Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хатагтай Мэйгийн хувийн ертөнц


Б.СЭВЖИДМАА

Тереза Мэйг танхимынх нь гишүүд ч сайн мэдэхгүй гэлцдэг. Британийн түүхэн дэх хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайдын хувийн амьдрал “хувийн” байсаар өнөөг хүрчээ. Тэр залуугаасаа улстөрд орсон ч парламентын гишүүдийн байнга үзэгддэг элдэв дайллага цайллагад зочлох нь ховор. Аяга цайны ард амьдрал хуучилж суудаггүй учраас хүмүүс түүнийг мэдэхгүй байх нь ч аргагүй. Харин ажил хэргийн талбар дээр бол тэр хамгийн өрсөлдөх чадвартай улстөрч байсаар ирснийг 1892 оноос хойш Британийн Дотоод хэргийн яамны сайдын албыг хамгийн удаан хашсанаас харж болно. Хэзээний улстөрч боловч бараг гэнэт шахуу Ерөнхий сайд болоод гараад ирсэн Тереза Мэй гэх хатагтай хэн бэ? Тэр Даунин Стритэд ирээд юу хийхийг, юу өөрчлөхийг хүсч байгаа бол гэдэг асуултын хариуг эрэлхийлэхийг тэрээр “Sunday Times” сонинд зөвшөөрчээ. Ерөнхий сайд болсноосоо хойш анх удаа Даунин Стритийн №10 өргөөнд  хэвлэлийнхнийг урьсан тэрээр хамгийн түрүүнд өмнөх Ерөнхий сайд Дэвид Камеруны үед байсан уулзалтын ширээг жижиг авсаархан, шилэн болгож сольжээ. Эмэгтэй дарга нарт түгээмэл ажиглагддаг шаламгай гавшгай хөдөлгөөнтэй Тереза Мэйгийн ертөнцөөр хийсэн “Times”-ийн сэтгүүлчийн ярилцлагыг одоо хүргэе.

Үг бүрээ цэнэж, нэг ч сул үг унагадаггүй Тереза Мэй ярианыхаа эхэнд айлын ганц охин байсан хүүхэд насаа дурслаа. Жижигхэн тосгоны санваартны гэр бүлд ганц охин болон заяасан амьдрал нь, үүрэг, хариуцлагын тухай эцгийнх нь сургааль түүний үзэл санааг бүрэлдүүлжээ. Тэрээр хүүхэд байхаасаа л бусдын төлөө үйлчлэхийн утга учрыг харж өсч.

“Аав маань айлуудаар их явна. Ховор тохиолдолд намайг дагуулна. Хэрэв ганцаараа явбал ирээд юу болсныг ярина. Нэг зул сарын баяраар манай тэнд айхтар том осол гарч, хэд хэдэн айл хүнээ алдсан юм. Баярын өдөр аав маань сүмийн ёслолоо дуусгаад, тэдгээр айлуудаар очиж, бэлэг өгчихөөд ирэх гэсээр орой болж билээ. Би тэгэхэд есөн настай жаахан охин. Бэлгээ авахыг хүлээсээр. Харин аав минь уй гашууд авт­сан айлуудад үйлчлэхээр ар гэрээ ч мартан явдаг байлаа”

Тэр багаасаа өөртөө итгэлтэй хүн болон төлөвшжээ. “Эцэг эхийн маань надад хэлдэг гол зүйл бол юу ч хийсэн хамгийн сайнаараа хийхийг хичээ гэдэг байсан. Чи эмэгтэй хүүхэд учраас чадахгүй, болохгүй гэдэг хориг хязгаартай хэзээ ч учирч байсангүй. Олдсон боломж бүрийг ашиглахыг хүсдэг, өөртөө итгэлтэй, гадагшаа тэмүүлэлтэй хүүхэд байсан” гэдгээ Тереза Мэй дурслаа. Энэ л зан чанар түүнийг улс төрийн замнал тийш хөтөлсөн нь дамжиггүй.

Улс төрд хөл тавьснаас хойш түүнд учирсан хамгийн хүнд үе Ерөнхий сайд болсон үе ч биш, харин 1986 онд 29-хөн настайдаа Торигийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон хариуцлагатай цаг мөч байжээ. Тухайн үед Торигийн намаас ерөөсөө 17-хон эмэгтэй гишүүн хууль тогтоох байгууллагад сууж байсны нэг нь тэр байв. Тэр 17 гишүүний дунд Маргарет Тэтчер ч багтаж байсан боловч улс төрийн намын хувьд эмэгтэйчүүдийг дэмжиж гаргах тал дээр тун хойрго, хүнд үе байжээ. Тийм л хүнд үеийг давж Тереза Мэй эмэгтэйчүүдийн өмнө тавьсан жендерийн бартаа саадыг давж, улсынхаа хамгийн эрх мэдэл бүхий хууль тогтоох байгууллагад өөрийн баттай байр суурийг бий болгожээ.
Түүнийг улс төрд өдий хүртэл залж ирсэн, луужин болсон үзэл баримтлал нь юу байв гэсэн асуултад “Би эмэгтэй учраас чадахгүй байх гэдэг бодлыг толгойноосоо таягдан хаях хэрэгтэй. Шинэ сонголт, шинэ албан тушаал, шинэ байр сууринд очихын өмнө би өөрийгөө эмэгтэй учраас чадахгүй гэж бодохын оронд энэ талаар миний мэдэхгүй зүйл юу билээ, аль асуултад нь би бүдэрч магадгүй бол, түүн дээр яаж сайжрах вэ гэж боддог. Бүсгүйчүүд, охид маань өөртөө итгэлтэй байхад энэ их чухал шүү” гэж хариулсан юм.

Тереза Мэй ердийн нэг урсгалаар явдаг улстөрч биш. Тэр системээр нь ч өөрчлөлт хийж чадах эмэгтэй. Тиймдээ ч “Миний улс төрийн арга барил уламжлалт хэв маягаас үл ялиг өөр л дөө. Төлөөлөгчдийн танхимд анх орж ирэхэд  тамхины өрөөнд хий дэмий чалчсан хүмүүс аятай мэдрэмж төрж байлаа. Энэ бол миний ажил явуулах арга барил биш.  Би бол “Хийх ажил байна. Энэ ажлыг хийх ёстой” гэсэн маягаар л ханддаг хүн” гэж эрсхэн өгүүлэв.
Тэрээр ажлаа хийх цагт нь хийгээд, амралтын цаг буюу өдрийн хоолны цагаар нөхөртэйгөө цугтаа сууж хооллодог. Түүний нөхөр Филип Мэйг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Гэхдээ эр нөхөр нь түүний амьдралд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг хүн байсаар иржээ.

Тэднийг Оксфордын их сургуулийн Консерватив холбооны нэгэн үдэшлэгийн үеэр Пакистаны Ерөнхий сайд агсан Беназир Путто танилцуулж байсан түүхтэй гэнэ. Филип ирээдүйн эхнэрээсээ нэг насаар дүү ч, Консерватив намд хэдий нь нэр нүүр олсон нэгэн байжээ. Тэр цагт үнэн хэрэгтээ Терезаг биш харин Филипийг ирээдүйн Ерөнхий сайд болох хүн гэж намынхан үнэлдэг байж.  Гэтэл яаж яваад Тереза улс төрд илүү амжилт олж, нөхөр нь түүний сүүдэрт үлдэв гэдэг асуулт эндээс ургана. “Та хоёр ямар тохиролцоо хийсэн бэ” гэдэг асуултад хариулахдаа тэр ихэд инээж “Ямар ч тохиролцоо байгаагүй ээ. Тэр холбооны ерөнхийлөгч байсан нь үнэн. Улс төрд ч их сонирхолтой. Үүгээрээ том давуу талтай байсан. Гэвч биднийг Лондонд амьдарч байсан үед түүнд зөвлөлд сонгогдох боломж огт гараагүй юм. Харин надад гарсан” гэв.

Хэдийгээр нөхөр нь түүн шиг улс төрийн карьер хөөгөөгүй ч намдаа нэр хүндтэй нэгэн гэдэг нь олон үйл ажиллагаанаас харагдаж байсан. Тереза нөхөртэйгөө хамт намын үйл ажиллагаанд оролцохоор ирэхэд зочид Филипийг түүнээс дутахгүй анзаарч, яриа өрнүүлж, нөхөрсгөөр харилцаж байгаа нь анзаарагддаг. Үүнд ч Тереза Мэй сэтгэл хангалуун байдаг бөгөөд нөхөр нь түүний хувьд амьдрал дээр ч, улс төрд ч өмөг түшиг нь болсоор иржээ.

Тэд 1980 онд гэрлэж, дараа жил нь Терезагийн аав машины ослоор нас баржээ. Түүнээс хойш төд удалгүй ээж нь өвчнөөр хорвоог орхисон байна. 20 гаруйхан насандаа гэр бүлээсээ орь ганцаар үлдсэн түүнд түшиж тулах ганц багана үлдсэн нь Филип байлаа. Энэ ганц баганаа түшсээр л өдийг хүрч. Тэдэнд харамсалтай нь үр хүүхэд заяасангүй. Энэ тухай хөндөхөд “Зүгээр л  боломжгүй байсан юм. Нэгэнт боломжгүй учраас амьдралдаа дасан зохицоод явахаас өөр аргагүй” гэсэн юм. Гэхдээ түүнд загалмайлсан хүүхдүүд бий. Тэдний хамгийн том нь хэдийнэ 40 гарсан гэнэ.

Хүүхэд төрүүлээгүй гэдэг шалтгаан түүний улс төрийн замналд саад болж байсан уу гэхэд тэрээр эрс шулуухнаар “Улстөрч хүн хэн байх, юу хийдгээс үл хамаараад хүмүүст юу хийж өгч чадах вэ л гэдэг хамгийн чухал” хэмээн хариулсан юм. Удирдагч эмэгтэйчүүдэд тохиолддог нийтлэг хувь тавиланг л тэр туулж явна. Ангела Меркель, Пак Гын Хэ гээд улс орныхоо хамгийн дээд албан тушаалд очсон эмэгтэйчүүд үр хүүхэдгүй, зарим тохиолдолд хань ижил ч үгүй байх нь бий.

Тереза Мэйгийн хувьд үр хүүхдэд зориулах байсан цаг хугацаагаа  улс төрд л өгчээ. Нөхөр нь ч ижил сонирхолтой учир Мэйгийнх гэдэг энэ айлын ихэнх ярианы сэдэв улс төр, нийгмийн шинж чанартай. Ерөнхий сайд болсны дараа ч нөхөр нь түүнд туслах, зөвлөхийн дундуур аливаа асуудлыг хэлэлцдэг ч, үүнийг гүйцэтгэх тусгай үүрэгтэй зөвлөхүүд байгаа гэдгийг ч зүй ёсоор ойлгодог гэнэ. Тэр тусмаа Тереза шиг ажил хэргийн тал дээр хатуу тогтсон дэгтэй, зарчимч эмэгтэй ажил, амин хувийг холино гэж үгүй гэдгийг нөхөр нь сайн мэднэ. Тэрээр ажлаа хийхдээ, аливаа шийдвэр гаргахдаа шаардлагатай мэдээлэл бүрийг өөрөө нэг бүрчлэн судалж байж, эцсийн цэгийг хатгадаг гэдгийг Дотоод хэргийн сайд байх үеэс нь хүмүүс анддаггүй.

“Шийдвэр гаргахад процесс маш чухал. Байж болох бүхий л мэдээллийг авч, түүний цаана юу байна, үзүүлэх үр нөлөө нь юу байх вэ гэдгийг харьцуулж, бусдын саналыг сонсч байж шийдвэр гаргадаг” гэж тэрээр өөрийн зарчмыг тайлбарласан юм.

Энэ нь бүхнийг өөрийнхөөрөө хийх гэсэн эзэрхүү зан биш харин айлын ганц хүүхэд учраас зөвхөн өөртөө л найддаг зан чанарын онцлог гэнэ. Ажил хэргийн тал дээр тэр бие даасан шийдвэр гаргадаг ч амин хувийн асуудал, гоёл чимэглэлээ сонгохдоо хүртэл нөхрийнхөө тусламжийг авна. “Филип гоёл чимэглэлийн зүйл сонгохдоо сайн. Ялангуяа гар цүнх, бугуйвчийг яг миний сэтгэлд нийцүүлэн сонгож чаддаг. Бас цэцэг сонгохдоо ч сайн” гэж тэр нөхрөө магтлаа. 

Тереза Мэй хувийн стилистгүй. Өөрөө л хувцсаа сонгож, тохируулдаг. Хааяа зав гарвал интернэт дэлгүүр хэсч ямар хувцас моодонд орж байгааг сонждог боловч хэзээ ч онлайнаар худалдаа хийж байгаагүй гэнэ. Таарахгүй бол яана гэж эмээсэндээ онлайнаар худалдаа хийдэггүй  тэрээр хааяа дэлгүүр хэсэхдээ нөхөртэйгөө байнга хамт явдаг гэнэ.

Ингэхэд тэр нөхрийнхөө тухай ярихдаа илт сэргэж, яриа нь хөгжүүн болж ирэх юм. Эхнэр нь өндөр албан тушаал хашихад эр нөхрүүд нь түүний сүүдэрт дагалдаж явах ёстой болдог тийм ч таатай бус үүргийг Филип ойлгож, маш сайн дасан зохицож байгаа аж. Тэд Лондон дахь хуучин байраа орхиод Даунин Стритэд нүүж ирэхдээ арай л цөөн тавилга авчирчээ. Өмнөх байр нь Даунин Стритээс жижиг учраас төдий л их зүйл зэхэж амжаагүй тэд гэнэтийн нүүдэлд тухайн үедээ багагүй балмагджээ. Ямар сайндаа  хуучин гэрээсээ хувцсаа ч авчирч чадалгүй, Ерөнхий сайдын албыг хүлээн авахдаа өмссөн цэнхэр-шар хүрмийг дэлгүүрээс зээлж авсан гэнэ.

Хатагтай Мэй хуучин гэрээсээ хоолны номнуудаа ч авчирч амжилгүй хэдэн сарыг ардаа орхиж. Уг нь түүнд 100 гаруй хоолны ном бий ч Ерөнхий сайд болсноос хойш хоол хийх цаг зав ч тааруухан болсон учраас авчирч төвдөхгүй байгаа аж. Зөвхөн Британи төдийгүй Европын холбоо, цаашилбал дэлхий дахинаа чухал үр дагавартай Брекситийн процессыг өөрийн гараар удирдах хүний хувьд орой хоолонд юу хийх вэ гэж санаагаа чилээх цаг зав гарахгүй нь ч мэдээж хэрэг биз ээ.  

1 Сэтгэгдэл
Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ... (1) Бүх төрлийн хайрыг илбэ. (2) салахаа болих. (3) үржил шимгүй болох.
Цэмбэгэр авгай
Нийтлэлийн агуулгын тухайд сонирхолтой юм. Харин бодсоноо хэлэхэд хэрэв эх сурвалжаас орчуулсан бол гайгүй сайн болж, ямартай ч ойрд тааралдаагүй найруулгатай монгол хэлээр бичжээ. Баяр хүргье.
Улстөрч хүн хэн байх, юу хийдгээс үл хамаараад хүмүүст юу хийж өгч чадах вэ л гэдэг хамгийн чухал” гэж хариулсаныг Монголын улс төрч нар хэрэгжүүлж чаддагүй, амин хувиа бодох нь илүү шүү дээ.
эрээнд ганзага үүрч явсийн
PORNO JUJIGCHIN BAISAN
Хамгийн их уншсан