Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Гантөмөр: Автомашины бусад дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хүч үзэх бодолтой


Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг. Үүнтэй адил үйлдвэржихгүйгээр хөгжиж дэвжсэн улс орон гэж үгүй. 100 хүрэхгүй жилийн өмнө суурин соёл иргэншилд “шилжсэн” монголчуудын хувьд үйлдвэржилтийн үйл явц харьцангуй удаан явагдаж байгаа ч бага багаар ахиж л байна. Мэдээж нэг өглөө сэрэхэд үй олон үйлдвэртэй болчихгүй нь ойлгомжтой. Тиймдээ ч энэ бүхний эхлэл болж, шан татаж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжих нь чухал. Тэдний нэг бол “Монгол 4D авто шалавч” нэрээр олны танил болсон автомашины шалавч үйлдвэрлэгч Ц.Гантөмөр гэх залуу юм. Тэрээр жил гаруйн өмнөөс урд хөршөөс импортлон оруулж ирдэг автомашины 3D, 4D шалавчийг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж руль, суудлын бүрээс үйлдвэрлэх зорилго тавьжээ.

-Юуны өмнө 4D шалавч үйлдвэрлэе гэх сэдэл хаанаас, юунаас төрснийг сонирхвол?
-Яг шалавч үйлдвэрлэж эхлээд жил гаруй л болж байна. Харин шалавчны чиглэлээр лангуу ажиллуулж эхэлсэн гэвэл 2009 оноос эхтэй. Тухайн үед дөнгөж лангуу ажиллуулж эхэлж байсан учир автомашины холбогдолтой янз бүрийн л юм зардаг байсан. Яван явсаар тэр бүгдээс шалавчаа онцолж, 2012 оноос голчлон шалавч зарж эхэлсэн юм. Ер нь, одоогоос хоёр, гурван жилийн өмнө яг шалавчны зах зээлд өнгөний сонголт л өөр гэхээс бусдаар яг ижилхэн шалавч буюу бидний сайн мэдэх хаймеран шалавч борлуулагдаж байлаа. Түүнээс автомашины хивсэнцрийг бүрэн халхалж, хана, хажуу хэсгийг нь далдалдаг одоогийнх шиг 3D, 4D шалавч байсангүй. Тухайн үеийн шалавчнууд ерөнхий хэв загварын хувьд адилхан ч өнгө, үнэ, чанарын хувьд өөр байлаа. Тэгэж байтал гурван жилийн өмнө одоогийн 4D шалавчийг нэг компани оруулж ирсэн юм. Тухайн үед тэр компаниас өөр хаана ч 4D шалавч байгаагүй учир монополь байдал тогтсон л доо. Эрээний зээл дээр ч байдаггүй, зөвхөн энд, манай “Авто плаза-2” төвийн өргөтгөлд байдаг нэг лангуу борлуулдаг байсан. Тогтсон үнэтэй, өрсөлдөөн байхгүй. Үнэнийг хэлэхэд өөр газар зарагддаггүй учир “Тэдээр өгнө, авахгүй бол боль” гэх байдалтай байсан юм. Тэгэж байтал манай зах зээлийг байнга мэдэрч, тандаж байдаг Эрээнийхэн жилийн дараа өнөөх 4D шалавчийг маань тал үнээр нь зарж болохуйц өртгөөр үйлдвэрлээд, оруулаад ирэв ээ.

-Жилийн дараа гэхээр 2014 оноос гэсэн үг үү?
-Тийм, 2013 оны сүүл үеэс. Үүнийг дагаад сонголт, материал, хийц загвар нь ч янз бүр болж, үнэ нь ч хямдарч эхэлсэн. Мэдээж үнээ дагаад чанар нь ч тааруухан шалавч орж ирдэг байлаа. Нэг хүндрэлтэй юм нь 4D гэгдэж буй шалавч маань хаймеран шалавчийг бодвол зөвхөн тухайн маркийн машиндаа л таардаг учраас өөр машинд ашиглах боломжгүй. Дээр нь, урд хийж буй үйлдвэрүүд нэг дор олон тоогоор захиалга авах сонирхолтой байдаг болохоор манайхан Монголд тооны хувьд хамгийн давамгай байдаг машины шалавчийг л оруулж ирдэг байсан. Приус-20 маркийн машины шалавч захиаллаа гэхэд багадаа л 200-300 ширхэгийн захиалга авна гэдэг. Тиймдээ ч манайд тооны хувьд цөөн байдаг автомашин эзэмшигчдэд 4D шалавчны эрэлт ихэсдэг. Үүнийг олж харсны үндсэн дээр дотооддоо хийе, үйлдвэрлэе, жижиг ч гэсэн зах зээлээ хангая гээд үйлдвэрлэл явуулж эхэлсэн юм.

-Түүхий эд, материалаа хаанаас авч байна. Мөн үйлдвэр хэчнээн ажилтантай вэ?
-Материалаа урд хөршөөс авдаг. Үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагаа энд явагддаг. Манай цех одоогоор оёдолчин гурав, эсгүүрчин, эмжээр оёдог хүн, туслах ажилтан тус бүр нэг, нийт найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

-Өнөө үед жижиг гэлтгүй үйлдвэрлэл эрхлэхэд тоног төхөөрөмж чухал болсон. Анх үйлдвэр байгуулагдахад ямар хүчин чадлаар, ямар ямар тоног төхөөрөмжтөй эхэлж байв?
-Тоног төхөөрөмжийн хувьд олон төрлийн сонголт байдаг. Хятад орон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлж байна шүү дээ. Тиймдээ ч 220 кВат-аас эхлээд 380-аар ажилладаг хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд ч бий. Манай үйлдвэр анх байгуулагдаж байсан болохоор өртөг өндөр туссан. Гэсэн ч болгоно гэж зүтгэсээр эхний ээлжинд тоног төхөөрөмжөө жин тан болгосон.

-Хятадаас оруулж ирж буй шалавч, танай шалавч хоёрын гол ялгаа юунд байна вэ. Худалдан авагчид үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд үнэтэй гэх нь элбэг?
-Манай шалавчтай харьцуулахад материалын сонголт сайтай ч эдэлгээ маш муу. Худалч хүнд хятад шалавч өнгө, үзэмжийн хувьд 10 материалаас сонголт хийх боломжтой бол манайх одоогоор дөрвөн төрлийн материалаар шалавч оёж байна. Дээр нь хятад шалавч тухайн машиндаа яв цав таарч тохирдоггүй, хэмжээ алдаатай байх нь элбэг. Ер нь тэгээд урдаас ирж буй шалавчнууд чанар гэхээсээ үнээрээ л өрсөлддөг. Яагаад гэвэл нийлүүлж буй зах зээл нь хэтэрхий нээлттэй, задгай. Тиймдээ ч хэн дуртай нь хэчнээн ч ширхэгийг хамаагүй оруулж ирдэг. Улмаар хурдан борлуулж, эргэлтийн хөрөнгөө гаргаж авах зорилгоор үнээ хямдруулах байдлаар л өрсөлддөг. Үнээр өрсөлдөнө гэдэг бүтээгдэхүүнийхээ өртөгийг л багасгана гэсэн үг шүү дээ. Дагаад чанар нь мууддаг. Оруулж ирж байгаа хүмүүс ч тэр, цаана зарж байгаа хятадууд ч тэр үнээрээ л өрсөлдөөд байдаг. Ингэж явсаар маш хямд өртөгтэй, материал тааруу шалавч элбэг болсон л доо.

-Ямартай ч ганцхан лангуу монополь байсныг “дараад авч”. Мөн чанаргүй, хятад шалавч цагийн аясаар танигдаж. Энэ нь та бүхэнд боломж олгосон байх?
-Тийм. Мэдээж бүгд хямдхан, эдэлгээ даахгүй, нас богинотой юм хэрэглээд явахыг хүсэхгүй. Чанартай, хийц материал сайн зүйл хэрэглэхийг хүсдэг, шаардлага өндөртэй хүмүүс гэж бий. Тэр хүмүүсийн эрэлт хэрэгцээ ихэссэнийг хамгийн ойроос хангах боломж олдсон гэж болно.

-Манайд танай үйлдвэрээс гадна 4D шалавч үйлдвэрлэж буй газар бий болов уу?
-Миний мэдэхийн нэг залуу байдаг ч яг үйлдвэрийн хэмжээнд ажиллахгүй байгаа юм билээ. Хоёр, гурван жилийн өмнөөс хийж эхэлсэн ч их хэмжээгээр хийж чадахгүй, зарж борлуулах лангуу, дэлгүүргүй байгаа. Гэхдээ яг хийж байна уу үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна.

-Ер нь, автомашины чиглэлээр худалдаа наймаа эрхлээд хэчнээн жил болж байна?
-2009 оноос хойш гэхээр долоо, найман жил болж байгаа юм байна.

-Шалавч хийх болсоор жил гаруй болж байгаа. Тэгэхээр таван жил гаруй хугацаанд урдаас бараа зөөж байгаад өөрөө үйлдвэрлэгч болоход ямар байна. Хүний хийснийг зарж борлуулж байгаад өөрөө хийж эхлэхийн сайн, мууг сонирхвол?
-Мэдээж сайхан байлгүй яахав. Эндээ хийгээд болгоод байна гэдэг ядаж л урагшаа бараанд явах тоо нь багасна шүү дээ. Анх хийж эхэлж байх үед сард нэг удаа, сезон муутай, хүйтэн сэрүүний үед хоёр сард нэг удаа явдаг байсан. Ер нь тэгээд байнгын ирж очоостой байдаг байж дээ. Тэгэхэд одоо бол сүүлийн хоёр жилд ганц, хоёр л явлаа. Ингээд харахаар урагшаа аваачиж тушаадаг юань маань багасч байгаа юм.

-Дээр нь хэдэн хүнийг цалинтай болгочихсон?
-Тийм, боломжоороо хэдэн хүн ажилтай болгочихлоо. Долоо, найман хүний ар гэр, амьдрал ахуйд нэмэртэй байгаа болов уу гэж бодож явдаг юм. Үйлдвэрийн байр түрээсэлж буй хүн мөнгөтэй болж байна, тог цахилгаан, ус дулааны төлбөрөө төлж байна. Ядаж л монгол хүний гараар бүтсэн зүйлийг нутаг нэгтнүүд нь авч ашиглаж байна гэдэг сайхан шүү дээ. Одоо харахад байнгын үйлчлүүлэгчидтэй ч болж. Манай шалавчийг нэг хэрэглэсэн хүн чанартай, сайн хийгдсэнийг нь таниад, хүн хуурч, зөвхөн мөнгөний төлөө хийгээгүйг маань ойлгодог болж. Тиймдээ ч найз нөхдөө дагуулж ирнэ, өөрөө байнгын үйлчлүүлэгч болно. Анзаараад байхад урдаас ирж байгаа шалавч чанар нь муудаад, нэр хүнд нь ч жаахан унасан. Тиймээс чанаргүй хятад шалавчнаас монгол хүний гараар бүтсэн, эдэлгээ даахыг нь таньдаг, сонгодог болж байна. Чанар муутай хятад шалавч авч тавиад хагас жил ч бололгүй урагдаж цоордог, хэлбэр галбир нь алдагддаг. Гаргаад хаях хэцүү, байх хэцүү.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Худалдааны эдийн засагчаар 2004 онд сургууль төгссөн. Төгссөн даруйдаа худалдаа, үйлчилгээний салбарын томоохон төлөөлөл болох “Номин холдинг”, “Наран трейд” зэрэг компаниудад ажиллаж байгаад хувиараа юм хийе гээд хөдөлсөн юм. Ер нь тэгээд залуу хүн цалингаас цалингийн хооронд амьдрана гэдэг өнөө үед хэцүү болж. Тухайн үед хүүхэд бага, залуу гэр бүл байсныг ч хэлэх үү авсан цалин маань хоол хүнс, автобус унаа гээд л дуусчихдаг. Өөрийн гэсэн орон гэр гэх юмгүй, унах унаагүй. Яг ийм үед сайн ч, муу ч өрх гэр толгойлж яваа эр хүн туйлддаг юм билээ. Гэхдээ эхнэр, хүүхдээ бодохоор хэзээ ч бууж өгөх эрхгүй л дээ. Тиймдээ ч хувираа юм хийе гэж зориглон хөдөлсөн.

-Олон мянган залуусын өмнө тулгардаг сонголт шиг санагдлаа. Цалингаас цалингийн хооронд, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж амьдрах эсвэл тодорхой эрсдэл үүрч огт өөр зүйл барьж авах?
-Тийм шүү. Өөрөө өлсч цангах ч дүүрч гэж бодоод эхнэр, хүүхдээ өлсгөчих вий, дааруулчих вий гээд л эрийн шийр заах гэж үзнэ. Гэхдээ нийгэм маань бидэнд арай л хатуудаад байна уу гэж боддог. Хэдий би эрсдэл үүрч энэ хүртэл яваад ирсэн ч өөр мянга мянган залуус өөрийн тань хэлсэн сонголтынхоо дүнд бүр л доошоо унадаг. Ер нь тэгээд яг энэ хүнд хэцүү цаг үедээ залуу хүн маш их суралцах хэрэгтэй санагддаг. Гэхдээ хэчнээн өөдлөн дэвжиж явлаа ч сурсан зүйлээ гээлгүй, хэн байснаа марталгүй хүн чигээрээ үлдэх ёстой гэж боддог. Тэгээд алдаж оносон алхам тутамдаа “ирээдүйд юм хийх ёстой” хэмээн суралцаж байх нь чухал. Ажилч хичээнгүй, өглөө эрт босдог, юм судладаг, уншдаг байх хэрэгтэй. Угтаа эргээд бодоход их л энгийн санагддаг даа, сайхан амьдрал өглөө эрт босохоос эхэлдэг гэж боддог. Ингэж тэгэж бор хоногуудыг сурч, хөгжихөд зориулсаар эцэст нь өөрөө ч анзаараагүй байтал орон байртай ч болно, хөл дүүжлэх унаатай ч болно. Хамгийн гол нь сэтгэл тэнэгэр, элэг бүтэн, эрүүл саруул гэр бүлээ хараад инээж суух нь сайхан даа. Тиймээс залуус маань эрмэг, зоримог байж цаг ямагт суралцаж байх хэрэгтэй болов уу.

-Анх бизнесээ эхлүүлэхэд хурааж хуримтлуулсан юм байв уу. Эсвэл зээлээр хөл дээрээ босов уу?
-Хураасан жаахан юм байсан. Таван сая орчим төгрөг байснаа харж сууж сууж ерөөсөө л өөрөө хийе, болгоё гээд хөдөлсөн. Анх “Авто плаза-2” төв маань нээгдээд удаагүй, хоёр тал нь хоосон шахуу байж. Өдөржин суугаад ширхэг боолт ч заралгүй харих үе байлаа. Гэхдээ л уйгагүй хүн уул нүхлэнэ гэгчээр яван явсаар таван сая төгрөгнөөсөө босч өдий зэрэгт хүрлээ дээ. Жирийн нэг ломбард, цайны газарт хэдхэн өдөрт эргэлддэг мөнгийг харамлан харамлан хурааж байгаад түүгээрээ бизнес эхлүүлнэ гэдэг маш том эрсдэл шүү дээ. Тэр тусмаа гэр бүлтэй залуу хүнд. Амжилттай болвол цаашаа явна, амжилтгүй бол тэр мөнгө маань битгий хэл итгэл найдвар, урам зориг маань үгүй болно. Гэхдээ л би айгаагүй. Угаас айвал бүү хий гэдэг шүү дээ. Айдсаа үгүй хийсэн хойноо ажилдаа орсон.

-Үйлдвэржихгүй бол хөгжихгүй гэдэг. Үүнийг бид өнгөрсөн 20 гаруй жилд хангалттай харлаа, баталлаа. Танай үйлдвэрийн тухайд гарааны бизнес гэх ангилалд хамаарах хэдий ч ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж, төлөвлөж байгаа нь мэдээж?
-Тэгэлгүй яахав. Анх шалавч гаргаж эхлэхэд тэр бүр хүнд хүрээгүйн улмаас сул зогсолт их, шалавч овоорчихсон байдаг байв. Харин одоо огт өөр. Эхэндээ бид захиалгаа хоёр хоногт багтаан гаргаж өгнө гэдэг байсан бол одоо 5-10 хоногт арай гэж амжуулж байна. Тиймдээ ч үйлдвэрээ өргөжүүлэх, зах зээлээ тэлэх боломж байна гэж харж байгаа.

-Нэг юм бариад авчихсан хүнд дотроо төсөөлж явдаг мөрөөдөл байдаг даа. Тэрийг л хийнэ шүү, тэнд л хүрнэ шүү гэх. Таны хувьд?
-Миний хувьд ойрын ирээдүйн зорилго, мөрөөдөл гэвэл дан ганц шалавчнаас гадна автомашины бусад дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хүч үзэх бодолтой байна. Машины эд анги, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл гэвэл маш олон зүйл нэрлэж болно. Гэхдээ төмрөөр хийх эд ангиас бусад, дотооддоо үйлдвэрлэж болох алчуур, суудал, рулийн бүрээс, тоноглол гангараа зэрэг гаднаас орж ирж буй зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэе гэсэн бодолтой байна. Жишээ нь, суудлын иж бүрэн олбогон бүрээс гэж бий. Энэ бүрээсийг манайд хийж байгаа газар алга. Хийц загвар, жолоочийн тав тух, суудлын үндсэн өнгө, бүрээс хуучирч элэгдэхээс хамгаалдаг гээд олон давуу талтай ч манайхан хараахан хийж чадахгүй байна. Үүнийг хийгээд эхэлчихвэл шалавчнаас дутахгүй зах зээл байгаа харагддаг. Гэхдээ үүнээс өмнө зорьсон юм бий бий. Ядаж л шалавчаараа дотоодынхоо зах зээлийг бүрэн хангахыг бодно шүү дээ. Зөвхөн би гэлтгүй 00-ийн цаас, оймс гутал гээд дор бүрнээ юм хийж байгаа хүн бүр л ингэж бодож, мөрөөдөж яваа. Тиймдээ ч үйлдвэрлэлийн нэр төрлөө олшруулах, зах зээлээ тэлэх зорилготой.

-Түрүүн дотоодын зах зээлээ хангахыг зорьж яваа гэлээ. Энэ нь импортыг орлох ёстой гэсэн үг. Гэвч импортыг орлохын тулд хүчин чадал хийгээд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх шаардлагатай. Дээр нь, хэчнээн сайн шалавч үйлд­вэрлэлээ гээд төрийн орол­цоогүй импорт орлоход бэрх шүү дээ?
-Тийм ээ. Мэдээж төр үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжиж байж бид импортыг орлоно. Одоо харж байхад зөвхөн манай “Авто плаза-2” төвөөс шалавч авч байгаа хүний 30-40 хувь нь дотоодын шалавчаа сонгодог. Энэ бол чамлахааргүй, сайн үзүүлэлт. Гэтэл манай нэг оёдолчин өдөрт дунджаар 10-15 шалавч гаргах боломжтой гэхээр гурван оёдолчин нийлээд 30-40 шалавч гаргах хүчин чадалтай. Энэ нь одоогийн байдлаар зах зээлийнхээ 30 гаруй хувийг хангах боломжтой гэсэн үг.

-Жишээ нь, жижиг тэргэнд 4D шалавч хийлгэхэд хэдэн төгрөг болох вэ?
-Суудлын жижиг тэрэг гэвэл материалын сонголтоос хамаараад 60-80 мянган төгрөгөөр урд, хойд суудлын, иж бүрэн 4D шалавч хийлгэх боломжтой. Дунд гар, жижиг оврын жийп машинд 120 мянга орчим төгрөгөөр 4D шалавчтай болох боломжтой. Харин том оврын жийп 140 мянган төгрөгөнд хийгддэг. Түүнчлэн, шалавчин дээрээ давхар тавих боломжтой, арзгар резинэн материал бүхий ширдэгийг 50-60 мянган төгрөгөөр авч болно.

-Материалын тухайд?
-Ерөнхийдөө хаймеран материалтай. Дээд өнгөнд нь ледрин наасан, хөлдөлт, хугаралт багатай, автомашины салоны ерөнхий хэлбэр, шалны налуу хэсгийн деталь бүрийг компьютероор эсгэж, нэг бүрчлэн ширж оёсноороо онцлогтой. Харин урдаас ирж байгаа шалавч хэвлэмэл байдлаар хийгддэг. Материалаа том хэмжээтэйгээр нь халаагаад, тусгай машинаар шахаж даавуу шиг зөөлөн болгосны дараа өөр нэг хэвэн дээр тавьж даралт үзүүлэх байдлаар хэвлэдэг. Энэ нь хийхэд хугацаа бага шаарддаг ч материал нь маш нимгэн болж хувирдаг. Үүнээс болж эдэлгээ нь муудахын зэрэгцээ өнцөг, булан тохойн деталь хэсгүүдийн хэв алдалт өндөр, аажимдаа сунах, сулрах байдалд ордог. Харин манайх деталь бүрийг оёдог учир өнцөг, булан бүртээ наалдаж өгдөг, эдлэх тусам хэв нь сайжирдаг давуу талтай. Дээр нь автомашины шал, хана дагуу байрлах элдэв эд анги, түгжээ, овгор товгорт тааруулж газар дээр нь хийж өгөх боломжтой.

-Хуучин хавтгай хаймеран ша­лавч машины салон бохирдохоос хамгаалж чаддаггүй сул талтай. Ер нь 4D шалавчны давуу талыг сонирхвол?
-Салоныг бохирдол гэх зүйлгүй болгож байгаа нь том давуу тал. Ядаж л манайх шиг дөрвөн улиралтай оронд гутлын улнаас унах шороо, цас мөс, шавар шавхайнаас шалны хивсэнцрийг бүрэн хамгаална. Түүнчлэн, маш чухал нэгэн давуу тал нь 4D шалавч хөлийн аясаар гулгаж гүйхгүй. Хуучин хаймеран шалавч хөлийн аясаар гүйсээр пидаль доогуур орж, тормос гишгэгдэхгүй болох гээд элдэв сөрөг нөлөө ихтэй. Ийм байдлаас болж өчнөөн осол аваар гардаг. Тиймдээ ч 4D шалавч аюулгүй байдал, өнгө үзэмж талаасаа ч тэр чухал ач холбогдолтой.

0 Сэтгэгдэл
Мундаг хөдөлмөрч залуу юмаа
Хамгийн их уншсан