Д.Трамп улсынхаа иргэдийг лалын хэт даврагсдын аюулаас хамгаалах зорилгоор нэр бүхий долоон улсын иргэдэд виз олгохоос татгалзсан боловч баримт өөр зүйл өгүүлж байна.
2016 оны есдүгээр сарын байдлаар гаргасан судалгаагаар хоригт багтсан долоон орны иргэдээс террорист халдлага үйлдэж, хүний аминд хүрсэн тохиолдол алга байна. Харин АНУ-ыг цочирдуулсан, олон арван хүний аминд хүрсэн халдлага нь исламын жихад үзлийн нэрийг барьсан Америкийн өөрсдийнх нь иргэдийн үйлдсэн гэмт хэргүүд байсан юм. Сан Бернардино, Орландо, Бостон, Нью-Йоркт гарсан халдлагыг үйлдэгчид нэг бол Америкийн нутаг дэвсгэрт төрсөн, эсвэл олон арван жилийн өмнө АНУ-ын иргэн болсон хүмүүс байв.
Америкт гарсан хэргүүдийг жагсаавал Исламын хэт үзэлтэй цагаач иргэдийн гарт амиа алдсан хүний тоо хоёр байхад америкчууд өөрсдөө галт зэвсгээр хөнөөсөн хүний тоо 11 мянга давжээ. Хэт барууны эсвэл лалын радикал үзэлтэй террористууд АНУ-ын нутаг дэвсгэрт халдлага үйлдэж байсан ч хохирогчдын тоо 10-аас хэтрэхгүй, мөн хэрэгтнүүдийн аль нь ч хоригт багтсан Иран, Ирак, Сири зэрэг орны иргэд биш байв. Харин түүнээс олон хүн буу барьсан хүүхдийн гарт амиа алджээ. Галт зэвсгийг хүссэн хүн нь эзэмшдэг АНУ-д хүүхэд буу алдсанаас болж жилдээ 21 хүн амиа алдаж байна гэсэн тоо гарчээ.