Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх олимпын амжилтыг атгагчид


Б.ЦЭДЭВСҮРЭН


“Токио-2020” олимпын наадам хүртэлх хугацаанд Үндэсний шигшээ багийн ахлах  болон дасгалжуулагчийн хариуцлагатай албанд томилогдох хүмүүсийн нэрс урьдчилсан байдлаар тодорлоо. Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан дасгалжуулагчдын нэрсийг холбоод хурлаараа авч хэлэлцэн БСШУСЯ-ны спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хүргүүлсэн байна. Орон тооны бус зөвлөлийн дараах гишүүд шийдвэрийг эцэслэн баталж ахлах болон дасгалжуулагчдын албан тушаалыг баталгаажуулна. Өнөө жил улс орны эдийн засгийн байдлаас үүдэн спортын төрлүүдийн дасгалжуулагчдын тоог цөөлсөн байна. Ингээд шийдвэр хүлээж буй шигшээ багийн албанд холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн дасгалжуулагчдыг танилцуулж байна.

Жүдо бөх

Рио-2016 олимпийн наадамд хамгийн олон эрх буюу 13 тамирчинтай оролцож олимпын медальт анхны эмэгтэй жүдочоор Д.Сумъяа гавьяат нэрээ мөнхөлсөн. Өнгөрсөн дөрвөн жил О.Балжинням дасгалжуулагчаар ахлуулан Д.Баттулга, Г.Дашдаваа, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа гэсэн таван багш ажиллаж 2015 оны сүүлчээс Х.Цагаанбаатар нэмэгдсэн.

Тэгвэл энэ удаа улс орны эдийн засгийн нөхцөл байдал, санхүү зэргээс шалтгаалан дасгалжуулагчийн тоог дөрөв болгожээ. Сонгон шалгаруулалтад есөн хүн өрсөлдснөөс О.Балжинням хамгийн өндөр оноо авч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга, Г.Дашдаваа нар удаалжээ. Монголын жүдо бөхийн холбооноос тэднийг томилох хүсэлт хүргүүлсэн.

АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ: Ардын багш О.БАЛЖИННЯМ

О.Балжинням Лондонгийн олимпын цикл эхлэхэд сонгон шалгаруулалтад оролцож хамгийн өндөр үнэлгээ авч жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах болсон билээ. Тэрээр үүнээс өмнө “Алдар” спорт хорооны дарга, хурандаа цолтой ажиллаж байсан юм. Лондон, Риогийн татамид жүдочдын гаргасан өндөр амжилт түүний хөдөлмөртэй холбоотой. Сонгон шалгаруулалтын өмнө Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд хуучин дасгалжуулагчдын багаа дэмжинэ хэмээн мэдэгдэж байсан.
Монгол улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга Одвогийн Балжинням нь 1960 онд Увс аймгийн Наранбулаг суманд төржээ. 1979 оноос самбо, жүдо бөхийн улсын шигшээ багт тамирчнаар орж 1985 онд самбо бөхийн дэлхийн аварга, 1989 онд Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж гавьяат тамирчин болжээ. Жүдо бөхөөр дэлхийн болон олон улсын тэмцээнээс 14 алт, есөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэн дэлхийд данстай бөх юм.
Харин үндэсний бөхөөр 1984 онд Д.Цэнд-Аюуш заанаар тав давж начин цол, 1989 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд 32 бөхөөс 29 давж заан цол хүртсэн бол АХ-ын 70 жилийн ойгоор 1991 онд түрүүлж, 1994 оны наадмаар үзүүрлэсэн амжилтаараа 1995 онд улсын аварга цолыг хүртсэн байна.
Тэрээр улсын наадамд 17 удаа шөвгөрчээ. Мөн сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аваргаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль авч байсан арвин амжилтын эзэн гэдгийг монголчууд андахгүй биз ээ.


Чөлөөт бөх

2016 оны олимпийн наадамд эрэгтэй баг бүтэн багаараа, эмэгтэй баг дөрвөн эрх авч олимпод өрсөлдсөн. Өнгөрсөн олимпийн циклд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн дасгалжуулагч нийтдээ найман багш шигшээ багт ажилласан. Харин ирэх олимпийн цикл дөрөв дасгалжуулагч бүтэн багаа хариуцна. Сонгон шалгаруулалтын дүнгээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Арслан” клубийн Б.Баттулга, дасгалжуулагчаар ОУХМ Б.Батзориг, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар “Хасу Мегастар” клубийн Ц.Баярсайхан, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Хангарьд” клубийн Ө.Ууганбаяр нарыг шалгаруулж, Спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хүргүүллээ.

ЧӨЛӨӨТ БӨХ-АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ: “Арслан” клубын Б.БАТТУЛГА

Гавьяат тамирчин Б.Наранбаатар, чөлөөт бөхийн ОУХМ Ж.Чулуунбат, Т.Энх-Амгалан, Э.Ням-Очир нарын шилдэг тамирчдыг Монголын чөлөөт бөхөд бэлтгэж өгсөн “Арслан” клубыг үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Б.Баттулга шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноог авчээ.

Тэрээр 1993 онд их сургуулийн оюутан байхдаа бөхийн 73 дугаар сургуульд чөлөөт бөхийн багшаар ажиллаж эхэлжээ. 1996 онд БТДС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөнийхөө дараа 1997 онд “Арслан” клубээ байгуулсан байна. 2000 оноос БТДС-д дасгалжуулагч, багшаар ажиллаж байгаад 2004, 2008 онд шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад орж байсан ч тэнцээгүй. 2012 оноос Тайваний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар хоёр жилийн хугацаанд ажилласан туршлагатай нэгэн.
Мөн тэрээр өөрийгөө хөгжүүлэхээр 2002 онд АНУ-д болсон өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэх дасгалжуулагчийн сургалтад нэг жилийн хугацаатай суралцсан. 2004 онд FILA-гаас анх удаа олон улсын дасгалжуулагчдыг лицензжүүлэх шалгалтад оролцож, дэлхийн хэмжээнд олгосон анхны Олон улсын дасгалжуулагчийн лицензийн нэгийг авч байсан юм байна.


Байт харваа

Байт харвааны шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад Ж.Нарантуяа тэргүүлж Ю.Ганзориг удаалжээ. Шигшээ багийн ахлахаар Ж.Нарантуяа, туслахаар Ю.Ганзориг гэсэн хоёр дасгалжуулагчийн орон тоотой ажиллах юм байна.

БАЙТ ХАРВАА-Ж.НАРАНТУЯА, Ю.Ганзориг

Ж.Нарантуяа өнгөрсөн олимпын циклд багаа ахалсан билээ. Тэрээр энэ удаа улирах боломжтой. Харин Ю.Ганзоригийн хувьд 2013 оноос хойш шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаа.


Таеквондо

“Рио-2016” олимпийн наадмын 68кг-д Ази тивийн төлөөлөл БНСУ, Монгол, Йордан гэсэн гурван улс эрх авсан. Эх орноо төдийгүй тивээ төлөөлөн тулалдсан ОУХМ П.Тэмүүжингийн олимпын наадамд үзүүлсэн гайхалтай тулаан өдгөө ч дурсагдаж байгаа.
Таеквондогийн холбооноос сонгон шалгаруулалт ёсоор шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, БНСУ-ын дасгалжуулагч Хо Ин Ён нарыг дахин томилуулахаар болжээ.

ТАЕКВОНДО-Н.ЭРДЭНЭБААТАР, ХО ИН ЁН

Манай улсад хөгжиж буй төрөл болох таеквондогийн спортыг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож яваа залуу бол дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар. Тэрээр өнгөрсөн циклд хүч хөдөлмөрөө дайчлан ажилласан бөгөөд манай улсаас анх удаа таеквондогийн төрлөөр олимпын эрхийг анх удаа авч, өндөр амжилт үзүүлсэн билээ.  
Дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар тамирчин байх үедээ Хо Ин Ёнтэй хамт бэлтгэл хийдэг байсан бөгөөд 2013 оны наймдугаар сард түүнийг урьж ирүүлэн Монголын таеквондогийн шигшээ багтай хамтарч ажиллаж байна. Хо Ин Ён нь БНСУ-ын шигшээ багийн тамирчин байсан юм. Тэрээр тамирчин байх үедээ улсынхаа тэмцээнд 10 удаа, “Дэлхийн цом”-д мөн түрүүлж байсан бөгөөд 2004 оны Афины олимпод оролцох эрхээ авсан ч гэмтлийн улмаас оролцож чадаагүй улмаар дасгалжуулагч болсон байна.


Бокс

Риогийн дэвжээнд зургаан боксчин эрх өвөртлөн тулалдаж хоёр олимп дараалсан буухиагаа таслахгүй хүрэл медаль хүртсэн баг. Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад “Рио-2016” олимпийн циклд багаа удирдан амжилттай оролцсон Д.Батсүрэн хамгийн өндөр оноо авч тэргүүлсэн.
Монголын боксын холбооноос ахлах дасгалжуулагчаар Д.Батсүрэн, дасгалжуулагчаар Н.Мөнхсайхан, эмэгтэй шигшээг Б.Пүрэв-Очир, залуучуудын шигшээ багийг С.Эрдэнэбат нараар удирдуулах саналыг хүргүүлсэн байна.

БОКСЫН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ: Д.БАТСҮРЭН

2007 оноос эхлэн шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж эхэлжээ. 2008 онд Бээжингийн олимпын дараа шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Банди өөрийн хүслээр ажлаа өгч, сонгон шалгаруулалт явуулснаар Д.Ганзориг ахлах дасгалжуулагч болж байсан. Гэхдээ Риогийн циклд шигшээ багийг Д.Батсүрэн ахлах болсон юм. Түүнд улиран сонгогдох магадлал байна.


Буудлага

Рио-2016 олимпийн наадамд гурван мэргэн бууч эрх авч галын шугаманд цэц мэргэнээ сорьсон. Буудлагын шигшээ багийн сонгон шалгаруулалтад зургаан дасгалжуулагч өрсөлд­жээ. Гар бууны төрөлд Сон­гино­хайрхан дүүргийн спорт хорооны дасгалжуулагч Д.Оюун тэргүүлж, Л.Ундралбат дасгал­жуулагч аман хүзүүджээ. Урт бууны дасгалжуулагчын сон­гон шалгаруулалт Б.Сугар өндөр оноо авч, Ж.Ганхуяг дасгал­жуулагч хоёрдугаарт бичигджээ.

БУУДЛАГА: Д.ОЮУН, Б.СУГАР

Сонгинохайрхан дүүр­гийн спорт хорооны дасгал­жуулагчаар ажиллаж буй Д.Оюун нь 1998 оны дэлхийн аваргад Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа нартай хамт оролцож, багаараа хүрэл медаль хүртэж байсан удаатай. Энэ үеэс л тэдний ирээдүйд амжилт гаргах эхлэл нь тавигдсан гэхэд болно. Тэрээр саяхыг хүртэл тамирчнаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү анх удаа шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад оролцсон юм.
Б.Сугар мөн л энэ удаа анх удаа шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шал­га­­­­­­­руулалтад оролцсон. Тэрээр Монголын буудлагын спортын холбооны дэргэдэх “Снайпер” клубыг үүсгэн байгуулалцаж монголын буудлагын спортын залгамж халааг бэлтгэлцэж яваа нэгэн аж.


Хүндийг өргөлт

Монголын хүндийн өргөлтийн холбооны дасгалжуулагч сонгон шалгаруулалтыг Ц.Хосбаяр багш тэргүүлжээ. Тус шигшээ багийн нэг дасгалжуулагчийн орон тоотой байхаар баталсан байна.

Хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр олимпоос ирснийхээ дараа “Шигшээ багт нэг орон тооны боломж гарвал эмэгтэй дасгалжуулагч нэмэх хэрэгтэй байна. Эмэгтэй хүүхдүүдтэй ажиллахаар бас хэцүү асуудлууд тулгарах юм. Тэмцээнд очоод жин хасах болохоор хажууд нь байхгүй бол болохгүй. Эмэгтэй тамирчнаа аваад эрэгтэй саунд хамт орж болохгүй. Би өөрөө эмэгтэй саунд хамт орж мэдээж болохгүй. Олимпын наадмын үеэр энэ мэт асуудал тулгарсан. Эмэгтэй хүнд эрэгтэй багшдаа хэлж болохгүй нарийн нандин зүйл зөндөө л байгаа” гэдгийг Үндэсний шигшээ багийн тайлангийн хурлаар хөндөж байсан.

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ХОЛБОО: Ц.ХОСБАЯР

Монгол Улсын нэрийг тив, дэлхийн тавцан дээр өргөж явсан Азийн аваргын наадмаас хүндийг өргөлтийн анхны алтан медалийг авч ирсэн тамирчин Ц.Хосбаярын эзэмшдэг рекордууд одоо ч эвдэгдээгүй байсаар. Тэрээр 2014 оноос дасгалжуулагчийн ажлаа эхэлсэн бөгөөд шавь нар нь амжилттай яваа. Тэдний нэг нь М.Анхцэцэг. Шавийнхаа төлөө бүхнээ зориулж чаддаг гэдгээ олимпын үеэр, дараа батлан харуулсан түүнд шигшээ багийг хариуцуулахад итгэл алдахгүй гэдэгт итгэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан