Б.МЯГМАРЖАВ
Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед иргэн бүр үйлдвэрлэгч байж хямралаас гарах учиртай. Өмсөх гутал, хувцас идэх хоолоо хүртэл урт хөршөөс зөөдөг монголчуудын хувьд жижиг дунд үйлдвэрлэл, хоршоог хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна. Орон нутагт олон бүлэг хоршоо үйл ажиллагаа явуулдаг ч тэднийг төрөөс нэгдсэн бодлогоор дэмжиж ажлын байрыг нь өргөтгөх боломж хомс байсаар ирсэн. Манай улсад хоршоолол хөгжөөд 20 гаруй жилийг ардаа орхижээ. Гэсэн ч хоршооллыг хөгжүүлэх бодлого, хууль эрхзүйн орчин бүрдээгүй байна.
Хоршоог хөгжүүлснээр манай улс шиг хүн ам цөөн, зах зээл багатай орны хувьд богино хугацаанд боломжийн зардлаар ажлын байр олноор нь бий болгох боломжтой гэнэ. Иймд Засгийн газраас хоршоо, хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-II”-ийг боловсруулан баталж хэрэгжүүлж байгаа аж. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Хөтөлбөр хэрэгжснээр монголчуудын ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэж, хоршооны гишүүдийн орлого, амьдралын түвшин дээшилнэ. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжсэнээр хоршоод нэмэгдэж үйлдвэрлэл, борлуулалт өсч дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ өснө гэж бид үзэж байна. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг даван туулахад хамтын ажиллагаа чухал, хоршоолол нь бизнес хийх оновчтой хэлбэр болохыг батлан харуулж байна. Улмаар цаг уурын өөрчлөлтийг сааруулах, хоол хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хоршоо хамгийн сонгодог хэлбэр байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашид хоршоод борлуулалт, үйл ажиллагаагаа нэгтгэн зах зээлд гарах, өрсөлдөх чадвараа сайжруулах, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулахад анхаарах шаардлагатай цаг үе тулгараад байна” хэмээн ярьсан юм.
Өнөөдөр олон улсын хоршооллын хөдөлгөөнийг эрчимжиж байгаа ч үндэстэн дамнасан корпорациудтай харьцуулахад өчүүхэн бага хэмжээний хөрөнгө эзэмшдэг. Гэсэн ч дэлхийд 100 гаруй сая ажлын байрыг бий болгож, зургаан хүн тутмын нэг нь аль нэг хоршооны гишүүн, хоёр хүн тутмын нэг нь хоршооны үр шимийг ямар нэг хэмжээгээр хүртдэг гэсэн судалгаа бий. Мөн дэлхийн алдартай томоохон фирмүүд ч үйл ажиллагааныхаа гарааг хоршооноос эхэлж байсан гэдэг. Тухайлбал, алдарт Барселона баг 175 мянган гишүүнтэй спортын хоршоо болтлоо өргөжин тэлжээ. Түүнчлэн манай улсад ОХУ-аас импортолдог йогурт тараг, АНУ-аас орж ирдэг төрөл бүрийн үзэмнүүдийг ч тухайн улсын хоршооныхон үйлдвэрлэдэг гэнэ. Харин дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлдэг болгоход хоршооны удирдлагын тогтолцоо, гишүүдийн идэвхийг сайжруулах шаардлагатай.
Манай улсад нэг өрхийн хоёр хүн, эсвэл нэг суманд амьдарч буй айл өрхүүд нэгдэн хоршоо байгуулж тодорхой хэмжээний үйлдвэрлэл эрхэлж орлогоо нэмэгдүүлсэн жишээ бий. Жишээлбэл, Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ургацын түрүү” хоршоо, “Ингэт шижир” мал аж ахуй, газар тариалан хосолсон хоршоод нь байна. Тэд өөр өөрсдийн чадах хэмжээндээ орон нутагтаа ажлын байр бий болгож төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутгийнхаа зах зээлд нийлүүлдэг. Хоршооны дарга нь нутгийнхаа ажил, мэргэжилгүй хүмүүсийг сургаж, ажлын байраар хангасан. Одоо гишүүд нь тогтмол орлоготой болжээ. Тэдэнд хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ, орлогоо нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
Дэлхийн 30 гаруй орон хоршооны асуудал хариуцсан бие даасан яамтай байдаг аж. Энэ нь хөгжингүй орнуудад ялангуяа Ази, Африкт бий гэнэ. Харин Япон, БНСУ-ын хоршоод эхний үедээ буцалтгүй тусламж хөрөнгө оруулалтыг татаж амжилтан хүрсэн түүхтэй. Мөн тус оронд хоршооны бүртгэл сайн хөгжсөн байдаг. Харин манай улсад эсрэгээр ямар ч бүртгэл хяналтгүй өнөөг хүрсэн. Иймээс манай улсад хоршоо хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан энэ юм байна. Хоршооны бүртгэл хяналтыг сайн хийснээр хоршоодод тусгай зөвшөөрөл олгодог. Уг зөвшөөрлийг авснаар төрөөс олон төрлийн хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлж өгдөг гэнэ. Нөгөө талаас манай улсад татварын дарамтаас шалтгаалан хоршоо хөгжихгүй байна гэдэг. Уг нь, татварын хөнгөлөлтийг хоршоо бизнесийн байгууллага үйл ажиллагаа эрхэлсэн л бол татвар төлөх ёстой гэсэн зарчим дэлхий нийтэд үйлчилсээр байгаа. Харин ямар үйлчилгээ үзүүлсэн тохиодолд татварын хөнгөлөлт эдлэхийг ялгаж өгсөн байдаг аж. Тэгвэл Ази болон Африкийн орнуудад хоршоог татвараас бүрэн чөлөөлдэг гэнэ.
Б.Бумаа: Бүтээгдэхүүнээ ихэвчлэн жуулчдад худалддаг
Өвөрхангай аймгийн “Зөөлөн сувд” хоршооны дарга Б.Бумаатай ярилцлаа.
-Хоршооныхоо талаар товч танилцуулахгүй юу. Хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-Манай хоршоо 2008 онд байгуулагдсан 12 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Хоршооны гишүүд ихэвчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон тэтгэврийн насныхан. Орон нутагт ажлын байр хомс. Иймээс хоршоо, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж ажлын байр нэмэгдүүлэх боломж харагддаг. Харин үүнийг төрөөс жаахан дэмжээд өгөх хэрэгтэй.
-Хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ. Үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хомс гэдэг. Танай хоршооныхон бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулдаг юм бэ?
-Манайх хурганы ноос, хонины нарийн болон нарийвтар ноос, ямааны ноолуур, тэмээний ноос сарлагийн хөөвөр зэргийг ашиглан хувцас, гэр ахуйн хэрэглэл болон бэлэг дурсгалын зүйл, ширмэл эсгий зэрэг арав гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулж байна. Бүтээгдэхүүнээ үзэсгэлэн худалдаа болон “Цагаан алт” дундын хоршоонд нийлүүлдэг. Зуны улиралд аялал жуулчлалын компанитай гэрээ хийж жуулчдад бүтээгдэхүүнээ борлуулдаг.
-Удахгүй Цагаан сар болох гэж байна. Баяраар үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн бэлэглье гэхээр үнэтэй байдаг. Танай хоршооны бүтээгдэхүүнүүд хэд орчим төгрөгөөр зарагдаж байна вэ?
-Бид жижиг түлхүүрийн оосорноос эхлээд гэрийн том ширдэг хүртэл хийдэг. 500 төгрөгөөс хоёр сая хүртэлх төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Түүхий эдээ боловсруулахаас эхлүүлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үйл ажиллагаа гар аргаар хийгддэгээрээ онцлогтой. Эсгий олбог ширдэг нь чийг татахгүй орчны дуу чимээг намсгаж тохь тухтай орчинг бүрдүүлдэг онцлогтой.
-Хоршооныхоо үйл ажиллагааг өргөжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлд хамрагдсан уу?
-Одоогоор ямар нэгэн төсөл, хөтөлбөрт хамрагдаагүй. Манай аймаг бусад аймгийг бодвол хүн ам, хөл хөдөлгөөн ихтэй болохоор зээл тэр болгон олдоод байдаггүй. Бор зүрхээрээ л явж байна. Цаашдаа орчин үеийн болон уламжлалт эсгий сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадын зах зээлд борлуулж хоршооныхоо орлогыг нэмэгдүүлж гишүүдийнхээ амьжиргааг дээшлүүлэхээр төлөвлөөд байна.
Н.Энхболд: Хоршоод арав гаруй жил хөвж явлаа
УИХ-ын гишүүн, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улсад хоршоо хэрхэн хөгжиж байна вэ. Одоогоор хэдэн хоршоо бүртгэлтэй байдаг юм бэ?
-Манай улсад 4200 гаруй хоршоо байна. Бид хоршооны зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлбэл тийм ч дутагдалтай зүйл биш. Гэхдээ хоршоо ямар байх ёстой, зарчим, үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл дутмаг байгаа нь үнэн. Хоршооллын Нэгдсэн холбооны дэргэд сургалт мэдээллийн төв сүүлийн арван жил нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Өөрсдийн хүчин чадлаараа сургалт зохион байгуулдаг ч хоршоод бүрт хүрч ажиллаж чадахгүй байна.
-Холбооны зүгээс хоршоологчдыг чадавхижуулах, мэдлэг олгохоор ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Бидний сургалт мэдээлэл хийж ажилласан хоршоод, зарчмаа ойлгож одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. 1990 онд хоршоодыг татан буулгаснаас хойш ерөнхийдөө 10 гаруй жил хөвж явсан. Харин сүүлийн 10 гаруй жил чадлынхаа хэрээр хоршооны давуу талыг ойлгуулж, ярьж хүмүүст хүргэж байна. Нэгэнт бүгдэд нь хүрч ажиллаж чадахгүй учраас төлөөлөл болгон хоршоодыг сайн ажиллуулж бусад хоршоодод үлгэр дууриалал болгох журмаар ажиллаж байна. Үүнд төр засгийн баримталж байгаа зарчим их чухал юм.
-Засгийн газрын зүгээс өнөөг хүртэл хоршоодыг хөгжүүлэх талаар ямар хөтөлбөр явуулж ирсэн бэ?
-2008-2012 онд хоршоог дэмжих зорилгоор нэлээд бодитой арга хэмжээг авч, тодорхой хэмжээнд хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлж, сургалтууд ч сайн зохион байгуулсан. Тэр үед үр дүн гарч эхэлж байсан. Харин Засгийн газар солигдох үед хаана харьяалагдах нь мэдэгдэхгүй хоёр гурван газарт нэртэй явж байсан. Одоо Засгийн газар, ХХААХҮЯ хоршоодын асуудлыг хариуцаж нэлээд цэгцтэй болж байна. Нэг талаас Засгийн газар ХХААХҮЯ, нөгөө талаас хоршоодын холбоод хамтарч ажиллаад эхлэхэд нэлээд сайн үр дүн үзүүлэх байх гэж бодож байна. Хоршоодын хөгжилд тулгамдаж буй асуудлыг хамтран хэлэлцсэн “Үндэсний хоршоологчдын V чуулган”-д “ЖДҮ, хоршооны талаар төрөөс баримтлах бодлого 2016-2020 он”, “Хоршооллын хөдөлгөөний хөгжлийн чиг хандлага”, “Хоршооны удирдлагын манлайлал”, мөн “Мах сүүний анхдугаар аян”-ы зорилго, чиглэл үйл ажиллагаа зэрэг сэдвээр итгэл тавилаа.