Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зүүнбаяр-Ханги Чиглэлийн төмөр замын асуудлыг дэмжсэнгүй


Б.БИЛГҮҮН

Засгийн газар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барих тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан ч, өчигдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр дэмжлэг авч чадсангүй. Дээрх тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар дэмжсэн ч Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод Зүүнбаян-Ханги гэсэн чиглэл байхгүй тул байнгын хорооны гишүүд дэмжихгүй байсан юм. Харин хуралдааны үеэр Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат “Төслийг татаж авъя” гэснээр Байнгын хороо тус төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь төмрийн хүдрийн ордуудаас жилдээ 4.8 сая тонн орчим төмрийн хүдэр олборлож, Замын-Үүд, БНХАУ-ын хилийн Эрээний боомтоор төмөр замаар тээвэрлэж экспортод гаргаж байна. Цаашид зах зээлийн эрэлт нэмэгдсэнээр ачааны хэмжээ 10-15 сая тонн болж өсөх магадлалтай гэж үздэг юм. Дээрх ачааны дийлэнх хэсэг нь Сайншандаас Эрээн хотын төмөр замын шилжүүлэн ачих байгууламжаар  шилжүүлэн ачилт хийн ӨМӨЗО-ны Жининь, Хөх хотын чиглэлээр тээвэрлэгдэн Бугат хот хүртэл 908 км тээвэрлэгддэг байна. Хэрэв Дорноговь аймгийн нутаг дахь Сайншанд -Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын хилийн Ханги-Мандал боомт хүртэл ойролцоогоор 281 км төмөр замын суурь бүтцийг барьж, Хятадын хил рүү баригдаж байгаа төмөр замтай холбосноор Сайншанд -Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 км болж 318км-ээр дөт болох юм байна.
 
Дээрх чиглэлийн төмөр замыг 1520 мм буюу өргөн царигаар барихаар хуулийн төсөлд тусгасан бөгөөд замаар төмрийн хүдэр болон бусад түүхий эд зөөж, 2018-2025 онуудад жилд тээвэрлэх ачааны хэмжээг 10.4-21.2 сая тонн, 2026 оноос 2046 онуудад тээвэрлэх ачааны хэмжээг 21.2 сая тонн гэж үзсэнээр Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд төмөр замын сүлжээ байгуулах ачаа тээврийн үндэслэлтэй гэж Засгийн газар тайлбарлаж байсан юм. Гэвч, өргөн царигийн асуудал болоод төмрийн хүдрийн тээвэрлэлтэй холбоотой гомдол УИХ-ын гишүүдээс гарсан юм.

Жишээ нь, өчигдрийн байнгын хорооны хурал­дааны үеэр  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
“Төмөр замын асуудал УИХ-аар орж ирэхдээ байнгын хэл ам дагуулдаг. Ялангуяа, томоохон ордуудыг, газрын хэвлий дэх баялгийг ашиглах эрхийг ард түмнээсээ авчихаад өөрсдөө эрчим хүчний шугам, төмөр замын дэд бүтцээ шийдэж чадахгүй юм бол лицензтэй байх шаардлагагүй. Сүүлийн үед ашиглалтын лицензийг нь авчихаад төрөөр төмөр зам, авто зам, эрчим хүчний шугамуудаа төлүүлдэг чиглэлд явж байна. Энэ бол байж болохгүй зүйл. Томоохон ордыг ашиглах эрхээ ард түмнээс авчихаад татвар төлөгч ард түмнээр дэд бүтцээ хийлгүүлэх гээд байж болохгүй. Сүүлийн үед лобби явж эхлэх гээд байна уу, гэж харж байгаа. Тиймээс ямар нэг байдлаар хувийн зориулалттай болох орд руу дэд бүтэц тавих асуудлыг хянах хэрэгтэй. Эцэстээ улс мөнгийг нь төлнө. Түүнээс гадна Төрөөс төмөр замын чиглэлээр баримтлах бодлогод Ханги гэж байхгүй бол эхлээд заавал Ханги гэж оруулах ёстой” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
“Эдийн засгийн хүндрэл­тэй байгаа үед бүтээн байгуулалт хийх, төмөр замаа тавья, төмрийн хүдэр болон бусад ашигт малтмалаа урд хөрш рүү гаргая гэж байгаа нь хөгжлийн бодлоготой зохицож байна. Гэвч, төмөр замын бодлоготой зөрчилдөж байна. Бодлого дээр Ханги гэсэн үг байхгүй. Тиймээс эхлээд Ханги гэсэн чиглэлээ төмөр замын бодлогодоо оруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, Ханги-Зүүнбаян биш Ханги-Сайншанд гэсэн чиглэлээр явах нь зөв байх. Мөн царигийн асуудлыг УИХ-аар оруулж ирж шийдвэрлүүлнэ гэсэн байгаа учраас УИХ-аар л хэлэлцэх ёстой. Тиймээс буцааж татах хэрэгтэй” гэв.

Харин Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат:
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичиг батлагдсан. Энэ бодлогын баримт бичигт Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам гэсэн чиглэл байхгүй. Бодлогод орсон чиглэл, маршрутын дагуу судалгаа хийсэн. Үүнд, Хөөт-Бичигт, Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам бодлогын баримт бичигт тус тус орсон. Дээрээс нь Хөөт-Нөмрөг гэсэн чиглэл л тусгагдсан. Харин Овоот-Эрдэнэтийн чиглэлийн төмөр зам сүүлд нь нэмэлтээр орж ирсэн юм. Яг тэр загвараар нь, эдийн засгийн ач холбогдлоор нь дугаарлаад Хөөт-Нөмрөгийн чиглэлийн төмөр зам өнөөдрийн манай улсын эдийн засагт ач холбогдолгүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Дорнодын Мэнэнгийн талыг дундуур нь хуваагаад төмөр зам барьсан ч тээвэрлэх ачаа байхгүй байна гэж үзсэн. Тиймээс эхний ээлжинд болон хоёрдугаар ээлжинд ч Хөөт-Нөмрөгийн чиглэлд төмөр зам барих шаардлагагүй гэж үзсэн. Харин эдийн засгийн ач холбогдлоороо илүү байгаа Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барих нь зөв гэж үзсэн” гэлээ.

Гэсэн ч төмөр замын чиглэлүүдийг УИХ тогтоодог тул Засгийн газар УИХ-ын шийдвэрийг давж болохгүй гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эхлээд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах саналаа оруулах ёстой гэж Эдийн засгийн байнгын хорооны гишүүд үзсэнээр Засгийн газрын тогтоолын төслийг Зам, тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат эргүүлэн татлаа.

0 Сэтгэгдэл
Muhar. Tumur zam huviin baival ashigtai tavantolgoi muhar tumur zamtai
Хамгийн их уншсан