Б.СЭВЖИДМАА
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, харамсалтайгаар ялагдал хүлээсэн Хиллари Клинтон өөрийн амьдралаас сэдэвлэсэн ном бичиж эхэлжээ. Тэрээр номондоо өөрт тохиолдсон сургамжтай үйл явдал болон өнгөрсөн онд болсон сонгуулийн талаарх дурсамжаа оруулж байгаа аж. Хиллари Клинтон номоо ирэх есдүгээр сарын 26-нд худалдаанд гаргах бөгөөд одоогоор номны нэр, ямар үнэ ханшаар зарагдах нь тодорхойгүй байна.
“Simon & Schuster” хэвлэлийн компани “Хиллари Клинтон номондоо өөрийн зарчим болгон мөрддөг онч үгсээ шигтгээ болгон оруулж өгч байгаа” хэмээжээ. Хиллари Клинтон “Миний номонд орсон үгс бол миний амьдрал. Би эдгээр үгсийн ачаар л хүнд хэцүү цагийг даван, өөрийгөө зоригжуулж ирсэн. Тиймээс уншигчидтай хуваалцмаар байна” гэжээ. Өдгөө 69 настай Хиллари Клинтон 2013 онд орхисон “Harry Walker” илтгэлийн агентлагт дахин ажиллах болжээ. Тэрээр мөн “Vital Voices” байгууллагын зохион байгуулах олон улсын эмэгтэйчүүдийн баярын үйл ажиллагаанд илтгэл уншиж, мөн ирэх дөрөвдүгээр сарын 20-нд Нью-Йорк хотноо болох ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах гала үйл ажиллагаанд оролцож, илтгэл тавих юм байна.
Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нам жим байж, хамгийн сүүлд Ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслолд оролцсоноос хойш олны өмнө бараг гараагүй билээ.
Тэрээр өмнө нь “Миний амьдралын түүх” нэртэй ном бичсэн нь олон улсад борлуулалтаар тэргүүлж байсан юм.