Н.БАТ
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр НӨАТ-ын буцаалт иргэдийн дансанд орж, олон айл хүнс базаасан ч амралтын өдрүүдэд шатахууны үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр нэмж, өнөөх хэдэн төгрөг нь нөгөө халаасаар нь урслаа.
10-20 литр шатахуун авч байгаа иргэний хувьд 2000 төгрөг нэмэгдэх нь бага сонсогдож болох ч хэдэн зуун мянган тонноор нь зардаг импортлогчдын хувьд халаас нь чамгүй зузаарах нь.
Үүний араас гарч болох хамгийн урхагтай үр дагавар шатахууны үнэ дагаж өсдөг бусад өргөн хэрэглээний барааны үнэ. Онигоо ч гэсэн үнэний ортой гэгчээр “00-д ороход хураадаг мөнгө хүртэл өсчихдөг. 00-ын үнэд шатахуун ямар хамаатай юм бэ гэхээр “би унаанд сууж ирдэг учраас” хэмээн мөнгө хураадаг хүүхэн хариулсан гэдэг. Иймэрхүү байдал олон газарт ажиглагддаг тал бий. Тиймээс үе үеийн Засгийн газраас шатахууны үнэ бол эдийн засгийн суурь үнийн нэг хэмээн аль болох тогтвортой барих бодлого явуулдаг.
Ердөө өнгөрсөн сарын 25-нд Засгийн газраас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг энэ шалтгаанаар бууруулсан. Автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160000 төгрөгөөс 50000 төгрөг болгож, / 90-ээс дээш октантайг 160000 төгрөгөөс 30000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180000 төгрөг байсныг 70000 төгрөг болгон бууруулснаа мэдээлж байсан юм. Ийн бууруулснаар улсын төсвийн орлого 110 тэрбум төгрөгөөр буурах ч шатахууны үнийг өсөлтийг саармагжуулна хэмээн Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо болоод холбогдох яамны зүгээс тайлбарлаж байлаа.
Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбооны ерөнхийлөгчийн зүгээс энэ зохицуулалтыг хийгээгүй бол шатахууны үнэ литр тутамдаа 100-130 төгрөгөөр нэмэгдэх байсан учраас Засгийн газар онцгой албан татварыг нь буурууллаа. Үүний үр дүнд газрын тосны үнэ буурах ч үгүй өсөх ч үгүй гэж хэлж байв. Харамсалтай нь, ингэж хэлээд 10 ч хоноогүй, шатахууны үнээ литр тутамд нь 100 төгрөгөөр өсгөчихлөө. Салхийг “Петровис”, “Шунхлай” компаниуд хагаллаа.
Өчигдрийн байдлаар томоохон нийлүүлэгчдээ бодвол арай бага хэмжээгээр борлуулалт хийдэг компаниуд үнээ нэмээгүй байгаа юм.
Тиймээс хэрвээ литр тутмынхаа үнийг 100 төгрөгөөр нэмэх л байсан юм бол онцгой татварыг бууруулах шийдвэр Засгийн газраар гаргуулж, улсын төсөвт 110 тэрбум төгрөгийн “хохирол” учруулах ямар хэрэг байх вэ дээ. Ядаж л төсөвт 110 тэрбум төгрөг нь үлдэг дээ.
Шатахууны үнэ нэмэх шалтгаан...
Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ нэмэгдсэн гэх. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-нд Венад нефть экспортлогч орнууд хуралдан олборлолтоо өдөрт 1.2 сая баррелиэр бууруулахаар тохиролцсон байдаг. Учир нь, нефтийн олборлолт өсөхийн хэрээр үнэ нь буурсаар өнгөрсөн жил нэг баррелийн үнэ 30-40 ам.долларт хүрсэн. Тиймээс олборлогчдын зүгээс өдөрт олборлох нефтийн хэмжээгээ 20 хүртэл хувиар бууруулснаар үнийг тогтворжуулах боломжтой хэмээн үзсэн байдаг. Хэдийгээр ОПЕК-т нэгдсэн олонх орон үүнийг хүлээн зөвшөөрсөн ч хамгийн том экспортлогчдын нэг Ираны хувьд өнгөрсөн амралтын өдрүүдэд 2017 оны гуравдугаар сараас нефтийн олборлолтоо 4 сая баррель хүртэл нэмэгдүүлэх тухай мэдээлсэн. Ираний үндэсний нефтийн компанийн тэргүүн Аль Кардор энэ тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Тэрээр энэ оны сүүлээр нефтийн олборлолтоо 3 сая баррельд хүргэнэ гэжээ. 2016 онд Иран улс Европ руу өдөрт 0,9 сая баррель нефть экспортолсон нь дээд амжилт болсон аж. ОПЕК-ийн 11 улсын хувьд өдөрт олборлох нефтийн хэмжээгээ 558 мянган баррелиэр бууруулахаар тохиролцсон бол ОХУ-ын зүгээс 300 мянган баррелиэр бууруулна хэмээн амласан байгаа юм.
Эдийн засгийн судалгаа шинжилгээний “JPMorgan”-ний гаргасан урьдчилсан мэдээгээр энэ оны дундуур баррель нефтийн үнэ 65 ам.доллар хүрч өсөх ч 2018 оноос буурах нь тодорхой гэнэ. Хэрвээ 2017 оны гуравдугаар улирал хүртэл нефть экспортлогч орнуудын нэгдлээс өдөрт олборлох хэмжээгээ бууруулах бодлогоо барьж чадвал 2018 онд нефтийн үнийг 60 ам.долларт тэнцвэртэй байлгах боломжтой ч экспортлогчдын хувьд олборлолтоо цаашид нэмэгдүүлэх нь бараг ойлгомжтой гэжээ. Одоогоор нефть олборлогч 10 орон тохиролцоонд хүрч олборлолтоо бууруулсан ч Нигери, Ливи, Иран зэрэг орных өссөн байна.
Манай хойд хөршийн хувьд энэ оны эхний 30 хоногт 45,5 сая тонн нефть олборлосон нь өдөрт 1.516 сая тонныг олборлосон үзүүлэлт болжээ. Энэ нь өнгөрсөн оны 10 дугаар сартай харьцуулахад өдөрт олборлох нефтийн хэмжээ нь 98 мянган баррелиэр буурсан үзүүлэлт гэнэ.
Өөр нэг шалтгаан нь ам.долларын төгрөгтэй харьцах ханш. Өнөөдөр нэг ам.доллар 2475 төгрөг байгаа ч энэ бол сонгуулийн дараахан тогтсон ханш. Тиймээс сүүлийн зургаан сарын турш нефть импортлогчдод энэ ханш үйлчилсэн нь тодорхой. Манай улсын хувьд шатахууны нөөц 30-45 хоног байдаг. Тэгэхээр сүүлийн зургаан сарын турш импортлогчид үнэхээр тэвчээртэйгээр алдагдал хүлээгээд сууж байсан хэрэг үү.
Уг нь, сайд амласан шүү дээ
2017 оны арваннэгдүгээр сараас нефть импортлогч орнууд олборлолтоо бууруулж, үнээ тогтворжуулсан бол Монгол Улсын Засгийн газраас шатахууны үнийг тогтвортой барихын тулд өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн гурван ч удаа онцгой албан татварыг бууруулах шийдвэр гаргасан юм.
2016.10.05 Засгийн газрын хуралдаанаас Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх шатахуунд 130 мянга, дизельд 150 мянган төгрөг байхаар тогтоосон. Үүнээс өмнө нь онцгой албан татварын хэмжээг автобензинд тонн тутамд 400 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 520 мянган төгрөгөөр тооцож байсан аж. Ийн бууруулсан шалтгаанаа ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсан, импортлогчдын зардал өссөн нь жижиглэнгийн борлуулалтын үнэд нөлөөлөх нөхцөл үүссэн учраас хэмээн тайлбарлаж байв.
2016.11.30 Засгийн газрын хуралдаанаас автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүрт нь тонн тутамд нь 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол баталлаа. Ингэснээр онцгой албан татварын хэмжээг автобензинд тонн тутамд 160 мянган төгрөг, дизелийн түлшинд 180 мянган төгрөг болгосон байна.
Шалтгаан нь газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ 30-33 ам.доллараар буурч байгаа ч долларын ханшийн өсөлт нь нефть импортлогч компаниуд санхүүгийн алдагдалтай ажиллах, зах зээл дээр жижиглэнгийн үнэ нэмэгдэх шалтгаан болж байна гэж тайлбарлаж байв. Энэ шийдвэрийн дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Засгийн газар шатахууны жижиглэнгийн үнийг хөдөлгөхгүй, өөрийн эрх мэдлийн хүрээнд асуудлыг зохицуулж байгаа нь энэ. Ард иргэд дээр очих дарамтыг багасгахад онцгой анхаарах ёстой. Тийм учраас жижиглэнгийн үнийн асуудал дээр үнэ нэмэхгүй байхаар шийдвэрлэлээ. Импортлогч компаниудад зөвлөмж хүргүүлсэн” гэж мэдээлж байсан хэдий ч сайдын үг хоёр сарын л настай байв.
2017.01.25 Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 50,000 төгрөг болгож,/ 90-ээс дээш октантайг 30,000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татварыг 70,000 төгрөг болгон буурууллаа.
Газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор хэмээн тайлбарласан байв.
Импортлогч компаниуд тайлбарлах байлгүй дээ
Одоогоор нефтийн бүтээгдэхүүн импортлогч 15 компани “Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо”-ндоо харьяалагдан үйл ажиллагаа явуулдаг. Гурав, дөрөвхөн компани шатахуун импортлож, борлуулдаг байсантай харьцуулбал сүүлийн жилүүдэд литр шатахууныг 50 төгрөгөөр хямд үнээр авах боломж зарим импортлогч хэрэглэгчиддээ олгож байв. Мөн өөрийн нэрийн картаар борлуулж, хөнгөлөлт олгох систем ч нэвтрүүлсэн. Зарим импортлогч компаниуд сонгуулийн үеэр эзнийхээ нэр дэвшсэн тойрогт бага зэрэг хямд үнэ санал болгох байдал ч ажиглагдаж байсан. Гэвч газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч манай компаниудын хувьд жижгүүдээ бодвол том нь илүү үнэтэй борлуулдаг тал ажиглагддаг. Хэдийгээр чанарын хувьд бид давуу гэх тайлбар байдаг ч хямд үнээр борлуулах боломж байгаа юм биш үү гэх хардлага хэрэглэгчийн зүгээс байнга гардаг. Түүнээс гадна импортлогч компаниудын зүгээс үнэ нэмсэн талаарх тайлбар хийхдээ үргэлж хойрго ханддаг. Энэ бол төрийн үүрэг гэх маягтай хандлага ч ажиглагддаг. Шатахууны үнэ яригдах бүрт УУХҮЯ эсвэл Газрын тосны газраас ямар нэгэн тайлбар хэвлэлд өгдөг.
Тэгэхээр энэ удаад импортлогчдын зүгээс хэрэглэгчид тайлбар шаардах нь зүй. Мөн өөр нэг гаж зүйл ажиглагддаг нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хэчнээн хувиар унасан ч манайд шатахууны үнэ буурах зах зээлийн дүрэм огт үйлчилдэггүй. Ер нь, эдийн засгийн суурь үнэ гэсэн утгаараа шатахуун импортлогчдод Засгийн газрын зүгээс үргэлж татварын хөнгөлөлт үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгодог. Тэгвэл одоо тэд төрөөс хүртсэн хөнгөлөлтийнхөө хариуд хэрэглэгчиддээ тайлбар тавих нь зүй.