж бий. Үнэндээ нийт үхрийн ширний 40 хувь нь нядалгааны гэмтэлтэй гарч байна. Үүнийг сайжруулах юм бол дотооддоо гүн боловсруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Цаашлаад Европ болон дэлхийн зах зээлд гарч болно.
-Арьс ширний салбар улс орны эдийн засагт ямар нөлөө үзүүлэх чадвартай юм бэ. Жишээ, хэдэн хүнийг ажлын байраар хангах бололцоотой вэ?
-Би арьс ширний салбарыг манай улсад хамгийн сайн хөгжих боломжтой нь гэж хардаг. 20 гаруй мянган ажлын байр бий болгох 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт оруулах бололцоо бий. Гол нь түүхий эдийнхээ чанарыг сайжруулах юм бол хөдөө аж ахуйн хоршоодтойгоо хамтраад ажиллана. Энэ Засгийн газрын үед хоршооллыг хөгжүүлэх талаар илүү анхаарна гэсэн. Иймээс малчид хамтран хоршоо байгуулах хэрэгтэй. Ер нь, цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг дээ. Үүн шиг малчид маань ганцаараа зүтгээд байлгүй хамтраад хоршоо бүлэг байгуулаад ажиллах юм бол мал, малын түүхий эдийнхээ чанар таваарлаг байдлыг нэмэгдүүлэ өрх гэрийнхээ эдийн засгийг цаашлаад улс орны эдийн засгийг өөд татах боломжтой. Ер нь, сүүлийн таван жилд арьс ширний үйлдвэрлэлийн хэмжээ жил тутам 10-13 хувиар, экспортын хэмжээ 20-25 хувиар өсч, үйлдвэрүүдийн техник, технологийн түвшин дээшилж байна гэсэн судалгаа бий.
-Монголын мал өвчтэй байгаа нь махыг нь экспортод гаргахад тээг болдог. Малын өвчин малын арьс ширэнд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Малчид малаа цаг хугацаанд нь ариутгалд халдваргүйжүүлэлтэд хамруулах хэрэгтэй. Би социализмын үеийг магтах гэж байгаа юм биш. Тухайн үед малыг байнга угаалгад оруулдаг байлаа. Одоо бол машин угаадаг шүршүүрээр шүрхдэг болсон байна. Хэрэв бид малдаа цаг хугацаанд нь угаалга, ариутгал хийгээд занших юм бол малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болно. Үйлдвэржилтийг дэмжих “21:100” хөтөлбөрт орон нутагт арьс тордолгооны цех байгуулахыг дэмжинэ гэсэн. Үүнийг хоршоологчидтой хамтраад хийвэл үр дүнд хүрэх байх гэж бодож байна. Мөн стандартын шаардлага хангасан мал нядалгааны цех байгуулах юм бол мэдээж арьсны гэмтэл байхгүй болно нөгөө талаар стандартын махны чанар ч сайжрах боломжтой. Мах, арьс гэдэг нэг зоосны хоёр тал бөгөөд салшгүй холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүхий эдийн чанар дээр гурван төрлийн гэмтэл үүсч байгаа. Үүнд, амьдын, нядалгааны, тээвэрлэлтийн үеийн гэмтэл байна. Үүнийг л зохицуулах хэрэгтэй байгаа юм.
-Танай холбоо хоршоодтой хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Олон хоршоодтой хамтран ажиллаж байгаа. Ер нь, хоршоодод хөгжих боломж их бий. Хамгийн сүүлд Дорнод аймгийн “Баян-уулын хишиг” хоршоотой сайн хамтран ажиллаж байна. Бидэнд ноос, ноолуур, арьс ширээ авч ирж тушаадаг. Бид хоршоодын дарга нарт сургалт зохион байгуулдаг. Дарга нь, сурсан зүйлээ эргээд хоршооныхоо гишүүдэд заадаг ийм сургалтын системийг нэвтрүүлж байгаа.